“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК нь 2006 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монголбанк, Анод банк, Голомт банк, Зоос банк, Капитал банк, Капитрон банк, Монгол шуудан банк, Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны оролцоотойгоор байгуулагдсан. Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах, орон сууцны санхүүжилтийн урт хугацаат тогтолцоог хөгжүүлэх үүднээс санхүүгийн зах зээлийн хэрэгслүүд ашиглан дотоод гадаадын зах зээлээс дунд болон урт хугацааны санхүүжилт татан нэмэгдүүлэх замаар ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг дэмжих зорилготой ажилладаг.

Монгол Улсад Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль анх 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр батлагдаж, үнэт  цаас гаргах хууль, эрх зүйн орчин  2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр бий болсон.  “МИК ОССК”  ХХК-ийн охин компани нь 2012 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл авч нэрээ “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК болгон өөрчилсөн.  Мөн “МИК ОССК” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2013 оны 12 дугаар сарын 16-нд хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, одоогийн байдлаар Монгол Улсад Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах эрхтэй цорын ганц хуулийн этгээд болоод байна.

“МИК ОССК” ХХК-ийн  Хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хурлаар “МИК Холдинг” ХХК-ийг үүсгэн байгуулж,  “МИК ОССК” ХХК-ийн толгой компани болгон бүтцийг нь өөрчилж, “МИК ОССК” ХХК-ийн хувьцааг “МИК Холдинг” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргасан. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “МИК Холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар “МИК Холдинг” ХХК-ийг нээлттэй ХК болгон өөрчилсөнөөр 2015 онд 12 хувьцаа эзэмшигчтэй байсан “МИК Холдинг” ХХК нь “МИК Холдинг” ХК болж, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 104 хувьцаа эзэмшигчтэй болоод байна.

2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар “МИК ОССК” ХХК нь “МИК Актив Нэг ТЗК” ХХК, “МИК Актив Хоёр ТЗК” ХХК, “МИК Актив Гурав ТЗК” ХХК гэх 3 охин компанийг үүсгэн байгуулсан бөгөөд 2014 оны эцсийн байдлаар нийт хөрөнгийн хэмжээ 893.3 тэрбум төгрөг, нийт ипотекийн зээлээр баталгаажсан бондын үлдэгдэл 835.6 тэрбум төгрөгт хүрээд байсан. Харин 2015 онд нэмж “МИК Актив Дөрөв ТЗК” ХХК, “МИК Актив Тав ТЗК” ХХК, “МИК Актив Зургаа ТЗК” ХХК, “МИК Актив Долоо ТЗК” гэх 4 охин компанийг үүсгэн байгуулав. 

2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар “МИК Актив Найм ТЗК”,“МИК Актив Ес ТЗК” гэх охин компаниудыг үүсгэн байгуулсанаар групп компанийн үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж 2,4 их наяд төгрөгийн активтай болоод байна.

Эрхэм зорилго, зорилтууд

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн эрхэм зорилго нь ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гарган дотоод, гадаад хөрөнгийн зах зээл дээр борлуулах замаар ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах, цаашид орчин үеийн хот байгуулалтыг эрчимжүүлэхэд чиглэсэн урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгож төлөвшүүлэхэд оршдог.

Үйл ажиллагааны чиглэл

“МИК ОССК” ХХК-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь санхүүгийн байгууллагуудаас ипотекийн зээлийн бүтээгдэхүүн багцлан худалдан авч, үнэт цаасжуулах замаар анхдагч зах зээлд үйл ажиллагаа явуулж буй санхүүгийн байгууллагуудыг хөрвөх чадвараар хангах, эрсдэл бууруулах арга хэрэгслийг нээж өгөхөд оршино. Мөн олон төрлийн бүтээгдэхүүн гаргах замаар бондын зах зээл хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Вэб хуудас: http://www.mik.mn/mn/
Харилцах утас: +976-11-328267
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот 14210, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа Хөгжлийн Банкны байр 10-р давхар