“Төмөр замын шар”-уудыг шинэчлэх ажил ямар шатанд яваа вэ?

Уншсан тоо: 1434
Нийтлэгдсэн: 2016 оны 04 сарын 10

"Барс” захын замын хойд талын хуучин шар байрууд 1950-иад оны үед ашиглалтанд орсон байдаг. Ашиглалтанд орсноосоо хойш 60 орчим жилийг үдсэн эдгээр байруудад хүн амьдарч болохгүй гэх дүгнэлт аль хэдийнээ гарсан.

"Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах журам"  батлагдан гарахаас өмнө гадна, дотны хэд хэдэн компани эдгээр байруудыг сонирхож, суурин дээр нь барих хорооллынхоо зураг төслийг оршин суугчдад үзүүлж, харуулж нэлээд идэвхитэй явдаг байв.

Гэвч хууль эрх зүйн орчин төдийлөн хангалттай биш байсан учраас оршин суугчид итгэсэнгүй юу, ямартай ч энд гоё ганган хороолол баригдалгүй өдий хүрсэн юм. Харин нийслэлээс журам батлагдан гарсны дараа төсөл хэрэгжүүлэгчдийг сонгон шалгаруулахад:

-10, 11, 12-р байрыг "Фүжи Холдинг" компани,
-13, 14, 15, 16-р байрыг "Алтан Трейд" компани,
 -17, 18, 20-р байрыг "Тэргүүн Чансаа" компани дахин төлөвлөж барилгажуулах эрхтэй болсон. 

Дээрхи гурван компанийн төсөл хэрэгжүүлэх 10 ширхэг байр нь тус бүрдээ 8 айлтай. Албан ёсны тендер зарлагдахаас өмнө буюу нэлээд хэдэн жилийн өмнө "Холч Жинчин" компани эдгээр хуучин байрыг буулгаж дахин барилгажуулахаар төлөвлөн, байр болгонд шахуу тодорхой тооны орон сууц худалдан авсан байдаг аж.

Тухайлбал: Тендер зарлахаас өмнө, "Алтан Трейд" компанийн дахин барилгажуулах гэж байгаа байруудад 1 айлын, "Тэргүүн Чансаа" компанийн дахин барилгажуулах байруудад 5 айлын, "Фүжи Холдинг" компанийн дахин барилгажуулах байруудад мөн 5-6 айлын орон сууцыг худалдан авч байсан, нэг ёсондоо тус компанийн өмч гэсэн үг аж. Ингээд тендерт оролцсон ч ялагдсан байна.

Тендерт шалгарсан компаниуд иргэдтэй гэрээ байгуулах ажилдаа орсон. Харин сүүлийн үед “Хятад улсын нэг иргэн Барс захын хойд талын хуучин байруудыг дахин барилгажуулах ажилд саад учруулаад байна” гэх яриа гарсан нь ямар учиртай юм бол. Энэ талаар сурвалжиллаа.

Эх сурвалжийн хэлж байгаагаар дээрхи байруудад 10 гаруй орон сууц өмчилдөг “Холч Жинчин” компанийн захирлын нөхөр нь Хятад хүн байдаг аж.

"Та нарт орон сууцаа өгөхгүй. Өгөхгүй болохоор та нарын ажил явахгүй. Ажил чинь явахаа байхаар тендер цуцлагдана. Цуцлагдахаар нь манай компани авна" гэж мөнөөх Хятад эр хэлсэн гэж төсөл хэрэгжүүлэгч компаниудын зүгээс НЕТГ-т гомдол гаргасан байна.

Тэгвэл түүний эхнэр, "Холч Жинчин" компанийн захирал н.Отгон ямар байр суурь илэрхийлсэн бэ?

"Хятад иргэн хуучин орон сууцны дахин төлөвлөлтийн ажилд саад учруулаад байна" гэх яриа гарсны дараа дээрхи байруудыг хариуцдаг "Замчдын Өргөө" СӨХ-ны захирал Алтанцэцэг "Холч Жинчин" компанийн захирал н.Отгонтой холбоо барихад:

"Манай зүгээс хамтарч ажиллая, саад болохгүй" гэсэн бодолтой байгаа. Төсөл хэрэгжүүлэгч компаниудын зүгээс гэрээний загвараа албан ёсоор танилцуулаагүй. Гэтэл гадуур миний гэр бүл, хувийн амьдралд дэндүү халдаж эхэллээ. Миний хувьд хөрөнгөө түгжээд суугаад байхыг хүсэхгүй шүү дээ. Аль болохоор л тохиролцохыг бодно" гэж хэлсэн байна.

Түүний хувьд дахин барилгажуулах ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, өөрийн компанийн барьсан орон сууцанд иргэдийг оруулж болох талаар оршин суугчдын хурал дээр ч хэлж байж. Тэгэхээр н.Отгон захирлын хувьд гэрээ хийхгүй, энэ ажлыг дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлээгүй бололтой.

Нэг хүний өмчлөлд олон тооны орон сууц байгаа учраас тэр хүнтэй нь тохиролцоогүй тохиолдолд гэрээний хувь мэдээж хүрэхгүй.

..."Холч Жинчин" компанийн хувьд бусдын л адил тендерт оролцох, төсөл хэрэгжүүлэх эрх нь нээлттэй. Тиймээс ч төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөн нэлээд тооны хуучин орон сууц худалдаж авч. Гэвч тендерт шалгарч чадаагүй. Компанид бизнес эрхлэхээс гадна нийгмийн хариуцлага гэж байх нь мэдээж. Тиймээс "Холч Жинчин" компани энэ хариуцлагаа ухамсарлаж төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс гэрээний загвараа танилцуулахад нь эерэгээр хүлээж авах байхаа гэж найдаж байна. 

... "Монгол эхнэртэй Хятад эр ажилд саад учрууллаа гэж ярьж байна. Гэтэл Монгол оршин суугчдын дунд харин ёс зүйгүй хүмүүс байна. "Тэргүүн Чансаа" компанийн ажлаа эхлүүлэхээр төлөвлөсөн 20-р байрны оршин суугч 7 айл нь гэрээгээ хийгээд нүүгээд явсан. Үлдсэн нэг айлын эзэгтэй гэрээ хийхгүй гэж загнахаар барахгүй, өөрийн хүүгээ дагуулан ирж, барилгын хашаа барьж байсан ажилчдын эрх чөлөөнд халдсан" гэж тэр хавийн оршин суугчид ярьж байсан.

Оршин суугчдын ярианд дурдагдсан айл нь 3 өрөө байранд зочид буудал ажиллуулдаг бөгөөд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь дууссан гэнэ. 

Энэхүү сурвалжлагаа өнгөрсөн сарын сүүлчээр бэлтгэж эхлэхэд байдал ийм байсан юм. Сүүлийн хэдэн өдөрт өөрчлөлт орсон эсэхийг тодруулахаар өчигдөр тухайн байрууд орчмоор очлоо.

"Тэргүүн Чансаа" компани эхний ээлжийн 74 айлын орон сууцны барилгын ажлаа эхлүүлэхэд бэлтгэн, 20-р байрны хойд хэсгээр төмөр хашаа барьсан байна. Гэхдээ уг байранд үйл ажиллагаа явуулдаг зочид буудал нь хэвийн ажиллаж байв.

"Зочид буудлын эзэнтэй гэрээ хийгээгүй мөртөө компанийнхан хашаа барьж эхэлсэн учраас эсэргүүцэж маргаан үүсгэсэн юм билээ, одоо хүртэл гэрээ хийгдээгүй байгаа, гэхдээ тохиролцоонд хүрэх байлгүй дээ" гэж эх сурвалж хэлсэн.

"Алтан Трейд" компани ч мөн 170 айлын орон сууцны ажлаа эхлүүлэхээр төлөвлөн гэрээний ажлаа үргэлжлүүлж байгаа аж. 10, 11, 12-р байрууд дээр төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан "Фүжи Холдинг" компани 10-р байрыг эхний ээлжинд буулгахаар төлөвлөж байсан ч оршин суугчид сонгууль хүртэл хүлээе гэсэн хүсэлт гаргасан учраас нөгөө хоёр компанитайгаа залгаж, 12-р байраас ажлаа эхлүүлэх талаар ярилцаж байгаа гэнэ.

"Ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин байруудыг дахин барилгажуулах ажилд өмчийн эзэн шийдвэр гаргах ёстой учраас яах ч аргагүй хүлээлт үүсээд байна. Ийм асуудалд хүч хэрэглэх боломжгүй шүү дээ" гэж хотын дарга олон удаа учирлаж байсныг энд дурдмаар байна.

                                                                                                                                                                                                                  П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,900,000₮

15м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим