А.Лхагвадорж: Орон сууцны бодит үнэ тогтоно

Уншсан тоо: 569
Нийтлэгдсэн: 2016 оны 03 сарын 03

Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төсөл хэрэгжих эхний ээлжийн 9 байршлыг саяхан НИТХ-аар баталсан. Дээрхи байршлуудад айл хөршүүд хоорондоо нэгдэх, сургалт сурталчилгаа хийх, ямар төсөл хэрэгжүүлэх талаараа харилцан ярилцах, төслөө боловсруулах, мэргэжлийн байгууллагаар хянуулах, батлуулах гээд өнгөрсөн хугацаанд маш их ажилтай байсан нь анзаарагдаж байсан. Ингэж ажилласныхаа хүчинд төслөө батлуулж чаджээ. 

Газар шинэчлэн зохион байгуулах төсөлд нэгдсэн иргэд дараагийн ямар шатны ажилдаа орж байгаа болон төслийн ач холбогдлын талаар “Гэр Хорооллыг Орон Сууцжуулах Төсөл” ОНӨҮГ-ын дарга А.Лхагвадоржтой ярилцлаа. 

-Газар шинэчлэн зохион байгуулах төсөл хэрэгжүүлэх гэж байгаа иргэд нийлүүлсэн газраа барьцаалж зээл авахаас өөр аргагүй. Гэтэл газар барьцаалж зээл авах боломжийг нэмэгдүүлсэн хуулийн заалтыг түдгэлзүүлсэн. Иргэдийг төслөө хэрэгжүүлэх санхүүжилт олоход нь дэмжлэг үзүүлэх тал дээр арга хэмжээ авахгүй бол зохион байгуулалтад орсон иргэдийн итгэл алдрах, цаашлаад огт дэмжлэггүй болох талдаа орох вий. Иргэдэд зээл олгуулах талаар хотын удирдлагууд ямар бодолтой байгаа бол?

- Газар барьцаалан зээл олгохтой холбоотой хуулийн зарим заалтыг Үндсэн Хуулийн Цэц дээр хүчингүй болгох... гэхчлэн гэр хорооллын иргэдийн цорын ганц өмчийг эргэлтэд оруулах боломжийг хаасан үйлдлүүд гаргаад байна л даа. Газар барьцаалан зээл олгох хууль эрх зүйн орчныг таатай болгохын тулд өнгөрсөн оны 7 дугаар сард Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингээд овоо боломж олдох нь гэж байтал түдгэлзүүлсэн. Ингэж түдгэлзүүлж, дараа нь баахан хугацаа зарцуулан эргэж сэргээх зэргээр сунжрахыг хүлээх юм бол иргэд газраа барьцаалж зээл авна гэдэг бүтэхгүй ажил болох гээд байна. Э.Бат-Үүл даргын ярьж байгаагаар иргэдийн нийлүүлсэн багадаа 7-8 га, дээд тал нь 20 га газар дээр нь хот өөрөө батлан даагч болж, банк санхүүгийн байгууллагаас зээл авахуулан хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдэх хэрэгтэй болж байна.  Өөрөөр хэлбэл хот иргэдийнхээ төслийг батлан даая гэж байгаа юм. Ийм замаар иргэдийнхээ төслийг эхлүүлэхгүй бол болохгүй. Батлагдсан байршлуудын ажлын зургуудыг хийх тендер зарлагдсан байгаа. Ингээд 9 байршлын төсөл ажил хэрэг болоод явна.

-9 байршил нь 100 гаруй га газрыг хамарч байх шиг байсан. Иргэд нийтийн орон сууцыг илүү төлөвлөж үү, амины орон сууц, таунхаусыг илүү төлөвлөсөн байна уу?

-Ер нь тэнцүү дээ. Иргэд өөрсдийн хүсэл сонирхолдоо нийцүүлэх нь мэдээж, гэхдээ  ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлнэ шүү дээ. Учир нь өндөр давхрын орон сууц төлөвлөсөн газруудыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамруулахаар тендер зарлаж, компаниуд оруулчихсаныг та бүхэн мэднэ. Газар шинэчлэн зохион байгуулах төсөлд 2, 3 дугаар бүсийнхэн үлдсэн. Тэгэхээр голдуу нам, дунд давхрын орон сууц баригдана гэсэн үг. Иргэд зээлээ төлөхийн тулд аль болохоор олон айлын орон сууц төлөвлөж, борлуулахыг хичээнэ. Тиймээс ч төсөлдөө дунд давхрын орон сууцнуудыг төлөвлөсөн байна. Харин тухайн төсөлд оролцож байгаа иргэдийн өөрсдийн амьдрах байр нь амины болон эгнээ орон сууц байхаар төлөвлөлтөө хийсэн нь ажиглагдсан.

-Иргэд зээлээ төлөхийн тулд илүү гарсан орон сууцаа борлуулах хэрэгтэй. Гэтэл орон сууцны борлуулалт маш муу байна. Ипотекийн зээлийн хүүг бууруулж таван хувь болгоод ч борлуулалтыг учиргүй их сэргээх нь юу л бол? Та юу гэж бодож байна?

-Иргэд өөрсдөө төслөө хэрэгжүүлэх нь олон давуу талтай. Учир нь тэд газраа хэн нэгнээс өндөр үнээр худалдаж авахгүй, хөрөнгө оруулагчаас их хэмжээний зээл авахгүй. Барилгын компанийн хувьд зөвхөн барилга барих ажлаа л хийж, гүйцэтгэгчээр ажиллана. Өөрөөр хэлбэл барилгын компани одоогийнх шиг газраа худалдаж авах, дэд бүтцээ шийдэх, орон сууцаа барих, дараа нь зарах, өрөө төлөх зэрэг олон шат дамжлагатай ажил хийхгүй. Одоо барилгын материалын үнэ нэг үеэ бодвол харьцангуй хямдарсан байна. Иргэд өөрсдөө төсөл хэрэгжүүлснээр орон сууцны үнэ ийм байх ёстой гэсэн бодит үнэ тогтоно. Нэг барилгын компани 96 айлын орон сууц барилаа гэхэд борлуулалт асуудалтай шүү дээ. Тэгэхэд 200 иргэн нэгдээд тийм хэмжээний орон сууц барихад 200 борлуулагчтай болж байна гэсэн үг. Иргэдийн өөрийнх нь бизнес юм чинь орон сууцаа хурдхан шиг борлуулж, өрөө хурдан төлөхийг бодно. Ингээд ах дүү хамаатан садан, найз нөхөд гээд орчин тойрондоо хандаж эхэлнэ. Нөгөөтэйгүүр миний амьдрах байшинг яаж барьж байгааг нь би өөрөө огт харахгүйгээр,хэн нэгэн барьж дуусгаад, төрийн захиргааны хэдэн албан хаагч хүлээгээд л авчихдаг байдалтай байгаа. Хаанаас ирсэн хэн, юугаар барьсан нь тодорхойгүй орон сууцыг хэн хүлээж авсныг мэдэхгүй иргэд 20 жилийн зээл тавиад л авчихдаг. Зээл төлөгдөж дуусахад байр ч асуудалтай болчихдог. Тэгвэл одоо иргэд өөрсдөө хяналтаа тавьж, гүйцэтгэгчээ сонгож орон сууцаа бариулна гэдэг маш том давуу тал үүснэ. Иргэд том биш дундаж компаниудыг л гүйцэтгэгчээр сонгох байх. Эдгээр олон хүчин зүйлээс шалтгаалж орон сууцны бодит үнэ тогтоно. Ер нь айхтар бизнесийн эрх ашигтай том нөлөө бүхий юм ирээд л саад болдоггүй юм бол энэ ажил явж л таарна.

-Орон сууцны урьдчилгааг бууруулах талаар нэлээд яригдаад хэрэгжсэнгүй. Одоо зээлийн хүүг бууруулж 5 хувь болгохоор боллоо гэнэ. Эдгээр шийдвэрүүдийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Төрийн зүгээс барилгын салбараа аврах нэрийн дор тулгаж байгаад л өөрсдийн ажлаа хийж байна. Борлуулалтгүй 18.000, бүр 20, 30 мянган орон сууц байна гээд янз бүрээр л яриад байгаа. Ер нь эрсдлээ даана гэсэн компаниуд л төсөл хэрэгжүүлээ биз дээ.Төрийн ч юм уу, ямар нэгэн дэмжлэггүй компани байсан бол зарагдахгүй орон сууцаа хурдхан шиг өөрийнх нь өртгөөр зараад алга болно шүү дээ. Гэтэл хүлээгээд байна гэдэг чинь төрийн идэвхитэй дэмжлэг хүлээгээд байгаа гэсэн үг. Урьдчилгааг бууруулна, зээлийн хүүг бууруулна гэх зэрэг аргаар барилгын зах зээл тогтчихоод байгаа бодит бус үнийг л барих бодлого баримтлаад байна. Урьдчилгааг бууруулна гэдэг иргэний дараа төлөх өрийг л нэмэгдүүлээд байна гэсэн үг. Ер нь ард иргэдээ төрийн албан хаагч, хөгшид, залуус гэх зэргээр ангилах, барилгын салбарт төрийн нэмэлт дэмжлэг туслалцаа үзүүлэх нь илүү ажил гэж боддог. Одоо бүр төр өөрөө орон сууцны барилга бариад эхэлсэн. ТОСК-ийн орон сууцны үнэ бол бодит үнэ биш шүү дээ. Хоёр замынхаа нэгийг сонгох хэрэгтэй. Хэрэв өмнөх социализмын үе шигээ орон сууцжуулах гэж байгаа бол СОТ-1, 2, 3 гэдэг шиг ТОСК-1, 2, 3 гэж байгуулаад хүмүүсийнхээ газрыг булааж аваад бушуухан шиг нийтийн орон сууцаа барих хэрэгтэй. Харин хувь хүний хариуцлага, хувийн өмчийг хүндэлдэг зах зээлийн нийгэм рүү орсон юм бол иргэддээ боломжийг олгох хэрэгтэй. Хашааны газартай иргэд дээр очоод газраа нийлүүлэх, өөрсдөө төсөл хэрэгжүүлэх талаар хэлэхээр ойлгож байгаа юм. Харин төрийн албанд 20, 30 жил ажиллачихсан, өөрийгөө хамаагүй илүү ухаантай гээд бодчихсон, “гэр хорооллын иргэн юм бодож сэтгэж чадахгүй, тэднийг сайхан амьдруулах үүрэг нь надад байгаа” гэсэн бодлыг өөрийнхөө итгэл үнэмшил болгочихсон албан тушаалтанд үүнийг ойлгуулна гэж хэзээ ч байхгүй юм билээ. Улс төрчдөд ойлгуулснаас тэднийг сонгодог сонгогчдод нь ойлгуулсан нь дээр гэдэг замаар л явж байна. Үнэн бодит мэдээллийг нь хүргээд өгөх юм бол мэдлэг боловсролтой, ухаантай, аж ахуй эрхлээд сурчихсан, ажил амьдралаа аваад явчихсан хүмүүс гэр хороололд зөндөө байна.

-Эхний ээлжинд байгуулагдсан бүлгүүд барилгын ажлаа эхлээд, нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалт өрнөөд эхэлвэл иргэд бүр ч илүүтэй сонирхох байх. Гэр хорооллын иргэдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Иргэд газраа өмчилж авсан мөртөө эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бараг байхгүй байсан. Хууль эрх зүйн орчин байхгүй учраас нийслэлээс журам гаргаж, энэ журмаар л зохицуулагдаж байгаа. Хэн нэгэн ирээд миний газрыгсайхан болгоод өгнө гэж дийлэнхи хүмүүс боддог. Уг нь өөрсдөө санаачлагаараа өмчөө эргэлдүүлж, тэндээсээ ашиг олох ёстой. Нэг хүний 0,01-0,07 га газар үнэд хүрэхгүй. Харин олуулаа нэгдвэл ихээхэн үр дүнд хүрнэ гэж хэлмээр байна. Гэр хороооллын аль боломжийн гэсэн байршлуудад дахин төлөвлөлтийн компаниуд оруулчихсан. Тэд иргэдэд тодорхой талбайтай байр санал болгож байгаа нь нэг талаас харахад иргэдийн амьдралыг  сайжруулж байгаа мэт боловч, “Газар бүхий иргэд өөрийнхөө амьдралын төлөө зүтгэх ёстой, өөрийн чинь газрыг чамаас өөр хэн ч үнэд хүргэж чадахгүй” гэсэн сэтгэлгээг биш харин эсрэгээр нь,“Ингээд байж байтал хэн нэгэн ирээд нэг юм уу хоёр өрөө байртай болгочихно” гэх бодол төрүүлсэн нь маш буруу нөлөө болсон гэж хараад байгаа юм. “Өмчлөөд авсан 700 м.кв газраа эргэлтэд оруулаад нийлээд юм хий” гэхгүйгээр “Та нар зүгээр сууж бай. Хэн нэгэн ирээд 2 өрөө байр өгнө” гэчихсэн нь олсон бусад амжилтынхаа хажууд хортой үйлдэл болсон гэж би боддог. Энэ миний хувийн бодол шүү. Газар шинэчлэн зохион байгуулах төсөл бэрхшээлтэй хэцүү боловч газар эргэлтэд ордог юм байна, газраараа нийлээд үр дүнг нь амсаж болох юм байна гэсэн жишиг үзүүлэх, цаашлаад дундаж давхаргыг бий болгох зэрэг маш том давуу талуудыг үүсгэнэ.

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Танай сайтын уншигчдад сайн сайхныг хүсье. Хэсэг бүлгээрээ нэгдэж орчноо сайжруулахаар нэгдсэн нийт иргэддээ амжилт хүсч байна.

Газар шинэчлэн зохион байгуулах төсөл хэрэгжих байршлууд:

                                                                                                                                                                       Ярилцсан П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол