ЖИДИ компани иргэдийг хохироосон уу?

Уншсан тоо: 992
Нийтлэгдсэн: 2016 оны 02 сарын 02

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ханын Материалын Комбинатын баруун тал орчимд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Жиди” компанитай гэрээ байгуулсан иргэн Г.Цэрэнбат гуайн нэгэн сайтад өгсөн ярилцлага анхаарал татав.

“Манайх 2013 оны 10 дугаар сард “Жиди” компанитай гэрээ байгуулж газраа чөлөөлж өгсөн. Тухайн үед айлуудад түр амьдрах байрны мөнгө гэж сард 700.000 төгрөг өгсөн боловч надад өгөөгүй. Тиймээс би ах дүү нарынхаараа амьдарч байна. Ер нь гудамжинд гарахдаа туллаа. Энэ компанийн орон сууц хэзээ ашиглалтанд орох юм бүү мэд. Одоогоор хийгдсэн ажил байхгүй. Түрээсийн мөнгөө өгөөд, орон сууцаа хугацаанд нь ашиглалтанд оруулсан бол би ийм байдалд хүрэхгүй байсан”  хэмээн тэрээр ярьсан байна.

Айлын газрыг нь чөлөөлчихсөн атлаа түрээсийн мөнгө огт өгдөггүй “цайчихсан” компани арай ч байхгүй байлгүй дээ” гэсэн бодол эргэлдээд салдаггүй. Ингээд иргэн Г.Цэрэнбатад түрээсийн мөнгө өгсөн эсэх, ямар нөхцөлтэй гэрээ байгуулсан зэргийг тодруулахаар “Жиди” компанийг төлөөлж гэрээ байгуулсан П.Мөнх-Эрдэнэтэй утсаар холбогдлоо.

-Сайн байна уу? Танай дахин төлөвлөлтийн төслийн талаар тодруулахаар Shinebair.mn сайтаас холбогдожбайна. “Газраа чөлөөлж өгчихөөд байхад“Жиди” компани түрээсийн мөнгө өгөөгүй учраас айлаар хоног төөрүүлж явна, одоо гудамжинд гарах дээрээ тулаад байна”хэмээн ярьсан иргэн Г.Цэрэнбатын ярилцлагыг та уншсан уу?

-Аан за. Би төслийн удирдагчийн ажлаа оны өмнө хүлээлгэж өгсөн л дөө. Гэхдээ төслийн удирдагчаар ажиллаж байсны хувьд иргэн Г.Цэрэнбатын ярилцлагатай холбогдуулж тайлбар өгье өө. Тэр мэдээллийг уншаад их гайхсан л даа. Одоо хашаа нь буугаагүй хэвээрээ л байгаа шүү дээ. Эхний ээлжийн орон сууцаа барихад бэлтгэж 23 айлын газар чөлөөлсөн. Энэ 23 айлд тэднийх багтаагүй. Тэднийх газраа чөлөөлсөн айлуудын хойд талын гудамжинд амьдардаг юм. “Манай хашаа эзэнгүй байгаа юм чинь би танайд хүлээлгээд өгчихье” гэж Г.Цэрэнбат гуай санал тавьсны дагуу газраар солих орон сууцан дээр нь талбай нэмж, харин түрээсийн мөнгө өгөхгүй байхаар харилцан тохиролцож гэрээ хийсэн юм. Гэтэл “Түрээсийн мөнгө өгөөгүй, хашаагүй болсон” гэж ярьсан байх юм. Уг нь гэрээний талаар охин нь сайн мэднэ. Өөрөө ч гэрээ байгуулахад байлцсан. Настай хүн буруу зөрүү ярьсан юм болов уу даа.

-“Газраа чөлөөлж өгчихөөд түрээсийн мөнгө аваагүйн улмаас сэтгэл санаа нь хямарч хоёр ч хүүхэд нас барсан” гэх утгатай зүйлийг Г.Цэрэнбат гуай ярьсан байсан...

-Тиймэрхүү утгатай яриа харагдсан. 2013 оны намар хоёр талт гэрээ хийгдсэн. Дараа нь 3 талт гэрээнд бүх зүйл тодорхой тусгагдсан. Үнэхээр хохирсон бол шүүхэд хандах хэрэгтэй л дээ. Түүнээс биш настай хүнээр юм яриулаад л түүнийг нь нягтлалгүйгээр мэдээлээд байх нь компанийн нэр хүндэд муугаар нөлөөлж байна. Бусад иргэддээ ч нөлөөлж байна. Манай компани хөрөнгө оруулалтаа цагтаа олж чадаагүйгээс төсөл удааширсан нь үнэн. Гэхдээ бид газраа чөлөөлж өгсөн иргэдээ огт хохироогоогүй. Улс төрийн шинжтэйгээр зориуд ингээд байна гэж би бодож байна. 5 дугаар хорооны Засаг Дарга бас яриа өгсөн байсан. Дараа нь асуухад би тэгж яриагүй гэж л байна лээ.

-Газраа чөлөөлж өгсөн 23 айлтай сарын түрээсийг хэдэн төгрөгөөр тохирсон бэ?

-Сарын 700.000 төгрөгөөр тохирч гэрээ хийгээд өгч байсан. Сүүлд түрээсийн байрны үнэ буурсан, санхүүгийн байдал зэргээс болоод газраа чөлөөлсөн айл нэг бүртэй уулзаж тохироод 500.000 болгож, гэрээндээ хавсаргасан. Цөөн айл нөхцөл байдлаасаа болоод 700.000-аараа авч байгаа.

-Төслийн явц жаахан удааширч байх шиг байна. Юунаас шалтгаалав?

-Хөрөнгө оруулалтаас шалтгаалаад төслийн явц удааширсан нь үнэн. Дэд бүтцийн ажлууд сайн хийгдсэн. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн ажил саадгүй явсан, харин Чингис бондын хөрөнгөөр хийгдэх дэд бүтцийн жаахан ажил үлдээд байгаа. Барилгын ажлын хувьд 120 айлын нэг блок орон сууцны суурь хийгдсэн. Дулаарахаар үргэлжлүүлээд явна.

-Хөрөнгө оруулалт татахаар Хятадын “Чайна Констаркшн” компанитай санамж бичигт гарын үсэг зурж байсан санагдана. Тэр юу болов?

-Тэгсэн. Санамж бичигт гарын үсэг зурсан. Дараахан нь Засгийн Газар огцорч, түншүүд эргэлзээд эхэлсэн. Хөрөнгө оруулахаа болилоо ч гэж хэлээгүй эргэлзсэн байдалтай л байгаа. Гэхдээ холбоотой байгаа л даа. Төслийн хүрээнд 4000 гаруй айлын орон сууц барихаар төлөвлөсөн байсан. Одоо ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж байгаа. Учир нь В, Г гэсэн хоёр хэсэгчилсэн талбайн дийлэнхи нь маш намгархаг газар. Энд өндөр орон сууц барьж болохгүй гэсэн геологийн дүгнэлт гарсан учраас тэр хэсэгт хаус хороолол барих болж байна. Энэ чиглэлд нэг компанитай хамтран ажиллахаар болсон. Суурийг нь хийчихээд, шууд угсрах юм. Бид зөвхөн “Чайна Констракшн”-ыг л  хараад суухгүй байгаа.

Төслийн удирдагчаар ажиллаж байсан П.Мөнх-Эрдэнэ дээрхи тайлбарыг өглөө. Охин нь асуудлыг сайн мэднэ гэж хэлсний дагуу Г.Цэрэнбат гуайн охин Ц.Дэлхийцэцэгтэй холбогдсон юм.

Ц.Дэлхийцэцэг:

Аавын ярилцлагыг тавьсан сайт дээр хашаа байшин, гаражийн зургийг нь саяхан авч тавьсан атлаа хашаа нь буусан мэтээр бичигдсэн байсан. Тэр хашаа одоо байгаа. Манай аав угаасаа тэр хашаандаа амьдардаггүй, нэгдүгээр хороололд амьдардаг байсан. Компанитай гэрээ байгуулсан үеэс эхэлж яръя. 2013 оны 6 дугаар сард хашаагаа чөлөөлөөрэй гэх шаардлага тавьж байсан. Бид агуулах маягаар ашигладаг байсан учраас тэр даруйд нь чөлөөлж чадаагүй л дээ. Тэгж байтал өөр хэсгээс 23 айл газраа чөлөөлж, түрээсийн мөнгөө авсан байсан. Бид ярилцаад “Нэгэнт л хүн амьдардаггүй юм чинь хашаа байшингаа компанид хүлээлгэж өгөөд, хашаанд байсан эд зүйлсээ хадгалах агуулахын түрээсийн мөнгийг авч болох уу” гэсэн саналыг компанид тавьсан. Компанийн зүгээс “Газраа чөлөөлсөн айлууддаа түрээсийн мөнгө өгч байгаа учраас танайд түрээсийн мөнгө өгөлгүйгээр газраар солихоор тохирсон 87 м.кв байран дээрээ 10 м.кв нэмж өгье” гэхэд нь бид зөвшөөрч гэрээ хийсэн. Компанийн хувьд нэг блок орон сууцныхаа ажлыг эхлүүлсэн яваа. Аав маань айлаар хонуучилж, гудамжинд гарах дээрээ тулсан гэж ярьсан байсан. Тийм биш ээ гэдгийг хэлье. Манай дүү, эгч хоёр өвчний улмаас нас барсан. Түүнээс биш хэвлэлээр гарсан шиг “Жиди” компанитай холбоотойгоор сэтгэл санаагаар унаад өнгөрчихсөн юм биш шүү. Аав маань 73 настай. Нас дээр гараад юмыг тунгаах чадваргүй болчихсоныг нь далимдуулан ашиглах хэрэггүй л дээ. Бид компанитай гэрээ хийсэн. Харилцан тохирсон асуудал.”

Г.Цэрэнбат гуайн охин Ц.Дэлхийцэцэг дээрхи тайлбарыг өгөөд, асуудлыг зөвөөр ойлгуулахыг хүссэн юм.

“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг ялангуяа манай Сонгинохайрхан дүүрэгт их улс төржүүлдэг юм шүү дээ” гэж “Жиди” компанийн ажилтан хэлж байсан. Нас дээр гарсан хүнийг учрыг нь мэдэхгүйгээр нь далимдуулан “Гудамжинд гарсан” гэж яриулж байгаа нь харамсалтай.

Хорооны засаг дарга М.Одонхүү гэх эмэгтэй өнгөрсөн жил Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарыг иргэдтэй уулзах үеэр дахин төлөвлөлтийн талаар ташаа мэдээлэл өгчихөөд дараа нь “би тэгж хэлээгүй” гэж булздаг талаар дахин төлөвлөлт хариуцсан агентлагынхан ярьж байв. Энэ жил мөн л ярилцлага өгчихөөд үгүй, тэгж хэлээгүй гэж...

“Дахин төлөвлөлтөөс болж гудамжинд гарсан иргэний өчил” нэртэй ярилцлагын мөрөөр бодит байдлыг тодруулан хүргэхэд ийм байна.                                      

                                                                                                                                                                                               П.Болор


 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим