Г.Пүрэвдаян:”Төрийн гурван өндөрлөгийн харшийн хөшгийг хийж өгч байлаа”

Уншсан тоо: 2551
Нийтлэгдсэн: 2016 оны 10 сарын 28

Айл гэр, албан тасалгаа, хурлын танхим, урлагийн заал гээд хаана ч яваад ороход хамгийн түрүүнд цонхных нь хөшиг нүдэнд тусдаг. Нэг үгээр хэлбэл хөшиг хэрэглээ төдий бус интерьерийн салшгүй нэгэн хэсэг гэсэн үг.

Тохь тухтай орчин бүрдүүлэх чухал албыг залгуулж яваа нэгэн эрхмийг уншигч тантай уулзуулъя. Манай зочин "ПДМС" компанийн захирал Г.Пүрэвдаян. 

Түүнтэй уулзаж ярилцахаар Төмөр зам дахь хуучнаар Варьете-гийн урд байрлах "Хатан хөшиг" үйлдвэр дээр нь очиход үйлчлүүлэгчиддээ зөвлөгөө өгөөд тун завгүй. Байсхийгээд л утас нь дуугарна. Мөн л хөшиг, захиалга... гээд ажлаа ярих аж.

Би ч Г.Пүрэвдаян захирлыг хүлээх зуураа хөшиг, тюльны олон төрлийн каталогуудыг сонирхож суув. 

Компанийн ажилтан бүсгүй хөшигний загвар, материал, захиалга өгсөн тохиолдолд ямар  хугацаанд хөшиг бэлэн болдог талаар нэгд нэгэнгүй танилцуулаад авлаа.

 Захиалга өгсөн үйлчлүүлэгчдийн хаягийг нэг бүрчлэн бичиж авч байгаа харагдана. Учир нь компанийнхан өөрсдөө очиж хэмжээ авдаг юм байна. Захиалагч өөрөө хэмжээгээ аваад өгч ч болно. 

Г.Пүрэвдаян захирлын их ажил арай намжих үед нь ярилцлагаа эхэллээ.

-Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу?

-Сайн. Сайн байна уу? Сайхан намаржиж байнаа.Сайхан намаржиж байна уу?

-Сайхаан. Тантай тухтай уулзах гэж завыг тань нэлээд харлаа шүү. Тун завгүй хүн юм аа?

-Зав зай гарч өгөхгүй л байх юм. /Инээв/

-Айл гэр, албан тасалгаанд халуун дулаан уур амьсгал, гэрэл гэгээ нэмдэг энэ буянтай ажлыг хэдэн жил хийж байна вэ?
-1986 оноос ганцаараа айлд очиж Оросын хөшиг тогтоогчоор тогтоох зэрэг ажил хийж энэ бизнесээ эхлүүлснээс хойш 30 жил болжээ. 

 -30 жил гэдэг чамгүй хугацаа шүү. Та чинь ямар мэргэжилтэй хүн билээ. Яагаад энэ бизнесийг сонгов?
-Халуун төмөрчин мэргэжилтэй. Чехэд мэргэжил эзэмшээд ирэхдээ нэг ханын буутай ирсэн юм. Түүгээрээ танилууд, найз нөхөддөө тусалж гал тогооны тавилга зэрэг эд зүйлсийг нь тогтоож өгч явахдаа л анх энэ санааг олсон доо.
-30-аад жилийн өмнө ганцаараа ажилладаг байх үед чинь хувийн унаа тэрэг мэдээж ховор байсан биз. Багаж хэрэгсэл гээд овор хэмжээ ихтэй зүйлс авч явдаг байх. Яаж болгодог байв?
-Тэр үед хувийн унаа тэрэг гэж байсан биш. Хөшиг, багаж хэрэгслээ бариад л автобусанд яваад орчихно шүү дээ. Овор ихтэй зүйлсийг өглөө эртхэн автобус, троллейбус хүн багатай байх үед зөөгөөд айлдаа аваачаад тавьчихдаг байв.
-Тэддүгээр хорооллын ч юм уу, тэр компанийн орон сууцанд хөшиг захиалах гэсэн юм гээд хэлэхээр цонх, тааз гээд бүгдийнх нь хэмжээ таны толгойд байдаг гэж сонссон...
-Тэгэлгүй яахав. Социализмын үе, дараа нь зах зээлийн үе байлаа. Айлууд ч тансаг хөшиг захиалдаггүй байж. Хөшигний зам нь гэхэд Оросоос ирдэг троссыг татаж хийдэг байв. Угсармал байрны том өрөөний өргөн нь 3 метр 45 см, өндөр нь 2 метр 65 см, жижиг өрөөний өргөн нь 2 метр 85 см, өндөр нь 2 метр 65 см. Яг ийм л хэмжээтэй, зөрөх юм байхгүй. Тросс татаад хийчихдэг болохоор хэмжээ аваад байх шаардлага ч байдаггүй байв. Захиалгаа дийлдэггүй байлаа. Гэрийн утсаар захиалганууд ирээд л байна. Өглөөнөөс авахуулаад шөнө хүртэл хийгээд л байна. Бичсэн захиалга дуусахгүй шүү дээ. Ингэж явсаар иж бүрнээр нь хийх хэрэгтэй юм байна гэсэн бодол төрж, урдаас хөшиг оруулж ирсэн. Тухайн үеийнхээ хамгийн үнэтэй, тансаг хөшигнүүдийг оруулж ирдэг байлаа. Хүнсний 50-р дэлгүүрийн урд талын Сант-Асар төвийн 2-р давхарт анхны дэлгүүрээ нээж байв. 1980-аад оны сүүлч, 90-ээд оны эхээр одоогийн томоохон бизнесменүүд бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлж байсан үе. Тэд үйлчлүүлнэ. Одоо дарга сайд, томоохон бизнесменүүд болчихсон эрхмүүд тэр үед залуухан ч байж. Сайхан дурсамжууд зөндөө л байдаг юм. Олон жилийн дараа ч тэд үйлчлүүлсээр байна.
-Манай томоохон урлагийн байгууллагуудын тайзны хөшиг, өндөр зэрэглэлийн оффисууд, ресторан, хурлын танхимын гээд л танайх олон газрын хөшгийг урласан гэдэг... Төрийн ордны коридор, УИХ-ын чуулганы танхимд ч танай бүтээл байдаг гэсэн...
-Тийм ээ. Их хурлын чуулганы танхим, СУИС-ийн төв танхим иж бүрнээрээ,10 жилийн сургуулиуд, цэцэрлэгүүд, Орчлон сургуулийн төв танхимын хөшиг иж бүрнээрээ, International School, Central Tower, "Моннис" цамхаг, Олон улсын Найрамдал зуслангийн "Хараацай" театр болон өвөл зуны байр гээд л олон газрын хөшгийг урлажээ. 2008 онд Төрийн Ордны өргөтгөлийн бүх хөшгийг хийсэн. Энэ жил их хурлын чуулганы танхимын хөшгийг хийж өглөө.  

                                                                                             Их Хурлын чуулганы танхим

Мөн 1-р сургуулийн хажуугийн маршал Чойбалсангийн амьдарч байсан байрны хүлээн авалтын танхимын хөшгийг хийсэн. Төрийн гурван өндөрлөгийн Их Тэнгэр дэх харшийн бүх хөшгийг хийж өгч байлаа. Монгол дахь элчин сайдын яамдууд ч манайхаар үйлчлүүлдэг. Америк, Кувейт, Герман, Хятад, Өмнөд Солонгос, Эмират, Англи зэрэг улсын элчин сайдын яамдын хөшгийг хийсэн байна. Дөнгөж саяхан Английн элчин сайдын яам захиалсан хөшгөө асууж байна.
-Айлд, албан байгууллагад ороод өөрийн эрхгүй л хөшиг рүү харна биз?
-Хамгийн түрүүнд тусна. Хөшиг нь зохиж уу, зохиогүй байна уу. Зохиогүй бол өөрчлөх санал тавьчих юмсан гэх зэргийн бодол орж ирнэ шүү дээ. Сайхан хөшигтэй газрыг харах урамтай.
-Та өөр салбарт бизнестэй юу? Хөшгийг нь хийсэн юм чинь одоо орон сууцыг нь баринаа ч гэдэг юм уу, тийм бодол төрж байсангүй юу? Одоо чинь бизнесмен бүхэн л барилгын салбар руу ордог болж...
-Ер нь тэгээгүй шүү. Одоогийн хийж байгаа ажлаа улам хөгжүүлж, дэвшилтэт технологи оруулж ирэхийг л боддог. Шанхайд болдог олон улсын үзэсгэлэнд жил бүр оролцдог. Энэ жил 12 дахь жилдээ оролцож байна. Тэнд очих бүрийдээ хүний сонирхол татах шинэ сонин юм юу байна гэж л харж явдаг. Түүнээс биш өөр бизнес сонирхож явсангүй ээ.
-Том нүсэр тавилга, эрээн мяраан хивс зэргээс татгалзаж байгаа өнөө үед хөшигний өнгө, загвар ихээхэн үүрэг гүйцэтгэдэг болсон харагддаг. Энэ талаар таны бодол?
-Тухайн айл, оффисын интерьер засалд ууссан, эсвэл тодотгож гаргасан хурц хурц өнгө давамгайлж байна. Ер нь заслаас л хамаарна даа. Хээтэй даавуу тохирох нь байхад, төв өнгө зохих нь ч байна. Бид үйлчлүүлэгчидтэйгээ ярилцаад зөвлөгөө өгнө.

-Танайх материалаа хаанаас авч, хэд хоногийн дотор бэлэн болгож өгдөг вэ?
-Солонгос, Хятадаас материалаа авч байна. Хэмжээ авч, материалын сонголт хийлгээд, түүнийгээ захиалснаас хойш 5-7 хоногийн дотор бэлэн болгож өгнө. Холоос ирэх нь 10 хоногт бэлэн болж байгаа.
-Солонгосын туузан хөшиг сүүлийн үед эрэлттэй байгаа гэж сонссон. Энэ хөшгийг танайх хийж байгаа юу?
-Хийж байгаа. Маш үзэмжтэй тансаг хөшиг. Хөшиг, тюлийг нэг дор хослуулсан гэсэн үг. Өдрийн цагаар нээлттэй байхдаа тансаг тюль, орой хөндлөн болгоод хаахад хөшиг болчихно. Сүүлийн үед ихээхэн эрэлттэй байгаа. Метр квадрат нь 65.000 төгрөгийн үнэтэй. 

                                                                                        Солонгос туузан хөшиг

                                                                                             PVC хаалт

-Танай компани ам бүл хэдүүлээ болоод байна?
-13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манайхыг сонгон үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчиддээ чанартай, найдвартай үйлчилгээ үзүүлсээр ирлээ. Хэдэн жилийн өмнө үйлчлүүлж байсан үйлчлүүлэгч саяхан утасдаад “Утасны дугаараа солиогүйд чинь баярлаж байна шүү” гэж байсан. Энэ мэтчилэн үйлчлүүлэгчдийн маань талархлын халуун дулаан үгс, сэтгэл хангалуун байгаагаа илтгэх харцнаас маш их урам зориг авч баярладаг юм.
-Цаг зав гаргаж ярилцсан таньд баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа. Танай сайтын уншигчдад сайн сайхныг хүсье.

"Хатан хөшиг"-ийнхний урласан хөшигнүүдээс сонирхуулъя.

                                                                                                      ВSВ Megamall

 

                                                                              Даавуун хөшиг

 

                                                  Хүүхдийн өрөөний хөшиг, орны бүтээлэг

                                                                                            Цэцэрлэгийн хөшиг                                                                       Цэцэрлэгийн тайзны хөшиг 

                                                                                                Ресторан                                                                                          Галт тэрэг

                                                                                                     Хэвлэлттэй хөшиг

 Эдгээрийг "Хатан хөшиг"-ийнхөн урласан. Өөр олон өнгө загвараас сонголтоо хийх боломжтой юм билээ. 

"Хатан хөшиг"-ийн салбар Хан-Уул дүүрэгт байрлах Номин Юнайтад их дэлгүүрийн 2-р давхарт байрладаг аж. Энэ салбараар орж, худалдагч Ю.Хишигттэй ярилцлаа. Тэрээр энэ компанид 3 дахь жилдээ ажиллаж байгаа гэнэ.

                                                               Номин Юнайтад их дэлгүүр дэх "Хатан хөшиг" салбар

"Манайд бэлэн байгаа материалаар захиалга өгсөн тохиолдолд 1-2 хоногийн дотор оёод өгнө. Харин гаднаас захиалгаар ирдэг материалаар хийлгэх бол 7-10 хоногт бэлэн болгоно. 200-аад төрлийн материалаас сонголт хийх боломжтой. Хэрэв өнгө загвар нь таалагдаад хэмжээ нь таарч байвал заавал захиалга өгөхгүйгээр манай  дэлгүүрээс бэлэн хөшиг худалдаж авч болно" гэж тэрээр ярьсан. 

Хөшиг тюлийг нэг дор хослуулсан Солонгос туузан хөшиг м.кв нь 65.000 төгрөг бол, даавуун материалууд нэг метр нь 28-65 мянган төгрөгийн хооронд үнэтэй аж.

 

"Заавал ханын обойны дагуу өнгө сонгоод байх биш, тухайн тасалгааны талбайн хэмжээ, таазны өндөр, интерьер засал зэргээс хамаарч сонголт хийж болно" гэж тэрээр зөвлөж байна. Залуу гэр бүлүүдийн хувьд хэт эрээн мяраан гэхээсээ илүүтэйгээр төв өнгийн материалыг сонговол аятайхан харагддаг аж.

 "Энд ажиллахаасаа өмнө хөшгийг төдийлөн анзаардаггүй байж. Одоо бол найз нөхөд, ах, дүү нарындаа ороод хөшиг нь жаахан онцгүй харагдаж байвал зөвлөгөө өгөөд л эхэлнэ шүү дээ" гээд Ю.Хишигт эгч инээж байв.

Тэрээр хөшиг сонирхохоор ирсэн үйлчлүүлэгчиддээ материалын өнгө, хөшигний загварын талаар чин сэтгэлээсээ зөвлөгөө өгч харилцан ярилцдаг юм билээ.

 Айл гэр, албан тасалгаанд гэрэл гэгээ, тохь тух нэмэх буянтай ажлыг эрхэлсээр яваа "ПДМС" компанийн захирал Г.Пүрэвдаян болон түүний хамт олны ажил үйлсээс уншигч танд хүргэсэндээ таатай байна. 

 

"Дуртай ажлаа хийж байгаа болохоор хэмжээ авах гээд явахаасаа эхлээд л сэтгэл өөдрөг байдаг. Үйлчлүүлэгчдийн маань талархлын халуун дулаан үгс, сэтгэл хангалуун байгаагаа илтгэх харцнаас маш их урам зориг авч баярладаг даа" хэмээн өгүүлэх Г.Пүрэвдаян захирал аливаа зүйлд тууштай, чин  сэтгэлээсээ хандвал амжилтад хүрч болдгийг харуулж байна. 

"ПДМС" компанийн хамт олонд ажлын амжилт сайн сайхныг хүсье.

                                                                                                                                                                                                   П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол