Хэрэгцээнд дөрөөлсөн хэнээрхэл

Уншсан тоо: 601
Нийтлэгдсэн: 2016 оны 01 сарын 24

Судалгааны шатанд яваа, эцсийн шийдвэр, тушаал журам нь хараахан гараагүй хөтөлбөрүүдийг өнөө маргаашгүй хэрэгжих гэж байгаа юм шиг ярьж, иргэдийн амин чухал хэрэгцээн дээр тоглон, өөртөө оноо цуглуулах улс төрчид олширлоо.

Таван хувийн хүүтэй орон сууцны зээлийн талаар З.Баянсэлэнгэ сайд мэдээлэл хийхдээ “Орон сууцны таван хувийн хүүтэй зээлийг олгохоор болсон, Засгийн Газрын тогтоол гарсан” хэмээн ярьж, хэвлэлүүд шүүрэн авч шуугисан. Уг нь таван хувийн хүүтэй зээлийн журам гаргахыг Засгийн Газар дэмжсэн болохоос биш энэ сарын 11-ний өдрийн Засгийн Газрын хуралдаанд оруулж ирсэн журмын төслийг нь хэлэлцээгүй.

Ипотекийн зээлийн орчныг сайжруулахтай холбоотой “Ирээдүйн тэтгэврийн нөөц сан”-гийн тухай хуулийн төсөл батлагдаагүй, Засгийн Газар Монголбанк эцсийн шийдвэрээ гаргаагүй байхад “тогтоол батлагдсан” гэж хэлснийг нь гайхаад л өнгөрөхөөс өөр яах билээ...

Гэтэл ТОСК-ийн захирал А.Гантулга бас л өөрөө шийдвэр гаргагч аятай тун сүрхий мэдээлэл хийжээ. Тэрээр “Таван хувь бол болно. Тэрийг баттай хэлье” гэсэн байх юм. Тэрээр түрээсийн орон сууц, “Буянт-Ухаа” хорооллоосоо хальж таван хувийн хүүтэй зээлийг олгоно гэдгийг “батлав”.

Улмаар “Төрийн түрээсийн орон сууц”-нд ямар иргэд орох боломжтой талаар А.Гантулга захирал ярихдаа “Өрхийн мэдээллийн сан”-гийн 3-10-р бүлэгт багтах бага дунд орлоготой, орон сууц шууд худалдан авах боломжгүй, орон сууцны зээлийн нөхцөл хангаагүй, урьдчилгаа 30 хувь нь бүрдээгүй иргэд 5 хүртэлхи жилээр гэрээ хийж хамрагдана” хэмээжээ. Төрийн түрээсийн орон сууцны журмыг БХБ-ын сайд батлан гаргах ёстой бөгөөд одоогоор батлагдаагүй байгаа. А.Гантулга захирал өөрийнхөө мэдээлэлд дурдагдсан шалгууртайгаар батлагдана гэдэгт итгэлтэйгээр зарлаж байгаа бололтой юм.

Монгол Улсын нийт өрхийг амьжиргааны түвшингээр нь 1-20 бүлэгт хуваасан байдаг талаар олонтоо ярьж байгаа. 1, 2-р бүлэгт ямар ч орлогогүй шахуу, хоногийн хоолоо арай ядан залгуулдаг, хүнд амьдралтай, нэн ядуу өрхүүд багтдаг гэж нийгмийн халамжийн мэргэжилтэн ярьж байсан. Тэгэхээр А.Гантулга захирлын ярианд дурдагдсан түрээсийн орон сууцны шалгуурын доод хязгаар болох 3-р бүлэгт нь 1, 2-р бүлгийнхнээсээ  нэлээд дээгүүр амьдралтай өрхүүд багтдаг байх нь. Учир нь түрээсийн төлбөрөө ашиглалтын зардалтайгаа төлөөд, цаана нь хэрэгцээний мөнгөтэйгөө үлдэх шаардлагатай.Түрээсийн орон сууцны сарын төлбөр хотод  200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоогоод байгаа. Гэтэл...

... 0-15 насны 9 хүүхдийн хамт, ам бүл 11-үүлээ, айлын гэрт амьдардаг, гэр бүлийн хоёр хоёулаа ажил эрхэлдэггүй нэгэн өрхийн тухай сурвалжлага Eagle телевизээр гарч байсныг санаж байна. Сурвалжлагын үеэр яриа өгсөн Баянзүрх дүүргийн халамжийн байцаагч тэднийхийг өрхийн амьжиргааны түвшний 3-р бүлэгт хамаарагддаг тухай ярьж байв. Судалгаа хийх үед тэднийх нэг хуучин “Эксель” машинтай байснаас гадна өөрийн гэртээ амьдардаг гэж бүртгүүлсэн нь 3-р бүлэгт хамрагдах шалтгаан болсон гэнэ. Эндээс харахад 3-рбүлэгт хамаарагддаг мөртөө хоногийн хоолоо арай ядан залгуулдаг айл олон байгаа бололтой. Тэгэхээр А.Гантулга захирлын яриад байгаа 3-р бүлгийн иргэд түрээсийн орон сууцны шаардлагыг хангаж чадах эсэх нь эргэлзээтэй.

“Төрийн түрээсийн орон сууц”-ны журмыг нэлээд судалгаатай гаргахыг Засгийн Газрын тэргүүн БХБ-ын сайдад үүрэг болгосон юм билээ. Бодвол мэргэжлийн хүмүүс сайн тооцсон болоод л 3-10-р бүлгийн иргэд хамрагдана гэж ярьж байгаа бизээ.

Ер нь орон сууцны хэрэгцээ их ч худалдан авах чадвар муу байгаа цаг үеийг далимдуулан нэг, нэг хөтөлбөрийн “автор” болох хүсэл улс төрчдийн толгойд эргэлдээд, юу ярьж хэлж байгаагаа ч мэдэхээ байсан шиг.

Засгийн Газар, Монголбанкны шийдэх ёстой орон сууцны зээлийн хүүг АН-ын дарга яриад салахаа байнгуут салбарын сайд өөртөө хамаатуулах гэж яаран мэдээлэл хийнэ, Засгийн Газар түрээсийн орон сууцны хөтөлбөр санаачлаад эхлэнгүүт нэг улс төрч хурган дарга бүхнийг шийдэгчийн дүрд хувирна.

Уг нь таван хувийн хүүтэй зээлийн талаар Засгийн Газар, Монголбанк шийдвэр гаргана, “Төрийн түрээсийн орон сууцны журам” БХБ-ын сайдын тушаалаар гарна. Энэ бүхний дараа ажил хэрэг болно гэдгийг л хэлье...

                                                                                                                                                                                         П.Болор

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим