Орон сууцжуулах цогц бодлогын эргэн тойронд

Уншсан тоо: 734
Нийтлэгдсэн: 2016 оны 01 сарын 21

Өнгөрсөн зун, намрын туршид “10 хувь”-ийг хүлээсэн иргэд сүүлийн үед “5 хувь”-ийн талаар сонсож сууна. Энэ хоёр тоо хоёулаа орон сууцтай болох, байраа томсгох хүсэлтэй иргэд, барилгын салбарынханд хамааралтай. Урьдчилгааг 10 хувь болгож, 20 хувь дээр нь Засгаас батлан даалт гаргах шийдвэр аль хэдийн гарсан ч баталгаа болгож байршуулах мөнгө нь байхгүй учраас хэрэгжиж чадсангүй.

Тэгвэл өнгөрсөн оны сүүлчээр олон нийтэд сонсогдож эхэлсэн таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн асуудлыг Засгийн Газрын хуралдаанаар дэмжиж, Монголбанктай хамтран судалгааны ажлаа үргэлжлүүлж байгаа юм.

“Орон сууцны зээлийн хүүг бууруулахыг арилжааны банкууд дэмжиж байгаа. Засгийн Газар, Монголбанкнаас чиглэл өгвөл таван хувийн хүүтэй зээл олгоход бэлэн” хэмээн банкуудын холбооноос илэрхийллээ.

Орон сууцны зээлийн хүүг бууруулах нь эдийн засагт эерэг нөлөө авч ирнэ

“Таван хувийн хүүтэй орон сууцны зээл олгох нь эдийн засагт олон эерэг нөлөө үзүүлэх учраас сөрөг үр дагавар, эрсдлийг дагуулахгүй. Орон сууцны нийлүүлэлт нэмэгдлээ. Өмнө нь ийм байсангүй. Хангалттай баригдсан орон сууцыг эргэлтэд оруулахын тулд дараагийн алхмаа хийх хэрэгтэй. Улс төржихгүйгээр хэрэгжүүлэх дараагийн алхам нь яах аргагүй ипотекийн зээлийн хүүг бууруулах. Барилгын салбарт бараа таваар илүүдэж, бэлэн мөнгө хомсдчихоод байгаа одоогийн нөхцөлд энэ ажлыг хийх ёстой” хэмээн арилжааны банкны захирал хэлснийг онцолмоор байна.

 Монголын Ипотекийн Корпораци “МИК Холдинг” ХК болж өргөжин, хувьцаагаа нэмсэн нь зах зээлээс татах мөнгөний урсгал илүүтэй нэмэгдэж, ипотекийн зээлийг бага хүүтэйгээр олгох боломжийг бүрдүүлж байна. Тэгэхээр зээлийн эх үүсвэрийн хувьд банкуудад асуудал үүсэхгүй гэж тэрээр хэлсэн.

Урьдчилгаа төлбөрийн дэмжлэгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх вэ?

Зорилтот бүлгийн иргэдийн худалдан авах орон сууцны урьдчилгаанд төр дэмжлэг үзүүлэх тухай асуудал бас яригдаж байгаа. Урьдчилгаанд дэмжлэг үзүүлэх сан нь  ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны хүүгийн орлогоос бүрдэх талаар “Тэтгэврийн нөөц сан”-гийн тухай хуулийн төсөлд тусгажээ. Өнгөрсөн хугацаанд МИК ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргаж, үндсэн төлбөрийг хүүгийн хамт Монголбанкинд өгч ирсэн. Тэгвэл хүүгийн орлогыг урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх санд төвлөрүүлнэ гэсэн үг.

“Урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх хэрэгцээ байгаа нь мэдээж. Урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдах иргэд 20 хувийг өөрсдөө гаргаж, 10 хувьд нь төр баталгаа гаргахаар яригдаж байгаа юм билээ. Энэ байж болох хувилбар” гэж Төрийн Банкны захирал Д.Батсайхан ярьж байсан.

10 хувийн урьдчилгаатай зээлтэй санал нийлэхгүй байсан арилжааны банкууд үнэт цаасны хүүгийн орлогоос эх үүсвэрийг бүрдүүлж 10 хувийг нь төрөөс батлан даах хувилбарыг дэмжиж байгаа аж. 10 хувийн урьдчилгааны дэмжлэгийг хүссэн хүн бүр эдлэхгүй. Өнгөрсөн 7 дугаар сард батлагдсан “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам”-д нэмэлт оруулж, ямар иргэдэд урьдчилгааны дэмжлэг үзүүлэх талаар шалгуур тогтоож өгөх бололтой.

Түрээслэж байгаа орон сууцаа худалдан авах боломж бүрдэх үү?

Таван хувийн хүүтэй орон сууцны зээл яригдаж эхэлсэнтэй холбоотойгоор ТОСК болон БХБЯ-ны зүгээс нэг санал гаргажээ. Энэ нь “Төрийн түрээсийн 929 айлын орон сууцыг түрээслэх иргэд эхний таван жилдээ байраа түрээслээд хэрэв хүсвэл 2 жил сунгаж болно. Эсвэл таван жил түрээслэх хугацаандаа түрээсийн төлбөр дээрээ сар тутам 100 мянган төгрөг нэмж төлөөд байх юм бол урьдчилгаа төлбөр нь бүрдэж, ипотекийн зээл рүү шилжих боломжтой” гэсэн хувилбар. Уг нь иргэд түрээслэж байгаа орон сууцаа тодорхой хугацааны дараа худалдаж авдаг хувилбарыг хэрэгжүүлж эхлэх хараахан болоогүй, яваандаа ажил хэрэг болгож болно гэж үзэж байв. Нэгэнт санал оруулсан учир энэ асуудлыг Засгийн Газар судалж, боломжтой гэж үзвэл “Түрээсийн орон сууцны журам”-даа тусгах байх.

Таван хувийн хүүтэй зээлийг хэзээнээс олгох вэ?

Орон сууцны зээлийг хүүг бууруулах нь Засгийн Газар, Монголбанк хоорондоо хэлэлцэж тохирдог асуудал учраас хэлэлцээр аль хэдийн хийгдэж эхэлсэн. Энэ хэлэлцээр үргэлжилнэ. Судалгаан дээрээ үндэслэн нэмэлт журмууд гаргаж, батлах гээд цаг хугацаа шаардагдах ажлууд хүлээгдэж байгаа учраас таван хувийн хүүтэй зээл хавраас буюу 3-4 дүгээр сараас ажил хэрэг болж магадгүй. 

Инфляци буурсан учраас ипотекийн зээлийн хүүг бууруулах ажил руугаа орногэдгээ Монголбанкны ерөнхийлөгч хэлчихлээ.

“Ирэх сард багтаагаад зээлийн хүүг бууруулахтай холбоотой бүх асуудлыг тодорхой болгож олон нийтэд мэдээлэх чиглэлийг баримталж байна. Ингээд гуравдугаар сараас таван хувийн хүүтэй зээл олгох асуудал ажил хэрэг болох болов уу” гэж Засгийн Газрын эх сурвалж хэлж байна.

Зөвхөн таван хувийн хүүтэй зээл гэхгүйгээр зорилтот бүлгийн иргэдэд урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхдээ ямар шалгуурыг харгалзах, төрийн түрээсийн орон сууцыг түрээслэж байгаа иргэд сар бүр түрээсийн төлбөр дээрээ тодорхой хэмжээний мөнгө нэмж төлж явсаар урьдчилгаа бүрдэнгүүт ипотекийн зээл рүү шилжиж болох эсэх... гээд иргэдийг орон сууцжуулахтай холбоотой хоорондоо уялдаатай цогц асуудал Засгийн Газар дээр яригдаж, Монголбанктай тохиролцох учиртай гэдгийг иргэд ойлгох, улс төрчид өөр өнцгөөс харахгүй байх нь чухал юм.

Орон сууцны зээлийн хүүг бууруулах асуудал дээр арилжааны банкууд, Монголбанкны зүгээс санал нэгдэж, энэ ажил руу орох цаг болсныг Монголбанкны ерөнхийлөгч хэлсэн учраас хэрэгжих бүрэн боломжтой гэсэн хүлээлт байна.

                                                                                                                                                                                                       П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим