10 байтугай 30 хувийн урьдчилгаатай зээл ч нэг хэсэгтээ олдохгүй нь...

Уншсан тоо: 498
Нийтлэгдсэн: 2015 оны 12 сарын 12

Иргэний хуулийн болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн Хууль зөрчиж байна гэх дүгнэлтийг Үндсэн Хуулийн Цэц гаргаж, улмаар их суудлын хуралдаанаараа эцэслэн баталгаажуулав. Ингэснээр иргэн барьцааны зүйлээ давхар барьцаалах, худалдах, түрээслүүлэхдээ гуравдагч этгээд буюу барьцаалагч банкны зөвшөөрөл авах хэрэггүй болж байна.

Цэцийн гишүүдийн хувьд энэ дүгнэлтээ иргэдийн суурь эрхийг хамгаалж, хууль тогтоогчдын гаргасан алдаа завхралыг зассан шийдвэр гэж хамгаалж байна. Тэгвэл иргэдийн суурь эрхийг хамгаалсан энэ дүгнэлт арилжааны банкуудад яагаад таалагдахгүй байна вэ?

“Зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг давхар барьцаалах, худалдах зэрэг үйл ажиллагаанууд барьцаалагч банкны зөвшөөрөлгүйгээр явагдана гэхээр иргэдийн өмчинд итгэх банкны итгэлийг үгүй болгож байна, бид юунд итгэж зээл олгох вэ” гэж банкуудын төлөөлөл хэлсэн.

Тэгвэл Үндсэн Хуулийн Цэц юу гэж тайлбарлав? “Хөрөнгөө шилжүүлснээр банкуудад эрсдэл гарахгүй. Хөдлөх хөрөнгийн хувьд өөр. Үл хөдлөх хөрөнгийн тухайд бол өөр этгээдэд байшингаа худалдлаа гэхэд байшин нь байгаа цагт банкинд эрсдэл үүсэхгүй. Банкны үүрэг хүнд нь биш, үл хөдлөх хөрөнгөө дагадаг юм. Газрын хувьд ч адилхан. Газар байгаа цагт банкинд эрсдэл үүсэхгүй”.

Цэцийн гишүүд дээрхи тайлбарыг хэлж байна. Үнэхээр иргэдийн суурь эрхийг хамгаалсан дүгнэлтийг Цэц гаргасан байлаа гэхэд иргэдэд давуу эрх олгохыг арилжааны банкууд хүсэхгүй байна. Ингэхдээ иргэдэд ихээхэн ойр, эмзэг сэдвийг хөндөж, Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа “Найман хувийн хүүтэй зээл”-ийг олгохгүй гэдгээ мэдэгдлээ.

Банкны Холбооны гаргасан мэдэгдлийн талаар Цэцийн гишүүн өөрийн байр сууриа илэрхийлэхдээ: “Банкны Холбоо, Монголбанк өнөөдөр Монголын төрийг удирдаад байгаа юм уу, ер нь ойлгохгүй байна. Засгийн Газар гэж байдаг бол өөрсдийн эрх хэмжээний асуудлыг шийдэх ёстой. Шийдэхдээ Үндсэн Хуульд захирагдах ёстой. Түүнээс биш ямар нэгэн банк мэдэгдэл гаргаад, зөвлөмж явуулаад байдаг юм биш” хэмээн хариу барьсан.

Найман хувийн хүүтэй зээл Ардчилсан Намын энэ удаагийн Засаг барьж байгаа бүрэн эрхийн хугацааны нэрийн хуудас болох учиртай хөтөлбөрүүдийн нэг. Гэтэл энэ  хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар гэрээ хийсэн арилжааны банкууд нь зээл олгохоо зогсоохоо мэдэгдчихлээ. Цэцийн гаргасан дүгнэлт дээр эдийн засгийн шинжээчид томилуулна гэх утгатай зүйлийг банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөл хэлсэн байсан. Тэгвэл банкууд шинжээч томилуулах боломжгүй, зөвхөн шүүх л шинжээч томилдог аж.

Үндсэн Хуулийн Цэцийн их суудлын хуралдааны дүгнэлт эцсийнх. Эргэж харах боломжгүй. Одоо УИХ, Засгийн Газар юу хийх бол? Тэгвэл АН, “Шударга Ёс” эвсэл хамтраад эхний ээлжинд мэдэгдэл гаргалаа.

“Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалтыг шинэчилж, орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгох, гэр хорооллын иргэдийн хашааны газрыг эргэлтэд оруулах боломжийг хангасан хуулийн нэмэлт өөрчлөлт санаачилж, яаралтайгаар Их Хурлаар батлуулна” хэмээн намын бүлгүүд мэдэгдэлдээ дурдсан байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон Иргэний хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон Цэцийн дүгнэлтээс болж банкууд үнэхээр эрсдэл хүлээхээр болчихсон ч бай, үгүй ч бай Засгийн Газрын зүгээс тэднийг зээл олго гэж шаардаж чадахгүй учраас хуулийг шинэчлэхээс өөр арга замгүй гэсэн үг.

Ямартай ч батлан даалтын эх үүсвэр нь шийдэгдээд ирэх оны эхнээс олгож эхлэхээр төлөвлөж байсан10 хувийн урьдчилгаатай зээл олгогдож эхлэх нь байтугай, одоо олгож байгаа 30 хувийн урьдчилгаатай зээл ч нэг хэсэгтээ зогсох нь тодорхой болов. Найман хувийн хүүтэй зээлийг зогсоох тухай Засгийн Газрын шийдвэр гараагүй ч уг зээлийг олгож байгаа банкууд зээл өгөхгүй гэхээр ингээд л түр зогсохоос аргагүйд хүрэв.

Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалтыг шинэчилж, батлахад хэр хугацаа шаардахыг хэлж мэдэхгүй нь.

Цэцийн дүгнэлт болоод банкуудын байр суурийн аль алинд нь дүгнэлт өгөхийг чухалчилсангүй. Сүүлийн хэд хоногт болж өнгөрсөн үйл явдлыг тоймлоход ийм байна.

                                                                                                                                                                                                  П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим