ТОСК орон сууцаа “хямдруулах” уу?

Уншсан тоо: 522
Нийтлэгдсэн: 2015 оны 12 сарын 05

“Буянт-Ухаа-2” хорооллын эхний ээлжийн 30 барилга буюу 1620 айлын орон сууц ашиглалтанд орох дөхөхтэй зэрэгцээд “Засгийн Газар 10 хувийн урьдчилгаатай зээлийн журмаа хэрэгжүүлж эхлэхгүй бол урьдчилгаа төлбөрийн 20 хувьд нь манайх өөрөө баталгаа гаргана” гэх мэдээллийг ТОСК өгөв. Үүний зэрэгцээ зарагдаагүй үлдсэн 400 орчим айлын орон сууцаа бүх иргэдэд нээлттэйгээр худалдахаар болсноо зарлав.

Энэ намар захиалгаа эхлэхдээ “Тэдэн хувийг нь төрийн албан хаагчдад, тэдэн хувийг нь “Буянт-Ухаа-1” хороололд бүртгүүлээд сугалаагаар тодорч чадаагүй иргэнд...” гэх мэтээр квот тогтоож байсан бол одоо хэн ч худалдан авч болох гэнэ. Орлого нь хүрч байвал байрны зээлтэй хүн ч авах боломжтой гэв.

Иргэдийн урьдчилгааны 20 хувьд ТОСК хэрхэн баталгаа гаргах вэ гэдэг анхаарал татах асуудал. Тэгвэл иргэдийн банкуудаас авах 90 хувийн зээлийн 20 хувийг ТОСК авахгүйгээр банкуудад үлдээх хувилбарыг сонгосон гэнэ. Өөрөөр хэлбэл орон сууцныхаа үнээс иргэдийн урьдчилгаа төлбөр+банкны зээлийн 70% /90-20/= 80 хувийг л ТОСК авна.

Энэ талаар ТОСК-ийн дэд захирал Д.Оюунжаргал тайлбарлахдаа:

“ТОСК орон сууц борлуулсан үнийнхээ 80 хувийг авна. Харин 20 хувь банкинд барьцаа, баталгаа болоод үлдэнэ. Манай орлого 20 хувиар багасна гэсэн үг” гэжээ.

Дээрхи хувилбараар тооцож үзвэл м.кв нь 1.080.000 төгрөг болж, нэг м.кв тутмаас 270.000 төгрөгийг ТОСК авахгүй байхаар харагдаж байна. Гүйцэтгэгч компанийн хувьд м.кв-ийг нь 980.000 төгрөгөөр барьж өгч байгаа гэх мэдээлэл байдаг. Тэгэхээр бараг өөрийн өртөг нь л ТОСК-д орох нь.

Одоогоор 10 хувийн урьдчилгаа төлж гэрээ хийсэн 1100 орчим хүн, 100 хувь төлж гэрээ хийсэн 100 орчим хүн байгаа гэсэн. Хэд хоногийн дараа эхлэх нээлттэй борлуулалтаар 10 хувийн урьдчилгаа аваад 400 айлын орон сууцан дээрээ гэрээ хийлээ гэж бодоход 10 хувийн урьдчилгаа төлж гэрээ хийсэн иргэдийн тоо 1500 болно.

Нэг айлын орон сууцны талбайн хэмжээг дунджаар 50 м.кв гэж тооцоход 1500 айлын орон сууцны үнийн 20 хувь болох 20 орчим тэрбум төгрөгийг ТОСК банкуудад үлдээх нь.

ТОСК мөнгөө дутуу авч “баталгаа гаргах” энэ хувилбар одоогоор холбогдох байгууллагуудаар яригдаж байгаа ч эцсийн байдлаар зөвшилцөлд хүрч, батлагдаагүй байна.

 Хэрвээ энэ хувилбараар шийдье гэвэл арилжааны банкууд зөвшөөрөх магадлалтай. “Иргэдийн урьдчилгааны 20 хувьд Засгийн Газраас гаргах баталгааны мөнгийг бэлнээр нь байршуул” гэх шаардлага тавьж, 10 хувийн урьдчилгаатай зээлийн журам хэрэгжихэд нэлээдгүй саад учруулж байгаа арилжааны банкууд, ТОСК-ийг 20 хувиа үлдээе гэхээр дуун дээр л зөвшөөрнө. Гэхдээ ийм үйл явц болохгүй байх.

Учир нь “Засгийн Газраас хэрэгжүүлэх 10 хувийн урьдчилгаатай зээлийн баталгааны эх үүсвэрийн тодорхой хувь шийдэгдсэн, удахгүй 10 хувийн урьдчилгаатай зээлийг эхлүүлнэ” гэх мэдээллийг баттай эх сурвалжаас сонссон. Энэ мөнгө 2016 оны төсөвт суусан учраас ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэх болов уу гэсэн таамаглал байна. ТОСК ч энэ талаар өөрийн шугамаараа олж мэдээд журмын хэрэгжилтийг хурдлуулахын тулд хүч нэмэгдүүлж байгаа болов уу.

7 дугаар сард батлагдсан журам хэрэгжиж эхлэхгүй өдий хүрсэн, 1000 орчим иргэнээс 10 хувийн урьдчилгаа аваад гэрээ хийчихсэн учраас ТОСК байж болох бүхий л арга замыг хайхаас аргагүй.

Ямартай ч “Буянт-Ухаа-2” хорооллын эхний ээлжийн орон сууц ашиглалтанд орж эхлэхээс өмнө журмаа хэрэгжүүлж эхлэхгүй бол бондын хөрөнгөөр баригдсан орон сууцнаас орж ирэх орлогыг багасгахаас өөр аргагүй нь” гэх утгатай мессежийг Засгийн Газарт өгөв бололтой...

12 дугаар сарын 10-нд эхлэх нээлттэй борлуулалтаар борлуулахаар төлөвлөсөн 400 айлын орон сууцнаас нь байртай иргэн ч авч болохоор зарлаж байгаа тул мөнгөний боломжтой хүмүүс бусдад түрээслүүлэх зорилгоор худалдаж авах гэх мэтээр ТОСК-ийн эхний ээлжийн 1620 айлын орон сууц борлогдож дуусах байх. 

ТОСК “Буянт-Ухаа-1” хорооллын 1764 айлын орон сууцаа ядах юмгүй борлуулж орхисон. Үүндээ урамшин 6000 орчим айлын “Буянт-Ухаа-2” хорооллын төсөл эхлүүлсэн. Дөнгөж эхний 1620 айлын орон сууцыг борлуулах гэж нэлээд юм боллоо. Дараагийн ээлжийн орон сууцнууд хэр эрэлттэй байх бол?

Бодит эрэлтийг нь бодох юм бол түрээсийн орон сууцны хэлбэрээр ашиглах нэг хувилбар байна. Гэхдээ орон сууц барьсан өртөг, ашиг нь хурдан хугацаанд орж ирэхгүй учраас бондын хөрөнгөөс санхүүжсэн төсөлд нэг л зохимжгүй.

Уг нь “Буянт-Ухаа-1” шиг хэмжээний хорооллыг барьж ашиглалтанд оруулан, 3 удаа эргүүлэхэд Чингис Бондын хөрөнгөөс авсан 100 сая доллараа төлөөд ашигтай ажиллана гэж төлөвлөсөн гэдэг. Харин одоо байгаа нөхцөл байдлаас тийм ч таатай ирээдүй харагдахгүй л байна.

                                                                                                                                                                                                  П.Болор

  

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол