Зарим төслүүд нэгдвэл хөрөнгө оруулахаа илэрхийлжээ

Уншсан тоо: 609
Нийтлэгдсэн: 2015 оны 11 сарын 07

Дахин төлөвлөлтийн ажил эхэлснээр гэр хорооллын хашааны газрын үнэ 3 жилийн өмнөхтэй харьцуулахад 3-4 дахин өссөн гэсэн тооцоо гарчээ.

“Гэр хорооллын иргэд хэдэн жилийн өмнө хашаа байшингаа зарж, орон сууцны урьдчилгаа төлбөрөө төлөөд арилжааны банкны зээлд хамрагдаж байртай болдог байсан бол одоо газраа орон сууцаар шууд сольж, өрийн дарамтгүй амьдрах болсон нь энэ төслийн гол давуу тал юм” гэж Гэр Хорооллын Хөгжлийн Газрын Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Хэлтсийн дарга М.Энхбаатар ярьж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан өрхөд өгч буй орон сууцны м.кв-ын дундаж үнэ 1.722.000 орчим төгрөг, талбайн хэмжээ дунджаар 55 м.кв байгаа бол иргэдийн хашааны газрын дундаж хэмжээ нь 400 м.кв, орон сууц ашиглалтанд орох хүртэл иргэдэд өгч буй түрээсийн сарын төлбөр дунджаар 500.000 төгрөг байгаа аж.

Дахин төлөвлөлтийн хүрээнд одоогоор 7000 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхлээд байгаагаас 900 шахам айлын орон сууц нь 2014 онд болон 2015 оны хоёр, гуравдугаар улиралд ашиглалтанд оржээ. 2015 онд 2500 орчим айлын орон сууц ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан ч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад 1300 орчим айлын орон сууц болж буураад байна гэсэн мэдээллийг ГХХГ-аас өгч байна.

Дахин төлөвлөлтийн дэд бүтцийн ажилд зориулан 2013-2014 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 168 тэрбум төгрөг, 2015 онд 40 тэрбум төгрөг гаргажээ.

Дэд бүтцийн ажлын гүйцэтгэлийн хувьд:

 -1,2 км авто зам,

-3,5 км дулааны шугам,

-4,2 км цэвэр усны шугам,

-4,5 км бохир усны шугам,

-9 км цахилгааны шугам,

-300 хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор баригдаад байгаа аж.

“Гэр хорооллын дахин төлөвлөлт нь барилгын салбар, тэр дундаа нийтийн орон сууцны салбар дотроо Мега төсөлд орно. Төсөл хэрэгжүүлэгчид хөрөнгө оруулалтаа өөрсдөө шийдэх ёстой.  Эхлэлийн хөрөнгөө өөрсдөө шийдээд явцын дунд бусдад төслөө танилцуулж хөрөнгөө босгох ийм л зарчмаар явагдах ёстой. Төслөө оновчтой танилцуулах, төслөө хэрхэн бичих зэрэг нь хөрөнгө оруулалтаа шийдэхэд нь нөлөөлж байгаа хандлага ажиглагддаг” гэж М.Энхбаатар дарга онцоллоо.

Төсөл хэрэгжүүлэгчдээс нэлээд олон компани гадны хөрөнгө оруулалт оруулж ирээд байгаа бол хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа өөрсдөө илэрхийлсэн компани ч байгаа аж. БНХАУ-ын Төмөр Замын Барилгын Анги гэхэд л зарим төслүүдийг хоорондоо нэгдвэл Засгийн Газрын баталгаагүйгээр хөрөнгө оруулъя гэсэн санаа илэрхийлэхэд манай төсөл хэрэгжүүлэгчид нэг хоёроороо нэгдэж болно гэсэн хариу өгчээ.

... “Монголын компаниуд нэг газартай болж аваад хавар нь түүн дээрээ ганц барилгын ажил эхлүүлээд дараа жилийн хавар нь дуусчихдаг. Дараа нь дахиад нэг өөр газар ганц барилга барих жишгээр 20 гаруй жил явж ирсэн учраас иргэдийн хувьд орон сууц хурдан баригдаад ашиглалтанд орчихдог гэсэн ойлголттой явж ирсэн. Дахин төлөвлөлт бол огт өөр төсөл. Иргэдтэй тохиролцох гэж 3-4 сарыг зарцуулна, газар чөлөөлөлт хийнэ, бүхэл бүтэн хороолол төлөвлөнө, томоохон хорооллын зураг зурна... гэх мэтээр нэлээд их цаг хугацаа зарцуулна. Тантай тохирох гэж ямар хугацаа зарцуулсан, хамар хашааны чинь өөр нэг айлтай тохирох гэж яг тийм л цаг хугацаа зарцуулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ иргэд маань маш сайн ойлгодог болсон. Харин өөр тийш нь авч явчих гээд байгаа хэсэг бүлэг хүмүүс байгаад харамсаж явдаг. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороон дээр дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Грандлайн” компанийг шалгаруулсан нь буруу, бид хохирлоо гэсэн утгатай нэг ч гомдол ирээгүй. Яагаад гэвэл иргэд тэр компанийг өөрсдөө сонгосон, хамтран ажиллаж байсан. Гэтэл улс төржүүлсээр байгаад төсөл хэрэгжүүлэгчийн зоригийг мохоолоо” хэмээн холбогдох албан тушаалтан ярьсан юм. “Грандлайн” ХХК-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан төслийг “Бэрэн” групп үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон байна.

                                                                                                                                                                              П.Болор

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол