Ипотекийн хоёрдогч зах зээлд гадны хөрөнгө оруулагчид орж ирэхэд бэлэн үү?

Уншсан тоо: 519
Нийтлэгдсэн: 2015 оны 10 сарын 12

“Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн 2013 оноос хойш Монголын Ипотекийн Корпораци нийт 6 удаагийн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас арилжих хэлцэл хийж 1,9 их наядтөгрөгийн орон сууцны зээлийн багцыг үнэт цаасжуулжээ.

Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг зургаан удаа гаргаад байгаа МИК-ийн үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байгаа ч манай улсад шинэлэг энэхүү ажил нэлээд бэрхшээлийн дундуур явагдаж, эцсийн үр дүнг үздэг бололтой....

Тэдний ажилд ямар бэрхшээл тулгардаг, цаашид юун дээр анхаарах шаардлагатай талаар МИК-ийн удирдлагуудтай ярилцахад хэд хэдэн асуудлыг онцолж байсан юм.

Хамгийн эхний хөндсөн асуудал нь, ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны баталгаа болох орон сууцны зээлийн хөрөнгийн барьцааны эрхийг баталгаажуулах барьцаалбар, түүний хөтлөлттэй холбоотой аж.

Улсын бүртгэлийн газрын зүгээс барьцаалбарыг бөглөх болон бүртгэхтэй холбоотойгоор асуудал их гардаг гэнэ. Бүртгэлийн хууль дүрэм, журамд өөрчлөлт орох бүрийд улсын бүртгэгчдийг сургалтанд хамруулж шинэ мэдээллээр ханган, арилжааны банк, МИК, Улсын бүртгэлийн газар гурвыг нэгдсэн ойлголттой болгохгүй бол аль нэг этгээд нь мэдээллээс хоцрох юм уу, мэдээлэл буруу авлаа гэхэд нөгөө хоёр этгээдийн ажилд шууд нөлөөлж үл ойлголцох асуудал нэлээдгүй гарсаар ирсэн байна.

“Монголчууд өөр хоорондоо асуудлыг нэг их даамжруулалгүй боломжоороо ойлголцоод явдаг ч цаашдаа гадны хөрөнгө оруулагч орж ирлээ гэхэд тэд дээрхи байдлыг ойлгож тэсвэрлэнэ гэхэд үнэхээр хүнд” гэж МИК-ийнхан хэлж байгаа юм.

Дээрхи асуудлаас гадна зээлийн хөрөнгийн барьцааны шаардах эрхийг тусгай тэмдэглэл хийн шилжүүлэн авахад хүндрэл үүсдэг аж.

МИК нь Улаанбаатар хотод нэг салбартай байгууллага. Гэтэл орон нутагт олгогдсон ипотекийн зээлүүдийн шаардах эрхийг бүртгүүлэх гэж хоёроос гурван сар хүлээгдэх, бүр цаашлаад зарим тохиолдолд шаардах эрх бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт нь гээгдсэний улмаас шаардах эрхийг нь бүртгээгүй тохиолдол ч гардаг аж. Үүнийг шийдэх арга зам бол бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэх явдал бөгөөд ингэсэн тохиолдолд  бүртгэлийг түргэн шуурхай хийдэг болох нь ойлгомжтой.

Цаашлаад даатгалтай холбоотой асуудал ч мөн тулгардаг гэнэ. 2008 онд Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”, 2013 онд баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” зэрэг баримт бичгүүдэд зээлдэгч болон зээлийн барьцаа хөрөнгийг даатгуулсан байх тухай заасан байдаг аж.

“Зээлдэгч орон сууцны зээлийг 20 хүртэл жилийн хугацаатай зээлдүүлэгч банкнаас авдаг. Гэтэл зээлдэгчийн амь насны даатгалыг нэг жилийн хугацаатайгаар хийж, гэрээ байгуулдаг. Даатгалын гэрээний хугацаа зээлийн хугацаатай уялдаагүйгээс болж даатгалын эрсдэл үүсэх нөхцөл бүрдэж байна. Энэ тохиолдолд зээлдүүлэгч болон ипотекийн зээлээр баталгаажсан  хөрөнгө оруулагчийг эрсдлээс хамгаалах боломжгүй болж байгаа юм. Дээр дурдсан бэрхшээлүүд бидэнд тулгарч байна” хэмээн МИК-ийн удирдлагууд хэлсэн юм.

Эдгээр асуудлыг шийдсэн цагт талууд аль аль талдаа хүндрэл учруулахгүйн зэрэгцээ гадны хөрөнгө оруулагчид орж ирэхэд нүүр улайхгүй хамтран ажиллана гэсэн үг. Манайхыг судалж байгаа гадны хөрөнгө оруулагчид нэлээдгүй байгаа бололтой юм билээ.

МИК ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасаа “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын дагуу Монголбанк болон арилжааны банкуудад худалдсаар ирсэн бөгөөд давуу эрхтэй 90 хувийг Монголбанк, энгийн эрхтэй 10 хувийг арилжааны банкууд авчээ.

Хоёрдугаар улирлын эцсийн байдлаар ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны төлбөрт нийт 176,1 тэрбум төгрөгтөлснийг нарийвчлан танилцуулбал:

- Үнэт цаасны эргэн төлөлтийг улирал тутам төлөх хуваарийн дагуу 2014, 2015 онд давуу эрхтэй үнэт цаасны үндсэн төлбөрт 111,4 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 50,9 тэрбум төгрөг,

- Энгийн эрхтэй үнэт цаасны үндсэн төлөлт хийгдэж эхлэх болоогүй байгаа тул хүүгийн төлбөрт 13,8 тэрбумтөгрөг эргэн төлжээ.

Монголын Ипотекийн Корпораци нийт 6 удаагийн хэлцлээр:

-       “МИК-Актив-1” тусгай зориулалтын компаниар дамжуулан 7856 иргэний зээлийг багцлан 323 тэрбум төгрөгийн,

-       “МИК-Актив-2” тусгай зориулалтын компаниар дамжуулан 5958 иргэний зээлийг багцлан 222 тэрбум төгрөгийн,

-       “МИК-Актив-3” тусгай зориулалтын компаниар дамжуулан 7000 иргэний зээлийг багцлан 328 тэрбум төгрөгийн,

-       “МИК-Актив-4” тусгай зориулалтын компаниар дамжуулан 9981 иргэний зээлийг багцлан 454 тэрбум төгрөгийн,

-       “МИК-Актив-5” тусгай зориулалтын компаниар дамжуулан 301 тэрбум төгрөгийн,

-       “МИК-Актив-6” тусгай зориулалтын компаниар дамжуулан 5277 зээлдэгчийн 261 тэрбум төгрөгийн зээлийн багц буюу нийт 1,9 их наяд төгрөгийн орон сууцны зээлийн багцыг үнэт цаасжуулаад байгаа юм.

                                                                                                                                                                      П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол