Р.Эрдэнэбүрэн: "2015, 2016 оны дүнг нэгтгээд харахад 122 мянган айлын орон сууц ашиглалтанд орчихно"

Уншсан тоо: 616
Нийтлэгдсэн: 2015 оны 08 сарын 21

БХБЯ-ны Төрийн Нарийн Бичгийн Дарга Р.Эрдэнэбүрэнтэй ярилцлаа. 

-Хоёулаа энэ удаа орон сууцжуулах зорилтын хүрээнд зарлаж байсан хөтөлбөрүүдийн хэрэгжилт, сургамж, цаашид анхаарах асуудлын талаар голчлон ярилцах нь. Миний мэдэхээр 2003 оноос хойш орон сууцжуулах чиглэлээр 5-6 хөтөлбөр хэрэгжсэн байдаг юм билээ. 

-За тэгье ээ. 2003 оноос хойш орон сууцны чиглэлээр 6 төсөл арга хэмжээ хэрэгжиж ирсэн байдаг. “Орон сууцны санхүүжилтийн төсөл” гэж эхэлж байсан. Түүнээс хойш 6 төсөл хөтөлбөр хэрэгжсэн байна. Зорилтот бүлгүүдэд чиглэж байсан орон сууцжуулах хөтөлбөрүүд нь 4000 айлын орон сууц, 40000 айлын орон сууц гэх мэтээр дор бүрнээ л нэртэй байлаа. Эдгээр хөтөлбөрүүд дэвшүүлсэн зорилтоо хангаж ирсэн. Дээр дурдсан 6 төсөл хөтөлбөрийн хүрээнд 44563 иргэнд 2 их наяд 148 тэрбум төгрөгийн зээл буюу буцалтгүй тусламж олгосон байдаг. Буцалтгүй тусламж гэдэг нь ахмад дайчдад шууд орон сууц олгосныг хэлж байгаа юм. Одоо бид 7 дахь төсөл хөтөлбөр буюу найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд тодорхой хугацаа өнгөрлөө. Үр дүн харагдаад явж байна. Өмнө нь тодорхой зорилтот бүлэг рүү чиглэж байсан бол одоо нийт масс руу хандсан. Ажил хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой л бол ипотекийн зээл авах боломж нээлтэй. Сая дурдсан арга хэмжээнүүд дандаа эрэлт талдаа чиглэсэн байсан. Нийлүүлэлт талдаа нэлээд арга хэмжээ авсны дүнд нийлүүлэлт эрэлтээсээ давах хандлагатай байгаа. 2015-2016 онд нийлүүлэлт давна гэж үзэж байна.

-Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа вэ? Юун дээр анхаарах шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр зорилтоо биелүүлсэн. Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийгхэрэгжүүлсний дүнд цемент, арматурын үнэ тогтворжлоо. Бид үйлдвэрлэлийн үнийг буулгах зорилго тавиагүй. Тухайн үед  барилгын материал, тэр дундаа цемент, арматурын үнэ хөөсрөлттэй байв. Энэ хөөсрөлтийг арилгах зорилготой байсан. Хөөсрөлт арилж, үнэ тогтворжлоо. Төр оролцсоноор үнэ ийм байх ёстой гэдгийг үйлдвэрлэгчдэд, иргэдэд ойлгуулж өгсөн гэж бодож байна. Одоо зах зээлийн жам ёсоороо цаашаа явна. Үнэхээр түүхий эд нь байхгүй газарт үнэ өндөр гарч ирэхээс аргагүй. Түүнийг иргэд ойлгоно. Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр нь мэдээжорон сууцны нийлүүлэлтийг дэмжих арга хэмжээ байсан. Үүний зэрэгцээ улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн төсвийн хөрөнгөөр дэд бүтцийг шийдсэнээр орон сууцны м.кв-ын үнэ буурч байна. Дуусаагүй орон сууцны судалгааг гаргаж, тодорхой дэмжлэг үзүүлж, дуусгуулсан.Энэ мэт арга хэмжээний дүнд үнэ буурч, нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт байсан нь хангагдаж байна.2015 онд орон сууцны үнэ аажмаар буурч ирлээ.

-УИХ-аас 2010 онд баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа вэ? Юун дээр анхаарах шаардлагатай гэж үзэж байна вэ?

-“Шинэ бүтээн байгуулалт” өөрөө их том хөтөлбөр. Түүний орон сууцтай хэсгийг нь салгаж ярина уу гэхээс биш бүхлээр нь ярихад хэцүү. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөр нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөртэй уялдаад явж байдаг. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан учраас 100 мянга гэдэг тоог 2010 оноос хойш ярих ёстой. Сүүлийн жилүүдэд ашиглалтанд орсон орон сууцны судалгаа 2008 оноос хойшхи нь манайд байгаа. Эндээс харахад “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2010 оноос 2016 оны төгсгөл гэхэд 122 мянган айлын орон сууц ашиглалтанд оруулах төлөвтэй байна. 2015, 2016 оны дүнг нэгтгээд харахад 122 мянган айлын орон сууц ашиглалтанд орчихно. “100 мянган айлын орон сууц хөтөлбөр” зорилтоо хангах нь гэж үзэж байгаа. Одоо бид тухайлан заасан зорилтот бүлэгт чиглэхээс татгалзана. Бүх иргэдэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлага гарч байна. Найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрөө үргэлжлүүлэхийн зэрэгцээ түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр батлуулсан. Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан 1300 айлын түрээсийн орон сууцыг 2016 оны төгсгөл гэхэд ашиглалтанд оруулчихна. Дээрээс нь1000 гаруй айлын түрээсийн орон сууцны гэрээг манай зүгээс нийслэлтэй байгуулсан байгаа. Түрээсийн орон сууц бол олон улсын жишиг. Иргэд рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ бодлогын чанартай асуудлуудыг хэрэгжүүлэх ёстой. Орон сууцны тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй болж байна. Түрээсийн орон сууц гэж  юу байдаг, ипотек гэж юуг хэлдэг талаархи тодорхойлолт хуулинд тусгагдаагүй байсан. Үүнийг хуулинд тусгах шаардлага тулгараад байна. Дээрээс нь стандарт нормыг хангуулах хэрэгтэй болно. Түрээсийн орон сууц гэхээр л эргэх зайгүй шахам жижигхэн байж болохгүй. Түрээсийн орон сууц доод тал нь хэдэн м.кв байх вэ гэдгийг тогтоож, үүнтэйгээ уялдуулан стандарт нормыг шинэчлэх ажил хийгдэнэ. Мөн дэд бүтцийн норм стандартыг шинэчлэхгүй бол хоцрогдчихсон байна.

-Нийслэлийн хот төлөвлөлтийн үйл ажиллагаа, бодлоготой БХБЯ-ны үйл ажиллагаа хэрхэн уялддаг вэ, анхаарах асуудлууд хэр байна?

-Бид бодлогын хувьд хамтран ажилладаг. Санамж бичигтэй. Нийслэл өөрийн гэсэн орон сууцны хөтөлбөртэй. Бодлогын хувьд манайхаас саналаа аваад явдаг. Аж ахуйн хүрээний ажлаа нийслэл өөрөө хийгээд л явдаг. Бид аж ахуйн ажил руу нь ороод явах бодлогыг барьдаггүй. Стратеги гаргах, бодлогын чанартай асуудлууд дээр хүссэн хүсээгүй хамтардаг. Сайд бүр өөрийн бодлого чиглэлтэй ажилладаг шүү дээ. Өмнөх сайдууд бүгд л нийслэлтэй хамтран ажилласаарирсэн. Ялангуяа Ц.Баярсайхан сайд нийслэлтэй нэлээд өргөн хүрээнд хамтардаг байсан. Д.Цогтбаатар сайдын хувьд  үл хөдлөх хөрөнгийн чиглэл рүү нэлээд ажилласан.Тухайн сайд салбартаа ямар бодлого барих вэ түүнтэй л уялдуулж явах ёстой.

-Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор өмнөх Засгийн үед ТОСК-ийг байгуулсан.Танай Яамтай хамгийн ойр уялдан ажилладаг байгууллагуудын нэг байх..

-Хамтралгүй яахав. Тэднийхтэй уялдан ажиллаж байна.Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулахад чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлдэг ийм байгууллага байх хэрэгтэй. Хувийн хэвшил орон сууцны зах зээл рүү хэт орж ирэхээр үнийн хөөсрөлт бий болдог. ТОСК-ийн талаар хувийн хэвшлийнхний гаргаж тавьдаг асуудал ч зөв. “Дэд бүтцийн хөрөнгийг гаргаад өгч байна, газрыг нь үнэгүй өгч байна. Ингэхээр орон сууцных нь үнэ хямд байх нь аргагүй шүү дээ” гэж хувийн хэвшлийнхэн хэлдэг. Бидний хувьд хувийн хэвшлийнхэнд хандаж “За яахав. Та нар дэд бүтцийн, газрын үнээ хасаад тооцоод ир л дээ. ТОСК-ийн захиалгатай орон сууцыг бас л хувийн хэвшлийнхэн барьж байгаа шүү дээ. Тэдний барьж байгаа өртөг найм есөн зуун мянган төгрөг байхад та нарынх яагаад сая хол гараад явчихдаг юм бэ” л гэдэг юм.....Гадны хөрөнгө оруулалтыг татах бодлого баримталсны дүнд  Туркийн “EYG” групп Хан-Уул дүүрэгт ТОСК-ийн хэрэгжүүлэх хоёр ч төсөлд хөрөнгө оруулахаар тохиролцоонд хүрч гэрээ хийсэн байгаа. Орон сууцны 7 дугаар хороололд ТОСК-ийн хэрэгжүүлэх 4000 гаруй айлын орон сууцны хорооллыг БНХАУ-ын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлээр барихаар боллоо. Энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах өртөг нь 221.4 сая ам долларбайх юм. Үүний 85 хувийг БНХАУ-ын “Экзим” банкнаас Монгол Улсын Хөгжлийн Банкаар дамжуулан ТОСК-д зээлдүүлж, үлдсэн 15 хувийг ТОСК санхүүжүүлнэ.

-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд нэлээд анхаарч яаманд хэлтэстэй болоод авсан...

-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх. талаар сурталчилж эхэлсний дүнд Сингапурын 20 гаруй компани хамтран ажиллахаа мэдэгдсэн байгаа. Хөрөнгө оруулаад зогсохгүйгээр манайд үйл ажиллагаа явуулдаг Сингапурын нэг компани 12 дугаар сар гэхэд анхныхаа IPO-г олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргахаар болоод байна.  Ингэснээр манай тодорхой төслийг олон улсын зах зээл дээр гарган зарлаж, хөрөнгө босгох боломж бүрдэж байна гэсэн үг.

-Яамны зүгээс АХБ, ДБ, ЖАЙКА зэрэг олон улсын байгууллагатай хэрхэн хамтарч байна вэ?

-Манайх олон байгууллагатай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Төслийн удирдах албатай. Герман, Франц зэрэг орны төсөл, АХБ, Жайка зэрэг байгууллагатай хамтран ажилладаг. Ихэвчлэн дэд бүтэц талдаа. ..Олон улсын байгууллагатай хамгийн их хамтран ажилладаг нь манай яам байх шүү. 2016 оноос гэхэд л хоёр шинэ төсөл орж ирэх гэж байна. Өмнө нь төсөл хөтөлбөр хэрэгжүүлье гэхэд нь -За гээд л авдаг байлаа. Одоо аль болохоор өмнөх шигээ зээл, буцалтгүй тусламж авах тал дээр биш, чадавхи сайжруулах, норм дүрэм шинэчлэх, шинэ технологи оруулж ирэх тал дээр хамтрах бодлого барьж байгаа. Бидний зүгээс “Гадны олон зөвлөхүүдийн чинь тоог бууруулъя, манайд зөвлөхүүд байна. Одоо бид олон улсад гарах цаг болсон” гэж хэлж байгаа. Үүнийг ч олон улсын байгууллагууд ойлгодог болсон.

-Банк, санхүүгийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажилладаг талаар тодруулаад энэ удаагийн ярилцлагаа дуусгах уу?

-За. Монголбанктай хамгийн их уулздаг байгууллага манайх болчихоод байна.Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах, ипотекийн зээл, 10 хувийн урьдчилгаа гээд л банктай ярилцах тохиролцох асуудал их. Харилцан ойлголцдог. 10 хувийн урьдчилгаатай орон сууцны зээлийн асуудал Засгийн газрын түвшинд шийдэгдчихээд гэрээ хүлээгдэж байгааг чи мэдэж байгаа. Гэрээнд оролцогч талуудын тоог цөөлөхөөр ярилцаж шийдэлд хүрч байна.

Одоо Монголбанк, манай яам, Сангийн Яам гэрээ хийгээд банк өөрийн дотоод журмаа гаргаснаар зээл олгогдоод явна.

-Ярилцсанд баярлалаа. 

-Чамд ч бас баярлалаа.

                                                                                                                                                                                   Ярилцсан П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол