Ш.Ганхуяг: "Гэр хорооллын асуудал дан ганц нийслэлийн асуудал биш шүү дээ"

Уншсан тоо: 552
Нийтлэгдсэн: 2015 оны 08 сарын 17

НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг ГХХГ-ын дарга Ш.Ганхуягтай ярилцлаа.  

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн явцын талаар та бид хоёр олонтоо ярилцсан. Харин энэ удаа бодлогын хүрээний асуудлаар голчлон ярилцах нь. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын явц, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх боломжийг таны хувьд хэрхэн харж байгаа талаарярилцлагаа эхлэх үү?

-Өмнө батлагдаж байсан ерөнхий төлөвлөгөөг уландаа гишгэж, газар олголтыг замбараагүй хийснээс хотын төв хэсгийн норм, стандарт тэр чигтээ алдагдсан. Хотоо задлах, найман дэд төвтэй болох гээд сайн талууд шинэ ерөнхий төлөвлөгөөнд нэлээд тусгагдсан.  Гэхдээ яг ингэж хэрэгжүүлнэ гэсэн нарийн төлөвлөгөө байхгүй байгаа нь учир дутагдалтай. Иргэдийн оролцоотой хийгдэх ажил их учраас цаг алдагдах асуудал гарч мэднэ. Миний хувьд иргэд газартай, өмчтэй байхын эсрэг хүн биш л дээ. Гэхдээ иргэдэд нэгэнт газрыг нь өмчлөөд өгчихсөн учраас төлөвлөлт хийх гэхээр өмчийн асуудал яригдаж, хэрэгжүүлэхэд хэцүү болоод явчихаж байна. Нийслэлийн төлөвлөгөө зөвхөн нийслэлийн удирдлагуудад хамаатай биш бүх иргэнд хамаатай. Нийслэлийн механик өсөлт хэвээрээ л байгаад байна. Энэ нь хөдөө орон нутгийн хөгжлөөс шалтгаалж байгаа л даа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чадавхи хэрэгтэй нь тодорхой. Одоогоор манай улсын эдийн засаг хүндрэлтэй, хувийн хэвшлийн чадавхи муу зэрэг бэрхшээл их байна.

-Өнгөрсөн  онд батлагдсан “Нийслэлийн орон сууцныхөтөлбөр”-ийг 5 чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байдаг. Хэдийгээр батлагдаад ганцхан жил өнгөрч байгаа ч ганц нэг чиглэлд эхлэл тавигдаж, үр дүн харагдаж эхэлж байх шиг байна. Хөтөлбөр хэрэгжихэд тулгамдаж байгаа асуудлын талаар өөрийн бодлоо хуваалцахгүй юу?

-“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”т гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах төсөл багтсан. Энэ хүрээнд 1500 гаруй га газрыг 75 хэсэгчилсэн талбайд хуваасан. Түрүүчээсээ барилгажиж байна. Төслийн үр дүнд хувийн хэвшлийнхэн ч хамт хүчирхэгжээд явах ёстой. Нэг барилга бариад ахиухан ашиг олоод зугтаад явдаг байдал үгүй болно. Нэг компани нэг газар дээр олон жил ажиллана. Муу барилга баривал амиа хорлож байгаатай адилхан л юм болно шүү дээ. Үүнээс гадна өмнө нь барилгын компани аль болохоор хууль, хил хязгаарыг  зөрчиж, жижиг газар дээр ганц нэг орон сууц барьдаг байсан бол төсөл хэрэгжсэнээр энэ байдал арилна. Дахин төлөвлөлтийн зарим байршилд дэд бүтцийг хэсэгчилсэн байдлаар шийдэж байгаа нь компаниудад туршлага хуримтлуулах боломж олгож байна.

“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-т хуучин орон сууцны дахин төлөвлөлт багтсан. Энэ төсөл бол манай гэр хорооллын дахин төлөвлөлттэй харьцуулахадтодорхой төсөл. Ярих хэлэх юм нь ч тодорхой, газар нутаг нь ч жижигхэн. Танайх 30 м.кв орон сууцанд байсан бол тэдэн м.кв нэмээд өгнө гээд тохиролцоход амар. Амьдарч байсан орон сууцных нь чанар адилхан. Гэтэл гэр хорооллын газар дээр орчин үеийн сайхан хаус ч байна, нурж унах дөхсөн байшин ч байна, гэр ч байна. Хуучин орон сууцны дахин төлөвлөлт хийх компани “Хоёр хуучин орон сууц буулгаад нэг шинэ орон сууц барьчихна” гээд хөрөнгө мөнгөө үзүүлж болж байна. “Энэ барилгыг барихад эхний ээлжийн 5 тэрбум төгрөг байна. Дараагийн 5 тэрбумаа явцын дунд олчихно” гээд орж байна. Гэтэл гэр хороололд 100 тэрбум төгрөг шаардагдах байлаа гэхэд 100 тэрбумыг, багадаа 50 тэрбумыг үзүүлж чадахгүй шүү дээ. 2 тэрбум ч юм уу, 5 тэрбумаа үзүүлээд л оржбайна. 100 тэрбумтай хүнийг хүлээвэл хэзээ ч бүтэхгүйбайхгүй юу.

“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-т багтсан “Газар шинэчлэн зохион байгуулах төсөл” судалгааны шатандаа явж байна. Иргэд эхлээд амины орон сууц гээд байсан бол яг судалгаа хийхээр нийтийн орон сууцыг дийлэнхи нь сонирхсон байсан. Газар шинэчлэн зохион байгуулахад болгоомжтой хандахгүй бол барилга барьж байгаагүй, менежмент хийж байгаагүй, эвлэлдэн нэгдэж  байгаагүй иргэдийн хувьд хэцүү гэдгийг урьдчилан харах хэрэгтэй.“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийн нэг чиглэл нь түрээсийн орон сууц. Түрээсийн орон сууцыг нэг дор төвлөрүүлэн барьж болохгүй.

-“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-т тусгахдаа 2018 он гэхэд 78.000 айлын орон сууц гэр хороолын дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтанд орно гэсэн байна лээ. Одоогийн хурдаар явбал яах бол?

-Компани бүр төлөвлөгөө гаргаж байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан байна. Эдгээрээс харахаар 78 мянга болж байгаа юм. Энэ нь нэлээд өөдрөг тооцоолол гарсан байдаг. Гэтэл улс орны эдийн засаг, дэд бүтцийн мөнгө хөрөнгө, иргэдийн худалдан авах чадвар ямар байгаа билээ. Тэгэхээр эдгээрийг харгалзан нөхцөл байдалтайгаа уялдуулан эргэн харж, тодруулга хийх хэрэгтэй. Нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөж байна. Өмнө нь орон сууцны суурь ухаж байхад л зарагддаг улс байлаа шүү дээ, манайх.

-Гэр хорооллыг дахин төлөвлөх журмаа баталснаас хойш 2 жил өнгөрчээ. Төслийн явц хэдэн хувьтай явна вэ гэж асууж болохгүй, хариулах боломжгүй гэдэг. Тиймээс төсөл хэрэгжсэнээр хүрэх үр дүн болон одоогийн байдлаар төслийн хүрээнд чөлөөлсөн талбайн хэмжээ, ашиглалтанд оруулах орон сууцны тоо зэрэг тоон мэдээллээс танилцуулаач?

-Энэ төслийг журмын хүрээнд ямар ч байсан амжилттай эхлүүллээ. Хотын дарга зангарагтай, төслийн удирдах хорооны дарга шийдэмгий хүн байгаагүй бол энэ ажил явах ч байсан юм уу хэлж мэдэхгүй юм. Бид ч чадлын хэрээр ажиллалаа. Хоёр том нөөц ашиглаж энэ ажлыг хийж байгаа шүү дээ. Одоогийн үйлчилгээ муутай бохир орчноосоо салах гэсэн иргэдийн хүсэл тэмүүлэл маш том нөөц. Дараагийнх нь хувийн хэвшлийнхний нөөц. Энэ хоёр нөөц дээрээ нэмээд захиргааны нөөцөө гаргалаа. Энэ 3 нэг уулзвар дээр уулзсаны үндсэн дээр энэ ажил явж байна. Дахин төлөвлөлтийн ажил тэдэн хувьтай байна гэж хэлэхэд хэцүү. Төлөвлөгдөх байршлуудыг нэг, хоёр, гуравдугаар ээлж болгож хуваан зарласан учраас ажлын явц харилцан адилгүй байгаа. Үүний зэрэгцээ төсөл хэрэгжүүлэх байршил зарлалаа гэхэд  компани шалгарсангүй гээд ухардаг, гэрээ байгуулж чадахгүй нь гээд ухардаг, ашиггүй юм шиг байна гээд ухардаг, ерөөсөө больё гээд больдог гэхчлэн олон хүчин зүйл нөлөөлдгөөс болоод нийтэд нь хувь хэлэхэд хэцүү. Төсөл нэг бүрээр бол хувь гаргаж болж байгаа юм.Оюутолгой зэрэг төсөл бол бид тэдэн он гэхэд тэдэн сая тонн зэс олборлоно, түүнээс энэ сард, энэ жил тэдийг нь олборлолоо гээд хувь гаргачихаж байна.  Ямартай ч дахин төлөвлөлтийн ажлыг амжилттай хэрэгжүүллээ, цааш амжилттай явах боломжийг бүрдүүллээ гэж л хэлмээр байна. Сайны зэрэгцээ болохгүй газар байнаа. Шалгарсан компаниудын дунд төслөө хэрэгжүүлэхгүй нам зогсоод иргэд асуудал тавьсан ньбайна. Энэ дахиад л нөгөө мөнгө санхүүтэй холбоотой. Өмнө нь банкууд барилгын салбарт л зээл өгдөг байсан бол одоо зээлийг зогсоогоод удсан байна. Тоон мэдээлэл хэлэхэд гэр хорооллын 24 байршлын 1506,1 га талбайг хамарсан дахин төлөвлөлт хийхээр НИТХ-аасбаталсан. Энэ нь 8 дүүргийн 38 хороог хамарч байгаа. Одоогоор 39 аж ахуйн нэгж, 75 хэсэгчилсэн талбайд ажиллаж байна. Компаниуд 2013 оноос хойш 78,3 га газар буюу 1351 нэгж талбарыг чөлөөлсөн. Энэ онд 2616 айлын орон сууц ашиглалтанд орох тооцоо байна.

-Гадны хөрөнгө оруулалтыг татах гэхээр ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Гадныхан Засгийн Газрын баталгаа нэхэж байна. Засаг нэг тийшээ, нийслэл нэг тийшээ харснаас болоод баталгаа гаргахгүй байна. Дэмжиж байна гээд бичиг өгөхөд л болно шүү дээ. Үүний зэрэгцээ улс төрийн орчин тогтворгүй байгаа нь бас л хөрөнгө оруулалтад нөлөөлж байна. Засаг унахад л гадны жижиг хөрөнгө оруулагч эргэлзээд эхэлдэг. Гэр хорооллын асуудал дан ганц нийслэлийн асуудал биш шүү дээ . Шинэ газарт дэд бүтэц татахад, хороолол барихад Засгийн Газар бондын хөрөнгөөс шууд гаргаад л өгчихсөн. Гэр хорооллыг өөрчлөх том зорилготой ажиллаж байгаа хэдэн компанидаа тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад өгчих хэрэгтэй байсан. Дахин төлөвлөлтийг манай нийслэл хамгийн ашигтай, гоё хувилбараар хийхээр төлөвлөсөн юм шүү дээ. Зарим орон бол хотоо л гоё болгох үүднээс иргэд, хувийн хэвшлийнхэнд ашиггүй хувилбараар хийдэг. Манайх тэгээгүй.

-Танайх НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг. Байгууллагын ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд, тулгамдаж буй асуудлуудын талаар сонирхоё..

-Өмнө нь нийслэлээс гаргасан журмын дагуу энэ төсөл хэрэгжиж байсан бол одоо хуультай боллоо. Энэ хуулийг дагалдсан 5-6 журамгарах ёстой. Тэдгээр дагалдах журмуудын дагуу дахиж төлөвлөгөө, гэрээний загвар  гаргах зэрэг олон ажил шинээр гарч ирж байна. Засагт хөдөлгөөн орчихоод байгаа болохоор хүлээгдсэн байдалтай байх шив. Энэ журмууд гарвал бүртгэл, татвар,  үнийн тохиролцоо гээд нөгөө хэдэн асуудал шийдэгдэх талдаа орно. Дараагийн нэг тулгамдсан асуудал нь манай байгууллагад бүтэц хэрэгтэй байна.

-Гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх ажлын хүрээнд сүүлийн үед судалгаанууд хийгдсэн байдаг уу? 

-Манайхаас мониторинг хийгээд л явдаг.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг нийслэлийн удирдлагууд санаачилж, журмаар зохицуулан хэрэгжүүлж ирлээ. Засгийн газар, БХБЯ-ны боловсруулж байгаа бодлогууд гэр хорооллын дахин төлөвлөлттэй ер нь уялддаг уу? Хэрхэн хамтран ажилладаг вэ?

-Дээр хэлсэн. Уялдаа жаахан тааруу. Уялдуулах хэрэгтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

                                                                                                                                                                                    Ярилцсан   П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол