Төсөл хэрэгжүүлэгчээс татгалзахад хүргэжээ

Уншсан тоо: 445
Нийтлэгдсэн: 2015 оны 08 сарын 06

“Цагаан хуаран консалтинг” ХХК Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сүнжин Гранд” зочид буудал орчмын З блокийн 150-иад өрхийн 75-аас дээш хувьтай нь хоёр талт гэрээ хийснээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр ажиллах эрхтэй болсон юм.

Хоёр талт гэрээ хийсэн иргэдийн хувьд м.кв газраа 250.000 төгрөгөөр үнэлж, орон сууцаар солихоор тохирсон байдаг. Энэ нь тухайн айлын газрын хэмжээ, үл хөдлөх хөрөнгөөс шалтгаалаад 120-140 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцаар солино гэсэн үг. 

Иргэд ч хоёр талт гэрээ хийхдээ сэтгэл хангалуун байсан аж. Гэтэл гурван талт гэрээ хийх шатанд ороод ирэнгүүт цөөн тооны иргэн анх тохиролцсоноосоо буцаж, илүү үнэлгээ шаардан, гэрээ хийсэн бусад иргэдийг нэгдэхийг уриалж, нөхөрлөл гээчийг байгуулжээ.

Нэг м.кв газрыг өмнө тохиролцсоноос хоёр дахин илүү үнээр буюу нэг хашааг дунджаар 300-400 сая төгрөгөөр үнэлэхийг нөхөрлөлийнхөн шаардаж байгаа гэнэ.

Өнөөдөр болсон Гэр Хорооллын Дахин Төлөвлөлтийн Төслийн Удирдах Хорооны хурал дээр компанийн удирдлага энэ талаар танилцуулж, болохгүй бол төсөл хэрэгжүүлэгчээс татгалзах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

“Нэг метр.квадрат газрын үнэлгээг 250.000 төгрөгөөр тохирсон. 0.05 га газартай айл гэхэд 130-140 сая төгрөгөөр тохирсон гэсэн үг. Гэтэл энэ хэмжээг хоёр дахин өсгөхийг шаардаж байна. Уг нь хоёр талт гэрээ хийгдэж тохиролцсон асуудал. Үнийг хэт өсгөх юм бол төсөл хэрэгжүүлэх ямар ч боломжгүй. Төсөл хэрэгжүүлж байгаа компани алдагдал хүлээгээд байж болохгүй биз дээ. Нэг айлын хашааг 300-400 сая төгрөгөөр аваад байх юм бол бид яаж төслөө хэрэгжүүлэх вэ?”

хэмээн “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн захирал П.Ганзориг учирлаж байна. 

“Компани төсөл хэрэгжүүлэгчээс гарлаа гэхэд дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах гэсээр хугацаа алдана. Тиймээс тэндхийн иргэдтэй очиж уулзаад, үнэхээр болохгүй бол энэ хэсгийн төлөвлөлтийн ажлыг зогсоохоос аргагүй” гэж төслийн удирдах хорооны зарим гишүүн хэлсэн юм.

 “Хэдхэн жилийн өмнө судалгаа хийж байхад нэг хашааны газрыг 20 сая төгрөгөөр үнэлж байсныг бид санаж байна. Одоо бид тэр газрыг нь дунджаар 120-140 сая төгрөгөөр үнэлж гэрээ хийсэн. Цөөн тооны иргэн 240-280 сая, түүнээс дээш төгрөгөөр газраа зарахаар шаардлага тавьж эхэлсэн. Энэ мэтчилэн бэрхшээл байна уу гэвэл байнаа”

гэж П.Ганзориг захирал манай сайтад ярилцлага өгч байх үедээ дурдаж байлаа.

Тэгвэл цөөн тооны иргэд нь, гэрээ хийсэн бусад иргэдээ турхирч, их хэмжээний мөнгө шаардаад эхэлжээ. 

Иргэдийн энэхүү үйлдэл нь компанийн нэр хүндэд ч муугаар нөлөөлөөд эхэлсэн тул төсөл хэрэгжүүлэгчээс татгалзахад хүрч байна гэж компанийнхан ярьсан.

Тус компанийн хувьд 2012 оноос Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсэр, Нарантуул зах орчимд 2448 айлын “Цагаан хуаран-1”орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэхээр ажиллан,эхний ээлжийн 432 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан, дараагийн 432 айлын орон сууцыг энэ намар хүлээлгэн өгөх юм.

Баянзүрх дүүрэгт нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалт хийсэн компани 13 дугаар хорооны “Сүнжин Гранд” зочид буудал орчимд 2600 айлын орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөн, ажлаа эхлүүлэх гэсэн ч хэлсэн ярьснаасаа буцдаг, ашиг хонжоо хардаг хэсэг бүлэг хүмүүсийн уршгаар нөгөө хэсэг иргэд нь хохирч, бохир орчинтойгоо эвлэрэн амьдрахаас аргагүйд хүрэх нь ээ...

                                                                                                                                                                                     П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим