БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Сувдан” хотхон баригдана

Уншсан тоо: 665
Нийтлэгдсэн: 2015 оны 07 сарын 08

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Сүнжин Гранд” зочид буудлын баруун талд 1152 айлын орон сууц, 4 ширхэг үйлчилгээний төв, 120 хүүхдийн цэцэрлэг, 320 хүүхдийн сургууль бүхий “Сувдан” хотхон баригдахаар болжээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Би Си Кэй Си” ХХК энэхүү төслийг хэрэгжүүлэх юм. Төсөл хэрэгжүүлэгчид өнөөдөр 288 айлын орон сууцны шавыг тавилаа. Нээлтэд оролцох байсан НЗД Э.Бат-Үүлд цаг үеийн ажил гарсан тул хүрэлцэн очиж амжсангүй.  

Нийслэлийн ГХХГ-ын дарга Ш.Ганхуяг, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын орлогч дарга С.Цэдэнсодном, “Би Си Кэй Си” ХХК-ийн ерөнхий захирал н.Ганхуяг, гүйцэтгэх захирал Б.Төртогтох болон хөрөнгө оруулагч талын удирдлагууд шав тавих ёслолын туузыг хайчиллаа. Тус компани эхний ээлжинд чөлөөлсөн 11 айлын газар дээр эхний ээлжийн 288 айлын орон сууцаа барих юм. 

“Би Си Кэй Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Төртогтохтой ярилцсанаа хүргэе.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн амаргүй ажилд оролцох шийдвэр гаргаж, эхний ээлжийн орон сууцны шаваа тавьж байгаад баяр хүргэе. Эдийн засаг хүнд байгаа энэ үед гадны хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Төсөлд хэчнээн хэмжээний хөрөнгө зарцуулагдах урьдчилсан тооцоо гарсан бэ?

-Баярлалаа. Манай компани барилга угсралтын чиглэлээр ажилладаг. “Оргил” хотхон зэрэг олон томоохон төсөл дээр ажилласан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгчээр шалгараад, БНХАУ-ын хөрөнгө оруулалт татаж “Сувдан” хотхоны төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төсөл бүрэн хэрэгжихэд 300 сая доллар зарцуулагдах урьдчилсан тооцоо гарсан. Манай хөрөнгө оруулагч тал Монголд блокны томоохон үйлдвэрлэл эрхэлдэг юм. Өмнө нь АНУ зэрэг хэд хэдэн оронд томоохон төслүүд хэрэгжүүлсэн туршлагатай компани.

-Гэр хорооллын дахин төлөвлөлт эхэлснээр газрын үнэ цэнэ өссөн сайн талтай. Гэхдээ иргэд үүнийг буруугаар ашиглах нь ч байгаа бололтой. Танай байршлын хувьд ямархуу байна?

-Дахин төлөвлөлтөд орохоор газрын үнэ автоматаар өсчихөж байна л даа. Манай 13 дугаар хороонд гэхэд л 0,07 га газрын үнэлгээ 350-450 мянгад хүрсэн байна.Одоогоос 3-5 жилийн өмнө бол 20 сая л байсан шүү дээ.

-Иргэдтэй тохиролцох нь барилга барихаас ч хүнд ажил гэдэг нь харагддаг. Хэр зэрэг бэрхшээлтэй тулгарав даа?

-Манай төсөл хэрэгжих 6,5 га-г хамарсан И хэсэгчилсэн талбайд 121 нэгж талбар байдаг. Миний хувьд энэ 121 нэгж талбарын айлуудыг бүгдийг нь таньдаг болсон. Хэн нь өмчийн эзэн бэ гэдгийг ч андахгүй мэднэ. Өнгөрсөн оны 9 дүгээр сараас хойш нэг айлтай нь 5 удаа уулзсан байдаг. Хүндрэлтэй асуудлууд байсаан. Манай энд 800 сая төгрөг нэхсэн айл байна. Зургаан ширхэг байр нэхэж байгаа айл байна. Гэхдээ ингэж их юм нэхдэг нь цөөхөөн.

-0,07 га газартай дунд зэргийн байшинтай айл байлаа гэхэд яаж тохиров?

-0,07 га газартай, 92 м.кв үл хөдлөхтэй нэг айлд 2 өрөө байр 2 ширхэгийг өгөхөөр гэрээ хийсэн. Мөн 0,07 га газартай, үл хөдлөхтэй өөр нэг айлд 2 өрөө байр 3 ширхэгийг өгөхөөр тохиролцсон. Хамгийн бага нь буюу 109 м.кв хашаатай айлд 2 өрөө байр өгөхөөр болсон гэх зэргээр манай компанийн хувьд орон сууцаар тохиролцож байна даа.

-“Сувдан” хотхоныхоо эхний ээлжийг хэзээ хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй вэ?

-Бид эхний ээлжинд 144 айлын хоёр орцтой орон сууц нэг ширхэг, 72 айлын нэг орцтой орон сууц 2 ширхэгийг барихаар өнөөдөр ийнхүү шавыг нь тавилаа. 2016 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулна. Манай “Сувдан” хотхон “Эко” хотхон байхаар төлөвлөгдсөн. Айлуудын хог хаягдлыг дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Хогийг нойтон, хуурайгаар нь ангилан төвлөрүүлээд цахилгаан машин явуулж ачна.

-Орчин үеийн сайхан хороолол хэрнээ гадна нь хогийн цэг үүсчихсэн байх нь бий. Энэ асуудлыг шийдэхээр төлөвлөсөн нь сайхан сонсогдож байна шүү. Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Б.Төртогтох захиралтай ярилцсаны дараа газраа чөлөөлж өгсөн иргэн М.Янжинлхамаас сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр энэ хороонд 20-иод жил амьдарч байгаа гэнэ.

“Зарим байршилд орон сууц нь баригдахгүй удаж байгаа тухай яригдаж байсан болохоор эхлээд эргэлзэж байсан ч хөрөнгө оруулагч болон, төсөл хэрэгжүүлэгч компанийг судлаад газраа чөлөөлж өгөх нь зөв гэж үзсэн. Эхний ээлжинд газраа чөлөөлж өгсөн иргэдэд давуу сонголт олгосон. Манай хувьд 3 өрөө байр авна. Хүүхэд тусдаа гарсан тул 2 өрөө байр нэг ширхэг, нэг өрөө байр нэг ширхэгээр тохиролцлоо. Нүүлгэлтийн зардал, орон сууц ашиглалтанд орох хүртэлхи түрээсийн мөнгөө авчихсан. Гурван талт гэрээ хийж, хотын удирдлагууд, ГХХГ ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлэгч “Би Си Кэй Си” ХХК-ийн хамт олонд ажлын амжилт хүсье. “И” хэсгийн иргэдийг энэ төсөлд идэвхитэй оролцохыг уриалж байна” хэмээн тэрээр ярьсан юм.

                                                                                                                                                                                П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол