“Бүрд”-ийн бүтээн байгуулалт хэзээ өрнөх вэ?

Уншсан тоо: 619
Нийтлэгдсэн: 2015 оны 07 сарын 06

Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрийн А хэсэгчилсэн талбайд “Бүрд пропертийз” компани, Б хэсэгчилсэн талбайд “Моннис Урбан Деволепмент” компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан юм.

“Бүрд пропертийз” компанийн хувьд 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жуковын автобусны буудлын урд талын хэсгийн 150 орчим айлын газрыг 2 жилийн өмнө чөлөөлж, шав тавих ёслол хийж байсан ч одоо хүртэл барилгын ажлаа эхлүүлээгүй байна. 

Газраа чөлөөлж өгсөн иргэд энэ оны 7, 8 дугаар саруудад орон сууцандаа орох гэрээтэй. Харин “Моннис Урбан Деволепмент” компани орон сууцны ажлаа эхлүүлсэн ч энэ жил барилгын ажил төдийлөн ахисангүй.

Дээрхи компаниудын ажлын явц удаашралтай байгаа талаар мэдээлэл хийх зарыг 14 дүгээр хорооны иргэдийн төлөөлөл тараасан байв. Өчигдөр Хөрөнгийн Биржийн гадаа цөөн тооны иргэн цугларч, хотын удирдлагуудтай уулзах гэсэн ч гадуур ажилтай байж таарлаа.

Мэдээлэл хийсэн иргэдийн дундаас нэгэн эмэгтэй:

 “Би нөхрөөсөө салсан учир түүний нэр дээр байдаг 800 м.кв хашааных нь 400 м.кв талбайг өөрийн болгож, орон сууцаар солимоор байна. Манай нөхөрт түрээсийн байрны зардал өгсөн. Надад өгөөгүй тул би айлаар амьдарч байна” гэж байв. 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журамд өмчийн эзэнтэй гэрээ хэлцэл хийхээр заасан байдаг учраас түүний хувьд боломжгүй зүйл шаардаж яваа бололтой.

Бүтээн байгуулалтын ажлын талаар“Бүрд пропертийз” ХХК, “Моннис Урбан Деволепмент” компаниудын албан тушаалтнуудаас тодруулга авлаа.

“Бүрд пропертийз” компанийн төслийн менежер Б.Үүрдмөнх: 

“Манай компанийн хувьд Америк, Япон, Хятад зэрэг улсуудад ашигладаг өндөр технологи оруулж ирж байгаа учраас шинэ стандарт норм орчуулах, батлуулах гэхчлэн их ажилтай юм байна. Эдгээр бэлтгэл ажилтай холбоотойгоор барилгын ажил эхлэхгүй удааширсан тал бий. Манай компани 7,5 га талбайд 2500 айлын орон сууц, худалдаа, үйлчилгээний төв, цэцэрлэг, сургууль бүхий цогцолбор хороолол барихаар ерөнхий төлөвлөгөөгөө батлуулсан. Энэ жил барилгын ажлаа эхлүүлж ирэх онд эхний ээлжийн орон сууцаа ашиглалтанд оруулахаар ажиллаж байна”

Тус компанийн хувьд төслийн ажилд одоогоор 5 тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж. Цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны зураг төслийн ажлыг хийжээ. Төсөл хэрэгжих хугацаанд иргэдийн амьдрах байрны түрээсийн зардлыг бүтэн жилээр тооцож нэг айлд 8,4 сая төгрөг өгсөн аж. Хоёр жилийн өмнө газраа чөлөөлсөн иргэдтэй хийсэн гэрээ ирэх сард дуусах учир гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, өөр байршилд өөрийн хөрөнгөөр барьсан орон сууцандаа оруулж эхлэхээр болсон байна.

Тэгвэл “Моннис Урбан Деволепмент” компанийн хувьд Хятадаас оруулж ирэх ажиллах хүчний асуудлаас болоод барилгын ажил түр зогссон аж.Тус компанийн албан тушаалтнаас ажлын явцын талаар тодруулахад:

“Өнгөрсөн жил барилгын ажил нэлээд эрчимтэй хийгдсэн. 336 айлын орон сууцны гүйцэтгэл одоогоор 36 хувьтай байна. Дэд бүтцийн ажил хийгдэж байгаа. Хятад ажилчид удахгүй орж ирнэ. Орон сууцаа ирэх оны эхээр ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна” хэмээн хариуллаа.

Тус компанийн төслийн байршилд 153 нэгж талбар байдгаас 110 айлын газрыг чөлөөлжээ.

Газраа чөлөөлсөн иргэдийн хувьд гэрээний үүргээ биелүүлэхийг компаниудаас шаардах нь зүйн хэрэг. Харин боломжгүй зүйл шаардах, бусдыг турхирах зэрэг үйлдлүүд гаргах нь цөөнгүй байдаг аж.

“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн зарим байршлын орон сууц ашиглалтанд орж оршин суугчид нь түлхүүрээ гардан авч байхад манай байршилд шалгарсан компаниуд удаан ажиллаж байна” хэмээн мэдээлэл хийсэн иргэд ярьж байсан.

“Компаниуд, байршлууд, төслүүд өөр хоорондоо адилхан биш учраас ажлынх нь төлөвлөгөө харилцан адилгүй. Ажил нь удаашралтай компаниудыг төсөл хэрэгжүүлэгчээс хасаад өг” гэж иргэд шаардах нь бий. Тодорхой ажил эхлүүлээд, хөрөнгө мөнгө зарсан компаниудыг хасах хэцүү. Иргэдийн түрээсийн мөнгийг нь төлөх  ажиллагаанд бид хяналт тавьдаг. Компаниуд энэ үүргээ сайн биелүүлж байгаа” хэмээн ГХХГ-ын дарга Ш.Ганхуяг ярьсан юм.

                                                                                                                                                                                П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим