Д.Батжаргал: "Дампуурахгүйн тул барилгын компаниуд орон сууцныхаа үнийг буулгахаас аргагүй"

Уншсан тоо: 691
Нийтлэгдсэн: 2015 оны 03 сарын 31

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн захирал, Ph.D, профессор Д.Батжаргалтай ярилцлаа.

-Орон сууцны нийлүүлэлт эрс нэмэгдсэн ч урьдчилгаагаа төлөөд байр худалдан авах чадалтай иргэдийн тоо багассан өнөө үед урьдчилгааных нь тодорхой хувь дээр төрөөс дэмжлэг үзүүлэхээр ярилцаж байгаа юм билээ. Хэр зөв алхам бол?

-Зах зээлийнхээ зарчмаар л явах ёстой асуудалд төр оролцож зохицуулах нь буруу. Хамгийн гол нь иргэдээ ажил орлоготой болгох хэрэгтэй. Зээлийн батлан даалтын сан гэж ярьж л байна. Энэ ч эрсдэлтэй шүү дээ.

-Ажилтай, тогтмол орлоготой иргэд ч орон сууцны урьдчилгаагаа төлөх хуримтлал үүсгэж амжаагүйд л гол учир байна. Уг нь орон сууцанд орчихмоор байдаг?

-Хуримтлал үүсгэж сургах л хэрэгтэй. Хэдэн жилийн дараа орон сууцны урьдчилгаа болгох мөнгө хураахынхаа оронд үнэтэй машин, гар утас лизингээр авчихсан хүмүүс зөндөө л байна. Ялангуяа залуус хуримтлал  үүсгэхийг огт бодохгүй төр засгийн гар хараад л байх юм.

-Тэгвэл Европынхон шиг түрээсийн орон сууцны хөтөлбөрийг түлхүү хэрэгжүүлэх хэрэгтэй юу?

-Тийм. Европын ихэнхи оронд хуримтлал үүсгэтлээ хямд үнэтэй түрээсийн байранд л амьдардаг. Сүүлийн үед манай барилгын компаниуд жижиг талбайтай байр төлөвлөх нь их болж. Үүнийг төрөөс дэмжээд, хувийн хэвшилтэй харилцан тохиролцож, хямд үнэтэй түрээсийн орон сууцнуудыг олноор нь бариулах хэрэгтэй.

-Орон сууцны урьдчилгааг бууруулах нь зах зээл дээр борлогдоогүй байгаа олон тооны орон сууцны борлуулалтыг дэмжих, бага дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах гээд л давхар бодлоготой бололтой юм билээ. Хэрэв урьдчилгааг бууруулахгүй бол орон сууц нь зарагдахгүй байгаа компаниуд дампуурах тийшээ хандах байх даа?

-Зах зээлийнхээ хатуу ширүүн хуулиар л яваг. Зах зээл чинь хатуудаа хатуу шүү дээ. Нэг ёсондоо шүүрэн шанагаар шүүнэ гэсэн үг. Орон сууц барихад зарцуулсан өртгөө хэд дахин нугалж ашиг олдог компаниуд олон байна. Олон зөвшөөрөл авахын тулд зарцуулсан хөрөнгө мөнгөө орон сууцны үнэдээ шингээх тал ч байдаг байх. Дампуурахгүйн тул барилгын компаниуд өндөр үнэтэй орон сууцныхаа үнийг буулгахаас аргагүй. Орон сууцны үнэ буурахад иргэдийн халааснаас гарах урьдчилгаа дагаад л буурна шүү дээ. Түүнээс биш төрөөс урьдчилгааг нь зохицуулаад байвал орон сууцны үнэ буурахгүй.

-Нийслэл ажил олгогчийн хувьд өөрийнхөө харъяа байгууллагад ажилладаг албан хаагчдын урьдчилгаа төлбөрийн 50 хувьд буцалтгүй тусламж олгохоор болсон. Хүмүүс янз бүрээр л хүлээж авч байгаа бололтой?

-Энэ буруу биш шүү дээ. Ажил олгогч нь ингэж ажилтнуудаа дэмжих хэрэгтэй. Манай сургууль ч гэсэн хэдэн жилийн өмнө банкны зээлээр 24 айлыг орон сууцтай болгосон. Урьдчилгаа ч төлүүлэхгүйгээр 100 хувийн баталгаа гаргаж өгсөн юм.  Ажил олгогчид, ялангуяа хувийн хэвшлийнхэн энэ жишгээр ажилтан, албан хаагчдаа орон сууцтай болгоод байвал заавал төрийн гар харах шаардлагагүй болно гэж бодож байна.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмждэг үү, шүүмжилдэг үү? “Нийслэлийн хэдэн нөхрийн хийчихдэг ажил биш” гэж ирээд л шүүмжилсэн Их Хурлын гишүүн байна лээ... 

-Дахин төлөвлөлт маш зөв ажил. Би дэмждэг. Гэр хорооллын газрын үнэ цэнэ өснө. Иргэдийн амьдрах орчин дээшилнэ. Хувийн хэвшил, иргэн хоёрын тохиролцоон дээр л явж байгаа ажил. Нийслэлийн удирдлагууд зөв ажил санаачилсан.

-Найман хувийн хүүтэй зээл цагаа олж гараагүй эртэдсэн гэж зарим эдийн засагчид хэлдэг..

-Үгүй. Харин ч үр ашгаа өгсөн. Олон айл шинээр зээлд хамрагдаж, олон айлын өмнө нь авсан зээлийн хүү буурсан. Энэ хөтөлбөрийг цаашид ч үргэлжлүүлэх хэрэгтэй.

-Найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр, Чингис бонд зэрэг арга хэмжээнүүд нь эдийн засгийн хямралд хүргэсэн гэж ярих хүмүүс байх юм. Ер нь эдийн засаг хямарсан гэх нь хэр зөв тодорхойлолт юм бэ дээ?

-Эдийн засгийн хямрал биш ээ. Зөв, хэрэгцээтэй үйлдвэрлэлээ барьж авсан үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэл нэмэгдэж байгаа. 2014 оны эдийн засгийн өсөлт зөвхөн ХАА-н салбар, үйлдвэрлэлийн өсөлтөөр хангагдсан. Тэгэхээр хямрал болж байна гэж хэлдэггүй юмаа. Эдийн засгийн идэвхижил буурсан гэж болно.Эдийн засгийн идэвхижил буурч байгаа нь халамжийн бодлогыг олон жил хэрэгжүүлсэнтэй холбоотой. Харин үйлдвэрлэл сэргэж байгаа нь Чингис бонд болон үйлдвэрлэлийг дэмжих бусад бодлогууд хэрэгжсэний үр дүн гэж хэлнэ.

-17 хувийн өсөлттэй эдийн засгийг навс унагасан гэж Н.Алтанхуягийн Засгийн Газрыг шүүмжилдэг. Гэтэл түүнээс өмнөх үеийн халамжийн бодлогын уршиг л дуусахгүй явнаа даа?  

-Тэр үеийн 17 хувь бол эдийн засгийн өсөлт биш. Яагаад гэвэл нэг жил Австралид үер болсны улмаас нүүрсний уурхайнууд нь үерт автаж, Хятад руу нүүрсээ гаргаж чадаагүй. Тэр үед дэлхийн зах зээл дээр нэг тонн нүүрс 130 долларт хүрч, манай бүх уурхайнууд урагш нь нүүрсээ зөөж зарсан. Нүүрсний үнийн хөөсийн дүнд 17 хувьд хүрсэн болохоос үйлдвэрлэл огт өсөөгүй байдаг. Нүүрсний үнийн хөөстэй өсөлтийг л эдийн засгийн өсөлт гэж яриад байсан хэрэг. 

-Цаг зав гаргасан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

                                                                                                                                                                                 Ярилцсан П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим