Д.Цогтбаатар: “ТОСК-ийн ажлыг харахад хуй салхинд хөөгдсөн юм шиг их яаруу байна”

Уншсан тоо: 733
Нийтлэгдсэн: 2015 оны 01 сарын 14

Чингис бондын хөрөнгөөс 100 сая долларыг 9 жилийн хугацаатай авсан ТОСК хөрөнгө оруулалтаа 2-2,5 жилд нөхсөнөөр 9 жилийн дотор 2-3 удаа эргэлт хийнэ гэж тооцоолж байгаа юм билээ.

Өөрөөр хэлбэл эхний хорооллын борлуулалтаас олсон хөрөнгөөрөө дараагийн төслөө санхүүжүүлэх байдлаар ажиллана гэсэн үг.

Нийслэлийн Засаг Дарга саяхан барилгын салбарынхан оролцсон хэлэлцүүлгийн үеэр ТОСК-ийг нэлээдгүй шүүмжилж, ийм бүтэц байх ёсгүй, төр өөрөө барилга барихад оролцож болохгүй, эднийхээс болж олон орон сууц борлогдохгүй байна хэмээн ярьсан. 

Хотын даргын бухимдлыг төрүүлэхээс гадна хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдсөн нэр зүүгээд байгаа энэ байгууллагын үйл ажиллагаатай салбарын шинэ сайд өнөөдөр танилцлаа. 

ТОСК-ийн зүгээс “Буянт-Ухаа-1” хорооллыг 2014 оны 2-р улиралд ашиглалтад оруулсан, “Буянт-Ухаа-2” хорооллыг 2 үе шаттай барьж байгуулж байгаа талаараа мэдээлэл өгч, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Багануур дүүрэгт орон сууц баригдаж байгаа талаар танилцууллаа.

БХБ-ын сайд Д.Цогтбаатар:

“Монгол төрийн олон жилийнхээ нэр хүндээр босгож ирсэн Чингис бондын зээлд хариуцлагатай хандах ёстой. Хөрөнгө оруулалт хийхдээ няхуур хандаж, тооцоотой байж эргэн төлөгдөх төсөлд л хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. ТОСК-ийн ажлыг харахад хуй салхинд хөөгдсөн юм шиг их яаруу байна. 9 жилийн дотор 2-3 удаа эргэлт хийнэ гэж байгаа нь боломжийн сонсогдож байгаа ч амьдрал л харуулна шүү дээ. ТОСК-ийн төслүүд барилгын салбараа дэмжиж явах ёстой. Хувийн хэвшлийнхэн ТОСК-ийг хардаж, бас шүүмжилж байгаа. Тэднийг үл тоомсорлож болохгүй. Шударга өрсөлдөөний дагуу төр ч, хувийн хэвшил ч адилхан эрх үүрэгтэй. Эрүүл өрсөлдөөний орчинд ажилладаг хэрнээ зорилтот бүлгээ хямд байраар хангадаг амар биш зорилтуудыг нэгтгэх л ёстой. Танайх 240 орчим инженер, 3000 орчим ажилтан ажиллуулж ажлын байраар хангасан нь сайн хэрэг. Эрэлт гэдэг бол хэрэглэгч шүү дээ. Барилгын салбарт хэрэглэгч төвтэй тогтолцоо байх ёстой. Барилгын салбар бол барилгын инженер хүнийг ажилтай байлгахад голлон анхаарах салбар биш, барилгыг худалдан авдаг хүмүүст үйлчлэх салбар. Хэрэглэгчээ хүндэтгэн, тэдэнд зориулж чанартай тохирсон үнэтэй байр барих ёстой. Эрэлтэд доголдол гарах дохио аль хэдийнээ илэрсэн. Нийлүүлэлт талдаа буюу хөрөнгө оруулалтаа зогсоохгүй яваад байвал асуудал дагуулна” хэмээн ТОСК-ийнханд хандан хэлсэн.

ТОСК-ийн захирал А.Гантулга: 

“Бид хувийн хэвшилтэй өрсөлддөггүй юм шүү. Аль ч улсад зорилтот бүлэгтээ хандсан тусгай бодлого байдаг. Манайх тэр бодлогыг хэрэгжүүлэгч. Бид байшин барьдаггүй. Өнөөдөр манай захиалгаар орон даяар 6000 хүн бүтээн байгуулалтад оролцож байна. Бид үл хөдлөх хөрөнгийн салбарын үнэд нөлөөлөөгүй” хэмээн хариу барилаа. 

Тэрээр эдийн засгийн хүндрэлтэй үеийг даван гарах төлөвлөгөөг ойрын үед боловсруулж танилцуулах үүргийг сайдаас авна лээ.Сайдын хувьд нийслэлийн удирдлагууд, хувийн хэвшлийнхэн, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, зовлон жаргалыг нь сонссоныхоо дараа хэл ам, хардлага сэрдлэг дагуулахдаа хүрээд байгаа энэ байгууллага дээр ирсэн нь санаандгүй хэрэг биш бололтой. 

Дашрамд дурдахад ТОСК-д зориулсан санал БХБЯ-н дээр боловсрогдож байгаа юм билээ.

                                                                                                                                                                                        П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим