Гурав ба түүнээс дээш орон сууцтай иргэнээс татвар авах нь зөв үү?

Уншсан тоо: 947
Нийтлэгдсэн: 2015 оны 01 сарын 12

Орон сууц түрээслүүлж ашиг орлого ологчид манай улсад маш олон бий. Бүр 50 орон сууцтай хүн байдаг талаар Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын эх сурвалж ярьж байсныг санаж байна. 

Нэг хүн ийм олон орон сууцанд амьдран суудаггүй нь мэдээж тул түрээслүүлж ашиг олдог байж таарна. Гэвч орон сууц түрээслүүлж ашиг орлого олсныхоо төлөө тэд улсад нэг ч төгрөгийн татвар төлөлгүй явсаар ирсэн юм. 

Дэлхийн хотуудын татварын ихэнхи хувь нь үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлогоос бүрддэг бол манай Улаанбаатар хотынх цалин, хүн амын хувийн орлогоос бүрддэг гэсэн харьцуулалт байдаг.

Тэгвэл Засгийн Газраас санаачлан УИХ-д өргөн барьсан Хөрөнгийн Албан Татварын тухай хуулийн төсөлд иргэний хувийн өмчлөл дэх 2 орон сууцыг татвараас чөлөөлж 3 буюу түүнээс дээш орон сууцанд татвар ногдуулахаар тусгажээ. 

Татварын хэмжээг тухайн аймаг, нийслэлийн ИТХ нь иргэдтэйгээ зөвшилцөж тогтоох аж.

Гурав буюу түүнээс дээш орон сууцанд татвар ногдуулах гэж байгаа талаар албан тушаалтнууд, иргэд янз бүрийн л байр суурьтай байна.

“Хоёр орон сууцыг татвараас чөлөөлж гурав болон түүнээс дээш орон сууцанд татвар оногдуулна гэж байна. Ингэж зөвхөн тоогоор илэрхийлэхээр 400 м.кв 2 ширхэг орон сууцтай хүн ч татвараас чөлөөлөгдөнө, 40 м.кв хоёр орон сууцтай хүн ч татвараас чөлөөлөгдөнө. Тэгэхээр өрхийн ам бүлийн нэг хүнд оногдох орон сууцны талбайн хэмжээгээр тооцож болохгүй юу гэсэн санал оруулмаар байна” гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн байр сууриа илэрхийллээ.

“Олон тооны орон сууцтай иргэд амьдран суух биш бизнесийн зорилгоор түрээслүүлэх хэлбэрээр орлого олж байгаа тул зохицуулалт хийхээр шийдсэн байх. Гурав ба түүнээс дээш орон сууцанд татвар оногдуулах нь зөв ч түрээслүүлэгч хувь хүмүүс түрээсийн орон сууцны зах зээлийг хангаж байгаа өнөөгийн нөхцөлд орон сууц түрээслүүлэх үнээ нэмж, жирийн иргэд дээр ирэх ачаа хүндэрнэ гэсэн болгоомжлол байна. Тиймээс түрээсийн орон сууцыг олноор нь барих шаардлагатай” хэмээн хариулах албан тушаалтнууд ч байна.

Түрээсийн орон сууцаар хангах ажил ямар шатанд явна вэ?

Түрээсийн орон сууцыг улсын төсвийн хөрөнгөөр хэд хэдэн байршилд  барихаар БХБЯ-наас төлөвлөж эхний удаад 15 тэрбум төгрөг төсөвлөхөөр яригдаж байсан ч ажил хэрэг болоогүй.

Одоогийн байдлаар нийслэлийн хөрөнгө оруулалтаар 100 айлд баригдсан Ахмадын орон сууцнаас өөр албан ёсны түрээсийн орон сууц нийслэлд алга. 

Нийслэлийг орон сууцжуулах хөтөлбөрт 2018 он гэхэд 6000 айлын орон сууцыг үе шаттайгаар ашиглалтанд оруулсан байхаар төлөвлөсөн байдаг.

Өнгөрсөн бямба гаригт болсон “Улаанбаатар хотын Төлбөрийн Чадварт Нийцсэн Орон Сууцны Стратеги” хэлэлцүүлгийн үеэр түрээсийн орон сууцны тухай яригдсан ч ойрын хугацаанд хэдэн айлын түрээсийн орон сууцыг хаана барьж эхлэх талаар тоймтой мэдээлэл өгөөгүй.

Учир нь нийслэлийн удирдлагууд түрээсийн орон сууцыг улсын төсвийн болоод нийслэлийн хөрөнгөөс гаргаж бариад байлгүйгээр хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажилласнаар асуудлыг шийдэх бодолтой байгаа юм билээ.

Олон айлын, жижигхэн орон сууц барих үйл ажиллагааг идэвхижүүлж, түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх, төлбөрийн чадварт нийцсэн орон сууц түрээслүүлэгчдийг бий болгох, чанартай, төлбөрийн чадварт нийцсэн түрээсийн сууцнуудад нягтралын урамшуулал олгох зэрэг ажлыг хийх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг Төлбөрийн Чадварт Нийцсэн Орон Сууцны Стратегийг боловсруулсан багийнхан нийслэлийнхэнд өгчээ.

Тус стратегийг боловсруулахад оролцсон дотоодын багийн ахлагч Ц.Энхбаяр: 

“Түрээсийн орон сууц маш олон байх хэрэгтэй. Европын орнуудад хүн амынх нь 60 хувь нь түрээсийн орон сууцанд амьдардаг юм. Гэтэл манай Монголчууд халаас хоосон атлаа заавал орон сууц худалдаж авах гээд л зовоод байдаг” хэмээн ярьсан. Нэг үгээр хэлбэл хөнжлийнхөө хэрээр хөлөө жий л дээ гэж хэлсэн. 

Энэ талаар өөр бодолтой явдгаа зарим албан тушаалтнууд илэрхийлж байлаа. Нийслэлийн Гэр Хорооллын Хөгжлийн Газрын дарга Ш.Ганхуяг: “Түрээсийн орон сууц тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй. Гэхдээ нэг их олон түрээсийн орон сууц барьчихаад энд л заавал амьдар гэх нь утгагүй. Европынхон манайхны амьдралын хэв маяг, уламжлал өөр шүү. Манайхан яаж ийж байгаад нэг үл хөдлөх хөрөнгөтэй болчихоод үр хүүхэддээ өвлүүлэхийг боддог. Гэтэл Европод эцэг эх нь  өвлүүлэх гээд л, хүүхэд нь ч заавал өвлөх гээд бодоод байдаггүй учраас бүгдээрээ шахуу л түрээсийн байранд амьдраад болоод байдаг юм билээ. Манай улсын хувьд иргэдээ орон сууц худалдан авахад нь дэмжих, орлогыг нь нэмэгдүүлж, тогтвортой ажлын байраар хангах чиглэлийг гол бодлогоо болгож, хажуугаар нь түрээсийн орон сууцны асуудлаа шийдэх хэрэгтэй” хэмээн өөрийн бодлоо хэлсэн.

Нээрээ ч манайхан үр хүүхэддээ хөрөнгө өвлүүлэхгүй бол нэг их сайнаар хэлдэггүй ард түмэн шүү дээ. Тиймээс шууд байр авч чадахгүй иргэдээ дэмжих үүднээс олон төрлийн бодлого хэрэгжүүлэхээс аргагүй.

Шууд үл хөдлөх хөрөнгөтэй болохыг хүссэн ч урьдчилгаа нь ч байхгүй иргэдийн урьдчилгааг нь батлан даалтын сангаас гарган улмаар зээлд хамрагдахад нь туслах, хуримтлалтай болтлоо түрээсийн байранд амьдраад яваандаа нөхцлөө сайжруулах бодолтой хүмүүсийг хямд үнэтэй түрээсийн байраар хангах, газар дээрээ амины орон сууц бариад амьдрах сонирхолтой айлуудад дэмжлэг үзүүлэх гээд л олон ажил байна.

Энэ бүх ажлыг шинээр байгуулагдах Нийслэлийн Орон Сууцны Байгууллага хариуцах бололтой. Нэг хэсэг НОСК гэж яригдаж байсан байгууллага нь НОСБ болон "мэндлэх" гэж байгаа ажээ.

Ер нь өндөр орон сууцнаас аль болохоор татгалзаж инженерийн дэд бүтцэд холбогдсон эко байдлаар шийдсэн нам давхрын амины орон сууцнуудыг түлхүү бариулахад анхаарна гэдгээ хотын дарга илэрхийлж байна лээ. 

Мөн хувийн хэвшлийнхнийг түрээсийн орон сууц барих үйл ажиллагаанд татан оролцуулах ажил хийгдэх бололтой.

Төлбөрийн чадваргүй иргэдэд зориулсан хямд үнэтэй болон түрээсийн орон сууцыг тодорхой хэмжээгээр нийлүүлж чадах компанид томоохон газар өгч чадна гэдгээ ч хотын дарга хэлсэн юм.

                                                                                                                                                                                                                      П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим