ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Уншсан тоо: 652
Нийтлэгдсэн: 2013 оны 03 сарын 11
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ                        
                                2013 оны 03 сарын 01 өдөр                                Дугаар 3/31Улаанбаатар хот
Журам батлах тухай 
                                       Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1.9,  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 8 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан 1/531 тоот албан бичгийг  тус тус үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ТОГТООХ нь:
 
1. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтод тусгагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж эхлүүлэхтэй холбогдуулан боловсруулсан "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам"-ыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
 
2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ажлын явц, үр дүнг тайлагнахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд даалгасугай.
 
 
 
 
 
                                                ДАРГА                               Д.БАТТУЛГА

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
 
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 
1.1.Энэ журмын зорилго нь гэр хорооллынд ахин төлөвлөлтөнд оролцох иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын эрх, үүрэг, тэдгээрийн хоорондын харилцаа, төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах үйл ажиллагааг зохицуулахад оршино.
 
1.2.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд Хот байгуулалтын тухай хуулийн 4.1-д заасан хот байгуулалт, төлөвлөлтийн үндсэн зарчмыг баримтлан иргэд, олон нийтийн оролцоог хангаж, нийтийн эрх ашгийг эрхэмлэнэ.
1.3.Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурьдсан утгаар ойлгоно.
1.3.1.”Гэр хорооллын дахин төлөвлөлт гэж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор гэр хорооллын газрыг зохион байгуулах, төлөвлөх, барилгажуулах үйл ажиллагааг;
1.3.2. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл гэж /цаашид төсөл гэх/ энэ журмын 1.3.1-д заасан үйл ажиллагаанд зориулж боловсруулсан баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн ажлыг;
1.3.3. Сонгосон талбай гэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дахин төлөвлөлт хийхээр байршил, хэмжээг тогтоосон газрыг.
1.4. Дахин төлөвлөлтийн талбайд төрийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, хөтөлбөр энэ журамд нийцсэн байна.
 
ХОЁР. ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРОО
 
2.1.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Төслийн Удирдах хорооны бүрэлдэхүүнийг батлах бөгөөд хороо нь дор дурьдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
 
2.1.1.төслийг хэрэгжүүлэх явцад гарах аливаа асуудлыг шийдвэрлэж, хэлэлцсэн асуудлаараа зөвлөмж, дүгнэлт, тэмдэглэл гаргах, чиглэл, үүрэг даалгавар өгөх;
 
2.1.2.төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн асуудлыг судлан шийдвэрлүүлэх, төсөл хэрэгжүүлэгчийн ажиллах нөхцөлийг хангах;
 
2.1.3. сонгосон талбайд улс, нийслэлийн төсвөөр хэрэгжих ажил, үйлчилгээний жагсаалтыг гаргах;
 
2.1.4. газар, үл хөдлөх эд хөрөнгийн дундаж үнэлгээг тогтоох асуудлыг эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;
 
2.1.5.сонгогдсон төсөл хэрэгжүүлэгчтэй хийх гурван талт гэрээний загвар батлах;
 
2.1.6.төсөл хэрэгжих баталгааг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
 
2.1.7.төслийн явцад хяналт тавих, үр дүнг үнэлэх;
 
2.1.8.төслийн хэрэгжилтийн явцын талаар олон нийтэд тухай бүр мэдээлэл өгөх;
 
2.1.9.төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд дахин төлөвлөлтийн төслийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий Төслийн нэгжийг байгуулж, арга зүйн удирдлагаар хангах.
 
ГУРАВ.ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
 
3.1.Нийслэлийн Засаг даргаас санаачилсан төсөл хэрэгжих талбайн байршил, хэмжээг тогтоох асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэж батална.
 
   3.2.Төсөлд зөвхөн тухайн сонгосон талбай дахь газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч оролцоно.
 
3.3.Сонгосон талбайд бүхэлд нь буюу хэсэгчлэн төсөл хэрэгжүүлж болно.
 
3.4.Иргэн, хуулийн этгээд төсөл хэрэгжүүлэх санаачлагыг төслийн Удирдах хороонд гаргана.
 
   3.5.Төслийн Удирдах хорооноос дэмжигдсэн санаачлагыг Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулна.
 
   3.6.Иргэд, оршин суугчдаас төсөл санаачилсан тохиолдолд өөрсдийн нэгдмэл байр суурийг илэрхийлэх зорилгоор Иргэдийн төлөөллийн байгууллага байгуулж болох бөгөөд уг байгууллага нь төсөл хэрэгжиж эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулна.
 
   3.7.Төсөл хэрэгжүүлэгч нь хууль ёсны газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчтай нэг бүрчлэн тохиролцоо хийн зохих гэрээ байгуулж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлнэ.
 
   3.8.Сонгосон талбайд төсөл хэрэгжүүлэх ажлыг зөвхөн нийслэлийн Засаг даргын шийдвэрээр эрх авсан төсөл хэрэгжүүлэгч зохион байгуулах бөгөөд бусад этгээд оролцохыг хориглоно.
 
   3.9.Гурван талт гэрээг нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, төсөл хэрэгжүүлэгч болон газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчтай байгуулна.
 
3.10.Гурван талт гэрээ байгуулаагүй газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарт газар, үл хөдлөх эд хөрөнгийн дундаж үнэлгээнээс илүүгүй үнээр нөхөх олговор олгож, газрыг чөлөөлнө.
 
3.11.Төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулах бөгөөд гэрээний талууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй.
 
3.12.Нийслэлийн Засаг дарга дахин төлөвлөлтийн дэд бүтэц, нийгмийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, авто зам, замын байгууламжийг улс, нийслэлийн төсвөөр барих ажлыг хэрэгжүүлнэ.
 
3.13.Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн санхүүжилтийг бие даан шийдвэрлэх үүрэгтэй. Санхүүжилт нь гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалт, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, банкны зээлийн хөрөнгө, хандив бусад эх үүсвэрээс бүрдэж болно. Төсөлд шаардагдах хөрөнгийн тавиас дээш хувийг төсөл хэрэгжүүлэгч бие даан санхүүжүүлсэн тохиолдолд энэ журмын 3.12-д заагдсан ажлыг гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд Нийслэлийн Засаг даргаас төсвийн баталгааг гаргаж өгнө.
 
3.14.Төсөл хэрэгжүүлэгч нь энэ журмын 2.1.3-д заасан улс, нийслэлийн төсвөөр сонгосон талбайд хийгдэх ажлыг иж бүрнээр нь буюу хэсэгчилэн хийж гүйцэтгэнэ.
 
3.15.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна.
 
3.16.Төсөл хэрэгжих хугацаанд газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хадгалах, төсөл хэрэгжүүлэгчийг өөрчлөхгүй байх баталгааг Нийслэлийн Засаг дарга гаргана.
 
3.17.Нийслэлийн Засаг дарга гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил, арга хэмжээг Засгийн газрын болон төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн тухайн жилийн зорилт болон улс, нийслэлийн төсөвт тусгана.
 
ДӨРӨВ. ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
 
4.1.Нийслэлийн Засаг дарга нь Төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг /цаашид "Ажлын хэсэг" гэх/-ийг байгуулна.
 
4.2 Төслөөр хэрэгжүүлэх ажлын даалгаврыг Нийслэлийн Засаг дарга батална.
 
4.3.Төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах тухай Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарсны дараа тогтоосон байршилд төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн саналыг хүлээн авах урилгыг ажлын хэсэг олон нийтэд мэдээлж, 14 хоногийн дотор хүлээн авч, нээнэ.
 
4.4. Санал хүлээн авах урилгад дараахь зүйлийг тусгасан байна:
4.4.1. Хэрэгжүүлэх ажлын товч агуулга, ажлын даалгавар;
4.4.2. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний урьдчилсан загвар төсөл, шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо;
4.4.3. Төслийг хэрэгжүүлэгч этгээдэд тавигдах шаардлага:
4.4.3.1. Ерөнхий /туршлага/;
4.4.3.2. Санхүүгийн чадавхитай байх;
4.4.3.3. Техникийн чадавхитай байх;
4.4.3.4. Нүүлгэн шилжүүлэх байртай байх; /шаардлагатай тохиолдолд/
4.4.3.5. Бусад
4.4.4. Төсөл хэрэгжүүлэх хугацаа;
 4.4.5.Санал хүлээн авах, нээх хугацаа;
4.4.6.Саналыг хүлээн авах газрын тодорхой хаяг,  харилцах утасны дугаар;
 
4.5.Төсөл хэрэгжүүлэх газрын онцлог, шинж чанарт нийцүүлэн нэмэлт шаардлага тавьж болох бөгөөд түүнийг төсөл шалгаруулах урилгад тусгана.
 
4.6.Төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээд нь саналыг битүүмжилж Ажлын хэсэгт ирүүлнэ.
 
4.7.Ажлын хэсэг нь ирүүлсэн саналыг тэмдэглэл үйлдэн хүлээн авна.
 
4.8.Ажлын хэсэг нь шалгаруулалтыг нээлттэй зарчмаар явуулж, ирүүлсэн саналыг нээхдээ төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийг заавал байлцуулна
 
4.9.Ажлын хэсэг нь ирүүлсэн санал тус бүрт үнэлгээ өгч дүгнэлт гаргана.
 
4.10.Ажлын хэсэг нь дүгнэлтдээ дараах зүйлийг тусгана.
4.10.1.Шалгуур үзүүлэлт бүрээр ирүүлсэн санал тус бүрийн давуу болон сул талын тодорхойлолт, үзүүлэлт бүрийн үнэлгээ;
4.10.2.Санал тус бүрийг үнэлсэн нийлбэр оноо;
4.10.3.Төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн ерөнхий ба туршлагын чадавхийн үнэлгээ;
4.10.4.Ажлын хэсгийн нэмэлт санал.
 
4.11.Ажлын хэсгийн гишүүд нь саналыг тус тусдаа үнэлж, нэгдсэн үнэлгээг санал тус бүрээр гаргана.
 
4.12.Ажлын хэсгийн дүгнэлтийг заавал бичгээр үйлдэх бөгөөд гишүүн тус бүр албан тушаалаа тэмдэглэн, гарын үсэг зурсан байна.
4.13.Ажлын хэсэг нь ирүүлсэн саналыг үнэлж, шаардлага хангасан төсөл хэрэгжүүлэгчдийг шалгаруулсан дүгнэлт гарган, сонгогдсон талбайн газар, үл хөдлөх хөрөнгө  өмчлөгч, эзэмшигч, ашиглагчад төслийн танилцуулга хийх ажлыг 7 хоногт багтаан танилцуулах ажлыг зохион байгуулна.
 
4.14.Төслийн танилцуулгын үр дүнд хамгийн өндөр хувийн дэмжлэг авсан этгээдийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулж, гэрээ хийх эрхийг 30 хоногийн хугацаатай олгоно.
 
4.15.Газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн 75-аас доошгүй хувийн дэмжлэг авсаныг нэг бүрчлэн хийсэн гэрээгээр нотолвол төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсанд тооцож, Нийслэлийн Засаг даргад танилцуулна.
 
4.16.Нийслэлийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан этгээдэд гурван талт гэрээ байгуулах албан ёсны эрх олгоно.
 
4.17. Нийслэлийн Засаг дарга нь Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл батлах, үндэслэлгүй болон хууль зөрчсөн гэж үзвэл дахин шалгаруулалт явуулах шийдвэрийг гаргана.
 
4.18.Нийслэлийн Засаг даргаас төсөл хэрэгжих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн Иргэдийн Төлөөгчдийн Хурал эсхүл түүний чөлөөт цагт Тэргүүлэгчдэд өргөн барьж, батлуулна.
 
 
4.19.Төсөл хэрэгжүүлэх талбай дахь газар болон үл хөдлөх хөрөнгө  өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн 75-аас доошгүй хувийн дэмжлэгийг авч чадаагүй тохиолдолд шалгаруулалтыг дахин зарлана.
 
ТАВ. ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД
 
5.1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг чанд мөрдүүлэх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, тодотгох ажлыг эрхлэн зохион байгуулна.
 
5.2.Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй газарт гэр хорооллын дахин төлөвлөлт хийх санаачлага гаргасан бол хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд  тодотгол хийх ажлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хариуцна.
 
5.3.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн загвар төслийг хууль ёсны газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдад танилцуулах, тэдний саналыг судлах ажлыг Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хариуцан гүйцэтгэнэ.
 
5.4.Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар нь төслийн Удирдах хорооны ажлын албаны үүргийг гүйцэтгэж, төслийн хэрэгжилтийг хагас жил тутам үнэлж, тайланг гаргана.
 
5.5.Сонгосон талбайд газар, үл хөдлөх хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, түрээслэх, барьцаалах зэргийг түдгэлзүүлэх, түр зогсоох асуудлыг Гэр хорооллын хөгжлийн газар нь эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
 
5.6.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага энэ журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
 
ЗУРГАА.БУСАД
 
6.1.Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний чөлөөт цагт Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.  
 
6.2.Энэ журмыг хэрэгжүүлээгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдэд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол