ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Уншсан тоо: 510
Нийтлэгдсэн: 2016 оны 06 сарын 13
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ                        
                                2016 оны 06 сарын 10 өдөр                                
Дугаар 123
Улаанбаатар хот
Түрээсийн орон сууцны үйл ажиллагааны журам батлах тухай

2016.06.10, №123

 

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1.7, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.2, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1  дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 17/17 дугаартай тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:


1.Түрээсийн орон сууцны үйл ажиллагааны журмыг хавсралтаар баталсугай.

2.Түрээсийн орон сууцны үйл ажиллагааг журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Орон сууцны корпораци ХК /Б.Тэлмэн/-д,түрээсийн орон сууцны үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д тус тус үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /Б.Энхболд/-нд даалгасугай. 





ДАРГА                       Д.БАТТУЛГА



ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1. Нийслэлийн орон сууцны хөтөлбөр, "Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги"-д тусгагдсан зорилтот бүлгийн иргэдийгтүрээсийн орон сууцаар хангах үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.2. Журмыг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн Хууль, Иргэний хууль, Орон сууцны тухай хуулиуд болон түрээсийн орон сууцтай холбоотой бусад бодлогын баримт бичгийг удирдлага болгоно. 
1.3. Журмыг хэрэгжүүлэхдээ хууль дээдлэх, шударга ёс, ил тод байх, адил тэгш хандах зарчим баримтална.
1.4. Энэ журам нь нийслэлийн нутаг дэвсгэрт зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн орон сууцны хэрэгцээг хангах үйл ажиллагаанд хамаарна. 
1.5. Орон сууцны түрээс нь энгийн болон түрээслээд өмчлөх гэсэн хэлбэрүүдтэй байх бөгөөд түрээсийн орон сууцны санд буй нийт орон сууцны 20-иос илүүгүй хувийг энгийн түрээсийн хэлбэрээр түрээслүүлнэ.
1.6. Журамд дараах нэр томьёог дор дурьдсан утгаар ойлгоно:
1.6.1. Түрээсийн орон сууцны сан гэдэгт зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцаар хангах зорилгоор бүрдүүлсэн түрээсийн орон сууцны барилгуудыг;
1.6.2. Түрээслээд өмчлөх хэлбэрийн түрээс гэдэгт түрээслэгч иргэн орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэх хүртэлх хугацаанд орон сууц түрээслэх үйл явцыг;
1.6.3. Энгийн  түрээс гэдэгт түрээслэгч иргэн тухайн орон сууцыг зөвхөн түрээслэн амьдрах үйл явцыг  тус тус ойлгоно. 

Хоёр. Түрээсийн орон сууцны санхүүжилт 

 

2.1. Түрээсийн орон сууцны санг дараах эх үүсвэрээс санхүүжүүлэн бүрдүүлнэ:
2.1.1. Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, сан бүрдүүлэхэд зориулсан улс, орон нутгийн төсөвт тусгагдсан хөрөнгө;
            2.1.2. Үнэт цаас бонд, санхүүгийн бусад хэрэгслүүд; 
            2.1.3. Түрээслэгчдээс сар бүр төлөх түрээсийн төлбөрийн хуримтлал;
2.1.4. Банк, санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн эх үүсвэр;
2.1.5. Олон улсын хандивлагч байгууллагууд, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцыг дэмжих, түрээсийн орон сууцыг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх гадаад, дотоодын сангуудын санхүүжилт;
            2.1.6. Бусад эх үүсвэр.

2.2. Нийслэлийн Орон сууцны корпораци ХК /цаашид НОСК гэх/ нь энэ журмын 2.1-д заасан эх үүсвэрээр түрээсийн орон сууцны санхүүжилтийн сан бүрдүүлнэ. 

2.3. Энэ журмын 2.2-т заасан сангийн хөрөнгийг Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан Түрээсийн орон сууц хөтөлбөрийн 3.2.1-д заасан  түрээсийн орон сууцны барилгад тавигдах "инженерийн иж бүрэн хангамжтай сууц байх" шалгуурыг хангасан орон сууц бүхий түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, түрээсийн орон сууцтай холбогдох бусад зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

Гурав. Иргэдэд орон сууц түрээслүүлэх ажиллагаа

 

3.1. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд өргөдлөө НОСК-д гаргах бөгөөд өргөдөлд энэ журмын 4.3-т заасан бичиг баримтыг хавсаргана. 

3.2. Иргэний өргөдлийг НОСК-ийн мэргэжилтэн хүлээн авч, бичиг баримтын бүрдлийг шалгаад, орон сууцны Зөвлөл /цаашид Зөвлөл гэх/-д шилжүүлнэ.

3.3. Орон сууцны зөвлөлийг Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр сондгой тооны гишүүдтэй байгуулна.

3.4. Зөвлөл нь иргэний өргөдөлд хавсаргасан бичиг баримтыг хянан шалгаад, энэ журмын 5-д заасны дагуу оноо өгнө.

3.5. Зөвлөл нь өргөдөл өгсөн иргэдийн авсан онооны дарааллаар орон сууц түрээслэх болзол хангасан иргэдийн жагсаалт гаргана. 

3.6. Зөвлөл өргөдөл гаргагчдын оноо хуваарилалтыг хийж, жагсаалт гаргахдаа энэ журмын 1.3-т заасан зарчмыг чанд баримталж аливаа нөлөөлөлд автахгүй, хараат бусаар ажиллана. 

3.7. Зөвлөл нь ажлаа НОСК-ийн ТУЗ-д тайлагнана.

3.8. Жагсаалтад багтсан иргэдэд орон сууц түрээслэх эрхийг баталгаажуулсан гэрчилгээг НОСК-оос олгоно.

3.9. Түрээсийн орон сууцанд хамрагдах шалгуур, шаардлагыг бүрэн биелүүлж, энэ журмын 3.8-д заасан гэрчилгээг авсан иргэнд эхний сарын түрээсийн төлбөр, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон 3 сарын түрээсийн зардалтай тэнцэхүйц хэмжээний барьцаа төлбөр төлөх тухай мэдэгдэл хүргүүлнэ. 

3.10. Мэдэгдэлд заасан төлбөрийг төлсөн иргэнтэй НОСК түрээсийн гэрээ байгуулна. 

3.11. НОСК түрээслэгч иргэн, ажил олгогч, НОСК-ийн гурван талт гэрээ байгуулж болно.

3.12. Гэрээнд тусгах түрээсийн төлбөрийн хэмжээ, сард хуримтлуулах ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн доод хязгаарыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид батална.

3.13. Түрээслээд өмчлөх хэлбэрийн түрээсийн гэрээнд заасны дагуу орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг бүрдүүлсэн үед түрээсийн гэрээг цуцлан, банк, санхүүгийн байгууллагатай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, түрээслэж буй орон сууцны үнийг банк санхүүгийн байгууллагын зээлээр төлсөн үед тухайн түрээсийн орон сууц түрээслэгчийн өмчлөлд шилжинэ.

Дөрөв. Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэнд тавигдах шаардлага

 

4.1. Түрээсийн орон сууцанд хамрагдах энгийн түрээсийн гэрээ байгуулах хүсэлт гаргасан бол Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тушаалаар баталсан Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам-ын 3-т заасан дараах шалгуурыг хангасан байна:
4.1.1. Улаанбаатар хотод түр болон байнга оршин суудаг, эрх зүйн бүрэн чадамжтай 21 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
            4.1.2. Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг байх;
4.1.3. Тогтмол орлоготой байх.Орлого нь түрээсийн төлбөр, түрээсийн барьцаа, сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой байх.
4.1.4. Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх

4.2. Түрээслээд өмчлөх гэрээ байгуулах хүсэлт гаргасан иргэн дараах шалгуурыг хангасан байна:
4.2.1. Улаанбаатар хотод байнга оршин суудаг, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх;
4.2.2. Тогтвортой ажлын байртай, тухайн байгууллагадаа 1-ээс дээш жил тогтвор суурьшилтай ажилласан байх; 
4.2.3. Хувиараа бизнес эрхэлдэг бол түүнийгээ 1-ээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн, тогтмол орлоготой байх;
            4.2.4. Инженерийн бүрэн хангамжтай өөрийн орон сууцгүй байх; 
4.2.5. Өрхийн сарын дундаж орлогын 45-аас илүүгүй хувь нь дор дурьдсан төлбөрийг төлөхөд хүрэлцэхүйц байх; Үүнд:
                        4.2.5.1. Түрээсийн төлбөр;
                        4.2.5.2. Ашиглалтын зардал;
                        4.2.5.4. Урьдчилгаа төлбөрийн хуримтлал;
4.2.5.5.Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон 3 сарын түрээсийн зардалтай тэнцэхүйц хэмжээний барьцааг төлөх чадвартай.

4.3. Энэ журмын 4.1 -д заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 28 дугаар тушаалаар баталсан "Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам"-ын 4-т заасан бичиг баримт болон Нийгмийн халамж үйлчилгээний газрын 2015 оны "Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа"-нд тулгуурласан Өрхийн амьжиргааны түвшний ангиллын тодорхойлолтод үндэслэн тодорхойлох бөгөөд иргэн орон сууц түрээслэхийг хүссэн өргөдөлдөө эдгээр бичиг баримтыг, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсарган ирүүлнэ.
4.3.1. Энэ журмын 4.2.1-д заасан шалгуурыг хангаж байгааг нотлох иргэний үнэмлэхний хуулбар, оршин сууж байгаа хорооны тодорхойлолт,
4.3.2. Энэ журмын 4.2.2-т заасан шалгуурыг хангаж байгааг нотлох сүүлийн нэг жилийн цалингийн хэмжээг тусгасан ажлын газрын тодорхойлолт,  
4.3.3.Энэ журмын 4.2.3-т заасан шалгуурыг хангаж байгааг нотлох баримт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
4.3.4. Энэ журмын 4.2.4-т заасан шалгуурыг нотлох нийслэлийн болон харьяа дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагын тодорхойлолт.
4.4. Банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй бол зээлийн төлбөрийг төлөөд үлдэх орлого нь энэ журмын 4.2.5-д заасан шалгуурыг хангахуйц байх ба үүнийг тухайн банк, санхүүгийн байгууллагын тодорхойлолтоор нотолно.

4.5. Энгийн түрээсийн гэрээ байгуулах иргэнд энэ журмын 4.2.5, 4.2.5.4-д заасан шалгуурууд хамаарахгүй.

4.6. Энэ журмын 3.10-д заасны дагуу түрээсийн гэрээ байгуулж, орон сууц түрээсэлсэн иргэн дараах шаардлагыг биелүүлнэ:
4.6.1. Түрээслэгч иргэн нь ус, дулаан, цахилгаанаар хангагч байгууллага, ашиглалт хариуцсан байгууллагатай хувиараа гэрээ байгуулж, түрээсээр амьдрах хугацаандаа ус, дулаан, цахилгааны, ашиглалтын зардлыг хангагч болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагад шууд төлөх ба төлбөрийг гэрээний дагуу, цаг хугацаанд нь хийнэ.
            4.6.2. Түрээсийн гэрээнд заасан түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөх.

4.7. Түрээслэгч түрээсийн төлбөр болон урьдчилгаа төлбөрийг хугацаанд нь төлөөгөөгүйгээс үүсэх хариуцлагын асуудлыг гэрээгээр зохицуулна.

Тав. Түрээсийн орон сууцыг оноогоор хуваарилах

5.1. Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдахаар өргөдөл гаргасан иргэнийг  сонгон шалгаруулахдаа өргөдөл гаргагчийн хуримтлуулсан онооны дарааллыг баримтална.

5.2. Өргөдөл гаргагчид дараах хүчин зүйлсийг харгалзан 100 хүртэлх оноо өгнө.  

5.2.1. Гэр хороололд амьдардаг эсвэл өөрийн орон байргүй зорилтот бүлгийн иргэнд 20 хүртэлх оноо өгнө. 

5.2.2. Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичигт тусгагдсан Өрхийн орлогын ангиллын шатлалыг харгалзан 50 хүртэлх оноог өгнө.

5.2.3. Урьдчилгаа төлбөрийн хуримтлалын хувь хэмжээг харгалзан 30 хүртэлх оноог өгнө. 

5.3. Энгийн түрээсийн орон сууцанд хамрагдахаар өргөдөл гаргасан иргэний оноог Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичигт заасан Өрхийн орлогын ангиллын шатлал, Нийгмийн халамж, үйлчилгээний Ерөнхий газрын 2015 оны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд тулгуурласан Өрхийн амьжиргааны түвшний ангиллыг тус тус үндэслэн өгнө.

5.4. Шаардлагатай тохиолдолд,Нийслэлийн Орон сууцны корпораци болон Зөвлөл нь өргөдөл гаргагчаас нэмэлт баримт, материалыг гаргуулан авч болно.

Зургаа. Бусад

6.1. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.

6.2. Энэ журмыг хэрэгжүүлээгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдэд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол

1,880,000₮

27м2 - 76м2

Содон стандарт цогцолбор хо...

Сонгинохайрхан дүүрэг, 21 хороолол