НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨР

Уншсан тоо: 808
Нийтлэгдсэн: 2014 оны 06 сарын 02
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ                        
                                2014 оны 05 сарын 26 өдөр                                Дугаар 17/17Улаанбаатар хот
Нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай 
                                            Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "е", 19.1, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэхь хэсэг, Төсвийн тухай хуулийн 24.5 дахь хэсэг 58 дугаар зүйлийн 58.1.3, 58.1.3, 58.1.9, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
 
1. "Нийслэлийн орон сууцны хөтөлбөр"-ийг хавсралтаар баталсугай
 
2.  "Нийслэлийн орон сууцны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д үүрэг болгосугай.
2.1. Нийслэлийн хэмжээнд орон эрэлт, нийлүүлэлтийн нэгдсэн судалгаа, хийлгэх, мэдээллийн сан байгуулах ажлыг зохион байгуулах, хөрөнгийг шийдвэрлэх.
2.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсөвт тусгах, хандивлагч орнуудын зээл, тусламжинд хамруулах, гадаад, дотоодын хөрөнгө оролцогчдыг татан оролцуулах замаар санхүүжүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
2.3. Хөтөлбөрийн биелэлтийг жил бүр гаргаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулах
 
3. Хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
 
4. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 9/36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
ДАРГА                                               Д.БАТТУЛГА
                              
   
НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨР
 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн

17/17 дугаар тогтоолын хавсралт

 

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.Нийслэлийн хүн ам, орон сууцны өнөөгийн байдал

 

2013 оны байдлаар нийслэлд 317.0 мянган өрхийн 1,267.0 мянган хүн ам амьдарч байгаагаас нийт өрхийн 40.2 хувь буюу 127.6 мянган өрх орон сууцны хороололд, 59.8 хувь буюу 189.4 мянган өрх гэр хороололд оршин сууж байна.
 
Хүн амын шилжилт хөдөлгөөн, хэт төвлөрөл, гэр хорооллын төлөвлөлтгүй тэлэлтийн улмаас Улаанбаатар хот өнөөдөр хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон тулгамдсан асуудлуудтай тулгарч байна. Тухайлбал, агаар, ус, хөрсний бохирдол, замын түгжрэл, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хангамжийн хүрэлцээгүй байдал, ядуурал, ажилгүйдэл, гэмт хэргийн өсөлт зэрэг асуудлууд хүнд байдалд байсаар байна.
 
Хүн амыг орон сууцжуулах, орон сууцны хангамжийг сайжруулах, орон сууцны эрэлт, нийлүүлэлт, санхүүжилтийг дэмжих, иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах талаар Засгийн газраас зарим арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, үндэсний хэмжээнд “Орон сууц” үндэсний хөтөлбөр, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Төрийн албан хаагчдын орон сууц” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээний дийлэнх хувь нь төрийн албан хаагчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэх, орон сууцны санхүүжилтийг дэмжих болон бага, дундорлоготой хүн амын хэсэг, залуу гэрбүл, ахмад дайчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэхээр чиглэгдсэн байна.
 
Монгол Улсын Засгийн газраас улсын орон сууцны бодлого, санхүүжилтийн асуудлыг хариуцах Төрийн орон сууцны корпорацийг 2013 онд байгуулсан. Төрийн орон сууцны корпораци нь төрийн албан хаагч, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг нийгмийн эмзэг болон бага орлоготой хэсгийг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх, түрээсийн байр олноор барьж иргэдэд хямд үнэ, боломжийн нөхцөлтэйгээророн сууцаар хангах ажлыг хариуцан ажиллах зорилготойгоор байгуулагдсан.
 
Нийслэлийн зүгээс ахмад настан, нийгмийн халамж шаардсан иргэдэд зориулан “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг Нийслэлийн Иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын 2013 оны 9/36 дугаар тогтоолоор батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төсвийн санхүүжилтээр орон сууцны барилгыг өөрийн үндсэн өртгөөр нь бариулан, нийслэлд өмчлөлд авч орон сууцны фонд бүрдүүлэх, тус орон сууцыг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэйиргэдэд тодорхой хугацаанд гэрээний үндсэн дээр амьдран суух боломжоор хангах юм. Тус хөтөлбөр нь 2013-2016 онд хэрэгжинэ.
 
Нийслэлийн төрийн албан хаагчдад орон сууц худалдан авах, орон сууцны зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлэх, орон сууц нэн шаардлагатай ахмадад зориулан түрээсийн орон сууц барих ажлыг санхүүжүүлэх эх үүсвэр болгох зорилгоор “Улаанбаатар-орон сууц сан”-г Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 9/37 дугаар тогтоолоор батлуулсан.
 

2.Хөтөлбөр боловсруулах үндэслэл

 
“Төсвийн тухай” хуулийн 58.1-т “Нийслэл өөрийн төсвөөр дараах чиг үүргийг бие даан хэрэгжүүлнэ:
58.1.2.хот төлөвлөлт, барилгажуулалт, шинээр дэд бүтэц бий болгох;
58.1.3.нийслэлийн өмчийн барилга байгууламжийн их засвар, шинээр өмч бий болгох, хөрөнгө оруулалт хийх;
58.1.9.орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх”-ээр тус тус заасан.
 
“Орон сууцны тухай” хуулийн 8.1.1-т“нутаг дэвсгэртээ орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах болон хүн амын эмзэг хэсгийг орон сууцаар хангах бодлого тодорхойлж, хэрэгжилтэд нь хяналт тавих”ажлыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд,8.2.2.“орон сууцны хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 8.2.4. “орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх” асуудлыг нийслэлийн Засаг даргын бүрэн эрхээр хэрэгжүүлэхээр тус тус заасан.
 
Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын барим бичиг”-т нийслэлийн хүн амыг 2020 онд 1,534.0мянга, үүнээс Улаанбаатар хотод 1,235.0мянга, дагуул, хаяа хот, тосгодод 298.5 мянга болон өсөхөөр тооцсон.
 
Орон сууцны хангамжийн хувьд 2016 онд 66.8 мянган айлын орон сууцыг шинээр, 4.6 мянган айлын орон сууцыг дахин шинэчлэхээр, 2020 онд 103.3 мянган айлын орон сууцыг шинээр, 12.0 мянган айлын орон сууцыг дахин шинэчлэн барихаар төлөвлөсөн.
 
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:
 
4.4.3.1."...Улаанбаатар хотын батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 35 байршилд 80 мянгаас доошгүй айлын орон сууцны цогцолбор хороолол...-ыг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний болон мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, спорт цогцолбор, бие даасан болон төвлөрсөн эх үүсвэртэй инженерийн дэд бүтэц, ногоон байгууламжийн хамтаар барих”;
 
4.4.3.4.”Улаанбаатар хотын гэр хорооллыг инженерийн дэд бүтэцтэй болгох, гэр хорооллын өрхүүдийг орон сууцанд орох нөхцөлийг бүрдүүлэхдээ хот төлөвлөлтийн судалгаанд үндэслэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 32100-аас доошгүй орон сууцыг ашиглалтад оруулах”-аар тус тус заасан.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2, 3 дахь зорилтууд болон2.3.4-т “Иргэдийг орон сууцны зээлд хамруулж орон сууцжуулах нөхцлийг бүрдүүлэх "Орон сууцны дэд хөтөлбөр"-ийг боловсруулж хэрэгжүүлнэ” гэж тусгагдсан.
 
Иймд дээрх хууль, эрх зүйн үндэслэл, бодлогын баримт бичгүүдэд заагдсан орон сууцны асуудлыг нийслэлд хэрэгжүүлэх нь тус хөтөлбөрийг боловсруулах үндсэн нөхцөл болж байна.
 
Мөннийслэлийн бага, дунд орлоготой иргэд, зорилтот бүлгийн иргэдэд зориулсан орон сууцны бодлого, иргэд орон сууцны нөхцлөө сайжруулан инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцлийг бүрдүүлж өгөх зайлшгүй шаардлагатай байна.
 
Нийслэлээс иргэдийг орон сууцжуулах талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн төлөвлөлтийн уялдаа холбоог сайжруулах, нийслэлийн орон сууцны нэгдсэн бодлогыг тодорхойлох, орон сууцжуулах бодлогыг төрөөс баримталж буй бодлоготой уялдуулах, орон сууцны үнийг тогтворжуулах зэрэг ажлуудыг эхлүүлэх нэн шаардлагатай байгаа нь тус хөтөлбөрийг боловсруулах үндэслэл юм.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлэх арга хэмжээ, зарчим

 

3.Хөтөлбөрийн зорилго

 
Нийслэлд хүн ам, нийгэм, эдийн засгийн хэт төвлөрөлт, хотжилттойхолбогдон үүсч буй хот байгуулалтын сөрөгүр дагавруудыг багасгах, нийслэлийн гэр хорооллын орчныг сайжруулах, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах, шинэ суурьшлийн бүсийг бий болгох, хуучин орон сууцнуудыг шинэчлэн барилгажуулах замаар нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй орчин, стандартын шаардлага хангасан орон сууцанд амьдруулах нөхцлийг бүрдүүлэх, нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг хямд, чанартай орон сууцаар хангахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
 

4.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ

 
Арга хэмжээ 1. Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах;
 
Гэр хороолол нь Улаанбаатар хотын нийт газар нутгийн 54.9 хувийг хамран, төлөвлөлтгүйгээр тэлж иргэдийн цэвэр, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг зөрчиж байгаа нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлэх үндэслэл болсон.
 
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын барим бичиг”-т Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 4618.05 га талбайг дахин төлөвлөлтөнд хамруулахаар тусгагдсан.
 
Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг иргэдийн оролцоотой төр, хувийн хэвшлийн түншлэлээр ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн норм, дүрмийн дагуу нийгмийн болон инженерийн дэд бүтэц, нийтийн эзэмшлийн зам, талбайн хамт цогцоор төлөвлөж барилгажуулна.
 
Гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах үйл ажиллагааг Улаанбаатар хотын төвийн бүсийн болон хэсгийн гэр хороолол, нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хүрээнд хэрэгжүүлнэ.
 
2018 оны түвшинд гэр хорооллын дахин төлөвлөлтийг батлагдсан 21 байршилд1,337.5 га талбайд хэрэгжүүлж, нийт 78.0 мянган айлын орон сууцыг ашиглалтанд оруулж, иргэдийнинженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон орон сууц, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.Үүнээс:
 
2014 онд: 4550айлын орон сууц
2015 онд: 14650 айлын орон сууц
2016 онд: 17400 айлын орон сууц
2017 онд: 18350 айлын орон сууц
2018 онд: 23050 айлын орон сууцыг тус тус ашиглалтанд оруулна.
 
Арга хэмжээ 2. Иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчинг сайжруулах;
 
Гэр хорооллын нутаг дэвсгэрийн 4157.6 га буюу 89.5 хувийг гэр, хашааны газар эзэлж, нийгмийн үйлчилгээний зориулалтын барилга байгууламжийн газар 256.3 га буюу 5.5 хувийг эзэлж байна. Үүнийг орон сууцны хороололтой харьцуулбал 4 дахин бага байна. Дэд бүтцийн барилга байгууламжийн газар 4.8 га талбайг эзэлж байна.
 
Гэр хороололд амьдардаг ихэнх иргэд нь тухайн хашааныхаа газрын өмчлөгч, эзэмшигч нь байдаг бөгөөд Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 133.65 га нутаг дэвсгэрт хийсэн судалгаагаар 84.48 га газар буюу 63.2хувь нь өмчлөл, эзэмшлийн сул талбай байна.
 
2013 ондиргэдийн 22214 хүсэлтийг хүлээн авсан дүнгээс үзэхэд иргэдийн 72 хувь нь өөрийн өмчлөл, эзэмшлийн газар дээр амины орон сууц барин, инженерийн шугам сүлжээнд холбогдох хүсэлтэй байна.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.1-т“Улаанбаатархотынгэрхорооллыгдэдбүтэц, ногоонбайгууламжбүхийаминыоронсууцныхороололболгонхөгжүүлэххэсэгчилсэнерөнхийтөлөвлөгөөгдүүрэг, хороодтусбүрээрбүсчлэнболовсруулж 6 жилийндоторхэрэгжүүлнэ” гэж тусгагдсан.
 
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын барим бичиг”-т Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 3415.14 га талбайг газар шинэчлэн зохион байгуулж нөхцөл сайжруулах хэсэгт хамруулсан.
 
Газар шинэчлэн зохион байгуулахүйл ажиллагааг нийслэлийн нутаг дэвсгэрт дахин төлөвлөн барилгажуулахаас бусад гэр хорооллын нутаг дэвсгэрт иргэдийн оролцоонд үндэслэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
 
2018 оны түвшинд 756 га газарт 12390 нэгж талбарыг хамруулсан 63 төсөлболовсруулж төслийн талбар бэлтгэх,  456 га газарт 7390 нэгж талбарыг хамруулсан 38 бэлэн боловсруулагдсантөслийг хэрэгжүүлэх,60000 иргэнийг хамруулсан 1060 удаагийн уулзалт, сургалтыг зохион байгуулах, 4060 иргэдийн бүлэгтэй 26 “Иргэдийн түр зөвлөл” байгуулах ажлуудыг тус тус зохион байгуулна.
 
2014 онд:
-СХД-ийн 30-р хорооны Хилчин хотхоны 168 нэгж талбарыг хамруулсан 9.0 га газарт инженерийн дэд бүтэц, авто болон явган зам тавих ажлыг гүйцэтгэх;
-Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн  96 га газарт 1580 нэгж талбарыг хамарсан  8 байршилд “Иргэдийн түр зөвлөл” байгуулж, иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах 8 төсөл боловсруулах;  
-Боловсруулсан 8 төслийн талбараас 380 нэгж талбарыг хамарсан 24 га газарт 2 төслийг хэрэгжүүлж, 160 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн стандартад нийцсэн амины орон сууцтай болгож,  400 айл өрхийг нийтийн орон сууцтай болгох;
-560 айл өрхийн инженерийн болон нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх;
-Гэр хорооллын газар өмчлөгч, эзэмшигч 11200 иргэнийг хамруулсан 200 удаагийн уулзалт, сургалтыг зохион байгуулж, 16800 иргэнийг хамруулсан 840 иргэдийн бүлэг  байгуулах;
-820 иргэдийн бүлэгтэй 5 “Иргэдийн түр зөвлөл”-ийг байгуулж,газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог хангах;
2015 онд:
-Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн 120 га газарт  1960 нэгж талбарыг хамарсан 10 байршилд “Иргэдийн түр зөвлөл” байгуулж, иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах10 төсөл боловсруулах;  
-Боловсруулсан 10 төслийн талбараас 1160 нэгж талбарыг хамарсан 72 га газарт 6 төслийг хэрэгжүүлж, 580 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн стандартад нийцсэн амины орон сууцтай болгож, 1200 айл өрхийг нийтийн орон сууцтай болгох;
-1740 айл өрхийн инженерийн болон нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх;
-Гэр хорооллын газар өмчлөгч, эзэмшигч 12000 иргэнийг хамруулсан 210 удаагийн уулзалт, сургалтыг зохион байгуулж, 17200 иргэнийг хамруулсан 860 иргэдийн бүлэг байгуулах;
-860 иргэдийн бүлэгтэй 6 “Иргэдийн түр зөвлөл”-ийг байгуулж,газар шинэчлэн зохион байгуулахүйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог хангах;
2016 онд:
-Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн  144 га газарт 2360 нэгж талбарыг хамарсан 12 байршилд “Иргэдийн түр зөвлөл” байгуулж, иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах12 төсөл боловсруулах;  
-Боловсруулсан 12 төслийн талбараас 1560 нэгж талбарыг хамарсан 96 га газарт 8 төслийг хэрэгжүүлж, 780 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн стандартад нийцсэн амины орон сууцтай болгож,1600 айл өрхийг нийтийн орон сууцтай болгох;
-2380 айл өрхийн инженерийн болон нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх;
-Гэр хорооллын газар өмчлөгч, эзэмшигч 12500 иргэнийг хамруулсан 220 удаагийн уулзалт, сургалтыг зохион байгуулж,17400 иргэнийг хамруулсан 880 иргэдийн бүлэг  байгуулах;
-880 иргэдийн бүлэгтэй 7 “Иргэдийн түр зөвлөл”-ийг байгуулж,газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог хангах;
 
 
2017 онд:
-Нийслэлийн нутаг дэвсгэрийн  180 га газарт  2950 нэгж талбарыг хамарсан  15 байршилд “Иргэдийн түр зөвлөл” байгуулж, иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах15 төсөл боловсруулах;  
-Боловсруулсан 15 төслийн талбараас 1950 нэгж талбарыг хамарсан 120 га газарт 10 төслийг хэрэгжүүлж,  970 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн стандартад нийцсэн амины орон сууцтай болгож,  2000 айл өрхийг нийтийн орон сууцтай болгох;
-2900 айл өрхийн инженерийн болон нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх;
-Гэр хорооллын газар өмчлөгч, эзэмшигч 12800 иргэнийг хамруулсан 240 удаагийн уулзал, сургалтыг зохион байгуулж, 15400 иргэнийг хамруулсан 770 иргэдийн бүлэг  байгуулах;
-770 иргэдийн бүлэгтэй 4 “Иргэдийн түр зөвлөл”-ийг байгуулж газар шинэчлэн зохион байгуулахүйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог хангах;
2018 онд:
 
-Нийслэлийн нутаг дэвсгэрийн 216 га газарт 3540 нэгж талбарыг хамарсан  18 байршилд “Иргэдийн түр зөвлөл” байгуулж, иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах 18 төсөл боловсруулах;  
-Боловсруулсан 18 төслийн талбараас 2340 нэгж талбарыг хамарсан 144 га газарт 12 төслийг хэрэгжүүлж, 1170 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн стандартад нийцсэн амины орон сууцтай болгож, 2400 айл өрхийг нийтийн орон сууцтай болгох;
-2570 айл өрхийн инженерийн болон нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх;
-Гэр хорооллын газар өмчлөгч, эзэмшигч 11500 иргэнийг хамруулсан 190 удаагийн уулзалт, сургалтыг зохион байгуулж, 14600 иргэнийг хамруулсан 730 иргэдийн бүлэг  байгуулах;
-730 иргэдийн бүлэгтэй 4 “Иргэдийн түр зөвлөл”-ийг байгуулж,газар шинэчлэн зохион байгуулахүйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог хангах;
Арга хэмжээ 3. Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах;
 
Улаанбаатар хотод 2013 оны жилийн эхний байдлаар 40.0 мянган иргэн орон сууцаа түрээслэн амьдарч байна.Өнөөдрийн байдлаар тухайн орон сууцны байршил, зэрэглэлээс хамаарч 1 өрөө байрыг 300000-550000 төгрөгөөр, 2 өрөө байрыг 500000-750000 төгрөгөөр тус тус түрээслэж байна.
 

Зэрэглэл

1 өрөө

2 өрөө

А

500000-550000

600000-750000

Б

400000-500000

500000-700000

С

300000-400000

500000-650000

 
Иргэдийн орон сууц худалдан авах чадвараас хамаараад орон сууц түрээслэгчдийн тоо өсөн нэмэгдэж байгаа боловч түрээсийн орон сууцны хүрэлцээ хомс, чанар муу, өндөр үнэтэй байна.
 
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын барим бичиг”-т 2016 он хүртэл жил бүр 1,000 айлын түрээсийн орон сууцыг, 2017-2020 онуудад жил бүр 2,000 айлын түрээсийн орон сууцыг төрөөс нийлүүлэхээр тусгагдсан.
 
“Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж, эхэлсэн бөгөөд 300 айлын түрээсийн орон сууцны барилгыг ашиглалтанд оруулж, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээсийн орон сууцаар хангасан.Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш 3000 иргэн түрээсийн орон сууцанд орох хүсэлтээ ирүүлээд байна.
 
Иймд энэхүү эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусгах, мөн орон байргүй, орон сууц худалдан авах чадваргүй, орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжгүй нийгмийн эмзэг бүлэг болон зорилтот бүлгийн иргэд,залуу гэр бүл, байгалийн давагдашгүй хүчин зүйлд нэрвэгдсэн иргэд болон нийслэлд шинээр шилжин ирэгсэд зэрэг тогтмол орлоготой боловч орон сууц худалдан авах хуримтлал үүсгэж чадахгүй байгаа өрхөдзориулсан түрээсийн орон сууцыг олон төрөл, нөхцөл, хэлбэртэйгээр хөгжүүлнэ.
 
2018 оны түвшинд нийт 7000 айлын түрээсийн орон сууцыг барьж ашиглалтанд оруулна. Үүнээс:
2014 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 396 айлын түрээсийн орон сууцыг ашиглалтанд оруулна.
2015 онд  1,604 айлын түрээсийн орон сууц
2016 онд 1000 айлын түрээсийн орон сууц
2017 онд 2000 айлын түрээсийн орон сууц
2018 онд 2000 айлын түрээсийн орон сууцыг тус тус барьж ашиглалтанд оруулна.
 
Арга хэмжээ 4. Шинэ суурьшлыг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах;
 
Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууцны урт хугацаат зээлийг жилийн 6 болон 8 хувийн хүүтэйгээр иргэдэд олгожэхэлсэн. 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар орон сууцны ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр өмнө нь орон сууцны зээл авсан зээлдэгчдээс шилжих хүсэлт гаргасан 17198 иргэн, шинээр зээл авахыг 15268 иргэний нийт 32466 иргэний 1 их наяд 356.1 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.
 
Одоо хэрэгжүүлж буй орон сууцны бодлогоор мөнгөн хуримтлалтай иргэд, банкны урьдчилгаа төлж зээлд хамрагдсан байдал нь нийт орон сууцны хэрэгцээний 10 хувийг л хангаж байна. Иргэдийн ихэнх нь орон сууцны асуудлаа бие даан шийдвэрлэх орлогын эх үүсвэр хүрэлцээгүй, ялангуяа бага, дунд орлоготой өрхүүд, залуу гэр бүлүүд орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэх хэмжээний хуримтлалыг бий болгох боломжгүй байна.
 
Иргэдийг орон сууцжуулах бодлогод дээрх иргэдийг дэмжих, орон сууц худалдан авахыг хүссэн бүх иргэдэд тааламжтай нөхцөл бүхий шинэ зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна.
 
Иймдорон сууцны урьдчилгаа 30 хувийг бүрдүүлж чадахгүй байгаа тогтмол орлоготой иргэдэд зориулсан хямд үнэтэй орон сууцыг шинэ суурьшлын бүсүүдийг бий болгох замаар инженерийн болон нийгмийн дэд бүтэц, ажлын байрны хамт цогцоор нь төлөвлөж хэрэгжүүлнэ.
 
Ингэснээр иргэд цалингийн орлогоосоо 25-30 хувийг орон сууцны хуримтлалын санд төвлөрүүлэх замаар 3-5 жилийн хугацаанд орон сууцтай болгох нөхцөл бүрдэнэ.
 
Эхний үе шатанд нийт 6 байршлын 469.9 га талбайд 33.6 мянган айлын орон сууц бүхий шинэ суурьшил үүсгэнэ. Үүнд: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Яармагийн спорт цогцолборын хойд талд 3.1 га, 12 дугаар хороо, Био-Сонгинод 112 га, 10 дугаар хороо, Морингийн даваа орчимд 190.8 га, Баянзүрх дүүргийн 20, 23 дугаар хороо, Улиастайн аманд 106 га, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Авто худалдааны төв орчимд 48 га, 1 дүгээр хороо, Баянголын аманд 9.7 га талбайд тус тус суурьшлийн бүсийг шинээр бий болгоно.
 
            2018 оны түвшинд нийт 80,0мянган айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, дэд бүтэц, ногоон байгууламж бүхий эрүүл, аюулгүй орчинг цогцоор нь бүрдүүлнэ.Үүнээс:
2014 онд: 20000 айлын орон сууцны захиалгыг авч 2 хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
2015 онд: 20000 айлын орон сууц
2016 онд :20000 айлын орон сууц
2017 онд :20000 айлын орон сууц
2018 онд :20000 айлын орон сууцыг тус тус барьж ашиглалтанд оруулна.
 
Орон сууцны хорооллууд баригдаж нийлүүлэлт нэмэгдсэнээр үнийн хөөрөгдөлтэй байгаа орон сууцны зах зээлийн үнийг бууруулж, цаашид тогтвортой, бодит үнээр иргэдийг хангах боломж бүрдэнэ.
 
Мөн барилга угсралтын компаниуд гэрээгээр орон сууц барих, ажлын байр -салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дотоодын барилгын материалын үйлдвэрлэл өсч, шинэ технологи нэвтрэх, хот байгуулалтын үйл ажиллагаа эрчимжиж орон сууцны зах зээлийн үнэ тогтворжих зэрэг ач холбогдолтой юм.
 
Арга хэмжээ 5.Хуучин баригдсан орон сууцны нөхцлийг сайжруулах, шинэчлэхугсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэлтийг хийх;
 
Нийслэлд орон сууцны зориулалтаар баригдсан барилгуудын ашиглалт, үнэ цэнэ, өнгө үзэмж, чанарыг сайжруулах, иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдлыг хангах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зэрэг зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүсч байна.
 
Засгийн газар болон нийслэлийн зүгээс жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт хуучин орон сууцны барилгын чанарын судалгаа, шинжилгээ, засвар үйлчилгээ, шинэчлэлд зориулан тодорхой хөрөнгө гарган, хэрэгжүүлсээр ирсэн.
 
Улсын болон орон нутгийн төсвөөс гаргаж буй хөрөнгө оруулалтыг үр дүнтэй, нэгдсэн төлөвлөлттэй болгох, хуучин орон сууцны нөхцлийг төр, иргэд, хувийн хэвшлийн оролцоотойгоор сайжруулах, орон сууцны харьяа байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, сайжруулах, оршин суугчдын орон сууцны нөхцлөө дээшлүүлэх санал санаачлагыг дэмжих, санхүүжилтийн шинэ тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна.
 
Улаанбаатар хотын хэмжээнд хүн амын 20 хувь нь 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцанд буюу14 хороололд угсармал орон сууцны 1077ш блокон барилгад 45462 өрх амьдарч байна. Эдгээр угсармал орон сууц нь олон жил ашиглагдсан, хуучирч муудсан, дулаан алдагдал ихтэй байна. Иймээс Улаанбаатар хотын угсармал орон сууцыг дулаалах, техникийн шинэчлэл хийх шаардлагатай байна.
 
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын барим бичиг”-т 2016 он хүртэл 4600 айлын орон сууцыг дахин шинэчлэхээр тусгагдсан.
 
2018 оны түвшинд нийт 8600 айлын орон сууцыг шинэчлэн барилгажуулна. Үүнээс:
2014 онд: 1178 айлын орон сууц
2015 онд: 2244 айлын орон сууц
2016 онд: 1178 айлын орон сууц
2017 онд: 1500 айлын орон сууц
2018 онд: 2500 айлын орон сууцыг тус тус шинэчлэн барилгажуулна.
 

5.Хөтөлбөрийн зарчим

 
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах үндсэн зарчмыг баримтална:
-Төрөөс орон сууцны талаар баримталж буй бодлоготой нягт уялдуулах;
-Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг мөрдөх, орон сууцыг шинээр барих, газар дахин төлөвлөх, шинэчлэн зохион байгуулах, хуучин орон сууц, амьдрах орчинг сайжруулах үйл ажиллагааг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах;
-Нийслэлийн хэмжээнд иргэдийг орон сууцжуулах асуудлыг цогц байдлаар төлөвлөж, хэрэгжүүлэх;
-Орон сууцны салбарт оролцогч талуудын оролцоог жигд хангах;
-Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэл, иргэдийн оролцоог дэмжих;
-Иргэдийг амьдрах орчноо сайжруулах, орон сууцтай болох хүсэл, эрмэлзлийг дэмжих;
-Иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагааг олон нийтэд ил, тод явуулах;
-Санхүүгийн эх үүсвэр, зээлийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, олон нийтэд ил, тод байлгах;
-Орон сууцны төлөвлөлт, барилгажилтанд байгаль орчинд ээлтэй
 

Гурав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

 

Тус хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах арга хэмжээг “Гэр хорооллын хөгжлийн газар”, газар шинэчлэн зохион байгуулах арга хэмжээг “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ, шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах, дахин төлөвлөлт болон хувийн хэвшлийн барьж буй орон сууцны борлуулалтыг дэмжих, амины орон сууцыг инженерийн дэд бүтцээр хангах ажилд дэмжлэг үзүүлэх, тогтмол орлоготой иргэдийг орон сууцжуулах ажлыг дэмжих, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, дагуул хотуудыг хөгжүүлэх, орон сууцны нийлүүлэлт болон орон сууцны засвар үйлчилгээ, Улаанбаатар хотын газрын нөөцийг үр ашигтай эргэлтэнд оруулах замаар хотын суурьшлын бүсийг хөгжүүлэн, бага, дунд орлоготой иргэдийн орон сууцны хангамж, нөхцлийг сайжруулах үйл ажиллагааг нэгтгэн зохицуулан зохион байгуулах, орон сууцны зах зээлийн үнийг тогтворжуулах арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн орон сууцны корпорацийг шинээр байгуулж, хуучин орон сууцыг шинэчлэн барилгажуулах арга хэмжээг хувийн хэвшлээрхолбогдох төрийн болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.
 

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт

 
4.1. Хугацаа
Хөтөлбөрийг 2014-2018 ондхоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
-Нэгдүгээр үе шат: 2014-2016 он
-Хоёрдугаар үе шат: 2016-2018 он
 
4.2. Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрийг төсөл хэлбэрээр хэрэгжүүлэх бөгөөд дараах санхүүгийн эх үүсвэрийг ашиглана:
-улсын болон орон нутгийн төсвөөс орон сууц хөгжүүлэх санд жил бүр олгох хөрөнгө;
-Засгийн газар болон санхүүгийн байгууллагуудын зээл;
-аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хөрөнгө;
-гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламж, хандивын хөрөнгө;
-зээлийн хүү, санхүүгийн үйл ажиллагаанаас олох орлого;
-бонд;
-бусад эх үүсвэр;
 

Тав. Хөтөлбөрийн үр дүн, үнэлэлт, дүгнэлт, хэрэгжилтэнд хяналт тавих

 
5.1.Хөтөлбөрийн үр дүн:
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:
 
-нийслэлийн хэмжээнд нийт 78000айлын орон сууцыг гэр хорооллын дахин төлөвлөлтөөршинээр барьж ашиглалтанд оруулсан байх;
-80000 айлын орон сууц бүхий шинэ суурьшлийг бий болгох;
-нийт 1337.5 га газрыг дахин төлөвлөж барилгажуулах;
-нийт 7000 айлын түрээсийн орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан байх;
-нийт 456
-нийт 8,600 айлын орон сууцыг шинэчлэн барилгажуулах;
-бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны эрэлт, хэрэгцээг дэмжиж, нийлүүлэлтийн олон төрөл, сонголтыг бий болгосноор нийслэлийн иргэдийн орон сууцны хангамж нэмэгдэнэ.
 
5.2.Үр дүнг тооцох шалгуур үзүүлэлтүүд:
Хөтөлбөрийн үр дүнг дараах шалгуур үзүүлэлтийг ашиглан 2014 оны байдлыг 2016 онтой, 2014 оны байдлыг 2018 онтой тус тус харьцуулж үнэлж, дүгнэнэ:
а/нийт хүн амд орон сууцтай хүн амын эзлэх хувь;
б/нэг хүнд ногдох сууцны талбайн хэмжээ;
в/орон сууцны үнэ, орлогын харьцаа;
г/нэг хүнд ногдох дэд бүтцийн зардал;
д/шинээр баригдсан орон сууцны тоо;
е/түрээсийн орон сууцны тоо;
ё/газар дахин төлөвлөлтөөр баригдсан орон сууцны тоо;
ж/газар шинэчлэн зохион байгуулах төсөлд хамрагдсан иргэдийн тоо;
з/орон сууцтай болсон залуу гэр бүлийн тоо;
и/орон сууцтай болсон хүн амын эмзэг хэсгийн иргэдийн тоо;
к/орон сууцтай болсон, орон сууцныхаа нөхцлийг сайжруулсан иргэдийн тоо;
 
5.3.Хөтөлбөрийн явцад хяналт тавих
Хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд хяналт, шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.
 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 94м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат