ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Уншсан тоо: 379
Нийтлэгдсэн: 2015 оны 02 сарын 03
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
                        
                                2015 оны 01 сарын 29 өдөр
                                
Дугаар 23/02Улаанбаатар хот
"Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны  журам"-ыг батлах тухай
                                          Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "з", 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн  20.1 дэх заалт, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
 
1. "Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.
 
2. Журмын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгасугай.
 
 
 

ДАРГА                                 Д.БАТТУЛГА

 

                              


      
    
ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
 

 
НЭГ.  НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 
1.1 Зорилго
 
1.1.1 Энэ журмын зорилго ньнийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй, тохилог амьдрах орчинг бүрдүүлэх,газар ашиглалтыг сайжруулах, гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй амины орон сууцныхороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах хэлбэрээр хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
 
1.2 Үйлчлэх хүрээ  
 
1.2.1 Энэ журам нь Монгол Улсын Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичгийн хүрээнд гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулахаас бусад гэр хорооллын нутаг дэвсгэрт үйлчилнэ.
 
1.3 Нэр томъёо
 
1.3.1" Газар шинэчлэн зохион байгуулах" гэж иргэн өөрийн өмчлөлийн газраас инженерийн болон нийгмийн дэд бүтцийн газрыг хувь нийлүүлэн гаргаж хөрөнгө оруулах, хөрөнгө босгох нөхцөл бүрдүүлэх үйл ажиллагааг иргэдийн оролцоонд үндэслэн хэрэгжүүлэх  төслийг;
1.3.2 "Гэр хороолол" гэж Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийгмийн болон инженерийн дэд бүтцээр бүрэн хангагдаагүй гэр орон сууц бүхий суурьшлыг;
1.3.3 "Иргэний хүсэлт" гэж газар өмчлөгч, эзэмшигчийн газар шинэчлэн зохион байгуулалтанд хамрагдах тухай албан ёсоор ирүүлсэн хүсэлтийг;
1.3.4 "Иргэдийн төлөөллийн байгууллага" гэж газар шинэчлэн зохион байгуулах төслийн бэлтгэл болон төсөл боловсруулах үе шатанд Газар өмчлөгч, эзэмшигч иргэдийн түр зөвлөл хэлбэртэй, төсөл хэрэгжүүлэх болон төгсгөлийн үе шатанд хуулийн этгээдийн аль нэг хэлбэрээр ажиллах төслийн талбар дахь газар өмчлөгч, эзэмшигчийн төлөөллөөс бүрдсэн гишүүддээ үйлчлэх сайн дурын байгууллагыг;
1.3.5 "Газар өмчлөгч, эзэмшигч иргэдийн түр зөвлөл" гэж газар шинэчлэн зохион байгуулах төсөл  боловсруулах үйл ажиллагаанд оролцох үүрэг бүхий иргэдийн төлөөллийн байгууллагын нэг хэлбэрийг;
1.3.6 "Хамрах хүрээ" гэж Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон нутаг дэвсгэрийн онцлогт тулгуурлаж тогтоосон төлөвлөлтийн хязгаарыг;
1.3.7 "Төслийн талбар" гэж газар шинэчлэн зохион байгуулах төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон  газрыг;
1.3.8 "Төсөл" гэж газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, түүнийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, нөхөх олговор, төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан бизнес төлөвлөгөө бүхий баримт бичгийг;
1.3.9 "Төсөл хэрэгжүүлэгч" гэж төслийг хэрэгжүүлэх  иргэдийн төлөөллийн байгууллага, хөрөнгө оруулагч, бусад оролцогч талуудыг;
1.3.10 "Төслийн гэрээ" гэж газар өмчлөгч, хөрөнгө оруулагч болон Нийслэлийн Засаг даргаас томилогдсон эрх бүхий этгээд харилцан тохиролцож байгуулсан баримт бичгийг;
1.3.11 "Хувь нийлүүлсэн газар" гэж газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбар дахь газар өмчлөгчид сайн дурын үндсэн дээр хувь нийлүүлж бий болгосон газрыг;
1.3.12 "Нөөц газар" гэж хувь нийлүүлсэн газраас төслийг санхүүжүүлэх зориулалтаар худалдан борлуулахаар төлөвлөсөн газрыг;
1.3.13 "Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө" гэж Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т заасныг;
1.3.14 "Инженерийн дэд бүтэц¤ гэж эрчим хүч, цэвэр, бохир ус, болон зам, замын байгууламж, тээвэр, харилцаа холбооны шугам сүлжээ, барилга байгууламжийг;
1.3.15 "Нийгмийн дэд бүтэц" гэж эрүүл мэнд, соёл боловсрол, биеийн тамир, спорт худалдаа, ахуйн үйлчилгээний барилга байгууламжийн цогцолборыг;
1.3.16 "Хөрөнгө оруулагч" гэж батлагдсан төслийн бүтэн болон тодорхой хэсгийг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр бүхий хувь хүн болон хуулийн этгээдийг;
 
ХОЁР.  ГАЗАР ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХҮЙЛ АЖИЛЛАГАА 
 
2.1          Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаа нь үндсэн дөрвөн үе шаттайгаар хэрэгжинэ.
2.1.1      Төслийн бэлтгэл үе шат 
2.1.2      Төсөл боловсруулах үе шат
2.1.3      Төсөл хэрэгжүүлэх үе шат
2.1.4      Төслийн төгсгөлийн үе шат 
2.2 Бэлтгэл үе шатанд гэр хорооллын иргэдийг мэдээллээр хангах, төслийн талбарыг тогтоох,  төслийн талбарт нийгэм, эдийн засгийн болон төлөвлөлтийн судалгаа хийх, судалгаанд  дүн шинжилгээ хийх, иргэдийн  бүлэг  зохион байгуулагдахаддэмжлэг үзүүлэх;
2.3 Төсөл боловсруулах үе шатанд төслийн талбарын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний даалгаврыг баталж, эх загвар зургийг боловсруулах, газар өмчлөгч, эзэмшигчидтэй хамтран төслийн бичиг баримт боловсруулж  батлуулах;
2.4 Төсөл хэрэгжүүлэх үе шатанд инженер, геологийн судалгаа хийх, ажлын зураг боловсруулах, батлуулах, төсөл хэрэгжүүлэгч талууд гэрээ байгуулах, барилга байгууламжийг барих, нөөц газрыг борлуулах;
2.5 Төслийн төгсгөлийн үе шатанд батлагдсан зураг төслийн дагуу баригдсан барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээлгэн өгөх, газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг шинэчлэн бүртгүүлэх, борлуулсан нөөц газрын эрхийг шилжүүлэх, төслийн хэрэгжилтийн тайланг дүгнэх, гэрээний биелэлтийг дүгнэн төслийн удирдах хороо болон иргэдийн төлөөллийн байгууллагаар хэлэлцүүлэх, үнэлгээ дүгнэлтийг гаргуулж, төслийг дуусгавар болгох;
2.6 Төсөлд тавигдах шаардлага
2.6.1      Төсөл боловсруулахад төслийн талбарт хамрагдсан газар өмчлөгч, эзэмшигчдийн 75-аас доошгүй хувийнсаналыг авсан  байх;
Төслийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгУлаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөтэй уялдуулах;
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тухайн төслийн талбар дахь газар өмчлөгчид дэмжиж, гарын үсэг зурснаар бүрэн боловсруулж дууссанд тооцох;
Бүрэн боловсруулж дууссан төслийг төслийн удирдах хороонд танилцуулж,  батлуулах;
2.7 Төслийн бүрдэл             
2.7.1 Төсөл хэрэгжүүлэх талбарын судалгааны тайлан
2.7.2 Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
2.7.3 Газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төсөл хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөө
2.7.4      Төслийн санхүүжилтын төлөвлөгөө
2.8 Газар өмчлөгчид газраар хувь нийлүүлэх 
2.8.1      Төсөл хэрэгжүүлэх талбарт батлагдсанхэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд уялдуулан газраар хувь нийлүүлэх үйл ажиллагааг газар өмчлөгчидтэй хамтран зохион байгуулна;
2.8.2      Газраар хувь нийлүүлэх үйл ажиллагаанд газар өмчлөгчдийн газар өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан газрын хэмжээг үндэслэл болгоно;
2.8.3      Газар өмчлөгч өөрийн өмчлөлийн газрын хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашсан газрыг хувь нийлүүлэх газарт тооцохгүй ба уг газар нь нийтийн эзэмшлийн газарт тооцно;
2.8.4      Хувь нийлүүлсэн газрыг нөөц газар, дэд бүтэц, нийтийн эзэмшлийн зам талбай болон барилга байгууламж барихзориулалтаар ашиглана;
2.8.5      Хувь нийлүүлсэн газрыг энэ журмын 2.8.4-д зааснаас өөр зориулалтаар ашиглахыг хориглоно;
2.8.6      Хувь нийлүүлсэн газрын эрхийн шилжилт хөдөлгөөний хоригийг төсөл хэрэгжиж дуусахад цуцалж, шинээр газрын эрхийн харилцаа үүснэ;
 
ГУРАВ. ИРГЭН, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО
 
3.1  Иргэдийн төлөөллийн байгууллага
 
3.1.1 Газар өмчлөгч бүр "Иргэдийн төлөөллийн байгууллага"-ын гишүүн байх ба саналын нэг эрхтэй.
3.1.2 Иргэдийн төлөөллийн байгууллага нь төслийн бэлтгэл болон боловсруулах үе шатанд "Иргэдийн түр зөвлөл" хэлбэртэй байх ба төсөл хэрэгжүүлэх болон төгсгөлийн үе шатанд хуулийн этгээдийн хэлбэрээр зохион байгуулагдана.
3.1.3 Иргэдийн түр зөвлөл нь тухайн төслийн талбар дахь газар өмчлөгчдийн 75-аас доошгүй хувийн бүрэлдэхүүнтэй хурлаар байгуулагдах ба хурлаас үйл ажиллагааны төлөвлөгөө, бүтцийг батална.
3.1.4 Иргэдийн төлөөллийн байгууллага нь төслийн хэрэгжилтэнд иргэдийн оролцоог хангаж ажиллана.
3.1.5 Иргэдийн төлөөллийн байгууллага нь төслийн талбар, засаг захиргааны зохион байгуулалт, тухайн газрын онцлогоос хамааран нэгж бүлгүүдтэй байж болно.
3.1.6 Иргэдийн төлөөллийн байгууллага нь төсөл хэрэгжиж дууссаны дараа талуудтай зөвшилцсөний үндсэн дээр төслийн дараах ашиглалтыг хариуцаж болно.
3.1.7 Төслийн төгсгөлийн үе шатанд иргэдийн төлөөллийн байгууллага нь төслийн хүрээнд хийсэн ажлын тайланг нийт газар өмчлөгчдийн хурлаар тайлагнана.
 
ДӨРӨВ. ТӨСЛИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
 
4.1 Төслийн удирдах хороо
 
4.1.1 Иргэдийн төлөөлөгчдийн хурын тэргүүлэгчид гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулах төслийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, бүтэц, дүрмийг батлана.
4.1.2 Төслийн удирдах хороо нь иргэдийн санаачлагаар боловсруулсан төслийн талбарыг батална.
4.1.3 Төслийн удирдах хороо нь төслийг хэрэгжүүлэх явцад гарах аливаа асуудлыг шийдвэрлэж, хэлэлцсэн асуудлаараа зөвлөмж, дүгнэлт, тэмдэглэл гаргаж, үүрэг даалгавар өгнө.
4.1.4 Төслийн удирдах хороо нь төслийн талбарт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих инженерийн болон нийгмийн дэд бүтэц, инженерийн бэлтгэл арга хэмжээ, батлан хамгаалах, аюулгүй байдал, гамшигаас хамгаалах барилга байгууламжийн жагсаалтыг гаргах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлнэ.
4.1.5 Төслийн удирдах хороо нь газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны бэлтгэл үе шат буюу иргэдийг мэдээлэл, сургалт, сурталчилгаагаар хангах, иргэдийн бүлэг зохион байгуулагдахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын төсөв, төлөвлөгөөг баталж, шаардлагатай санхүүжилтыг шийдвэрлүүлнэ.
4.1.6 Төслийн удирдах хороо нь төсөл хэрэгжих нөхцлийг бүрдүүлэх, төсөл хэрэгжилтийн үйл ажииллагаанд дэмжлэг үзүүлнэ.
4.1.7 Төслийн удирдах хороо нь ажлын албатай байна. Ажлын албаны үүргийг "Гэр хорооллын орон сууцжуулах төсөл" ОНӨҮГ гүйцэтгэнэ.
 
4.2          Нийслэлийн Засаг дарга нь холбогдох мэргэжлийн байгууллага, төслийн талбарын иргэдийн төлөөллөөс бүрдсэн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үүрэг бүхийажлын хэсгийг байгуулна.
 
4.3          Төслийн удирдах хорооны ажлын алба
 
4.3.1 Ажлын алба нь газар өмчлөгч, хөрөнгө оруулагч нартай төсөл хэрэгжүүлэх гэрээг харилцан тохиролцож Нийслэлийн Засаг даргад санал оруулах,
4.3.2 Ажлын алба нь төслийн талбар дахь нийтийн эзэмшлийн газрын төлөвлөлт, зарцуулалтыг хариуцан хэрэгжүүлнэ.
4.3.3 Ажлын алба нь төслийн талбарт улс, нийслэлийн төсөв, олон улсын байгууллагын зээл тусламжаар хэрэгжих ажлын захиалагч байх ба захиалагчийн хяналтыг хэрэгжүүлнэ.
4.3.4 Ажлын алба нь төслийн хэрэгжилтийг хагас жил тутамд үнэлжНийслэлийн Засаг дарга, Төслийн удирдах хороо болон иргэдийн төлөөллийн байгууллагад тайлагнана.
4.3.5 Ажлын алба нь газар өмчлөгч, хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээг Нийслэлийн Улсынбүртгэлийн газарт бүртгүүлж, төслийн талбар дахь газар өмчлөгчийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг гэрээний хүчинтэй хугацаанд эх хувиар нь хадгална.
4.3.6 Ажлын алба нь төслийн талбар тус бүрт хяналт тавих, хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий төслийн нэгжтэй байж болно.
 
4.3.7 Ажлын алба нь газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны бэлтгэл үе шат буюу иргэдийг мэдээлэл, сургалт, сурталчилгаагаар хангах, иргэдийн бүлэг зохион байгуулагдахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын төсөв, төлөвлөгөөг жил бүр боловсруулж, батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
 
4.4 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар:
 
4.4.1 Төслийн хамрах хүрээг тогтоох, төслийн талбарын хил хязгаарыг ажлын албатай зөвшилцөх;
4.4.2 Төслийн талбарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн даалгаврыг ажлын 10 хоногт багтаан боловсруулж батлах;
4.4.3 Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавих, барилга байгууламж бүрт зургийн даалгаврыгажлын 10 хоногт багтаан боловсруулах, зураг төсөл батлах;
4.4.4  Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авах ажлыг зохион байгуулах;
 
4.5 Нийслэлийн Өмчийн харилцааны газар:
 
4.5.1 Төслийн талбар дахь газар өмчлөгч, эзэмшигчдийн мэдээлэл, судалгааг ажлын албанд гаргаж өгөх;
4.5.2 Төслийн талбар дахь газар өмчлөгч, эзэмшигчийн бүртгэлийн зөрчлийг арилгуулах арга хэмжээг зохион байгуулах;
4.5.3  Хуулиар хориглоогүй нөхцөлд иргэний газар өмчлөх эрхийг хангах;
4.5.4 Газрын эрх зүйн харилцаанд хяналт тавих, зөрчил арилгах, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах;
4.5.5 Төслийн талбар дахь хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг төслийн шаардлагад нийцүүлэн зохицуулах;
 
4.6 Нийслэлийн Улсын бүртгэлийн газар:
 
4.6.1 Тухайн төслийн талбар дахь газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийг холбогдох мэдээлэл, судалгаагаар хангах,
4.6.2 Оролцогч талуудын гэрээг бүртгэх;
4.7 Захирагчийн ажлын алба нь инженерийн байгууламжийн зураг төслийг ажлын 10 хоногт багтаан зөвшилцөх, хяналт тавих;
4.8          Нийслэлийн Авто замын газар нь төслийн талбар дахь авто зам, замын байгууламжийг төлөвлөх ба ажлын зураг төслийг зөвшилцөх, зам барилгын ажилд хяналт тавих;
4.9          Энэ журмаар тусгайлан зааснаас бусад Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага энэ журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ;
 
 
ТАВ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
 
5.1          Төслийн хөрөнгө оруулалт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ;
- Хөрөнгө оруулагчийн санхүүжилт
- Хувь нийлүүлсэн газар
- Төрийн өмчийн газар
- Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт
- Олон улсын байгууллагын  зээл тусламж
5.2 Хөрөнгө оруулагч нь улс, нийслэл, хувийн хэвшил, төрийн байгууллага, төрийн бус байгууллага зэрэг өмчийн ямар ч хэлбэрийн хуулийн этгээд байж болно.
5.3 Төслийн талбар дахь салбар шугам сүлжээ, хороолол дундах зам талбайгаас бусадинженерийн болон нийгмийн дэд бүтэц, инженерийн бэлтгэл арга хэмжээ, гамшгаас хамгаалах барилга байгууламжийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ. 
5.4 Төслийн талбар дахь газар өмчлөгч иргэн төслийн шаардлага болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж болно.
5.5 Хөрөнгө оруулагч этгээдийн төсөлд оролцох эрх зүйн хэм хэмжээ болонтөслийн хэрэгжилтийн явцад хүлээх үүргийг төсөл хэрэгжүүлэгч талуудын хэлэлцэн тохиролцож байгуулсан  гэрээгээр зохицуулна.
5.6 Хөрөнгө оруулагч нь бусад аж ахуйн нэгж байгууллагатай ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулж болно.
5.7 Төслийн талбарт орших айл өрх, байгууллага нь бүрэн шаталттай зуух ашиглах, боловсруулсан түлш хэрэглэх, ахуйн хэрэглээндээ хий /газ/ хэрэглэх, бие засах газар, бохир усны нүх, суваг нь хөрсний бохирдол үүсгэхгүй байх, инженерийн шийдэлтэй ногоон байгуламж, хүүхдийн тоглоомын болон ахмад настны амралтын талбай, камержуулсан байх, хөршийн холбоотой байх зэрэг шаардлагуудыг хангах үүрэг хүлээх.
 
ЗУРГАА. БУСАД
 
6.1 Энэ журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний чөлөөт цагт Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.
6.2 Нийслэлийн төр захиргааны байгууллагууд нь төсөлболовсруулах болон хэрэгжүүлэх үе шатанд шаардагдах судалгаа мэдээллээр хангана. 
6.3 Энэ журмыг хэрэгжүүлээгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдэд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
 






Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 94м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат