ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ОРОН СУУЦ ХУВЬЧЛАГДАХГҮЙ

Уншсан тоо: 484
Нийтлэгдсэн: 2017 оны 09 сарын 20

Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт хараагүйчүүдийн 90 айлын орон сууцны нээлт болж, 106 айл өрх шинэ байрандаа орлоо. 

Нээлтэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд, дүүргийн Засаг Дарга С.Одонтуяа болон бусад албаны хүмүүс оролцож иргэдийн байрны түлхүүрийг гардуулан өглөө.

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон сууцыг барих санаачлагыг анх УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гаргаж байсан бөгөөд 2015 онд Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын Яамны сайдаар ажиллаж байхдаа төсвийн багцад дөрвөн дөрвөн тэрбум гаруй төгрөг суулгаж, барилгын ажлыг эхлүүлж байжээ.

Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо, Хараагүй иргэдийн үйлдвэрлэл, сургалтын төвийн дэргэд уг орон сууц баригдсан нь хараагүй иргэд үйлдвэрийнхээ дэргэд гэртэй болж, олон бэрхшээлээс ангижирч байна. Тус үйлдвэрт ажилладаг хараагүй иргэдийн дийлэнх нь хол газраас ажилдаа ирдэг учир машинд дайруулах, траншей, жалганд унах зэрэг олон  эрсдэлтэй тулгардаг тухайгаа энэ үеэр учирлан хэлж байлаа.

90 айлын зориулалттай баригдсан уг орон сууцад орох хүсэлтэй иргэн олон байсан учир тэдний хүсэлтийн дагуу зарим том талбай бүхий байруудыг хувааж ийнхүү 106 айл өрхийг оруулжээ.

Монгол Улсын хэмжээнд 116 мянга гаруй харааны бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд төрийн зүгээс олон ажил хийх шаардлагатай байгааг албаны хүмүүс хэлж байлаа.

Хараагүйчүүдийн Хөдөлмөр Сургалтын Үйлдвэрийн захирал З.Болдсайхан:

"Манай хараагүй иргэд бусад орон сууцны хөтөлбөр, мөн найман хувийн ипотект хамрагдаж чаддаггүй. Тийм учраас  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгайлан халамжийн орон сууц барьж орон, сууцаар хангах нь туйлын чухал. Анхдагч нь манай барилга болж байгаад баяртай байна. Хараагүйчүүдийн үйлдвэрийн ажилчид энэ орон сууцанд орж байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, энэ орон сууц маань улсын өмчит учир өмчлөгдөж, хувьчлагдахгүй. Зөвхөн амьдарч, ашиглалтын зардлаа хувь хүн өөрөө төлнө. Ашиглалтын зардалд дулаан цахилгаан багтана. Талбай ашиглалтын буюу СӨХ-ийн бага хэмжээний мөнгөө төлнө. Түрээсийн мөнгө гэж байхгүй” хэмээн ярьсан юм.

                                                                                                                                                                                                                            П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,900,000₮

65м2 - 105м2

Сайн резиденс

Хан-Уул дүүрэг, Зайсан

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,300,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат

2,300,000₮

49м2 - 105м2

Нарын хороолол III-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол