ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭР НЭМЭГДЭХ ТӨЛӨВ ХАРАГДАХГҮЙ БАЙНА

Уншсан тоо: 533
Нийтлэгдсэн: 2017 оны 09 сарын 23

Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар 2016 оны аравдугаар сард  орон сууцны санхүүжилтийн журмыг шинэчлэн баталсны дагуу ипотекийн зээлийг эргэн төлөлтөөр санхүүжүүлэхээр болсон.

Энэ дагуу Монголбанк 2016 оны 10-р сараас эхлэн “Ипотекийн зээлээр баталгаажсан бонд”-ын үндсэн болон купоны төлбөр болох 25 орчим тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг сар бүр санхүүжүүлж ирлээ.

“Купоны хүүг улсын төсөвт суулгах ёстой” гэсэн зөвлөмжийг ОУВС-аас өгсөн учраас 2017 оны төсвийн тодотголд 111 тэрбум төгрөгийн эх үүсвэр суулгаж байв. 

ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Монголбанк зөвхөн бондын үндсэн төлбөрөөр ипотекийн зээлийг санхүүжүүлж, купоны төлбөртэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг Засгийн Газар хариуцаж байна.

Өнгөрсөн сард Засгийн Газар, Монголбанк хамтран 24.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ипотекийн зээлд зориулан гаргажээ. Монголбанкнаас 254 зээлдэгчийн 15.05 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн Газраас 142 зээлдэгчийн 8.89 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгосон байна.

Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн дагуу, ипотекийн зээлийн хөтөлбөрийг ирэх онд багтааж Монголбанкнаас Засгийн Газарт бүрэн шилжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд судалгааны ажлуудыг энэ онд багтаан хийж, бэлтгэл ажлыг бүрэн хангахаар ажиллаж байгаа гэж Монголбанкны эх сурвалж ярьсан.

Монголбанк санхүүгийн хувьд оролцохоо болих хэдий ч ипотекийн зээлийг хэрхэн үргэлжлүүлэх талаар Засгийн Газарт зөвлөмж өгч ажиллах аж.

Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх гарцыг эдийн засагч, доктор Ч.Хашчулуун хэрхэн харж байна вэ?

-Засгийн Газрын зайлшгүй шийдэх ёстой гурван асуудал байна. Нэгдүгээрт, эрэлт нь өндөр, барилгын материал үйлдвэрлэлийн хүчин чадал нь хангалттай байгаа одоогийн боломжийг ашиглаж орон сууцжуулах ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй.

 -Хоёрдугаарт, ипотекийн зээлийн чиглэлээр гол үйл ажиллагаа явуулдаг МИК-ийн харьяаллын асуудлыг шийдэх хэрэгтэй. Монголбанк 2013 онд хөтөлбөр гаргаад тодорхой хэмжээгээр дэмжиж байсан. Одоо Засгийн Газарт шилжиж байна. Тиймээс Засгийн Газар аль яаманд хариуцуулахаа шийдэж, тогтоол шийдвэрээ гаргах хэрэгтэй.

-Гуравдугаарт, МИК-ийг менежмент, өмчлөлийнх нь хувьд олон улсын зах зээл рүү ойртуулах хэрэгтэй. Энэ тогтолцоог Монголд анх үүсэхэд Азийн Хөгжлийн Банк идэвхитэй оролцсон. Азийн Хөгжлийн Банкны 2005 оны тайланд үндэслээд тухайн үеийн Засгийн Газар, Монголбанк, арилжааны банкуудын оролцоотой байгуулж яваандаа МИК болсон. Тиймээс энэ бүтцээрээ дамжуулаад гадаад, дотоодын зах зээлээс хөрөнгө татах орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ипотекийг төсвөөс мөнгө гаргаж дэмждэггүй юм гэхэд олон улсын зах зээлээс мөнгө татах боломж нээлттэй...

Ипотекийн зээлийг ямар хувилбараар үргэлжлүүлэх шийдлийг Засгийн Газарт бүрэн шилжүүлсэн хойно гаргана гэж албаныхан ярьж байгаагаас харахад шинэ эх үүсвэр мөддөө шийдэгдэхгүй бололтой.

Засгийн Газар эмхлэн байгуулагдах, улмаар ОУВС-ийн хөтөлбөрт ямар байр суурьтай байгаагаа илэрхийлэх, ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн Газарт шилжүүлэх зэрэг хүлээгдэж байгаа асуудал олон байна.  Энэ бүхний дараа л эх үүсвэрийг нэмэгдүүлэх гарц хайж магадгүй. 

Эсвэл ипотекийн зээл  "мөлхөө" байдлаараа үргэлжилж,  иргэд зээлийн шийдвэрээ гаргуулсан ч санхүүжилтээ удаан хугацаагаар хүлээж, олон мянган орон сууц зах зээл дээр борлогдохгүй  байсаар байх уу гэдгийг шинээр байгуулагдах Засгийн Газар шийдэх болж байна.

                                                                                                                                                                                                        П.Болор                

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол