УЛААНБААТАР-ОРОН СУУЦ САНГААС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ

Уншсан тоо: 733
Нийтлэгдсэн: 2015 оны 03 сарын 20
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
                        
                                2015 оны 03 сарын 16 өдөр
                                
Дугаар 24/03Улаанбаатар хот
Журам батлах тухай
                                              
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.в, 18.1.3 е, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.2, 58.1.3, 58.1.9, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ: 
 
1.Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын төрөөс орон байраар хангагдах баталгааг хангах зорилгоор "Улаанбаатар-орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам"-ыг хавсралтаарбаталсугай.
 
2.Журмын хэрэгжилтийг хангах, нийслэлийн хэмжээнд орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн нэгдсэн судалгаа хийх, мэдээллийн сан байгуулах ажил зохион байгуулж биелэлтийг жил бүрийн 11 сарын 10-ны өдрийн дотор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Э.Бат-Үүл/-д үүрэгболгосугай.
 
3. Энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай. 
 
 
 

ДАРГА                                   Д.БАТТУЛГА

                              


      
    
УЛААНБААТАР-ОРОН СУУЦ САНГААС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ
 

 
 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 
  1. 1. Энэхүү журмын зорилго нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 17/17 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн орон сууцны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх, Төрийн албаны тухай хуулийн 27.1.5-д заасны дагуу төрийн албан хаагчдын төрөөс орон байраар хангагдах баталгааг хангахад оршино.
  2. 2. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан нийтийн болон амины орон сууцны барилгаас орон сууц худалдан авахад нь "Улаанбаатар-орон сууцны сан" \цаашид Сан гэх\-гаас урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх  замаар нийслэлийн харъяа байгууллагын төрийн албан хаагчдыг орон сууцжуулахтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.
  3. 3. Сангаас төрийн албан хаагчид орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрт нь дэмжлэг үзүүлэхдээ Монгол Улсын Иргэний хууль, Орон сууцны тухай хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актыг баримтална.

 

ХОЁР. УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ХЭМЖЭЭ, 

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. 1 Сангаас үзүүлэх урьдчилгаа төлбөрийн дэмжлэгийн хэмжээ нь орон сууцны урьдчилгаа төлбөр дутагдалтай байгаа нийслэлийн харъяа байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч[1]-ын худалдан авах орон сууцных нь зээлийн урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувийн төлбөртэй тэнцүү байна. 
  2. 2. Орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах хүсэлт гаргаж байгаа Төрийн албан хаагч дараах шаардлагыг хангасан байна.
  3. 2.1. Нийслэлийн харъяа төрийн байгууллагад 3-аас доошгүй жил тогтвортой ажилласан байх, цаашид тогтвор суурьшилтай ажиллах;
     
  4. 2.2. худалдан авах орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийн 50 хувийг төлж барагдуулах чадвартай байх;
  5. 2.3. ажил олгогчоос тухайн төрийн албан хаагчид орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг олгуулахаар шийдвэрлэсэн[2] байх;
  6. 2.4. урьдчилгаа төлбөр дутагдалтай боловч харилцагч банк, санхүүгийн байгууллагын зээл олгох бусад шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх;
  7. 3. Төрийн албан хаагчдыг орон байраар хангах зорилгоор урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх орон сууц нь дор дурьдсан шаардлагыг хангасан байна. 
  8. 3.1. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд баригдсан байх;
  9. 3.2. Ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн норм ба дүрмийн дагуу инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтийн эзэмшлийн зам, талбай бүхий төлөвлөж барилгажуулсан байх;
  10. 3.3. Орон сууцны үнийн хувьд зорилтот бүлгийн иргэдэд боломж олгосон, уян хатан зарчим баримталсан байх;
  11. 3.4. Орон сууцны талбай нь 80 мкв-аас ихгүй байх.
  12. 4. Төрийн албан хаагч сонгосон орон сууцаа худалдан авахад моргейжийн зээл авах боломжтой эсэх талаар харилцагч банкиндаа хүсэлтээ гаргаж банкнаас зээл өгөх боломжтой эсэх талаар тодорхойлолт авсан байна.   
  13. 5. Харилцагч банк тухайн төрийн албан хаагчид зээл олгох боломжтой гэсэн хариу өгсөн тохиолдолд Сангаас урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах тухай хүсэлтээ худалдан авах орон сууцныхаа моргейжийн зээл авах харилцагч банк, санхүүгийн байгууллагын тодорхойлолтын хамт ажил олгогчдоо гаргана. 
  14. 6. Харилцагч банк, санхүүгийн байгууллагын тодорхойлолт нь эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажсан байна.

ГУРАВ. УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ САНГИЙН 

ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЭРХ ҮҮРЭГ

 

  1. 1. Сан нь урьдчилгаа төлбөрт дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг дор дурьдсан үе шатаар хэрэгжүүлнэ. 
  2. 1.1. Тухайн жилийн хөрөнгийн үүсвэрээс хамааран нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагуудад орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх квот тогтоох; 
  3. 1.2. Ажил олгогч болон банк, санхүүгийн байгууллагаас ирүүлсэн тодорхойлолтыг хүлээн авч, санал боловсруулж, Сангийн ажлын албанд ажлын 10 хоногийн дотор уламжлах;
  4. 1.3. Сангийн ажлын албажурмын 3.1.1-д заасны дагуу ирүүлсэн материалыг хянан үзэж ажлын 2 хоногийн дотор сангаас дэмжлэг үзүүлэх эсэх талаарх шийдвэрээ ажил олгогчид хүргүүлнэ.
  5. 2. Хүсэлт гаргасан төрийн албан хаагчид Сангаас орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх шийдвэр нь Сангийн Зөвлөлийн тогтоол байна. Тогтоол гарсан өдрөөс  хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
  6. 3. Сангаас орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд Монгол Улсын Иргэний хуульд нийцүүлэн зээлдэгчийн харилцагч банк, санхүүгийн байгууллага, Зээлдэгч, Сангийн хооронд Урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авахгурван талт гэрээг Сангийн зөвлөлийн тогтоол гарсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан байгуулна. 
  7. 4. Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авахгэрээнд дараах зүйлсийг заавал  тусгасан байна. 
  8. 4.1. Гэрээнд оролцогч талуудын нэр, улсын бүртгэл/регистрийн дугаар, хаяг, холбоо барих утасны дугаар;           
  9. 4.2. Урьдчилгаа төлбөрийн нийт хэмжээ;
  10. 4.3. Сангаас үзүүлэх урьдчилгаа төлбөрийн дэмжлэгийн хэмжээ;
  11. 4.4. Талуудын эрх, үүрэг, хариуцлага;
  12. 4.5. Гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих нахцөл, шаардлага;
  13. 4.6. Гэрээг дүгнэх, үүсэх үр дагавар, түүний зохицуулалт;
  14. 4.7. Гэрээ дуусгавар болох нөхцөл.
  15. 5. Журмын 3.3-т заасан гэрээ байгуулсан өдрөөс хойш Сангийн данснаас ажлын 3 хоногт багтаан хүсэлт гаргасан төрийн албан хаагчид үзүүлэх урьдчилгаа төлбөрийн дэмжлэгийг тухайн төрийн албан хаагчийн худалдаж авахаар сонгосон орон сууцыг барьсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа компаний дансанд шилжүүлнэ. 
  16. 6. Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах гэрээгээр хүлээсэн үүргээ санаатайгаар биелүүлээгүй, хууран мэхлэх арга хэрэглэсэн, зээлийн сахилга бат зөрчсөн зээлдэгчтэй байгуулсан гэрээг цуцалж хүлээн авсан дэмжлэгийг буцаан төлүүлж,  дахин орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхгүй бөгөөд зөрчилтэй этгээдийн жагсаалтад бүртгэж  шаардлагатай бол хууль, хяналтын байгууллагад шилжүүлнэ. 
  17. 7. Сангаас энэхүү журмын 2.3, 2.4-т заасан шаардлага хангаагүй болон дор дурьдсан зөрчилтэй этгээдэд дэмжлэг зүүлэхийг хориглоно.
  18. 7.1. Байнгын оршин суух тодорхой хаяггүй;
  19. 7.2. Өмнө нь зээлэнд хамрагдсан боловч зориулалтын дагуу ашиглаагүй;
  20. 7.3. Сангаас шаардсан нэмэлт мэдээллийг өгөхөөс татгалзсан;
  21. 7.4. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн.
  22. 8. Сан нь дараах тохиолдолд Төрийн албан хаагчаас урьдчилгаа төлбөрийг буцаан нэхэмжилнэ. 
  23. 8.1. Дэмжлэг авсан төрийн албан хаагч банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу  зээлээ төлөх хугацаа  нь 90 хоног өнгөрсөн;
  24. 8.2. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасны дагуу ажлаас халагдсан.
  25. 9. Сан нь урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлснийхээ хувьд дараахи эрх эдэлнэ. 
  26. 9.1. Зээлдэгчийн санхүүгийн байдал, зээлийн зориулалт, ашиглалт зэрэгт хяналт тавих зорилгоор санхүү болон аж ахуйн үйл ажиллагааны тайлан материалтай танилцах;
  27. 9.2. Зээлдэгчийн зээлийн гэрээгээр төлөх зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болон зээл, зээлийн хүүг төлүүлэх, шүүхийн ажиллагаатай холбогдох зардал болон бусад хохирлыг Зээлдүүлэгчийн өмнө хариуцахгүй байх;
 
  1. 10. Сан нь төрийн албан хаагчдад орон сууцны зээл олгож байгаа банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах бөгөөд дараахи чиг үүргийг хэрэгжүүлнэ. 
  2. 10.1. Урьдчилгаа төлбөрийн дэмжлэг хүссэн хүсэлтийг  журамд заасны дагуу шуурхай шийдвэрлэх;
  3. 10.2. Сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар хуульд нийцсэн үйл ажиллагааг явуулах;
  4. 10.3. Сангийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгийн бүртгэлийн баримт бичгүүдэд орсон өөрчлөлтийг Зээлдүүлэгчид нэн даруй хүргүүлэх;
  5. 10.4. Аливаа байдлаар банкыг төлөөлөхгүй, банкны өмнөөс шийдвэр гаргахгүй, амлалт өгөхгүй байх.

ДӨРӨВ. НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ХАРЪЯА БАЙГУУЛЛАГЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

 
  1. 1. Төрийн албан хаагчдыг орон сууцны хөтөлбөрт хамруулах, орон сууцаар хангах талаар нийслэлийн нутгийн захиргааны болон харъяа байгууллага дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ. 
  2. 1.1. Төрийн албан хаагчдын орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн талаар судалгаа хийх, мэдээллийн санд бүртгэл хөтлөх;
  3. 1.2. Төрийн албан хаагчдын ажилласан жил, ажлын үр дүн, мэргэжлийн ур чадвар зэргийг нь харгалзан худалдан авах орон сууцных нь урьдчилгаа төлбөрийн 50 хувь хүртэл хэмжээгээр буцалтгүй тусламж олгох замаар дэмжлэг үзүүлэх;
  4. 1.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсөвт тусгах, хандивлагч орнуудын зээл, тусламжид хамруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх;
  5. 1.4. Төрийн албан хаагчид моргейжийн зээлд хамрагдах нөхцөл боломжоор хангах зорилгоор банкуудтай хамтран ажиллах, гэрээ хэлэлцээр байгуулах, зээлийн болон уьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаж өгөх;
  6. 1.5. Байгууллагынхаа төрийн албан хаагчдыг Улаанбаатар орон сууцны сангаас урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамруулахад баримтлах журмаа нийт ажиллагсдаараа хэлэлцүүлэн батлах.
 
 

ТАВ.ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ 

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ

 

  1. 1. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж, байгууллага дараахи чиг үүрэгтэйгээр оролцоно. 
  2. 1.1. Тухайн жилд зорилтот бүлэг түүн дотроос нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад шаардлагатай байгаа орон сууцны талаар мэдээлэл авах, нийлүүлэлтийн талаар санал солилцох;
  3. 1.2. Төрийн албан хаагчдад шаардлагатай орон сууц нийлүүлэх талаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулах, хамтран ажиллах;
  4. 1.3. Нутгийн захиргааны байгууллага урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргасан тохиолдолд үнийн хөнгөлөлт үзүүлэх, моргейжийн зээлд хамруулах талаар банкуудтай хамтран ажиллах;
  5. 1.4. Орон сууц хүлээлгэж өгөх хугацаа хоцорсон тохиолдолд хугацаа хоцорсон хоног тутамд 0,3 хувийн алданги төлөх үүрэг хүлээнэ.  

 

ЗУРГАА. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

  1. 1. Сангийн Урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх орлогын эх үүсвэр, зарцуулалтад хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 9/37 дугаар тогтоолоор батлагдсан "Улаанбаатар орон сууцны сангийн журам"-д заасны дагуу хэрэгжүүлнэ.
  2. 2. Журамтай холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх ба ажил олгогчоос Улаанбаатар сангийн дэмжлэг хүссэн төрийн албан хаагчдаа шалгаруулсан үйл ажиллагаатай холбоотой маргааныг тухайн байгууллага баталсан журмынхаа дагуу хариуцан шйидвэрлэнэ. 
  3. 3. Сангийн төрийн албан хаагчдад орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаанд Сангийн зөвлөл хяналт тавих ба хяналт шалгалтын дүнг Удирдах зөвлөлийн хуралд улирал бүр тайлагнана.
  4. 4. Сангийн зөвлөл нь орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах гэрээ, тайлан мэдээ, холбогдох материалыг хянахдаа зээлдүүлэгч болон иргэдээс мэдээлэл авах, тулгалт хийх замаар хэсэгчлэн буюу иж бүрнээр нь газар дээр нь шалгаж болно.
  5. 5. Сангийн ажилтан нь орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах хүсэлт гаргасан аливаа этгээдэд давуу байдал үүсгэх, хувийн ашиг сонирхолын зөрчил гаргахыг хориглоно.
  6. 6. Энэхүү журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол холбогдох хуульд заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

ДОЛОО. БУСАД

  1. 1 Энэхүү журамд нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, шинэчлэн найруулах асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэж шийдвэрлэнэ. 
  2. 2 Энэхүү журмаар зохицуулагдаагүй Сангаас орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхтэй холбоотой бусад харилцааг Иргэний хууль, болон бусад холбогдох хууль тогтоомжоор зохицуулна. 
 


[1]Төрийн албаны тухайхуулийн 11.1-д заасан төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд.




[2]Тухайн байгууллага ажилтнууддаа Улаанбаатар орон сууцны сангаас урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авахад баримтлах журмаа нийт ажиллагсдаараа хэлэлцүүлэн баталсан байна.










Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол