У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН БХБ-ЫН САЙД ХЭН БЭ?

Уншсан тоо: 527
Нийтлэгдсэн: 2017 оны 10 сарын 04

2017-10-04 11:14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхлээд байна. 

Хуулийн дагуу Ерөнхий Сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч Х.Баттулга танилцуулж, одоо гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байна. 

У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийн 50-иас дээш хувийн дэмжлэг авах нь нэгэнт тодорхой болсон.

Харин шинэ Засгийн Газарт багтах марафон нам дотор нь өрнөөд удаж байна. Сайдын суудал өгөхгүй бол Засгийг чинь тогтвортой ажиллуулахгүй гэж У.Хүрэлсүхийг  М.Энхболдын бүлэглэл  сүрдүүлсэн, Ерөнхийлөгч Х.Баттулга сайдын томилгоонд оролцож байгаа гэх яриа Төрийн Ордноор өрнөж байна.

Огцорсон Засгийн Газрын зарим сайдууд суудал дээрээ үлдэхийг санаархаж байгаа сураг ч гарсан.

Барилгын салбарыг толгойлох эрхмийг ямар ажлууд хүлээж байгааг  шинэ Засгийн Газар бүрэлдэх гэж байгаа энэ үед хүргэе.

-Ипотекийн зээл, төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөр... гээд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын Засгийн Газрын үед хэрэгжиж эхэлсэн олон ажлууд өнгөрсөн хугацаанд жинхэнэ утгаараа унтаа байдалд орсон гэж болно. БХБ-ын сайдын албан тушаал ипотекийн зээлтэй шууд холбоогүй ч, оролцоотой л байх ёстой.

-Зах зээлд борлогдоогүй олон тооны орон сууц байна. Гэтэл өнөөдөр байранд орох хүсэлтэй залуу гэр бүл олон байна. Энэ хоёрыг уулзах уулзварыг бий болгох, хураасан бэлэн мөнгө байхгүй иргэд сарын түрээсийн төлбөрөө төлөөд орон сууцанд амьдрах бололцоог бодлогоор бий болгож, хангаж өгөх талаар "Мэргэжлийн" гэх тодотголтой Засгийн Газар, түүний БХБ-ын сайд “А” ч гэж дуугарсангүй.

-ТОСК хэмээх том бүтэцтэй байгууллагыг зөвхөн түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг болгоод авсан. Төрийн мөнгөөр баригдсан орон сууцнуудынхаа түрээсийг хурааж, цуглуулах төдий ажил хийгээд явах уу, эсвэл гадны орнуудын ижил төстэй байгууллагуудын жишгээр иргэдээ хямд үнэтэй орон сууцаар хангах бодлого давхар хэрэгжүүлэх үү гэдэг нь тодорхойгүй болсон байна.

Орон сууцаа түрээслэж байгаад урьдчилгаагаа бүрдүүлэн худалдаж авдаг хувилбарыг манайд хэрэгжүүлэх боломж байгаа талаар Ч.Сайханбилэгийн Засгийн Газрын үед яригдаж, ажил хэрэг болохын үед засаг солигдсон. Харин дараагийн Засгийн Газар энэ асуудлыг үл тоосон, сайд нь хуруугаа ч хөдөлгөөгүй.

-Инженерийн шугам сүлжээг шийдэж байж бүх ажил хийгдэнэ гэж "Мэргэжлийн" Засгийн Газрын БХБ-ын сайд ярьж байсан ч өнгөрсөн хугацаанд юу амжуулав. Дэндүү удаан байлаа. "100 гаруй “Сервис Центр” барьж гэр хорооллын айлуудыг дэд бүтцэд холбоно" гэж хэсэг бүлэг нөхдийн хамт бүтэн нэг жил ярилаа. Нийслэлийн удирдлагууд ч мөн адил...

-Хан-Уул дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон байруудыг дахин барилгажуулахын тулд инженерийн шугам сүлжээний шинэчлэлд нь зарцуулагдах хөрөнгийг төрөөс шийдэж өгөхөөр өмнө нь яригдаж байсан асуудлыг одоо л нэг ажил хэрэг болгох талдаа орж байх шиг байсан.

-Гэр хорооллын иргэд, баталсан загварын дагуу амины орон сууц барихад бага хүүтэй зээлд хамруулах асуудлыг Шийдлийн Засгийн санаачилж Азийн Хөгжлийн Банктай яриа хэлэлцээр хийж байсан. Дараагийнх нь Засгийн Газрын БХБ-ын сайд Г.Мөнхбаяр энэ асуудлыг энд тэндхийн хурал зөвлөгөөн дээр байнга ярьж байгаа харагддаг болохоос биш одоо хүртэл ажил хэрэг болгож эхлээгүй...

Дээр дурдсан асуудлуудыг шийдэх сэтгэлтэй, зүтгэлтэй, чадвартай, хурдтай хүн БХБ-ын сайдаар томилогдоосой.

Огцорсон Засгийн Газрын сайд нараас У.Хүрэлсүхийн танхимд үлдээнэ гэх тохироо хийвэл Г.Мөнхбаяр л биш байгаасай гэх яриа олны дунд байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Шийдлийн Засгийн Газрын үед БХБЯ-ыг толгойлж, боломжийн ажиллаж байсан ажил хэрэгч, хурдтай хүн. Түүнийг барилгын салбарыг толгойлоосой гэсэн хүлээлт байгаа ч Гадаад Харилцааны Сайдаар томилогдох сураг гараад байгаа юм.

Улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болох барилгын салбараа мэддэг, чадварлаг хүнийг БХБ-ын сайдаар томилохыг У.Хүрэлсүх танаас хичээнгүйлэн хүсч байна.

2017-10-04 12:58

У.Хүрэлсүхийг Ерөнхий Сайдаар томилох асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 47 гишүүн 100 хувийн саналтайгаар  дэмжлээ. Ийнхүү Шадар Сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий Сайд боллоо.  Ерөнхий Сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандан чуулганы индрээс үг хэлж, дараа нь морин цагт тамгаа гардан авлаа.

                                                                                                                                                                                                                      П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол