ДӨРВӨН ЖИЛ ХҮЛЭЭЛГЭСЭН ОРОН СУУЦАА ХЭЗЭЭ ДУУСГАХ ВЭ, "МОННИС-ЫН УДИРДЛАГУУД АА?

Уншсан тоо: 864
Нийтлэгдсэн: 2017 оны 10 сарын 08

Баянзүрх дүүргийн 14-р хороонд  гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр 2013 оны хавар шалгарч байсан “Моннис” группын охин компани  “Моннис Урбан Девелопмент” өнгөрсөн 4 жил гаруйн хугацааг хоёр блок орон сууцны карказтай зууралдсаар дуусгав.

2013 оны хавар тус компанийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч батламжаа гардаж авч байх үед нь “Моннис” группын дэд ерөнхийлөгчөөр тухайн үед ажиллаж байсан Д.Сайнбаяртай хийсэн ярилцлагын хэсгээс эхлээд сонирхуулъя.

-Сонгосон байршилдаа хэрэгжүүлэхээр бодож төлөвлөсөн төслүүдээсээ хуваалцаач?
-Бид аль болохоор бага талбай ашиглаж, 15-аас дээш давхар, орчин үеийн орон сууцыг, ногоон технологи ашиглаж барихыг төлөвлөж байна. Сургууль, цэцэрлэгээ болж өгвөл орон сууцтайгаа зэрэг барих санаа байна. Ард иргэд маань хэрхэн хамтрахаас бас их шалтгаална.
-Орон сууц баригдах хугацаанд оршин суугчдаа хаана байршуулах вэ? 
-Болж өгвөл бүгдийг нь орон сууцанд оруулах бодолтой байна. Дараагийн барилга баригдтал, аятайхан орон сууцанд түрээсийг нь төлөөд иргэдээ байршуулах боломжтой. Манай хувьд тийм бололцоо бүрэн байна, түүнийгээ бардам хэлж чадна.
-Эхний орон сууц хэзээ ашиглалтад орох бол?
-Бид энэ жил ажлаа эхлээд дараа оны 3 дугаар улиралд эхний орон сууцаа ашиглалтад өгнө гэж бодож байна. Энэ ажилд асар их хөрөнгө, сэтгэл, хүч шаардагдана. Гэхдээ үүнээс шантарч болохгүй. Хөгжил биднийг хүлээхгүй.

2013 онд барилгын ажлаа эхлээд 2014 оны 3-р улиралд эхний ээлжийн орон сууцаа ашиглалтанд хүлээлгэж өгнө гэж тухайн үед ярьж байж. Гэтэл одоо хүртэл ашиглалтанд орсон орон сууц алга.  Уг нь тус компани дахин төлөвлөлтийн хүрээнд 10 блок орон сууц барихаар төлөвлөгөөгөө батлуулсан.

Төслөө хэрэгжүүлэхээр чөлөөлсөн 8 га газар дээр нь амьдарч байсан айлууд түрээсийн байр, хамаатан садан, найз нөхдийнхөөрөө толгой хоргодож амьдарсаар дөрвөн жилийг үдлээ.

Олон жилийн туршид  дуншсан орон сууц хэзээ ашиглалтанд орох талаар тус компанийн удирдлагуудаас тодруулахад: 

“Эдийн засгийн хямралаас болж хөрөнгө оруулалт зогссон. Бас гэрээ сунгагдахгүй хүлээгдэх зэрэг асуудлууд их гарч байна. Одоо баригдаж байгаа хоёр блок орон сууцыг 2018 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна” гэсэн хариуг өгч байна.

Газраа чөлөөлсөн айлуудыг орон сууцанд оруулахгүй тэвчээрийг нь барахын зэрэгцээ компанийнхаа ажилтан албан хаагчдыг ч хохироогоод байгаа тухай мэдээлэл байна.

Хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцтай болгоно гэж 125 ажилтнаасаа нэг хүнээс дунджаар 30-40 сая төгрөг, нийт тав орчим тэрбум төгрөгийг байрны урьдчилгаанд авсан байх юм.

Байрны урьдчилгаа болгож мөнгө өгчихөөд дөрвөн жилийн туршид орон сууцаа хүлээсэн ажилтнуудын түрүүч хуулийн байгууллагад хандаж, багагүй хугацаанд шүүхээр явсны дүнд “Моннис” группийн охин компани “Моннис Урбан Девелопмент”-ийн эд хөрөнгийг битүүмжлэх шүүгчийн захирамж өнгөрөгч  9-р сарын 28-ны өдөр гарсан талаар эх сурвалж ярилаа.

                                                  “Моннис Урбан Девелопмент” ийм хороолол барихаар төлөвлөжээ    

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хөрөнгийг улс, нийслэлээс шийдэж өгөх үүрэгтэй бөгөөд энэ дагуу 7 тэрбум төгрөгийг “Моннис Урбан Девелопмент” компанид төсөвлөсөн байдаг. Тус компани дээрхи хөрөнгийн 50 хувийг нь буюу 3,5 орчим тэрбум төгрөгийг нийслэлээс гаргуулж авсан байна.

Тус компанитай нэгэн зэрэг төсөл хэрэгжүүлэгчийн батламжаа гардан авч байсан “Баганат Өргөө”, “Гангар Инвест” зэрэг компаниуд эхний ээлжийн орон сууцнуудаа аль хэдийн ашиглалтанд оруулж, дараагийн барилгууд дээрээ ажиллаж байхад өөрийнхөө ажилчдаас хүртэл урьдчилгаа нэрээр мөнгө авчихсөн “Моннис Урбан Девелопмент” компани яагаад ганц ч айл орон сууцанд оруулахгүй өдий хүрч чадаж байна вэ?

Сэтгүүлч миний бие, тус компанийг газар чөлөөлөлтөө хийж байх үе сурвалжлага хийж байсан. Төслийн талбайнхаа айлуудын газрыг ээлж дараатайгаар биш шууд 8 га буюу 180 орчим айлаар чөлөөлөхөд нь “Компани бүрийн менежмент өөр юм даа, олон зуун айлын орон сууц зэрэг зэрэг бариад явах хөрөнгөтэй л  юм байна” гэсэн бодол төрж байлаа.

Одоо тус компанийн удирдлагууд, "Эдийн засгийн хүндрэлээс болоод санхүүгийн хямралд өртсөн, хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахаас татгалзсан" гэх тайлбарыг өгч сууна. Хямрал нүүрлэсэн хэцүү байж ээ гэж бодъё, гэтэл дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч бусад компанийг бодвол ажилчдаасаа мөнгө авчихсан компани шүү дээ.

Ямартай ч, хямд үнээр орон сууцтай болохоор урьдчилгаа өгсөн 120 гаруй ажилтнаа хохироогоод байгаа “Моннис Урбан Девелопмент” компанийн эд хөрөнгийг битүүмжлэх шүүгчийн захирамж гарлаа.

Хохирсон ажилчдаас нь гадна тус компанид газраа чөлөөлж өгсөн 180 орчим өрх олон жилийн туршид өөрийн гэсэн орон гэргүй амьдарч байна. Түр оршин суух байрны түрээсийн мөнгийг нь өгдөг гэж байгаа ч бүхэл бүтэн дөрвөн жил гаруй орон сууц хүлээж, хямд түрээстэй байр хайж нүүж амьдарна гэдэг амаргүй.

Эд хөрөнгөө битүүмжлүүлэхдээ хүрээд байгаа "Моннис Урбан Девелопмент" компанийг 2018 онд эхний хоёр орон сууцаа ашиглалтанд оруулна гэхэд эргэлзээ төрж  байна.

                                                                                                                                                                                        П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол