ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРЫН 2017 ОНЫ III УЛИРЛЫН ТОЙМ

Уншсан тоо: 2461
Нийтлэгдсэн: 2017 оны 10 сарын 18

Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” ХХК-иас улирал тутам үл хөдлөх хөрөнгийн салбарын тойм мэдээлэл эмхэтгэн хүргэж байгаа бөгөөд 2017 оны III  улирлын тоймыг хүргэж байна.

  • Монгол Улс эдийн засгийн нөхцөл байдлаасаа шалтгаалж ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасныг тус сангийн захирлуудын зөвлөл 2017 оны 05 дугаар сарын 24-ны хурлаараа хэлэлцээд 3 жилийн хугацаатай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулах шийдвэр гаргалаа.
  • Хөтөлбөр батлагдангуут 05 дугаар сарын 25-ны өглөө эхний ээлжийн 38,6 сая ам.долларын санхүүжилт Монголбанкинд орж валютын нөөц нэмэгдсэн юм.
  • Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд нийт 434.3 сая ам. долларын зээл олгогдоно.
  • “Ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх хэрэгтэй, ингэхдээ Монголбанкнаас Засгийн Газарт шилжүүлэх нь зүйтэй” хэмээн ОУВС манай улсад зөвлөсөн юм.
  • ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Монголбанк зөвхөн бондын үндсэн төлбөрөөр ипотекийн зээлийг санхүүжүүлж, купоны төлбөртэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг Засгийн Газар хариуцаж байна. Купоны хүүнд зориулж 2017 оны төсвийн тодотголд 111 тэрбум төгрөг суулгаж байсан юм.
  • Төсөвт суулгаж байгаа купоны төлбөртэй тэнцэх хэмжээний санхүүжилтийн талаар өмнөх тоймоороо тайлбарлаж байсан ч эргэн сануулъя. 2017 оны төсөвт тусгасан 111 тэрбум төгрөг нь энгийнээр тайлбарлахад: “Ипотекийн зээлээр баталгаажсан бонд”-ын үндсэн төлбөрт 16 тэрбум, купоны төлбөрт 9 тэрбум, нийт 25 орчим тэрбум төгрөг сар бүр Монголбанкинд төлөгдөж, үүнийг арилжааны банкуудад буцааж санхүүжилт болгон өгч байна.
  • Купоны төлбөрт сар бүр төлөгддөг 9 тэрбум нь жилээр тооцвол 111 тэрбум төгрөг. Энэ мөнгийг Засгийн Газар хариуцаж арилжааны банкуудад ипотекийн зээлийн эх үүсвэр болгож өгч байгаа бол үндсэн төлбөр болох 16 тэрбум төгрөгийг Монголбанк сар бүр гаргаж байна.
  • Купоны төлбөрт зориулж 2018 оны улсын төсөвт 120 тэрбум төгрөг суулгаж байгаа нь 2018 онд ипотекийн зээлийн санхүүжилт 2017 оныхоос нэмэгдэх төлөвгүйг харуулж байна.
  • ОУВС-ийн хөтөлбөрийн дагуу, ипотекийн зээлийн хөтөлбөрийг ирэх онд багтааж Монголбанкнаас Засгийн Газарт бүрэн шилжүүлэхээр судалгааны ажлууд хийгдэж байна. Монголбанк санхүүгийн хувьд оролцохоо болих хэдий ч ипотекийн зээлийг хэрхэн үргэлжлүүлэх талаар Засгийн Газарт зөвлөмж өгч ажиллана.
  • Ипотекийн зээлийн санхүүжилтийг улсын төсвөөс их хэмжээний мөнгө гаргаж санхүүжүүлдэггүй юм гэхэд байгаа нөөц бололцоондоо тулгуурлан нэмэгдүүлэх ямар боломж байна вэ?
  • а/Ипотекийн зээлийн чиглэлээр гол үйл ажиллагаа явуулдаг МИК-ийн харъяаллын асуудлыг шийдэх. Ипотекийн зээл Засгийн Газарт шилжиж байгаа тул МИК-ийг аль яаманд хариуцуулахаа шийдэж, тогтоол шийдвэр гаргах хэрэгтэй.
  • б/МИК-ийг менежмент, өмчлөлийнх нь хувьд олон улсын зах зээл рүү ойртуулах.
  • в/МИК-ээр дамжуулж гадаад, дотоодын зах зээлээс хөрөнгө татах орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн саналуудыг эдийн засагчид, мэргэжилтнүүд гаргаж байна.                                                                              

                                                                         ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЛТ 7,8-Р САРД

                                                 

Ипотекийн зээлийн санхүүжилт  тасалдаагүй ч эрэлтээ  гүйцэхгүй, зээлийн шийдвэр нь гарсан иргэд олон сарын туршид санхүүжилтээ хүлээсэн, өөрөөр хэлбэл дараалал үүссэн байдалтай 2017 оны 3-р улиралтай золголоо.


                                                                         ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ

  • Энэ хавар, зун, намрын хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл зогсонги  байдалд байлаа. Боломжийн ажиллаж тодорхой тооны орон сууц ашиглалтанд оруулсаар ирсэн төсөл хэрэгжүүүлэгчид хүртэл ажилгүй шахуу урин дулаан цагийг өнгөрөөсөн гэхэд болно.
  • Хэдийгээр төсөл хэрэгжүүлэгчид өөрсдөө хөрөнгөө гаргаж гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн ч гадны хөрөнгө оруулагчид эргэлзээнд орсон, арилжааны банкууд зээл олгохгүй байгаа өнөө үед улс, нийслэлийн зүгээс тодорхой бодлогоор дэмжих хэрэгтэй байна.
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг нийт 1506,1 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байдаг.
  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайгаас 25 талбайд төсөл хэрэгжүүлэгч огт шалгараагүй, 22 хэсэгчилсэн талбайд 13 төсөл хэрэгжүүлэгч шалгарсан боловч огт ажил хийгдээгүй, 28 хэсэгчилсэн талбайд 28 төсөл хэрэгжүүлэгч шалгарсан байдалтай байна.
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2014 онд 588 айлын орон сууц, 2015 онд 1656 айлын орон сууц, 2016 онд 638 айлын орон сууц ашиглалтанд орсон юм.

                                                             "НИЙСЛЭЛИЙН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ" ХӨТӨЛБӨР     

  • Тогтмол орлоготой ч орон сууцны урьдчилгаа төлбөрийн хуримтлал үүсгэж чадахгүй байгаа  өөрийн өмчлөлийн орон сууцгүй иргэдэд зориулсан түрээсийн орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх талаар яригдсаар ирсэн юм. Энэ ажил удахгүй биеллээ олж магадгүй байна. 
  • БНХАУ-ын Хөгжлийн Банкны 15 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ханын Материалын Комбинат орчимд сургууль, цэцэрлэг зэрэг иж бүрэн нийгмийн дэд бүтэц бүхий 1020 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөн, хөрөнгө, зураг төсөл нь бэлэн болжээ. Уг хороололд амьдрах иргэд орон сууцаа тодорхой хугацаанд түрээслэн амьдарч болохоос гадна түрээслэж байгаад өмчлөх боломжтой.
  • НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 123 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууцны үйл ажиллагааны журам”-д “Энгийн түрээс”, “Түрээслээд өмчлөх” гэсэн хоёр төрлийг хөгжүүлэхээр тусгажээ.
  • Энгийн түрээсийн орон сууцанд зөвхөн түрээслэн амьдрах хүсэлтэй иргэдийг хамруулна. Харин түрээслээд өмчлөх нь тухайн орон сууцыг тодорхой хугацаанд түрээслэж байгаад цаашид өөрийн болгож өмчилж авах иргэдэд зориулагдана.
  • Түрээслээд өмчлөх иргэд сар бүр түрээсийн мөнгийг нийслэлд төлсөөр урьдчилгаа нь бүрдээд ирэхээр ипотекийн зээлд хамрагдаж болно. Эсвэл 15 жилийн хугацаанд сар бүр түрээсийн мөнгөө төлсөөр өөрийн болгож болно.

                                АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСӨЛ      

  • Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын улсын ахлах байцаагчийн удаа дараагийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн зориулалттай 232 барилгын ашиглалтыг хориглосон байна. Энэ оны 9-р сарын байдлаар Нийслэлийн Засаг Даргын 10 удаагийн захирамжаар 6 дүүргийн 131 барилгыг дахин барилгажуулах шийдвэр гарчээ.
  • Нийслэлийн Засаг Даргын захирамж гарсан 131 орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явц:

     -Төсөл хэрэгжиж байгаа 20 багцын 61 барилга,

    -Төсөл хэрэгжүүлэгч шалгаруулах шаардлагатай 25 багцын 66 барилга,

    -Оршин суугчдын хүсэлтээр төсөл хэрэгжүүлэгч шалгаруулахаас татгалзсан 4 барилга байна.

  • Төсөл хэрэгжиж байгаа 20 багцын 61 барилгаас 14 барилгыг буулгаснаас Хан-Уул дүүрэгт “Эфэс Констракшн” ХХК, “Нутгийн буян” ХХК, Баянгол дүүрэгт “Тэргүүн чансаа” ХХК эхний ээлжийн орон сууцаа ашиглалтанд оруулсан, бусад байршлуудад барилга угсралтын ажил явагдаж байна.
  • Төслийн хүрээнд Баянгол, Хан-Уул дүүрэгт 287 айлын 3 орон сууц ашиглалтанд орсон, 12-р сард 140 айлын нэг блок орон сууц бэлэн болох юм.

                                                                 ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТАЛААР ТӨРИЙН ЗҮГЭЭС 

                                     АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АРГА ХЭМЖЭЭНҮҮД ЯМАР ҮР ДҮНД ХҮРСЭН БЭ?

            Гэр хорооллын айл өрх орон сууцны урьдчилгаагаа нийслэлээр төлүүлэх шийдвэрийг хотын удирдлагууд гаргав

  • Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1,2-р бүсэд амьдарч байгаа айл өрх орон сууц худалдан авах тохиолдолд газрыг нь барьцаалах болон худалдаж авах замаар байрны урьдчилгааны 30 хувийг “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан”-гаас өгөх захирамжийг Нийслэлийн Засаг Дарга С.Батболд өнгөрөгч 6-р сард гаргасан юм. 
  • “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах нэг, хоёрдугаар бүсэд амьдарч байгаа иргэд өөрсдөө хүсвэл газраа барьцаалаад орон сууцны урьдчилгаагаа төлүүлж зээлд хамрагдан байртай болж болно. Гэхдээ аль болохоор иргэдээс газрыг нь худалдан авч, газрын санг нэмэгдүүлэх чиглэл баримталж байна” гэсэн тайлбарыг нийслэлийн удирдлагууд хийж байв.
  • Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн гэр хорооллын оршин суугчид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын ашиглах, өмчлөх эрхээ НӨХГ-т шилжүүлэн газраа Нийслэлийн Газрын санд бүртгүүлнэ. Мөн ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байхаас гадна худалдан авах байрны хэмжээ 70 м.кв-аас илүүгүй, м.кв-ын үнэ 1.500.000 төгрөгөөс хэтрэхгүй байх шаардлагатай.
  • Иргэдийн хүсэлтийг Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газарт хүлээн авч байгаа юм.Тус газраас “Иргэдийн газрыг барьцаалахгүй шууд худалдан авч байгаа. Худалдан авах газрын доод хэмжээ 0,04 га. Газрыг байршил, хэмжээ зэргээс нь хамаарч дээд тал нь 42 сая төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдээлэл өгч байна.
  • “Орон сууцны зээлийн урьдчилгаа авах иргэд газраа нийслэлд барьцаалж ч болно, худалдаж ч болно” гэж анх ярьж байсан бол одоо зөвхөн худалдана гэсэн болзолтой болсон байна.
  • Иргэдээс худалдан авсан газарт нийслэлийн зүгээс сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг барьж байгуулахаар төлөвлөжээ. Энд тэнд ганц нэг айлаас худалдаж авсан газар дээр нийгмийн дэд бүтэц барьж байгуулах санаа хэрхэн биеллээ олох нь ойлгомжгүй байна.
  • Уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгсөн иргэдээс шалгуур хангасан эхний иргэн 7-р сард хотын даргаас орон сууцны түлхүүр гаргаж авсан юм.
  • Одоогийн байдлаар 200-аад айл хүсэлтээ өгсөн ч 15 айл л шаардлага хангажээ. Эдгээрээс 5 айл нь санхүүжилтээ авч байрандаа ороход бэлэн болсон, бусад нь сонгосон байр ашиглалтанд ороогүй учраас хүлээгдэж байна.

            Гэр хорооллын дахин төлөвлөлтийг шинэчилсэн үзэл баримтлалаар хэрэгжүүлэх  санаа ямар үр дүн авч ирэв?

  • Том талбайд нэг төсөл хэрэгжүүлэгч ажиллуулснаас болж дахин төлөвлөлт ахицтай явж чадаагүй, тиймээс шинэ үзэл баримтлалаар хэрэгжүүлнэ гэж ярьж байгаа ч хийгдсэн ажил харагдахгүй байна.
  • НОСК-ийг хувьцаат компани болгож, арилжааны банкуудтай хамтран ажилласнаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд бага хүүтэй зээл олгохоор нийслэлийн өмнөх удирдлагууд төлөвлөж байсныг болиулсан, томоохон талбайтай төсөл хэрэгжүүлэгчдийн талбайг хэсэгчлэн хувааж, олон төсөл хэрэгжүүлэгч ажиллах боломжоор хангана гэж ярьсан ч өдий хүртэл тодорхойгүй байгаа нь бүтээн байгуулалт үргэлжлэх боломжийг хаасан гэж болно.
  • Өмнө байсан 24 байршлыг 75 биш, 112 хэсэгчилсэн талбай болгон хувааж төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулахаар нийслэлээс төлөвлөжээ.
  • Талбайг нь хувааж өөр олон төсөл хэрэгжүүлэгч оруулж ажиллуулах шийдвэрийг эсэргүүцэж нэр бүхий хэд хэдэн компани шүүхэд хандсан байдалтай байна. Тэдний хувьд орон сууцаа шат дараатайгаар ашиглалтанд оруулсаар ирсэн, үндэсний компаниуд юм.

                                            Амины орон сууц барихад ипотекийн зээлд хамруулах төлөвлөгөө юу болов?

  • Гэр хороололд амьдарч буй иргэн өөрийн өмчлөлийн газар дээрээ амины орон сууц барих тохиолдолд бага хүүтэй зээлд хамруулах төслийг боловсруулж хэрэгжүүлнэ гэж БХБ-ын сайдаар ажиллаж байсан Г.Мөнхбаяр оны эхээр ярьж танилцуулж байсан боловч одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байна.
  • Талбайн хувьд гурван өөр сонголттой, нэг загварын амины орон сууцны зургуудыг гаргах бөгөөд иргэн сонголтоо хийж арилжааны банкинд хандах, банк иргэний өөрийнх нь өмчлөлийн газар мөн болох, зээлд хамрагдах боломжтойг нотолж тодорхойлох, иргэн амины орон сууц бариулахаар сонгогдсон аж ахуйн нэгжид хандах гэсэн дарааллаар хэрэгжинэ гэж байсан боловч журам батлагдсангүй, амины орон сууцны зургийг ч батлуулсангүй.

                                            Гэр хороололд “Сервис центр” барьж байгуулах ажил хийгдсэн үү?

  • “Төвлөрсөн дулаан хангамж очихгүй байгаа газруудад байгуулах “Сервис центр”-үүд  тус бүр 200-300 өрхийг дулаан, ус, цахилгаанаар хангана. Хожим төвлөрсөн шугам оруулахдаа шууд “Сервис центр” рүүгээ холбоход л айлууд руу төвлөрсөн шугам очдог болон гэсэн үг”. 
  • Дээрхи тайлбарыг хийж байгаа БХБЯ, нийслэлийн удирдлагууд нийслэлийн 2-р бүс буюу нам болон дунд давхрын амины орон сууцны бүсийг дэд бүтэцжүүлэх зорилготой юм байна.
  • Эхний ээлжинд 11 байршил сонгон төлөвлөгөө боловсруулж, иргэдийн бүлэг байгуулан сурталчилгаа хийжээ. Эдгээр бүлэг нь хамгийн багадаа 20, дээд тал нь 200 өрх айл нэгдэн “Сервис центр” буюу дэд бүтцийн төв байгуулах, орон сууцтай болох хүлээлттэй байна. Эхний ээлжинд Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 5 байршилд зураг төслийн зөвлөх үйлчилгээний тендер, Чингэлтэй дүүрэгт жишиг дэд төв барихаар нээлттэй тендерийг тус тус зарлажээ.

                                     ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЭВ?


Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагчдын Нэгдсэн Холбооны гүйцэтгэх захирал, “Актив зууч” компанийн ерөнхий захирал Б.Янжиндулам:

-Өмнөх жил би бас санал оруулж байсан, моргейжийн зээлийн төлбөр нөхцөл дээр биш, моргейжийн зээлийн хэлбэрийг өөрчлөх боломжуудыг судлах шаардлагатай гэж.Одоогийн байгаа зээлийн шаардлагыг хангах эрэлт цөөрсөн байгаа нөхцөлд гэр бүлийн моргейж, эсвэл хамтын моргейж гэх мэт зээлийн төрлийг судлах хэрэгтэй.


-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, тэр дундаа орон сууцны борлуулалт, ипотекийн зээл олголт, цаашдын төлөвийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Өмнөх оны мөн үетэй харьцуулбал үл хөдлөх хөрөнгийн хувьд газар, объект, хашаа байшингийн гүйлгээ арай илүү хийгдэж байна. Улирлын онцлогоос шалтгаалан 8-11 сар өөрөө илүү идэвхитэй сарууд байдаг юм. Орон сууцны хувьд үнийн хамгийн бага түвшинд ирсэн байгаа ч гүйлгээ тэр бүр 100 хувь хийгдэж хаагдахгүй байна. Энэ нь мэдээж ипотекийн зээл олголт маш бага хийгдэж байгаатай холбоотой байна. Ипотекийн зээлийн шийдвэр гарсан боловч 60-120 хоногийн дараа л зээлийн олголт хийгдэж байгаа тул энэ хооронд хэлцлүүд буцах, маргаан гарах асуудал нэмэгдэх хандлагатай байна. Иймд цаашид банкууд  бага багаар гаргаж байгаа зээлүүдээ дор бүр нь санхүүжүүлэх шаардлагатай. Цаашид барилгын компанийн зээлүүд болон хувь хүмүүсийн хувь лизингүүд ихсэх хандлага ажиглагдаж байна.

-Урьдчилгаа төлбөрийн боломжтой иргэд буюу бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлт цөөрсөн үед иргэдийг орон сууцжуулах тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй бол?

-Өмнөх жил би бас санал оруулж байсан, моргейжийн зээлийн төлбөр нөхцөл дээр биш, моргейжийн зээлийн хэлбэрийг өөрчлөх боломжуудыг судлах шаардлагатай гэж.Одоогийн байгаа зээлийн шаардлагыг хангах эрэлт цөөрсөн байгаа нөхцөлд гэр бүлийн моргейж, эсвэл хамтын моргейж гэх мэт зээлийн төрлийг судлах хэрэгтэй. Орон сууц зээлээр худалдан авах гэж байгаа иргэдийн бусад боломжит нөхцлүүд дээр судалгаа шинжилгээ хийж шинэ моргейжийн  зээлийн төрөл гаргах боломжууд бий гэж харж байна. Түүнчлэн сүүлийн үед зарим банкууд өөрсдийн санхүүжүүлсэн барилгад богино хугацаатай ч бага хүүтэй зээл санал болгож байгаа нь гүйлгээг нэмэгдүүлэх нэг боломжит хувилбар гэж харж байна.    



                                                                                   ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ

                                                                   Шинэ орон сууцны төсөл III улирлын тойм


  • 2017 оны 9-р сарын 31-ний байдлаар нийт 87408 айлын орон сууцны 450 төсөл хэрэгжиж байгаагийн 365 төсөл нь 81203 айлын орон сууцны, 85 төсөл нь 6205 айлын амины орон сууцны төсөл байна. Зөвхөн орон сууцны төслийн тухайд авч үзэхэд, 87408 айлын орон сууцны 365 төслөөс 33566 айлын орон сууцны  219  төсөл нь захиалга авч байгаа бол, 37432 айлын орон сууцны  103 төслийн захиалга эхлээгүй, 10205  айлын орон сууцны 43 төсөл түр зогссон байна.

    Орон сууцны үнэ ханш III улирлын байдлаар...

  • Шинэ орон сууцны м.кв-ын дундаж үнэ 2017 оны 3-р улирлын байдлаар 2,067,8 мян.төгрөг байгаа нь өнгөрсөн оны 3-р улирлаас 1,7 хувиар өссөн үзүүлэлт юм.

       

  • 2000 оноос өмнөх 1 өрөө хуучин орон сууцны дундаж үнэ 2016 оны 3-р улиралд 50,7 сая төгрөг байсан бол энэ оны 3-р улирлын байдлаар 51 сая төгрөг болж 0,60 хувиар өссөн байна.
  • 2 өрөө хуучин орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үед 73,1 сая төгрөг байсан бол энэ оны 3-р улирлын байдлаар 72,7 сая төгрөг болж 0,62 хувиар буурчээ.
  • 3 өрөө орон сууцны дундаж үнэ 2016 оны 3-р улирлын байдлаар 94,3 сая төгрөг байсан бол 95,6 сая төгрөг болж 1,44 хувиар, 4 өрөө орон сууцны дундаж үнэ 117,9 сая төгрөг байсан бол 118,4 сая төгрөг болж 0,44 хувиар өссөн байна.

Амины орон сууцны төсөл, үнэ ханш 3-р улирлын байдлаар..

  • Энэ оны 3-р улирлын байдлаар амины орон сууцны 6205 айлын 85 төсөл хэрэгжиж байна. Эдгээрээс 1560 айлын 49 төсөл захиалга авч байгаа бол 3687 айлын 22 төслийн захиалга эхлээгүй, 958 айлын 14 төсөл түр зогссон байна.
  • Амины орон сууцны үнийн хувьд 2016 оны 3-р улирлаас 14,92 хувиар өсчээ.


Орон сууцны борлуулалт III  улирлын байдлаар...

  •  Энэ оны 3-р улиралд шинэ орон сууцны борлуулалт 2016 оны 3-р улирлын борлуулалттай харьцуулахад  24,7 хувиар буурчээ. Харин хуучин орон сууцны борлуулалт өнгөрсөн оны 3-р улирлын борлуулалтаас 12,6 хувиар, хашаа байшингийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 55,7 хувиар өссөн байна.

                                                           Орон сууцны түрээсийн дундаж үнэ III улирлын  байдлаар

  • Орон сууцны түрээсийн үнийн хувьд, дотоодын иргэнд 1 өрөө байр түрээслүүлэх үнэ дунджаар 432,5 мянган төгрөг байгаа нь 2016 оны 3-р улирлаас 2,6 хувиар буурсан үзүүлэлт юм. 2 өрөө байрны түрээсийн дундаж үнэ 564,9 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн оны 3-р улирлаас 3,1 хувиар өссөн байна.
  • Харин 3 өрөө байрны түрээсийн дундаж үнэ 686,5 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн оны 3-р улирлаас  3,3 хувиар, 4 өрөө байрны түрээсийн дундаж үнэ 870,8 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн оны 3-р улирлаас 2,4 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарч байна.

                                                                       Газрын дундаж үнэ III улирлын байдлаар...

  •  Энэ оны 3-р улирлын байдлаар гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын нэг м.кв-ын дундаж үнэ 11,430 төгрөг байгаа нь өнгөрсөн оны 3-р улирлаас  10,4 хувиар буурсан үзүүлэлттэй гарч байна. 
  • Харин барилга барих боломжтой газрын дундаж үнэ м.кв нь 260,556 төгрөг байгаа нь өнгөрсөн оны 3-р улирлаас 2  хувиар, зуслангийн газрын м.кв-ын дундаж үнэ 10,261 төгрөг байгаа нь  өнгөрсөн оны 3-р улирлаас 4,9 хувиар, техникийн нөхцөлтэй газрын дундаж үнэ м.кв нь  400,497 төгрөг байгаа нь өнгөрсөн оны 3-р  улирлаас 9,1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 
  • Газрын үнийн хувьд тухайн газрын байршил, шинж чанараас хамаарч үнийн харьцангуй өндөр хэлбэлзэлтэй байдаг учир энэ нь мөн газрын дундаж үнэд нөлөөлж байгаа болно.

                                                                       Хашаа байшингийн дундаж үнэ III улирлын байдлаар...

                                                         


Оффисын талбайн дундаж үнэ III улирлын байдлаар...



  • 2017 оны 3-р улирлын байдлаар, оффисын талбайн худалдах үнэ 3,539,322 төгрөг байгаа нь өнгөрсөн оны 3-р улирлаас 2,88 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  •  Харин оффисын талбайн түрээсийн үнэ энэ оны 3-р улирлын байдлаар 22,152  төгрөг байгаа нь 2016 оны 3-р улирлаас 0,32 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн оны мөн үед оффисын талбайн түрээсийн үнэ 22,223 төгрөг байжээ.

 

                                        

                                                       Эх сурвалж: Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” ХХК

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол