Х.БАДЕЛХАН САЙДАА, ТАНЫГ ИЙМ АЖЛУУД ХҮЛЭЭЖ БАЙНА

Уншсан тоо: 594
Нийтлэгдсэн: 2017 оны 10 сарын 19

Дөнгөж сая УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87,5 хувийн саналаар Х.Баделханыг Барилга Хот Байгуулалтын сайдаар томиллоо. Барилга Хот Байгуулалтын сайдаар томилогдож буй Х.Баделхан автын инженер мэргэжилтэй. Тээврийн байгууллагуудад ажиллаж байгаад 2000 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргаар томилогдож байсан.

2008 онд УИХ-ын гишүүнээр анх сонгогдож байв. Монгол Улсын Гавьяат эдийн засагч.  2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон. 

Баян-Өлгий аймаг Х.Баделхан гишүүний вант улс болсон талаар хэвлэлүүдээр бичигдсэн байдаг юм. Эрч хүчтэй залуу хүн энэ салбарыг толгойлох болов уу гэсэн хүлээлт байсан ч эсрэгээрээ болж байна. 

Барилга Хот Байгуулалтын сайдаар томилогдсон Х.Баделхан гишүүнийг ямар ажил хүлээж байна вэ?

-Ипотекийн зээл, төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөр... гээд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын Засгийн Газрын үед хэрэгжиж эхэлсэн олон ажлууд өнгөрсөн нэг жилийн хугацаанд жинхэнэ утгаараа унтаа байдалд орсон гэж болно. БХБ-ын сайдын албан тушаал ипотекийн зээлтэй шууд холбоогүй ч, оролцоотой л байх ёстой.

-Зах зээлд борлогдоогүй олон тооны орон сууц байна. Гэтэл өнөөдөр байранд орох хүсэлтэй залуу гэр бүл олон байна. Энэ хоёрыг уулзах уулзварыг бий болгох, хураасан бэлэн мөнгө байхгүй иргэд сарын түрээсийн төлбөрөө төлөөд орон сууцанд амьдрах бололцоог бодлогоор бий болгож, хангаж өгөх талаар "Мэргэжлийн" гэх тодотголтой Засгийн Газар, түүний БХБ-ын сайд “А” ч гэж дуугараагүй. Энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй.

-ТОСК хэмээх том бүтэцтэй байгууллагыг зөвхөн түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг болгоод авсан. Төрийн мөнгөөр баригдсан орон сууцнуудынхаа түрээсийг хурааж, цуглуулах төдий ажил хийгээд явах уу, эсвэл гадны орнуудын ижил төстэй байгууллагуудын жишгээр иргэдээ хямд үнэтэй орон сууцаар хангах бодлого давхар хэрэгжүүлэх үү гэдэг нь тодорхойгүй болсон байна.

Орон сууцаа түрээслэж байгаад урьдчилгаагаа бүрдүүлэн худалдаж авдаг хувилбарыг манайд хэрэгжүүлэх боломж байгаа талаар Ч.Сайханбилэгийн Засгийн Газрын үед яригдаж, ажил хэрэг болохын үед засаг солигдсон. Харин мэргэжлийн гэх тодотголтой Засгийн Газар энэ асуудлыг үл тоосон, сайд нь хуруугаа ч хөдөлгөөгүй.

-Инженерийн шугам сүлжээг шийдэж байж бүх ажил хийгдэнэ гэж "Мэргэжлийн" Засгийн Газрын БХБ-ын сайд ярьж байсан ч өнгөрсөн хугацаанд юу амжуулав. Дэндүү удаан байлаа. "100 гаруй “Сервис Центр” барьж гэр хорооллын айлуудыг дэд бүтцэд холбоно" гэж хэсэг бүлэг нөхдийн хамт бүтэн нэг жил ярилаа. Нийслэлийн удирдлагууд ч мөн адил...

-Хан-Уул дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон байруудыг дахин барилгажуулахын тулд инженерийн шугам сүлжээний шинэчлэлд нь зарцуулагдах хөрөнгийг төрөөс шийдэж өгөхөөр өмнө нь яригдаж байсан асуудлыг одоо л нэг ажил хэрэг болгох талдаа орж байх шиг байсан.

-Гэр хорооллын иргэд, баталсан загварын дагуу амины орон сууц барихад бага хүүтэй зээлд хамруулах асуудлыг Шийдлийн Засгийн санаачилж Азийн Хөгжлийн Банктай яриа хэлэлцээр хийж байсан. Дараагийнх нь Засгийн Газрын БХБ-ын сайд Г.Мөнхбаяр энэ асуудлыг энд тэндхийн хурал зөвлөгөөн дээр байнга ярьж байгаа харагддаг болохоос биш одоо хүртэл ажил хэрэг болгож эхлээгүй...

Төрийн залгамж халаа гэж байдаг бол дээрхи асуудлуудыг нэн түрүүнд анхааралдаа авч, дорвитой шийдвэрүүд гаргаж, үр дүнг нь  олон нийтэд харуулах хэрэгтэй байна, Х.Баделхан сайдаа...

Тэрээр УИХ-ын чуулганы  хуралдааны үеэр  гишүүдийн асуултад хариулахдаа: 

"Улсын хэмжээнд 7000 орчим барилгын компанид 95 мянган хүн ажилладаг юм байна. Барилгын салбар бол том салбар. Өнөөдөр зогсонги байдалд орсныг бид хүлээн зөвшөөрч байна. Цаашид концессын асуудлыг онцгой анхаарна. Барих, ашиглах, шилжүүлэх концессыг шаардлага гарвал зөвшөөрнө гэсэн бодолтой байна. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг барихад энэ чиглэлээр санал гаргасан ч компаниуд санал ирүүлээгүй. Ахмад, залуучууд зарим багш, эмч нарыг бодлогоор дэмжиж орон байртай болоход цаашид анхаарна. Ипотекийн зээл гэж анхаарал татсан асуудал байна. 4.1 их наяд төгрөгийн зээлээр 90 мянга гаруй хүн орон байртай болжээ. Цаашид ипотекийн зээлийг боловсронгуй болгох, цар хүрээг нэмэгдүүлэх, гадаад дотоодоос хөрөнгө босгох асуудалд анхаарна" гэж хэлнэ лээ.

                                                                                                                                                                            П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол