ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР З.ЗАНДАНПҮРЭВ: "БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ШИНЭ САЙДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА"

Уншсан тоо: 386
Нийтлэгдсэн: 2017 оны 11 сарын 07

Манай сайт “Зөвлөх инженер Занданпүрэвийн булан"-г шинээр нээж байна. Монголын Цэвэрлэх Байгууламжийн Шинэ Технологийн Холбооны тэргүүн, Монгол Улсын Зөвлөх инженер  З.Занданпүрэв  энэхүү буланг хөтлөх юм.

        
                  МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР 
                          ЗАГДЫН ЗАНДАНПҮРЭВ


-1990 онд хуучнаар Политехникийн Дээд Сургуулийг сантехникийн инженерээр төгссөн.

-Хуучнаар Найрамдлын районы Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний  Газарт сантехникийн инженер,

-Урьдчилан Цэвэрлэх Байгууламжийн Ерөнхий инженер, 

-Халаалтын Зуухны Ашиглалт Зохицуулалтын Газрын дарга,

-Хэсэгчилсэн Инженерийн Хангамжийн Удирдах Газрын даргын албыг хашиж байсан.

                       САЛБАРТАА 27 ЖИЛ АЖИЛЛАХ ХУГАЦААНДАА:
- Европын өндөр технологийг Монголд нутагшуулан “ВЕНТОНИТ” газрын хөрс чийгнээс тусгаарлагчийг ашиглаж Арьс Ширний Үйлдвэрийн химийн хортой хог хаягдал лагийг хоргүйжүүлэн газрын хөрсөнд  булшилсан.
 -Горхи, Тэрэлжийн Тусгай Хамгаалалттай Газарт ОХУ-ын  Москва хотын “Био Тех Сервис” компанитай хамтран ахуйн бохир усыг гүн цэвэрлэгээ хийж ариутган эргүүлэн ариун цэврийн байгууламжид ашиглах шинэ систем бий болгон ашиглалтанд нэвтрүүлсэн.
-Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачуурт тосгонд баригдсан цэвэрлэсэн усаа эргүүлэн ашиглах зориулалттай МВР технологийн цэвэрлэх байгууламжийг суурилуулах ажлыг анх санаачлан “Ховд Тул” компанитай хамтран ашиглалтанд оруулсан.
-Хан-Уул дүүргийн 13-р хорооны Туул тосгоны цэвэрлэх байгууламжийн техник технологийн шинэчлэлтийн ажлыг санаачлан тус цэвэрлэх байгууламжийг шинээр ашиглалтанд оруулсан.
-Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургууль, Хан-Уул дүүргийн Туул тосгон, Биокомбинатын дулааны эх үүсвэрүүдийн техникийн шинэчлэлтийн  ажлуудыг санаачлан хэсэгчилсэн дулаан хангамжаар хэрэглэгчдийг найдвартай ханган ажиллуулж байна.
-Усан хангамж, дулаан хангамжийн  шугам хоолойн ашиглалтын хугацааг уртасгах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхээр “Соронзон орны үйлчилгээтэй ус боловсруулах төхөөрөмж”-ийг Монгол Улсад нэвтрүүлэх ажлыг одоогийн байдлаар хийж гүйцэтгэж байна.  


Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 2-т: Монгол Улсын иргэн нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. 
Хүн амын суурин соёл иргэншилийн үйл явц хурдацтай явагдаж буй өнөө үед ахуйн бохир болон үйлдвэрлэлийн технологийн хаягдал усыг орчин үеийн техник технологиор цэвэршүүлэн эргүүлэн ашиглах, цэвэрлэх байгууламжуудад шинэ техник технологийг нэвтрүүлэх зэрэг чухал санаануудыг дэвшүүлэн ажиллаж буй З.Занданпүрэв инженер олон сонирхолтой сэдвээр та бүхэнтэй санал бодлоо хуваалцах болно.
              

Энэ удаа түүний 2014 онд бичиж байсан нийтлэлийг хүргэж байна. Тухайн үед шинээр сонгогдож байсан БХБ-ын сайдад хандаж уг нийтлэлийг бичиж байжээ. Цаг хугацааны хувьд 3 жил өнгөрсөн ч агуулгын хувьд шинээрээ байгаа энэхүү нийтлэлийг БХБ-ын шинэ сайд томилогдоод буй өнөө үед хүргэж байгаа нь санамсаргүй хэрэг огт бишээ. Цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн асуудлыг толгойгоороо хариуцаарай гэсэн хатуухан үүргийг БХБ-ын сайд Х.Баделханд Ерөнхий Сайд У.Хүрэлсүх өгөөд байгаа билээ.                                

                                              БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ШИНЭ САЙДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА      

/Монголын Цэвэрлэх Байгууламжийн Шинэ Технологийн Холбоо З.Занданпүрэв/

Улсын хэмжээнд нийслэл, аймгийн төв, хот суурин газруудын цэвэрлэх байгууламжуудын одоогийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Хяналт шинжилгээнд хамрагдсан цэвэрлэх байгууламжуудын 64.3% нь механик цэвэрлэгээ хийдэг, дотоодын хяналт хангалтгүй, хүчин чадлаас илүү бохир усыг хүлээн авч цэвэрлэдэг, мэргэжилтэй боловсон хүчин дутмаг, техник технологи, тоног төхөөрөмжүүд нь хуучирч муудсан, сэлбэг материалын олдоц муу зэрэг нь ашиглалтын үед хүндрэл учруулж байгаагаас цэвэрлэгээний үр дүн стандартын шаардлага хангахгүй байна гэж Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас дүгнэсэн байна.

Нийслэл болон аймгуудын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжуудийн цэвэрлэгээний үр дүн стандартын шаардлага хангалтгүй байгаагаас нийслэлд Туул голын усны бохирдол эрс нэмэгдэж, цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усыг хаядаг орчны хөрс гэдэсний бүлгийн нянгаар бохирдсон байгаа нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд аль хэдийнээ хүрсэн.

Монгол Улс хүн амаа үр тариа, гурил, мах, хүнсний ногоогоор хангах, хаврын тариалалт намрын ургац хураалт гээд л бодлого шийдвэр гарган Засгийн Газар, салбарын яам бүгд л жилийн жилд хөрөнгө санхүү гарган ажилладаг. Энэ ч аргагүй биз. Гэтэл нөгөө талд энэ хүнсний зүйлүүд бохир ус, ялгадас болон хүн амд халдварт өвчин үүсгэх эх үүсвэрийг бий болгодог.

Суурин соёл иргэншилд цэвэрлэх байгууламжаар энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэдгийг манай шийдвэр гаргах түвшний хүмүүс ойлгохгүй, мэргэжлийн хүмүүс бид дуу хоолойгоо гарган холбогдох хүмүүст ойлгуулахгүй явсаар ийм байдалд хүрлээ.

Бохир ус, ялгадас, лагийг ямар техник технологиор яаж цэвэрлэж байгаа нь тухайн улс орны хөгжлийн индексийг тодорхойлох чухал үзүүлэлтийн нэг болсон.

Бохир ус, ялгадас, лагаа цэвэрлэж чадахгүй бол хотын хөгжил гэж байдаггүй гэдгийг мэргэжлийн хүний хувьд шинээр томилогдсон Барилга, Хот Байгуулалтын сайд танд хаяглан энэхүү нийтлэлийг бичиж байна.

Хот гэдэг бол хөгжил гэж ойлгож болно. Энэхүү хөгжил нь төлөвлөлт, дэд бүтэц, зам байх ёстой. Дэд бүтэц дотроо хамгийн чухал нь бохир ус, ялгадсаа  цэвэрлэж ариутгаж байж л хот төлөвлөлт хөгжлийн асуудлыг ярих учиртай юм.

Энэ зуун хотжилтын зуун. 2050 он гэхэд Азийн хүн амын 3,2 тэрбум хүн хотод амьдрах, харин 2030 онд Монгол Улс 3 сая 300 мянган хүн амтай болох судалгаа гарч байгаа. Үүнтэй уялдуулж Засгийн Газар, салбарын яам, хот төлөвлөлтийн бодлого дэд бүтэц тэр тусмаа бохир ус, ялгадас, лагаа цэвэрлэхэд шинэ техник технологи нэвтрүүлэхгүй, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхгүй  удаан ажиллаж байгаа нь маш том сорилт тулгарна шүү гэдгийг бодож ажиллах нь чухал байна.

Нийслэлчүүд хотын аргалаас үүдэлтэй өвчнөөр өвчлөх аюул нүүрлэсээр байна. Хотын аргал гэдэг нь бид бүгдийн гадагшлуулж буй өтгөнийг томъёолж буй хэллэг юм.

Хүн ойролцоогоор 2,5 кг ялгадас тээж явдаг бөгөөд хоногт дунджаар 2-3 удаа хүнд, хөнгөнөөр бие засч 600-800 грамм ялгадас гадагшлуулдаг байна. Хүний нэг грамм өтгөнд 10 сая вирус, нэг сая бактер, нэг мянга гаруй шимэгч үүрлэдэг.

Нийслэлд гэр хорооллын нийт өрхийн хоногт ялгаруулж буй бохир хаягдлыг ойролцоогоор тооцон үзэхэд өтгөн ялгадас 216.0 тн, 85 хувь нь стандартын шаардлага хангаагүй бие засах газар байна.  

 

Үүнээс харахад хоног тутам ийм хэмжээний ялгадсаар хөрс, ус бохирдож дулааны улиралд халдварт холер, цусан суулга, хижиг өвчин, хүйтэн сэрүүнд нь вирусын гаралтай элдэв төрлийн өвчин үүсгэх гол эх үүсвэр бий болж байна .

Хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 1952 оноос зохиож,  ахуйн бохир усыг хүлээн авах механик цэвэрлэгээний байгууламжийг 1963 онд, харин биологи цэвэрлэгээний байгууламжийг 1978 онд ашиглалтанд оруулан механик биологи цэвэрлэгээний байгууламжаар бохир усыг цэвэршүүлэн Туул голд нийлүүлж эхэлсэн бөгөөд тухайн үед үйлдвэр, аж ахуйн газар цөөхөн, цэвэрлэгээний түвшин боломжийн байлаа .

2003- 2006 онд төв цэвэрлэх байгууламжийг Испани улсын хөрөнгө оруулалтаар шинэчлэх хоёр шатны төслийг хэрэгжүүлжсэн ч одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламж ачааллаа даахгүй, үйл ажиллагаа нь доголдож, хот бохир усандаа живж болзошгүй байдалд хүрсэн шүү.

Нийслэлд зах зээлийн жамаар шинээр хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний болон хөнгөн аж үйлдвэрийн анхан шатны боловсруулах үйлдвэрүүд олноор нэмэгдэж байна. Бохир ус шууд цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж байгаа нь төв цэвэрлэх байгууламжийн технологийн горимийг алдагдуулж буй энэ зохисгүй байдлыг өөрчлөх, ямар ч бохир ус нийлүүлнэ үүнийг л цэвэрлэх ёстой гэсэн монгол сэтгэлгээнээс салган, норм стандартийн шаардлага хангасан бохир усыг цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг журам дүрмийг дахин боловсруулж мөрдүүлэх арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна.

Хотоос баруун чиглэлд явдаг хуучнаар 22-н товчооны замаар явахад эвгүй хурц үнэр байдгийг нийслэлийн иргэд бүгд мэдэх байх. Төв цэвэрлэх байгууламжаас хоногт 500-600 метр. куб лаг гардаг, үүнийг нийт 15 га талбайд ээлжлэн ил аргаар хатаадаг нь эвгүй хурц үнэр гарч орчны агаар, хөрсийг бохирдуулах гол нөхцөл болдог. Энэ бол гамшиг шүү.

Нийслэл Улаанбаатар хотын хүн ам өдгөө 1 сая 318 мянгад хүрлээ. Бусад аймгийн төвүүдийн хүн амын өсөлт хурдацтай нэмэгдэж байгаа өнөө үед хотуудын ерөнхий төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан дэд бүтцийнхээ асуудлыг шийдвэрлэж, ялангуяа цэвэрлэсэн бохир усыг эргүүлэн ашиглах, усны эх ундарга, хотын аргал болох лагийг эрчим хүчний эх үүсвэр гэж томъёолон “Ногоон эко бодлого”-ыг хэрэгжүүүлэхийг танаас би хүсэж байна.

                                             Монголын Цэвэрлэх Байгууламжийн Шинэ Технологийн Холбоо З.Занданпүрэв

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол