АЛИМНЫ ХАЙРЦГААР ГЭРЭЭ ДУЛААЛЖ, АМНЫ ХААЛТ ЯАЖ ЗҮҮХИЙГ ЗААСАН ЕРӨНХИЙ САЙДЫН АЯЛАЛ...

Уншсан тоо: 1182
Нийтлэгдсэн: 2017 оны 12 сарын 02

Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчмын утаатай “танилцаж”, гэр орноо дулаалах, амны хаалт хэрхэн зүүх талаар заавар зөвлөгөө өгөв.

Бас сургууль, цэцэрлэгүүдэд агаар шүүгч цэвэршүүлэгч суурилуулахаар болж 4 тэрбум төгрөг шийдэж өгнө гэв.

Агаарын бохирдлоос хамгаалах амны хаалт, агаар шүүгч, цэвэршүүлэгч хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ утаатай тэмцэх ерөнхий арга хэлбэр нь өнөөх л хэдэн жилийн өмнөх утаагүй түлш, зуух, яндантай адилхан  гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Нийслэлийг агаар, хөрсний бохирдлоос салгах гол үр дүнтэй арга нь гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтэцжүүлэх ажил.

Ингэж 4 тэрбум төгрөг үрж хэн нэгний бизнесийг дэмжиж байхаар гэр хорооллын дахин төлөвлөлтөд хөрөнгө оруулалт хийх, “Сервис Центр”-үүд байгуулах ажлыг хурдавчлахад зориулах хэрэгтэй байв.

Ерөнхий Сайдыг гэр хорооллын утаатай танилцахад “Утааны Эсрэг Ээж Аавуудын Холбоо” гэх нэртэй ТББ-ын хэдэн бүсгүй хамт явж харагдсан.

Тэд амны хаалтныхаа, бас хамтран ажиллагч “Монгол Базальт” компанийнхаа бизнесийг сурталчилж, нэг ёсондоо Ерөнхий Сайдын тархийг сайн угаагаад авсан нь анзаарагдаж байлаа.

Ерөнхий Сайдыг гэр орноо сайн дулаалсан айлаар зочлуулсан. Тэднийх дулаалгын аянд хамрагдсан айл гэнэ. “Утааны Эсрэг Ээж Аавуудын Холбоо”-ныхонтой хамтран ажилладаг “Монгол Базальт” компани  “Улаанбаатар цэвэр агаар” төсөлтэй холбоотой талаар мэдээлэл гарч байсныг санаж байна. Энэ ажлаа сурталчилж яваа бололтой.

Ерөнхий Сайд, “Намайг бага байхад манай өвөө алимны хайрцгаар гэр орноо дулаалдаг байсан. Энэ их сайн арга” гэж яриад авна лээ.

Гэр хорооллоос салах, ядахнаа дэд бүтцэд холбох тухай том бодлого ярихын оронд "Гэрээ цаасаар ингэж дулаал, амны хаалтыг тэгж зүү" гэж ярьж байгаа нь өрөвдөлтэй л юм.

Сүүлийн 7-8 жил 207 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг эсрэг зарцуулсан гэсэн дүн мэдээг албаныхан гаргасан байна. Гэтэл утаа улам л нэмэгдсээр.

“Манай улсын стандартаар бол агаарын чанарын индекс 0-50 хооронд байх ёстой. Гэтэл 19 цагийн байдлаар Баянхошуу орчимд 324 байгаа нь 5-6 дахин их байна гэсэн үг. 10 дахин их бохирдолтой болох үе ч байдаг” гэж холбогдох албаныхан энэ үеэр ярьж байлаа.

Түүхий нүүрсний хэрэглээг шууд хорих боломжгүй учраас Засгийн Газраас 20-30 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангах ажлыг хийх гэнэ. Мөн шахмал түлшний хэрэглээг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн аж.

Цахилгааны шөнийн тарифыг тэглэлээ гэж нэг хэсэг шуугисан. Ингэлээ гээд цахилгаан халаагуурыг нь аваад тавьдаг айл өрх гэр хороололд цөөхөн. Аваад тавъя гэхэд гэр хороололд цахилгааны шугам сүлжээ маш асуудалтай. Тиймээс хямдаар нь түүхий нүүрсээ түлж байгаа.

Утаанаас салах арга зам бол ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, инженерийн дэд бүтцэд холбох асуудал. Түүнээс биш утаатай уриа лоозон дэвшүүлж дайн зарлаад хэр үр дүнд хүрэх бол...

Одоо хүлээлт үүсгэсэн асуудлууд гэвэл:

-Орон сууцны 30 хувийн урьдчилгааг шууд төлж зээлд хамрагдах боломжгүй ч тогтмол орлоготой иргэдэд тохирсон зохицуулалт хийх,

-Ипотекийн зээлийн найман хувийн хүүг бууруулах, хавтгайруулан бууруулах боломжгүй гэвэл тодорхой зорилтот бүлэг рүү чиглүүлэх,

-Ипотекийн зээлийн санхүүжилтийн схемийг өөрчилж, гадаад зах зээлээс санхүүжилт татах,

-Ипотекийн зээлтэй иргэдийн төлж байгаа төлбөрийн өчүүхэн хэсэг нь үндсэн зээлээс хасагдаж байгаа өнөөгийн нөхцлийг өөрчлөх,

-Төрийн оролцоотой түрээсийн орон сууцанд амьдарч байгаа иргэд тухайн байраа цаашид өмчилж авдаг олон төрлийн хувилбаруудыг хэрэгжүүлэх,

-Зах зээл дээр бэлэн байгаа орон сууцнаас иргэдийн эрэлтэд тохирсон үнэ, талбайтай орон сууцыг төр худалдан авч иргэдэд түрээслүүлэх,

Манай улсын нийт өрхийн, тэр дундаа нийслэлчүүдийн дийлэнхи хэсэг нь гэр хороололд амьдарч байгаа, өөрөөр хэлбэл орон сууцны хэрэгцээ маш их ч бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлт бараг байхгүй болсон өнөө үед эдгээр арга хэмжээнүүдийг цогцоор нь авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

                                                                                                                                                                                П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 94м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол