О.ТҮМЭННАСТ: “БИД НЭГ РЕАЛТОР ДОЛОО ХОНОГТ НЭГ БАЙР ЗАРНА ГЭЖ ТӨЛӨВЛӨЖ АЖИЛЛАДАГ"

Уншсан тоо: 15583
Нийтлэгдсэн: 2018 оны 01 сарын 22

Энэ удаагийн "Дугаарын зочин" үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа залуухан захирал бүсгүй.

“Алтай Констракшн” компанийн захирлын туслахаас ажлын гараагаа эхэлж байсан тэрээр өдгөө “Түмэн зууч” компанийн захирлаар ажиллаж, үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт амжилт арвинтай  явна.

Шударга зан чанарыг эрхэмлэж,  зөв бодолтой, өөриймсөг ажиллахыг чухалчилж явдаг, жижигхэн биедээ баймгүй эрч хүчтэй Түмээ захиралтай уншигч та бүхнийг уулзуулъя.

              

"BOLOROO'S TIME"-ЫН ЗОЧИН: ОЧИРХУЯГИЙН ТҮМЭННАСТ:


              БAЙГУУЛЛАГА                                                       “ТҮМЭН ЗУУЧ" ХХК  
                                                                                                    
              АЛБАН ТУШААЛ                                                    ЗАХИРАЛ

              МЭРГЭЖИЛ                                                            ХЯТАД ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ

              БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ                                     ШУДАРГА БАЙХ

              ХОББИ                                                                     АЯЛАХ

        ХЭЛЭХ ДУРТАЙ ҮГ                                             "БҮХ БАЙР ЗАРАГДАНА. ТЭГЭХДЭЭ ХЭН, ХЭЗЭЭ, ХЭДЭЭР ЗАРЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ"

              ЗАН ЧАНАР                                                            ДАЙЧИН

             ХАМГИЙН СҮҮЛД УНШСАН НОМ                       "БҮСГҮЙН КОД"          БАРБАРА КОКОРАН  


-Шинэ он гараад удаагүй байгаа энэ мөчид ярилцаж байна. Компанийнхаа өнгөрсөн жилийн ололт амжилтаас хуваалцвал?

-За баярлалаа. 2017 он ихээхэн олз омог арвинтай жил болж өнгөрлөө. Бид компаниа байгуулаад нэлээд амжилттай ажиллалаа. Зах зээл дээр 4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Компаниа таниулах ажлуудыг үе шаттайгаар хийгээд явж байна.


-Нэг жилийн хугацаанд чамгүй амжилттай ажиллажээ. Амаргүй салбарт хүч сорьж яваа бүсгүй ямар мэргэжилтэй вэ? Яагаад заавал энэ салбарыг сонгов?

-Би Хятад хэлний орчуулагч мэргэжилтэй. Баянзүрх дүүргийн 84-р сургууль, МУИС-ийг төгссөн. Одоо СЭЗИС-д бизнесийн удирдлагаар мастер хамгаалахаар суралцаж байна. Ажлын гараагаа эхлэхээсээ л барилга, үл хөдлөх хөрөнгийн салбартай холбогдсон. Анх “Алтай Констракшн” компанид Х.Бат-Эрдэнэ захирлын туслахаар ажилд ороод дараа нь хүний нөөцийг давхар хариуцаж байлаа. Ингээд Урангоо захирлаас ирсэн  саналыг хүлээн авч “UA Consulting” компанийг үүсгэн байгуулалцаж, ажилласан. Өнгөрсөн жилээс өөрийн компаниа байгуулаад ажиллаж байна.

АЖИЛТНУУДДАА "ЧИНИЙ ЦАЛИНГ БИ ӨГӨӨГҮЙ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ НАР ӨГЧ БАЙГАА ШҮҮ. ЧИ ХҮНД БИШ ӨӨРТӨӨ ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛАХЫН ТУЛД АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ" ГЭЖ ЗАХИДАГ.


-Сүүлийн үед зуучлалын компаниуд олноороо байгуулагдаж байна. Танай компанийн бусдаас ялгарах  онцлог юу вэ?

-Манай компанийн хувьд зах зээл дээр байгаа хамгийн боломжийн үнэтэй, чанартай байрыг санал болгодог. Би ажилтнууддаа “Чи өөрөө ч гэсэн авмаар, амьдармаар санагдсан байрыг сонго” гэж хэлдэг, өөрөө ч ийм зарчим баримталдаг. Үнэ хямдхан гээд муу байр байна гэсэн үг биш. Бид ихэвчлэн бартерын байр борлуулдаг. Газар, объект борлуулалтаас гадна оффис, үйлчилгээ гээд бүхий л төрлийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа явуулж байна.

Манай компани төслийн борлуулалт хийдэггүй. Жижиглэнгийн борлуулалт хийдэг гэсэн үг. Төслийн борлуулалт хийхийг нэг их сонирхохгүй байгаа. Харин төслүүд дээр төлөвлөгөө, судалгаа хийж өгч байна. Тандалтын судалгаа, үнийн судалгаа хийдэг. Та байраа түрээслэвэл, зарвал,  зарахгүй хэсэг хугацаанд байвал, зараад мөнгөө хадгаламжинд хийвэл яах вэ гэхчлэн тал талын зөвлөгөө өгдөг. Манайд голчлон бартерын байрууд байдаг учраас үнэ нь харьцангуй хямдхан байдаг. Зарим зуучлалын компани маш олон үл хөдлөх хөрөнгөтэй, түүн дотроо төөрчихсөн шахуу байдаг. Манай компанийн хувьд заавал олон үл хөдлөх хөрөнгө авахдаа биш, энэ боломжтой гэснийг нь сонгож гэрээ байгуулдаг.


-Компанийнхаа боловсон хүчнийг хэрхэн сонгож авдаг вэ? Харилцаа, ёс зүй, хурд гээд л тухайн ажилтнаас ихээхэн ур чадвар шаарддаг салбар шүү дээ?

-Боловсон хүчнээ сонгохдоо хамгийн түрүүнд тухайн хүний хандлагыг чухалчилдаг. Туршлага нэг их шаарддаггүй. Учир нь энэ талаар туршлагатай хүн ховор. Ажилчдаа өөрөө сургаж авдаг. Гурван сарын туршид, цалинг нь олгоод дагалдуулан сургаж байна. Тухайн хүний үнэт зүйл юу вэ гэдэг нь чухал. Итгэл даах, шударга хүн байх ёстой. “Компани чинь тухайн үл хөдлөх хөрөнгийн борлогдсон үнийн дүнгийн хоёр хувийг авдаг юм байна, чамд нэг хувь өгье, чи компанидаа байр зарагдаагүй гээд хэлчих” гэж тохиролцох хүсэлтүүд их байдаг. Үүнийг би мэддэг учраас  ажилтнуудаасаа шударга байхыг хүсдэг, шаарддаг. Би өмнө нь өөр компанид ажилладаг байхдаа ч “Энэ миний компани шүү” гэсэн сэтгэлээр ханддаг байсан. Хүнд ажиллаж өгч байна гэж хэзээ ч бодож байгаагүй. Тийм ч учраас богино хугацаанд туршлагажсан байх гэж боддог. Ажилтнууддаа “Чиний цалинг би өгөөгүй, үйлчлүүлэгч нар өгч байгаа шүү. Чи хүнд биш өөртөө туршлага хуримтлуулахын тулд ажиллаж байгаа шүү” гэж байнга захидаг. Манай ажилтнууд цалин дээр нэмэх бонус гэсэн системээр цалинждаг. Шинэ ажилтнаас нэг хэсэгтээ үр дүн шаарддаггүй. Маш сайн сургахыг л чухалчилдаг.

           


-Зуучлалын үйл ажиллагааг иргэд төдийлөн ойлгодоггүй, ченж мэтээр хардаг байсан үе бий. Одоо энэ хандлага өөрчлөгдсөн үү?

-Миний хувьд хамгийн анх 2013 онд, зуучлалын компаниас ярьж байнаа гээд санал тавихад ерөөсөө ойлгодоггүй,  “Үгүй, бид өөрсдөө зарчихна” гэхчлэн татгалздаг байсан. Одоо өөр болсон, энэ салбар маш хурдацтай хөгжиж байна, хүмүүс ч ямар компани нь сайн бэ гэдгийг мэддэг болж. Зуучлалын олон компани байна. Олон улсын францайзинг компани ороод ирлээ. Тэгэхээр Монголд энэ зах зээл байнаа л гэсэн үг. Өрсөлдөөн их байхын хэрээр  ажлаа илүү чанартай сайн хийнэ шүү дээ. RЕ/МАХ манайд орж ирсэн нь нэг талаараа сайн хэрэг. Үндэсний компаниуд чанаржих хэрэгтэй.  RЕ/МАХ-ын Болд, Батаа сайндаа биш, систем нь сайн байгаа гэсэн үг.


МАНАЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ЗААВАЛ БАНКИН ДЭЭР ДУГААРЛААД БАЙХГҮЙГЭЭР БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖИЙГ ОЛГОЛОО. ТУХАЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН МАШИН НЬ ЯВДАГГҮЙ ӨДӨР ТААРЛАА ГЭХЭД БИД ОЧИЖ АВААД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ ҮЗҮҮЛЭЭД БУЦААГААД ХҮРГЭЭД ӨГЧ БАЙНА.

ТҮҮНЧЛЭН МАНАЙ ХАМТРАН АЖИЛЛАГЧ "ДАЙМОНД ОЧИР" ББСБ НЭГ ӨДРИЙН ДОТОР, ДУГААР ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР ЗЭЭЛИЙГ ШИЙДЭЖ ӨГЧ БАЙНА. 

БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАДАГ АМЕРИК ТАВИЛГЫН ДЭЛГҮҮР МАНАЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧИЛЖ БАЙНА. МӨН БИД ЦЭВЭРЛЭГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛСЭН.


-Өрсөлдөөн ихтэй зах зээл дээр ажиллаж байгаа учраас байнга л шинийг эрэлхийлэх хэрэгтэй болж байгаа байх. Компанийнхаа үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх талаар төлөвлөсөн санаа их биз?

-Компанийнхаа үйл ажиллагааг зөвхөн үл хөдлөх хөрөнгийн зуучлал гэж харахгүй байгаа. Үйлчлүүлэгчиддээ аль болохоор иж бүрэн, цогц үйлчилгээ үзүүлэх талаар судалгаа хийгээд, зарим үйлчилгээгээ нэвтрүүлж эхлээд байна.

Жишээ нь: Манай үйлчлүүлэгч заавал банкин дээр дугаарлаад байхгүйгээр банкны үйлчилгээ авах боломжийг олголоо. Тухайн үйлчлүүлэгчийн машин нь явдаггүй өдөр таарлаа гэхэд, бид очиж аваад үл хөдлөх хөрөнгөө үзүүлээд буцаагаад хүргэж өгч байна. Түүнчлэн манай хамтран ажиллагч “Даймонд Очир ” Банк Бус Санхүүгийн Байгууллага нэг өдрийн дотор, дугаар харгалзахгүйгээр зээлийг шийдэж өгч байна. Бидэнтэй хамтран ажилладаг Америк тавилгын дэлгүүр манай үйлчлүүлэгчдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилж байна. Мөн бид цэвэрлэгээ үйлчилгээг нэвтрүүлсэн. Барилгын засварын дараахи цэвэрлэгээ хийж байна. Бас  завгүй гэр бүлүүд долоо хоногтоо нэгээс хоёр удаа цэвэрлэгээ хийлгэх шаардлага гардаг. Энэ бүхэнд бид үйлчилгээ үзүүлж байна. Манай зарж байгаа байрууд бүгд маш цэвэрхэн байдаг. Хүнд төрсөн анхны сэтгэгдэл гэдэг маш чухал шүү дээ. Бохир заваан, хэт хуучирсан байран дээр бид ажилладаггүй. Үнэр дээр хүртэл анхаарлаа хандуулдаг. Энэ бизнесийг ганц, хоёр удаагийн борлуулалт, нэг, хоёр жилийнх гэж хардаггүй, урт хугацааны ажил гэж хардаг.


-Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт хууль эрх зүйн орчин үгүйлэгдэж байна уу? Ямар хүндрэл бэрхшээл тулгардаг вэ?

-Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани байгууллаа гэхэд ямар ч хууль эрх зүйн зохицуулалт байхгүй, хэн дуртай нь компани байгуулаад энэ салбар руу орж байна. Энэ нь нэг талаараа их аюултай. Сайн борлуулагч нар ч байна, хайнга хандаж хүний хөрөнгө үнэгүйдүүлж байгаа хүмүүс ч байна. Тиймээс ямар компанитай, хэнтэй харьцах вэ гэдгээ л маш сайн судлах хэрэгтэй гэж хэлмээр байна. Цаг хугацаа гэдэг маш чухал. Зах зээл дээр тухайн үл хөдлөх хөрөнгө тавигдаад олон нийтэд хүрч чадахгүй бол цаг хугацаа алдаад л байдаг, тухайн хөрөнгийн үнэ унаад л байдаг. Ингээд дараагийн зуучлалын компанид хандана. Зуучлал болгонд хандаад үнэ нь унаад байдаг байр гээд худалдан авагчид ч андахаа байдаг.


ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮД, АНХ УДАА ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАН АВЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН ГЭРТЭЙ БОЛГОЖ ӨГЧ БАЙГАА МААНЬ ИХ САЙХАН САНАГДДАГ.



-Реалтор хүн ямар зарчим баримталдаг байх шаардлагатай вэ? 

-Харилцааны өндөр ур чадвартай , маш хурдтай байх ёстой. Би энэ зан чанаруудыг ажилтнуудаасаа шаарддаг. Миний хувьд багадаа утсаар ярих дуртай хүүхэд байсан./Инээв/ Олон хүнтэй харьцаж ирсэн, харилцааны туршлага маань ч нөлөөлсөн байх. Одоо бол хичнээн их утсаар ярьсан ч түүндээ огт төвөгшөөдөггүй шүү. Би өөрийнхөө ажлыг их буянтай үйлс хийж байна гэж боддог. Залуу гэр бүлүүд, анх удаа үл хөдлөх хөрөнгө худалдан авч байгаа хүмүүсийг орон гэртэй болгож өгч байгаа маань их сайхан санагддаг. Энэ ажилдаа дуртай.


-Зуучлалын компанид хандсанаар үйлчлүүлэгчид ямар давуу тал бий болох  талаар зөвлөвөл?

-Нэг биш арван байрнаас сонголтоо хийнэ. Тиймээс зөв шийдвэр гаргана. Эрсдлээс урьдчилан сэргийлнэ, цаг хугацаа хэмнэнэ. Хөрөнгө оруулах чиглэлээр хүмүүс их ханддаг. Боломжийн үнэтэй хямдхан байр байвал бэлэн мөнгөөр аваад эргүүлээд түрээслэе гэх ч юм уу янз бүрийн санал ирдэг.

Манай компанийн үйлчлүүлэгчид хувь хүмүүс гэхээсээ илүүтэй компаниуд байдаг. Бид амлалт өгч байр зарж байгаа. “Таны байрыг төдий хугацаанд зараад өгье” гэж хугацаа хэлээд тэр амлалтандаа хүрчихээд улам урамшиж, нөөц бололцоогоо харж, чадамжаа мэдэж эхэлж байгаа юм. Оны өмнөхөн таван байрыг арав хоногийн хугацаанд зарж өгөхөөр амлаад энэ амлалтандаа хүрсэн. Ер нь бид нэг реалтор долоо хоногт нэг байр зарна гэж төлөвлөж ажилладаг. Энэ бол нэг их хэцүү биш. Туршиж үзээд болно гэж үзсэн хэрэг. Бид ирсэн дуудлага болгоныг тэмдэглэж, бүх зүйл дээр судалгаа, төлөвлөгөөтэй ажиллаж байна.



ОНЫ ӨМНӨХӨН ТАВАН БАЙРЫГ АРАВ ХОНОГИЙН ХУГАЦААНД ЗАРЖ ӨГӨХӨӨР АМЛААД ЭНЭ АМЛАЛТАНДАА ХҮРСЭН. ЕР НЬ БИД НЭГ РЕАЛТОР ДОЛОО ХОНОГТ НЭГ БАЙР ЗАРНА ГЭЖ ТӨЛӨВЛӨЖ АЖИЛЛАДАГ.


-Реалторууд өөрсдөө үйлчлүүлэгчээ олсон нь их үү, үйлчлүүлэгчид танайд хандсан нь их үү?

-Компанийнхаа үйл ажиллагааг эхэлснээс хойш “Байраа манайхаар заруулах уу” гэж бид хүмүүс рүү бараг яриагүй. Үйлчлүүлэгч нар манайд хандаж байна. Бусад компанийг бодвол манайд нэг хөрөнгө уддаггүй. Хамгийн удаандаа нэг сар, хамгийн богино нь долоо хоногийн хугацаанд  байдаг. Сүүлийн үед жижиг талбайтай, 70-80 сая төгрөгийн үнэтэй байрны борлуулалт сайн байлаа. Бид 100 хувь бэлэн мөнгөөр зардаг учраас ийм байгаа юм. Том талбайтай байрууд дээр төрөл бүрийн хувилбар санал болгож байна. Манай компаниар борлуулагдаж байгаа байрны дийлэнхи нь Баянзүрх, Хан-Уул дүүрэгт байрлалтай байгаа.


-Орон сууц олон тоогоор баригдсан ч бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлт цөөрсөн байна. Эрэлтийг дэмжих талаар ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж боддог вэ?

-Хэзээ байрны үнэ буурах вэ, барилгын салбар хэзээ хямралаас гарах вэ гэж хүмүүс асуудаг. Ипотекийн зээл гарангуут зах зээл дээр үнийн хөөс үүссэн. Одоо тэр хөөс хагарч эхэлж байна л даа. 2013 онд 100 саяар байр авсан хүн одоо 70 саяар зарахаар байна. Эдийн засаг бага зэрэг сэргэж байна. Улс орныг авч явж байгаа гол хоёр салбар бол уул уурхай, хөдөө аж ахуй. Эдгээрийг дагасан салбар нь үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээ, банк. Салбарын нөлөөллөөр сайжирч байгаа нь харагдаж байна.

Ипотекийн зээл авах боломжтой хүмүүс нь байраа аваад дууссан гэж ярьцгааж байна. Ер нь ипотекийн зээлийн хүүг бууруулах хэрэгтэй гэж боддог. Яг адилхан хоёр байрыг нэг нь бэлэн мөнгөөр 70 саяар авч байхад, нөгөөх нь зээлээр 100 саяар авч байна. Эндээс дүгнээд хэлэхэд, иргэд маань хуримтлалыг сайн хийх хэрэгтэй. Хуримтлалыг зуршил болгоцгооё гэж уриалмаар байна.


"ТҮМЭН" ГЭСЭН НЭР ОРОЛЦУУЛСАН КОМПАНИ БАЙГУУЛНА ДАА ГЭЖ БҮР БАГААСАА МӨРӨӨДДӨГ БАЙЛАА. ЭНЭ МӨРӨӨДӨЛ БИЕЛСЭНД БАЯРТАЙ БАЙГАА. ТАМГАА ДАРААД, ГАРЫН ҮСГЭЭ ЗУРАХ МӨЧ ҮНЭХЭЭР ГОЁ БАЙСАН". 

    

-Энэ салбарт ажилласнаас хойш хамгийн баяр хөөртэй, дурсгалтай мөч хэзээ байв? Эсрэгээрээ “Яана даа” гэж шантарсан үеэ дурсахгүй юу?

-Компаниа байгуулчихаад их баяр жаргалтай байсан. “Түмэн” гэсэн нэр оролцуулсан компани байгуулна даа гэж бүр багаасаа мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдөл биелсэнд баяртай байгаа. Тамгаа дараад, гарын үсгээ зурах мөч үнэхээр гоё байсан. Залуу гэр бүлүүд орон байртай болоод “Баярлалаа” гэж хэлэх тэр мөч бас л гоё мэдрэмж. Үйлчлүүлэгчдийн чин сэтгэлээсээ хэлсэн талархлын үгсийг сонсох маш сайхан. Хүнд хэцүү үе гэвэл ч нэг их санаанаас гарахааргүй юм байгаагүй ээ. Харин тухайн хүний байрыг хүлээлтээс нь хямд үнээр зарчихсан тохиолдолд заримдаа харамсах сэтгэл төрдөг. Гэхдээ хөрөнгийн эзэн өөрөө эрсдлээ хүлээгээд шийдвэрээ гаргаж байгаа хэрэг л дээ.


-Таны зан чанар, ажилдаа баримталдаг зарчим юу вэ?

-Миний хувьд маш шударга байхыг хичээдэг. “Тохирсондоо байхыг хичээгээрэй” гэж хэлдэг. Бүх асуудлыг нээлттэй ярихыг хүсдэг. Надтай олон жил харилцаж байгаа үйлчлүүлэгчид бий. Тэд миний шударга зан чанарт болж надтай олон жил харьцаж байгаа гэж боддог. Хэзээ ч хүний хөрөнгийг үнэгүйдүүлж байсангүй, хэзээ ч худлаа ярьж байсангүй. Би өөрийгөө энэ салбарт амжилттай ажиллаж байгаа гэж боддог. Ингэж ажиллаж байгаагийн гол үндэс нь хурд. Аливаа юмнаас хурдан уйддаг, байнга шинийг эрэлхийлж байдаг маань миний ажлын амжилтын үндэс гэж боддог. Надад борлуулж байгаагүй хөрөнгө гэж байхгүй дээ. Оюутан байхаасаа л тоглолтын тасалбар борлуулаад гүйж явдаг байлаа.



МИНИЙ ХУВЬД ӨӨРИЙН ГЭСЭН РЕКОРДТОЙ. ХАМГИЙН ХУРДАН ХУГАЦААНД БОРЛУУЛСАН БАЙР ГЭВЭЛ 1 ЦАГ 30 МИНУТАД БОРЛУУЛСАН. "ХУРД"-ЫН "РАПИД"-ЫН БАЙРЫГ ИНГЭЖ БОГИНО ХУГАЦААНД ЗАРЖ БАЙЛАА. 
ХАРИН ОЛОН БАЙР ЗАРСАН НЬ ГЭВЭЛ, НЭГ ӨДРИЙН ДОТОР ТАВАН БАЙР БОРЛУУЛСАН ӨӨРИЙН ГЭСЭН РЕКОРДТОЙ ЯВНА". 


-Таны хамгийн анхны борлуулалт ямар үл хөдлөх хөрөнгө байсан бэ?

-Өмнөх компани дээр анхны борлуулалт түрээс байсан, энэ компанид анхных нь борлуулалт байсан. Миний хувьд өөрийн гэсэн рекордтой. Хамгийн хурдан хугацаанд борлуулсан байр гэвэл 1 цаг 30 минутад борлуулсан. "Хурд"-ын “Рапид” –ын байрыг ингэж богино хугацаанд зарж байлаа. Харин олон байр зарсан нь гэвэл, нэг өдрийн дотор таван  байр борлуулсан өөрийн гэсэн рекордтой явна. Энэ амжилтаа цааш нь ахиулахыг л бодож байна.


-Цаг наргүй их ажлынхаа хажуугаар чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна?

-Сүүлийн үед маш завгүй байна. Өдөр ажлаа хийгээд, орой хичээлдээ яваад завгүй л өнгөрч байна. Би нөхөр, хүүхэдтэйгээ амьдардаг. Амралтын өдөр гэр бүлийнхэнтэйгээ агаарт гарахыг боддог. Бусад үед зав гарвал аль болохоор олон хүнтэй уулзаж, өөрийгөө задлахыг хичээдэг дээ.


-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Таны болон танай компанийн хамт олонд ажлын амжилт хүсье.

-Баярлалаа. Манай компанитай хамтран ажилладаг харилцагчид, үйлчлүүлэгчиддээ баярлаж явдгаа илэрхийлье. Та бүхний итгэлийг алдахгүй ажиллах болно. Мөн танай сайтын  уншигчдад сайн сайхныг хүсье.

                                                                                                                                                                        Ярилцсан П.БОЛОР


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол