ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРЫН 2017 ОНЫ ТОЙМ

Уншсан тоо: 3777
Нийтлэгдсэн: 2018 оны 01 сарын 23

   Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” ХХК-иас үл хөдлөх хөрөнгийн 2017 оны тоймыг бэлтгэн хүргэж байна. 

  • Монгол Улс ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар 434 сая ам. доллар 2019 он хүртэл үе шаттайгаар орж ирнэ. 2017 онд эхний ээлжийн санхүүжилт Монголбанкинд орж, валютын нөөц нэмэгдлээ.
  • ОУВС-ийн зөвлөсний дагуу ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн Газарт шилжүүлэхээр бэлтгэл ажлууд хийгдэж байна.
  • Монголбанк зөвхөн бондын үндсэн төлбөрөөр ипотекийн зээлийг санхүүжүүлж, купоны төлбөртэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг Засгийн Газар хариуцаж гаргалаа.
  • Купоны хүүнд зориулж 2017 оны төсвийн тодотголд суулгасан 111 тэрбум төгрөгийг Засгийн Газар хариуцаж арилжааны банкуудад сар бүр 9 орчим тэрбум төгрөг ипотекийн зээлийн эх үүсвэрт өгсөн бол, үндсэн төлбөр болох 16 тэрбум төгрөгийг Монголбанк сар бүр гаргаж, нийлбэр дүнгээрээ сард 25 орчим тэрбум төгрөгөөр ипотекийн зээл санхүүжигдсэн байдалтай байлаа.
  • 2017 онд нийтдээ 400 гаруй тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулсан байна.
  • 2018 оны улсын төсөвт 120 тэрбум төгрөг суулгаж, ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 180 тэрбум төгрөг орж ирнэ гэж тооцоход энэ онд 300 орчим тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломжтой харагдаж байна.
  • Энэ мөнгөөр зорилтот бүлэг, төрийн албан хаагч түүн дотроо багш, эмч нарыг тусгайлан хөтөлбөрөөр хангах зорилт тавин, ажлын хэсэг ажиллаж байгаа талаар албаныхан онцолж байна.
  • Гадаадын хөнгөлөлттэй зээл тусламж, Монголбанкинд үндэсний хөрөнгөөр баталгаажсан орон сууцны бондыг хоёр дахь зах зээлд гаргаж, мөнгө босгох тодорхой зорилт тавин тусгай хөтөлбөр боловсруулах шатанд явна.

                                                                                ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЛТ 

                                                           


  • 2017 онд ипотекийн зээлийн эх үүсвэр хүрэлцээ муу, арилжааны банкууд дээр зээлд хамрагдах иргэдийн дараалал үүссэн байдалтай байлаа.
  • Ипотекийн зээлийн эх үүсвэрийг хэрхэн нэмэгдүүлэх, орон сууц хэрэгцээтэй ч урьдчилгаа төлбөрөө төлж зээлд хамрагдах боломжгүй байгаа иргэдийг орон сууцжуулах  асуудлаар шийдэлд хүрэхээр Сангийн Яам, БХБЯ, ТОСК, Монголбанк зэрэг байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг удаан хугацааны туршид судалгаа хийж ажилласны эцэст ипотекийн зээлийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх нь зөв гэж үзжээ.
  • Ажлын хэсэг Засгийн Газраас хэрэгжүүлэх орон сууцны зээлийн хөтөлбөрийг зээлдэгчийн нийт хугацаанд төлөх зээлийн дарамтыг бууруулах, түрээслээд өмчлөх тогтолцоотой хослуулан хэрэгжүүлэх, уг арга хэмжээнд Монголбанкны ипотекийн зээлийн эргэн төлөгдөж буй эх үүсвэрийг ашиглах талаар санал боловсруулж байна.

                                                                            ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ

  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг 2013 оноос 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайд эхлүүлсэн. Энэ нь гэр хорооллын нутаг дэвсгэрийн 15%, хүн амын 10%-ийг эзэлж байна.
  • 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл дахин төлөвлөлтийн хүрээнд 22-85 м.кв бүхий 5200 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан бөгөөд м.кв-ын дундаж үнэ 1 сая 800 мянган төгрөг байгаа юм.
  • 5200 айлын орон сууцыг ашиглалтанд орсон оноор нь авч үзвэл, 2014 онд 960, 2015 онд 1656, 2016 онд 2273, 2017 онд 308 айлын орон сууц тус тус бэлэн болжээ.
  • 2017 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хувьд зогсонги байдалд байлаа. Төсөл хэрэгжүүлэгчид санхүүгийн хувьд хүндрэлтэй, төслөө амжилттай хэрэгжүүлж ирсэн компаниудын ашиглалтанд оруулсан орон сууцны борлуулалт муу, төр засаг, нийслэлийн зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийг дэмжих дэмжлэг хангалтгүй байсан зэргээс шалтгаалсан гэж болно.
  • НИТХ-аар батлагдсан 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайгаас 25 талбайд төсөл хэрэгжүүлэгч огт шалгараагүй, 22 хэсэгчилсэн талбайд 13 төсөл хэрэгжүүлэгч шалгарсан боловч огт ажил хийгдээгүй, 28 хэсэгчилсэн талбайд 28 төсөл хэрэгжүүлэгч шалгарсан байдалтай байна.
  • 2013 оноос хойш нийт 1500 айлын газрыг чөлөөлснөөс 31 айл газраа худалдсан, 1018 айл орон сууцанд, 378 айл түрээсийн орон сууцанд, төсөл хэрэгжүүлэгч компаниас түрээсийн мөнгөө авч чадахгүй байгаа 83 айл төрийн өмчийн түр оршин суух байранд амьдарч байна. Эдгээрээс гадна 200 шахам айл төсөл хэрэгжүүлэгч компаниас түрээсийн мөнгөө авч чадахгүй хүнд нөхцөлд амьдарч байгаа юм.
  • Төслөө хэрэгжүүлэхгүй удсан компаниудаас Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон байруудыг дахин төлөвлөхөөр 2013 онд шалгарч байсан “Их Өргөө” компани 85 өрхийг хохироогоод удаж байгаа тул төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах, бусад компаниудын нөөц бололцоог харгалзаж гэрээг шинэчлэхээр болж байна.
  • Хэдийгээр төсөл хэрэгжүүлэгчид өөрсдөө хөрөнгөө гаргаж гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн ч гадны хөрөнгө оруулагчид эргэлзээнд орсон, арилжааны банкууд зээл олгохгүй байгаа өнөө үед улс, нийслэлийн зүгээс тодорхой бодлогоор дэмжих хэрэгтэй байна.

                                                                “НИЙСЛЭЛИЙН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ" ХӨТӨЛБӨР 

  • Нийслэлийн 252 мянган өрхөд орон сууцны хэрэгцээ байгаа ч дөнгөж 13% нь арилжааны банкуудын шалгуурыг хангахаар байгаа талаар НОСК-иас хийсэн судалгаанд дурдсан байна.
  • Үлдсэн иргэдээ хэрхэн орон сууцжуулах вэ? Тогтмол орлоготой ч орон сууцны урьдчилгаа төлбөрийн хуримтлал үүсгэж чадахгүй байгаа өөрийн өмчлөлийн орон сууцгүй иргэдэд зориулсан түрээсийн орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх талаар яригдсаар ирсэн. Энэ асуудал 2017 онд шийдэгдээгүй. 
  • Нийслэлийн Засаг Даргын Дэд Бүтэц, Гэр Хорооллын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү: “2017 онд Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газартай хамтран дэд хөтөлбөр боловсруулсан. 2018 онд түрээсийн орон сууцны ажлыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Одоо бид өөрсдөөс хамаарах ажлыг хийж хэрэгжүүлэх нь чухал байна” гэж ярьж байгаагаас харвал энэ оны эцсээс үр дүнг нь үзэж эхэлж магадгүй юм.
  • Нийслэлийн түрээсийн орон сууцны асуудлаар 2017 онд хийгдсэн бэлтгэл ажил гэвэл, БНХАУ-ын Хөгжлийн Банкны 15 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ханын Материалын Комбинат орчимд сургууль, цэцэрлэг зэрэг иж бүрэн нийгмийн дэд бүтэц бүхий 1020 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөн, хөрөнгө, зураг төслийг бэлэн болгожээ.
  • Энэ төсөл амжилттай хэрэгжвэл БНХАУ-ын Хөгжлийн Банкнаас дахиад 10 мянган айлын орон сууц барих санхүүжилт татах боломжтой болно.
  • НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 123 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууцны үйл ажиллагааны журам”-д “Энгийн түрээс”, “Түрээслээд өмчлөх” гэсэн хоёр төрлийг хөгжүүлэхээр тусгажээ.
  • Энгийн түрээсийн орон сууцанд зөвхөн түрээслэн амьдрах хүсэлтэй иргэдийг хамруулна. Харин түрээслээд өмчлөх нь тухайн орон сууцыг тодорхой хугацаанд түрээсэлж байгаад цаашид өөрийн болгож өмчилж авах иргэдэд зориулагдана.
  • Түрээслээд өмчлөх иргэд сар бүр түрээсийн мөнгийг нийслэлд төлсөөр урьдчилгаа бүрдэнгүүт ипотекийн зээлд хамрагдаж болно. Эсвэл 15 жилийн хугацаанд сар бүр түрээсийн мөнгөө төлсөөр өөрийн болгож болно.
  • НОСК-иас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн дагалдах журмууд батлагдаагүй байна.  

                                                        ТОСК-ИЙН “ТӨРИЙН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨР 

  • Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 82,3 тэрбум төгрөгийн орон сууцыг түрээсийн санд шилжүүлснээр 1512 айл төрийн түрээсийн орон сууцанд амьдарч байна.
  • Засгийн Газрын 2015 оны 248-р тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт тусгахдаа “2015-2021 оны хооронд 20 мянган өрхийг түрээсийн орон сууцанд хамруулна” гэжээ. Гэтэл 2017 оны эцэст 1512 айлыг л түрээсийн орон сууцаар хангасан байгаа нь дээрхи хөтөлбөрт тусгасан тоотой харьцуулахад хангалтгүй үр дүн гэдэг нь харагдаж байна.
  • Төрийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг 10 хоногийн хугацаанд бүртгэхэд 5000 орчим иргэн хүсэлтээ гаргасан байгаа нь хямд төлбөртэй түрээсийн орон сууцны эрэлт их байгааг харуулж байна.
  • Зах зээл дээр бэлэн болсон орон сууцнуудаас худалдан авч иргэдэд түрээслүүлэх, цаашдаа өмчлүүлэх бодлогыг баримталж, холбогдох судалгаануудыг Засгийн Газрын түвшинд танилцуулах юм.
  • 2018 онд Улаанбаатарт ТОСК-ийн захиалгаар баригдаж байгаа “Буянт-Ухаа” хороололд 100 айлын орон сууц, Говь-Алтай, Хөвсгөл аймаг, Эрдэнэт хотод эхний ээлжийн 120-130 айлын орон сууц баригдаж дуусах төлөвлөгөөтэй.
  • Дээрхи орон сууцнууд буюу ТОСК-ийн захиалгаар баригдаж байгаа, дуусаагүй, 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 1562 айлын орон сууцны санхүүжилтэд шаардагдах 56,8 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэж, 2018 онд ашиглалтанд оруулах үүрэг даалгаврыг Ерөнхий Сайд У.Хүрэлсүх холбогдох албан тушаалтнуудад өгөөд байна.
  • Түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжээгүй байгаа аймгуудад судалгаа хийж, эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр шинэ төсөл эхлүүлнэ. Эдгээр орон сууцыг иргэд 20 жилийн хугацаатайгаар түрээслээд цаашдаа өмчлөх боломжийг бүрдүүлнэ гэж тооцжээ.

                                    АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСӨЛ  

  • Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Улсын ахлах байцаагчийн удаа дараагийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн зориулалттай 232 барилгын ашиглалтыг хориглосон байна.
  • 2017 оны 9-р сарын байдлаар Нийслэлийн Засаг Даргын 10 удаагийн захирамжаар 6 дүүргийн 131 барилгыг дахин барилгажуулах шийдвэр гарчээ.

         Нийслэлийн Засаг Даргын захирамж гарсан 131 орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явц:

  • Төсөл хэрэгжиж байгаа 20 багцын 61 барилга,
  • Төсөл хэрэгжүүлэгч шалгаруулах шаардлагатай 25 багцын 66 барилга,
  • Оршин суугчдын хүсэлтээр төсөл хэрэгжүүлэгч шалгаруулахаас татгалзсан 4 барилга байна.
  • Төсөл хэрэгжиж байгаа 20 багцын 61 барилгаас 14 барилгыг буулгаснаас Хан-Уул дүүрэгт “Эфэс Констракшн” ХХК, “Нутгийн буян” ХХК, Баянгол дүүрэгт “Тэргүүн чансаа” ХХК эхний ээлжийн орон сууцаа ашиглалтанд оруулсан, бусад байршлуудад барилга угсралтын ажил явагдаж байна.

                                                 ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ТӨРИЙН ЗҮГЭЭС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР  

                                                                 ТӨЛӨВЛӨСӨН АРГА ХЭМЖЭЭНҮҮД ЯМАР ҮР ДҮНД ХҮРСЭН БЭ? 

   

                                   “Ногоон нуур орчмын түр суурьшуулах орон сууцны хотхон”-ы ажлын явц хэр байна вэ?

  • “Ногоон нуур орчмын түр суурьшуулах орон сууцны хотхон”-ыг БНХАУ-ын Засгийн Газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар барих шийдвэрийг  Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн Газрын үед гаргаж байсан юм.
  • Хотхон барих ажил 2017 онд хэр урагшилсан бэ? Хотхоны шавыг 2017 оны 6-р сард тавьсан. Төслийн хүрээнд 21 давхар 8 блок орон сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 240 машины зогсоол, худалдаа үйлчилгээний төв, тоглоомын талбай баригдахаар төлөвлөжээ.
  • Шав тавьснаас хойш ямар ажил хийгдэв? Хамтран ажиллах БНХАУ-ын Бугат хотын зүгээс дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд тендерийн шалгуураар хамгийн өндөр үнэлгээ авсан гурван компанийг сонгон шалгаруулж, БХБЯ-нд саналаа хүргүүлсэн бөгөөд нэг компанийг нь БХБЯ сонгох юм.

                                                       Гэр хороололд “Сервис центр” барьж байгуулах ажил юу болов?

  • Энэ ажил одоогоор цаасан дээр байна гэж хэлж болно. “Сервис центр” нь нийслэлийг утаанаас салгах, гэр хорооллын иргэдийн амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хамгийн үр дүнтэй арга гэж ярьсаар байгаа юм.
  • “Сервис центр” нь гэр хорооллын иргэдийн газар дээр зохион байгуулалт хийж, дэд бүтцээр хангах төсөл бөгөөд иргэдийн оролцоон дээр тулгуурлан хэрэгжүүлэхээрээ онцлог.
  • Нийслэлийн гэр хороололд 100 ширхэг инженерийн хангамжийн дэд төв байгуулахад 20 мянган хашаа түүнд холбогдоно гэж тооцжээ. Энэ нь 200 хашааны дунд нэг дэд төв байгуулна гэсэн үг.
  • Нэг “Сервис центр” барьж байгуулах дундаж өртөг нь 5 тэрбум төгрөг гэж бодоход 100 ширхэг “Сервис Центр”-т 500 тэрбум зарцуулж байж Улаанбаатарын утааны 90 хувиас сална гэж 2017 оны туршид ярьсан байдалтай өнгөрөв.
  • "Эхний ээлжинд 11 байршил сонгон төлөвлөгөө боловсруулж, иргэдийн бүлэг байгуулан сурталчилгаа хийсэн" гэх “үр дүн”-тэй л байна. Эхний "Сервис Центр"-ийн барилгын ажлыг Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны дөрөвдүгээр  сард эхлээд 11 сард ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.
  •  2019, 2020 онд барих “Сервис Центр”-үүдээ бүгдийг төлөвлөсөн. Нэг “Сервис Центр” барихад 6-7 сар болно. 2020 он гэхэд Улаанбаатар хотод нийтдээ 100 ширхэг “Сервис центр” баригдсан байна гэж нийслэлийн зүгээс мэдээлж байна. 

                         Гэр хорооллын айл өрх орон сууцны урьдчилгаагаа нийслэлээр төлүүлэх шийдвэр хэрхэн хэрэгжив?

  • Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсэд амьдарч байгаа айл өрх орон сууц худалдан авах тохиолдолд газрыг нь барьцаалах болон худалдаж авах замаар байрны урьдчилгааны 30 хувийг “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан”-гаас өгөх захирамжийг Нийслэлийн Засаг Дарга С.Батболд 2017 оны  6-р сард гаргасан юм.
  • 2017 оны 12-р сарын байдлаар 60 орчим иргэн дээрхи сангаас дэмжлэг авчээ.
  • Хэдийгээр иргэдийн газрыг барьцаалах, худалдаж авах замаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж байсан ч, шууд худалдан авч байгаа бөгөөд газрын байршил, хэмжээ зэргээс шалтгаалан дээд тал нь 42 сая төгрөгөөр үнэлж байгаа талаар иргэд ярьж байна.
  • Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн гэр хорооллын оршин суугчид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын ашиглах, өмчлөх эрхээ НӨХГ-т шилжүүлэн газраа Нийслэлийн Газрын санд бүртгүүлнэ.
  • Иргэд ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байхаас гадна худалдан авах байрны хэмжээ 70 м.кв-аас илүүгүй, м.кв-ын үнэ 1.500.000 төгрөгөөс хэтрэхгүй байх шаардлагатай.
  • Иргэдийн хүсэлтийг Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газарт хүлээн авч байгаа юм.

                                    Бага дунд орлоготой иргэдэд зориулсан хотхон барих төлөвлөгөө ямар шатанд явна вэ?

  • Хэдэн жилийн өмнөөс яригдаж тооцоо, судалгаа нь хийгдэж байсан төслүүдийн нэг нь орлогод нийцсэн орон сууц.
  • Бага, дунд орлоготой өрхүүдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцыг Улаанбаатар хотын төвөөс баруун зүгт 15 км-ын зайд Хан-Уул дүүргийн 16-р хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын ард 2,2 га барилгажаагүй талбайд хэрэгжүүлэхээр сонгожээ.
  • Төслийн хүрээнд 198 өрхийн 12 давхар 3 блок орон сууцны барилга, 6767.3 м.кв талбай бүхий 210 хүний ажлын байр, 150 машины зогсоол бүхий жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн шинэ хотхон бий болгоно гэж төлөвлөжээ.

                         Гэр хорооллын дахин төлөвлөлтийг шинэчилсэн үзэл баримтлалаар хэрэгжүүлэх амлалт хэрэгжсэн үү?

  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршлыг 75 биш, 112 хэсэгчилсэн талбай болгон хувааж төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулна гэж нийслэлийн өнөөгийн удирдлагууд ярьж байсан ч өнгөрсөн онд хэрэгжсэнгүй.
  • Том талбайд нэг төсөл хэрэгжүүлэгч ажиллуулснаас болж дахин төлөвлөлт удааширсан, нийслэлээс түр суурьшуулах байраар хангаагүй нь алдаа болсон гэсэн дүгнэлтэд хүрсэн ч засах ажил хийгдэлгүй 2017 оныг үдлээ.
  • Талбайг нь хувааж өөр олон төсөл хэрэгжүүлэгч оруулж ажиллуулах шийдвэрийг эсэргүүцэж төслөө амжилттай хэрэгжүүлж ирсэн нэр бүхий  компани шүүхэд хандсан байдалтай байна. 
  • Арилжааны банкуудтай хамтран ажилласнаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд бага хүүтэй зээл олгохоор нийслэлийн өмнөх удирдлагууд төлөвлөж байсныг болиулсан юм.

                                                Амины орон сууц барихад ипотекийн зээлд хамруулах төлөвлөгөө юу болов?

  • "Гэр хороололд амьдарч буй иргэн өөрийн өмчлөлийн газар дээрээ амины орон сууц барих тохиолдолд бага хүүтэй зээлд хамруулах төслийг боловсруулж хэрэгжүүлнэ" гэж БХБ-ын сайдаар ажиллаж байсан Г.Мөнхбаяр 2017 оны эхээр ярьж танилцуулж байсан боловч одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байна.
  • Талбайн хувьд гурван өөр сонголттой, нэг загварын амины орон сууцны зургуудыг гаргах бөгөөд иргэн сонголтоо хийж арилжааны банкинд хандах, банк иргэний өөрийнх нь өмчлөлийн газар мөн болох, зээлд хамрагдах боломжтойг нотолж тодорхойлох, иргэн амины орон сууц бариулахаар сонгогдсон аж ахуйн нэгжид хандах гэсэн дарааллаар хэрэгжинэ гэж байсан боловч журам батлагдсангүй, амины орон сууцны зургийг ч батлуулсангүй.

                                         ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЭВ?      



      "БЭРЭН ЛЭНД ДЕВЕЛОПМЕНТ" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Ц.ЭРДЭМБАЯР

-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, тэр дундаа орон сууцны борлуулалт, ипотекийн зээл олголт, цаашдын төлөвийн талаар та ямар бодолтой байна вэ?
-ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор ипотекийн зээлийг Монголбанкнаас санхүүжүүлэхгүй болж байна. Энэ оны улсын төсөвт 120 тэрбум төгрөг суулгасан бол өмнөх зээлийн эргэн төлөлтөөс орж ирэх 200 орчим тэрбум төгрөг, нийт 300 гаруй тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх төлөвтэй байна. Орон сууцны, тэр дундаа дахин төлөвлөлтийн төслийн орон сууцны борлуулалтыг дэмжих үүднээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтанд орсон орон сууцнаас худалдан авсан тохиолдолд урьдчилгаа 25%, зээлийн хүү жилийн 7% байхаар Засгийн Газар дээр яригдаж, батлагдах шатандаа явна. 
Энэ нь дахин төлөвлөлтийн төслийн орон сууцны борлуулалтад нэлээдгүй дэмжлэг болох байх. Үүнээс гадна энэ жил 50 орчим сургууль, цэцэрлэгийн цогцолборын хөрөнгө нийслэлийн төсөв дээр тавигдсан байгаа. Үүнийг дахин төлөвлөлтийн байршил дээр ахиухан хуваарилуулах талаар бид санал гаргаж, харилцан ярилцаж байна. Ингэсэн тохиолдолд дахин төлөвлөлтийн төслийн орон сууцны борлуулалтад эерэг нөлөө үзүүлнэ.
-Урьдчилгаа төлбөрийн боломжтой иргэд буюу бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлт цөөрсөн үед иргэдийг орон сууцжуулах тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй вэ? 
-Урьдчилгаа төлбөрийн боломжгүй иргэдийн дийлэнхи нь гэр хороололд байгаа. Гэр хороолол нь газар гэсэн үг. Тиймээс газрыг эргэлтэнд оруулах замаар иргэдийг орон сууцжуулах хэрэгтэй. Гэр хорооллыг төвийн, дундын, захын гэж 3 хуваасан байгаа. Яам, нийслэлийн зүгээс гэр хороололд “Сервис Центр” барина гэж байна. Ойрын жилүүдэд хотын төвийн гэр хороолол  барилгажиж таарна. Гэтэл дахин төлөвлөлтөд ороогүй гэр хороолол байна. Нийслэлийн зүгээс ийм газруудыг газрын сандаа бүртгэж аваад урьдчилгаанд тооцох боломжтой. Харин дахин төлөвлөлт орсон газрууд бол урьдчилгаа биш, орон сууцаар л тохиролцоно шүү дээ.
“Сервис Центр” байгуулна гэж байгаа нь сайхан ч нүсэр ажил. 200-300 айлын дунд нэг “Сервис Центр” барина гэж төлөвлөсөн байна. Гэтэл тэр “Сервис Центр”-ийг тийш нь аваачих шугам, газар чөлөөлөлт хэрэгтэй. Зөвхөн 7-р хороололд гэхэд л 300-400 айлын газар чөлөөлчихөөд байна. Гэтэл тэр бүгдийг цэгцэнд оруулах дахин төлөвлөлтийн бас нэг компани хэрэгтэй болж байна гэсэн үг. Шугамыг нь гаргах, зай талбайг нь тохируулах, айлуудтай тохирох гээд нүсэр ажил болно. Эхний ээлжинд 2-3 “Сервис Центр” барихаар төлөвлөж түрүүчийнх нь ажлыг энэ хавраас эхлүүлнэ гэсэн яриатай байх шиг байна.
Урьдчилгаа төлбөргүй иргэдийг орон сууцжуулах арга замуудын нэг нь түрээсийн орон сууц. Түрээсэлж байгаад цаашдаа өмчилж авдаг хувилбарыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

                    

                                                                                    ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ

                                                                     Шинэ орон сууцны төсөл 4 улирлын тойм  


  • 2017 оны  12-р сарын 31-ний байдлаар нийт 88383 айлын орон сууцны 467 төсөл хэрэгжиж байгаагийн 373 төсөл нь 82107 айлын орон сууцны, 94 төсөл нь 6276 айлын амины орон сууцны төсөл байна. 
  • Зөвхөн орон сууцны төслийн тухайд авч үзэхэд, 82107 айлын орон сууцны 373 төслөөс 33634 айлын орон сууцны  224  төсөл нь захиалга авч байгаа бол, 37432 айлын орон сууцны  105 төслийн захиалга эхлээгүй, 11041  айлын орон сууцны 44 төсөл түр зогссон байна.


                                                         Орон сууцны дундаж үнэ ханш 4 улирлын байдлаар...


  • Шинэ орон сууцны м.кв-ын дундаж үнэ 2017 оны 4-р улирлын байдлаар 2,194.6 төгрөг байгаа нь өнгөрсөн оны 4-р улирлаас 7,1 хувиар өссөн үзүүлэлт юм.

                                                                                


  • 2000 оноос өмнөх 1 өрөө хуучин орон сууцны дундаж үнэ 2016 оны 4-р улиралд 52,3 сая төгрөг байсан бол энэ оны 4-р улирлын байдлаар 51 сая төгрөг болж 2,41 хувиар, 2 өрөө хуучин орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үед 74,7 сая төгрөг байсан бол энэ оны 4-р улирлын байдлаар 72,4 сая төгрөг болж 3,13 хувиар буурчээ.
  • 3 өрөө орон сууцны дундаж үнэ 2016 оны 4-р улирлын байдлаар 98,0 сая төгрөг байсан бол 95,6 сая төгрөг болж 2,75 хувиар, 4 өрөө орон сууцны дундаж үнэ 122,6 сая төгрөг байсан бол 117,6 сая төгрөг болж 4,05 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.


Амины орон сууцны төсөл, үнэ ханш 4-р улирлын байдлаар..

  • Энэ оны 4-р улирлын байдлаар амины орон сууцны 6276 айлын 94 төсөл хэрэгжиж байна. Эдгээрээс 1535 айлын 53 төсөл захиалга авч байгаа бол 3687 айлын 22 төслийн захиалга эхлээгүй, 1054 айлын 19 төсөл түр зогссон байна.
  • Амины орон сууцны үнийн хувьд 2016 оны 4-р улирлаас 4,15 хувиар өсчээ.

                                                                        

                                                                 Орон сууцны борлуулалт 4-р  улирлын байдлаар...

  • Энэ оны 4-р улиралд шинэ орон сууцны борлуулалт 2016 оны 4-р улирлын борлуулалттай харьцуулахад  2,1 хувиар буурчээ.
  • Харин хуучин орон сууцны борлуулалт өнгөрсөн оны 4-р улирлын борлуулалтаас 33,6 хувиар, хашаа байшингийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 33,9 хувиар өссөн байна.

                                                          Орон сууцны түрээсийн дундаж үнэ 4-р улирлын  байдлаар

  • Орон сууцны түрээсийн үнийн хувьд, дотоодын иргэнд 1 өрөө байр түрээслүүлэх үнэ дунджаар 443,5 мянган төгрөг байгаа нь 2016 оны 4-р улирлаас 4,1 хувиар өссөн үзүүлэлт юм. 2 өрөө байрны түрээсийн дундаж үнэ 585,5 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн оны 4-р улирлаас 5,1 хувиар өссөн байна.
  • Харин 3 өрөө байрны түрээсийн дундаж үнэ 691,3 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн оны 4-р улирлаас  2,6 хувиар, 4 өрөө байрны түрээсийн дундаж үнэ 866,8 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн оны 4-р улирлаас 1,8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарч байна.

                                                                        Газрын дундаж үнэ 4-р улирлын байдлаар...

  • Энэ оны 4-р улирлын байдлаар гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын нэг м.кв-ын дундаж үнэ 11,168 төгрөг байгаа нь өнгөрсөн оны 4-р улирлаас  12,5 хувиар буурсан үзүүлэлттэй гарч байна. Харин барилга барих боломжтой, гэр бүлийн зориулалттай газрын дундаж үнэ м.кв нь 277,156  төгрөг байгаа нь өнгөрсөн оны 4-р улирлаас 4,3 хувиар өссөн байна.
  • Харин зуслангийн зориулалттай газрын м.кв-ын дундаж үнэ 9,660 төгрөг байгаа нь  өнгөрсөн оны 4-р улирлаас 10,5 хувиар, техникийн нөхцөлтэй газрын дундаж үнэ м.кв нь  382,167 төгрөг байгаа нь өнгөрсөн оны 4-р  улирлаас 13,2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Газрын үнийн хувьд тухайн газрын байршил, улирлын нөхцөл байдал, шинж чанараас хамаарч харилцан адилгүй байдаг учир энэ нь мөн газрын дундаж үнэд нөлөөлж байгаа болно.

                                                               Хашаа байшингийн дундаж үнэ 4-р улирлын байдлаар...

                                                                       

                           

                                                                Оффисын талбайн дундаж үнэ 4-р улирлын байдлаар...




  • 2017 оны 4-р улирлын байдлаар, оффисын талбайн худалдах үнэ 3,530,694 төгрөг байгаа нь өнгөрсөн оны 4-р улирлаас 0,46 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин оффисын талбайн түрээсийн үнэ энэ оны 4-р улирлын байдлаар 22,683  төгрөг байгаа нь 2016 оны 4-р улирлаас 2,30 хувиар мөн өссөн үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн оны мөн үед оффисын талбайн түрээсийн үнэ 22,174 төгрөг байжээ.

                                               

                                                       Эх сурвалж: Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” ХХК


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол