ЗОГСОНГИ БАЙДАЛД ОРСОН ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ХЭРХЭН ХӨДӨЛГӨХ ВЭ?

Уншсан тоо: 989
Нийтлэгдсэн: 2018 оны 03 сарын 21

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг 2013 оноос 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайд эхлүүлсэн. Энэ нь гэр хорооллын нутаг дэвсгэрийн 15%, хүн амын 10%-ийг эзэлж байна.

2013 оноос хойш өнөөдрийг хүртэл дахин төлөвлөлтийн хүрээнд 22-85 м.кв бүхий 5200 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан бөгөөд м.кв-ын дундаж үнэ 1 сая 800 мянган төгрөг байгаа юм.

5200 айлын орон сууцыг ашиглалтанд орсон оноор нь авч үзвэл, 2014 онд 960, 2015 онд 1656, 2016 онд 2273, 2017 онд 308 айлын орон сууц тус тус бэлэн болжээ.

2017 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хувьд зогсонги байдалд байлаа.

Төсөл хэрэгжүүлэгчид санхүүгийн хувьд хүндрэлтэй, төслөө амжилттай хэрэгжүүлж ирсэн компаниудын ашиглалтанд оруулсан орон сууцны борлуулалт муу, төр засаг, нийслэлийн зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийг дэмжих дэмжлэг хангалтгүй байсан зэргээс шалтгаалсан гэж болно.

НИТХ-аар батлагдсан 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайгаас 25 талбайд төсөл хэрэгжүүлэгч огт шалгараагүй, 22 хэсэгчилсэн талбайд 13 төсөл хэрэгжүүлэгч шалгарсан боловч огт ажил хийгдээгүй, 28 хэсэгчилсэн талбайд 28 төсөл хэрэгжүүлэгч шалгарсан байдалтай байна.

2013 оноос хойш нийт 1500 айлын газрыг чөлөөлснөөс 31 айл газраа худалдсан, 1018 айл орон сууцанд, 378 айл түрээсийн орон сууцанд, төсөл хэрэгжүүлэгч компаниас түрээсийн мөнгөө авч чадахгүй байгаа 83 айл төрийн өмчийн түр оршин суух байранд амьдарч байна. Эдгээрээс гадна 200 шахам айл төсөл хэрэгжүүлэгч компаниас түрээсийн мөнгөө авч чадахгүй хүнд нөхцөлд амьдарч байгаа юм.

Төслөө хэрэгжүүлэхгүй удсан компаниудаас Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон байруудыг дахин төлөвлөхөөр 2013 онд шалгарч байсан “Их Өргөө” компани 85 өрхийг хохироогоод удаж байгаа тул төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах, бусад компаниудын нөөц бололцоог харгалзаж гэрээг шинэчлэхээр болж байна.

Хэдийгээр төсөл хэрэгжүүлэгчид өөрсдөө хөрөнгөө гаргаж гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн ч гадны хөрөнгө оруулагчид эргэлзээнд орсон, арилжааны банкууд зээл олгохгүй байгаа өнөө үед улс, нийслэлийн зүгээс тодорхой бодлогоор дэмжих хэрэгтэй байна.

Төслийг дэмжих ямар ажлууд төлөвлөөд байна вэ?

“Ногоон нуур орчмын түр суурьшуулах орон сууцны хотхон”-ыг БНХАУ-ын Засгийн Газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар барих шийдвэрийг Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн Газрын үед гаргаж байсан юм. Тэгвэл хотхон барих ажил 2017 онд хэр урагшилсан бэ? 

Хотхоны шавыг 2017 оны 6-р сард тавьсан. Төслийн хүрээнд 21 давхар 8 блок орон сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 240 машины зогсоол, худалдаа үйлчилгээний төв, тоглоомын талбай баригдахаар төлөвлөжээ. Шав тавьснаас хойш ямар ажил хийгдэв? 

Хамтран ажиллах БНХАУ-ын Бугат хотын зүгээс дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд тендерийн шалгуураар хамгийн өндөр үнэлгээ авсан гурван компанийг сонгон шалгаруулж, БХБЯ-нд саналаа хүргүүлсэн бөгөөд нэг компанийг нь сонгох юм байна.

Уг төслийн 1008 айлын орон сууц баригдсанаар газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах байраар хангахаас гадна, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн иргэдэд үзүүлэх түрээсийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзжээ.

Түүнчлэн төвлөрлийг сааруулж гэр хорооллын инженерийн шугам сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-аас олгох 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий бичил дэд төвүүд байгуулах төсөл, мөн гэр хорооллын орчмын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлуудыг хийхээр төлөвлөж, хийх ажлын жагсаалтыг Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 179 дүгээр тогтоолоор батлан,  хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэх мэдээллийг холбогдох албаныхан өгч байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн аж ахуйн нэгжүүдийн байршлын дэд бүтцийн хөрөнгийг дээрхи буцалтгүй тусламжаар бүрэн шийдвэрлэхээр оруулаад байгаа аж.

Цаашид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн талбараас орон сууц худалдан авч буй иргэдийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 25 хувь, зээлийн хүүг 7,5 хувь болгож бууруулах шийдвэр гаргаж, Засгийн Газарт оруулахад бэлэн болжээ.

                                                                                                                                                                                           П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол

1,880,000₮

27м2 - 76м2

Содон стандарт цогцолбор хо...

Сонгинохайрхан дүүрэг, 21 хороолол