ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЖУРАМД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРЖ БАЙГАА ВЭ?

Уншсан тоо: 3477
Нийтлэгдсэн: 2018 оны 03 сарын 14

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн Газар хэрэгжүүлэх болсонтой холбогдуулж Сангийн Яам, БХБЯ-ны хамтарсан ажлын хэсэг ипотекийн зээлийн шинэчилсэн журмыг боловсруулж дуусаад, Засгийн Газрын хуралдаанд оруулах гэж байна. 

Тус журамд ипотекийн зээлийг цаашид өргөжүүлж, хэвийн үргэлжлүүлэн иргэдийн орон сууц худалдан авалтыг нэмэгдүүлэх, орон сууцтай болох боломжийг бүрдүүлэх талаар тусгасан гэж холбогдох албаныхан ярьж байна.

Өмнө нь 8 хувийн хүүтэй зээлээр хоёр, гурван байр авсан тохиолдлууд байдаг. Тиймээс гэр хороололд газраа чөлөөлсөн, анх удаа байранд орж байгаа иргэдийг дэмжих бодлого баримтлах үүднээс өмнө нь орон сууцны зээлд хамрагдсан иргэнд 8 хувийн хүүтэй зээл дахин олгохгүй байхаар журамд өөрчлөлт оруулсан байна.

Түүнчлэн  хотын захын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлаас орон сууц худалдан авч байгаа иргэд  25 хувийн урьдчилгаа төлж, жилийн 7 хувийн хүүтэй зээлд хамрагдахаар журамд тусгажээ. Харин хотын төвийн бүсэд орон сууц авах иргэд 30 хувийн урьдчилгаагаа төлж жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдана.

Ипотекийн зээлийн хүртээмж муу, өмнөх зээлийн эргэн төлөлтөөр санхүүжигдэж байгаа учраас өнгөрсөн онд 4000 гаруй өрх л уг зээлд хамрагдаж орон сууцанд орсон. Тиймээс хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах нь хамгийн чухал асуудал болоод байна.  

Зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, жилд 10 мянган өрхийг ипотекийн зээлд хамрагдах боломжтой болгох талаар шинэчилсэн журамд тусгасан гэж холбогдох албан тушаалтнууд ярьсан юм.

Гадны урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг гадны зах зээлд гаргаж хөрөнгө босгох зэрэг арга замаар зээлийн үүсвэрийг нэмэгдүүлнэ гэж байгаа ч энэ ондоо л лав ахиц гарахгүй болов уу?

Ипотекийн зээлийн санхүүжилтэд энэ онд 300 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний 180 тэрбум нь өмнөх зээлийн эргэн төлөлтөөс, купоны төлбөртэй тэнцэх 120 тэрбум нь улсын төсвөөс гарах юм. Энэ нь жилд 4000 орчим айлд л олгогдох хэмжээний зээлийн эх үүсвэр.

Зах зээл дээр бэлэн байгаа орон сууцнуудыг эргэлтэд оруулахын тулд төрөөс ямар дэмжлэг үзүүлж хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар БХБЯ-ны зүгээс хувийн хэвшлийнхэнтэй харилцан ярилцаж санал солилцож байгаа юм.

Ашиглалтанд орсон орон сууцнуудыг төр худалдаж аваад иргэдэд түрээслүүлэх, шилжүүлэхэд 1,3 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Гэтэл төр ийм их хэмжээний мөнгө зарцуулж орон сууц худалдан аваад иргэдэд шилжүүллээ, түрээслүүллээ гэхэд орон сууц шаардлагатай иргэдийн 10 хувийг ч хангаж чадахгүй нь.

Тиймээс, гэр хорооллын янданг багасгах, орон сууц хэрэгцээтэй ч урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүйн улмаас ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа нийт өрхүүддээ хандсан бодлого хэрэгжүүлэхэд илүүтэй анхаарах бололтой.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар "Ногоон нуур"-т 1008 айлын орон сууц барьж, гэр хорооллын иргэдийг оруулах, мөн БНХАУ-ын 2 тэрбум юанийн зээлийг гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн шугам сүлжээнд зарцуулах, БНСУ-аас авах 30 жилийн хугацаатай 500 сая долларын зээлийг орон сууцжуулалтад зарцуулах зэргээр илүү олон айл өрхөд чиглэсэн арга хэмжээнүүд төлөвлөсөн байна.

Эдгээр ажлууд хэрэгжвэл гэр хорооллын яндан бодитойгоор багасах, иргэд инженерийн шугам сүлжээнд холбогдсон газартаа өөрийн тохилог амины орон сууцанд амьдрах боломж нээгдэх юм.

Гэхдээ манайд аливаа төлөвлөгөөг олон жилийн туршид ярьж, судалж дараагийн сонгуультай золгосноор өмнөх ажил мартагдан өөр нэг хувилбар яригдаж эхэлдэг зуршил байдгийг мартаж болохгүй.

                                                                                                                                                                              П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол