С.БАТБОЛД: "ГАЗРЫГ НЬ ӨГӨӨД ДУУССАН БОЛ ОДОО ХОТЫН МЭДЭЛД ӨГЧИХ ГЭЖ БИ ЗАСГИЙН ГАЗАРТ ХЭЛСЭН"

Уншсан тоо: 739
Нийтлэгдсэн: 2018 оны 03 сарын 28

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын MN-25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагын хэсгээс хүргэж байна.

 -Хотын захиргааг төвөөс нүүлгэнэ гэж олон жил ярилаа. Яармаг руу хэзээ нүүлгэх вэ?

-Томоохон хотын туршлагаас харахад шинэ төв бий болгосноор замын хөдөлгөөний төвлөрлийг сааруулдаг. Энэ утгаараа нийслэлийн үе үеийн удирдлага ийм шийдвэр гаргадаг байх. Улаанбаатар хот найман дэд төвтэй болох юм. Тэрний нэг нь Яармаг. Улаанбаатар хотын бизнес, санхүүгийн шинэ төв болох бололцоотой.

Одоогоор тэнд суурьшлын бүс байхгүй, дэд бүтэц нь шийдэгдсэн. Дэд бүтцэд хөрөнгө зарахгүйгээр шууд байрших боломжтой. Түгжрэлийг сааруулахын тулд өнгөрсөн оноос хотын захиргааны бүх албан хаагч нэг өдөр нийтийн тээврээр зорчиж эхэлсэн.

-Нийслэл бусад хот шиг бонд гаргаж, төсөвтэй байхаар ярьж байна. Хотын төсөв хэр зэрэг биеэ даасан бэ?

-Хот эрх зүйн статусын хувьд бие даасан байх, Засгийн Газар юм уу, УИХ-д асуудлаа оруулах, эдийн засгийн хувьд яаж бие даах вэ гэсэн асуудал ярьж байна. 2016 он хүртэл хот бонд гаргах, олон улсын санхүүгийн байгууллагаас зээл авах, концессын гэрээ хийх зэрэг эрхтэй байсан.

Харамсалтай нь, 2017 оны есдүгээр сард энэ бүх эрхийг хуулиар үгүй болгосон. Одоо хот зөвхөн төсвийн мөнгө л зарах эрхтэй. Хог хаягдлын үйлдвэр байгуулах, ундны усны эх үүсвэр, бохирын асуудлыг шийдэх гэрээ хэлцэл хийх эрхгүй. Энэ эрхийг сэргээж өгөөч гэсэн санал тавьж буй. Хот төсвийн хувьд 20 орчим сая ам.долларын зээл аваад 4-5 жилд эргэн төлөх чадалтай болсон.

“Засаг дарга аа, ийм асуудал шийдээч ээ” гэж Засгийн Газар, иргэд шаарддаг. Санхүүгийн эрх мэдэл хэрэгтэй. Үүнийг олгохгүйгээр төсвийн хэдэн төгрөгөөр шийд гэвэл бололцоогүй.


ГАЗРЫГ НЬ ӨГӨӨД ДУУССАН БОЛ ОДОО ХОТЫН МЭДЭЛД ӨГЧИХ ГЭЖ БИ ЗАСГИЙН ГАЗАРТ ХЭЛСЭН. ТУУЛ ГОЛЫН САВ, БОГД УУЛЫН АМНЫ ГАЗРЫГ ХОТЫН МЭДЭЛД ӨГЧИХ ЮМ БОЛ БИ 30 ХУВИЙГ НЬ ИРГЭДЭД ЗОРИУЛНА.


-Хотын төсөвт татварын орлогоос гадна нийслэлийн татвар орж байгаа шүү дээ.

-Хотын төсвийн эх үүсвэр нь хүн амын орлогын албан татвар. Зочид буудал, архи, тамхи, шар айраг борлуулсны орлогоос долоон тэрбум орчим төгрөг ордог. Хот өөрийн гэсэн татвартай байж энэ их бүтээн байгуулалтыг авч явна.

-Зочид буудал, архи, тамхинаас авч буй нэг хувийн татварыг бүх бараанаас авах ёстой гэж та хэлэх гээд байна уу?

-Улаанбаатарт амьдарч буй хүн татвар төлөх ёстой. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх, таны амьдарч буй орчныг зүлэгжүүлэх, услахад өртөг ордог. Том хотод амьдрахын тулд мөнгө төлдөг, хот өөрийн татвартай байх ёстой.

Хот үнэлэмжгүй учраас бүгд нэг доор бөөгнөрч буй. Улаанбаатар хот, захын тосгонд амьдрах хоёр бараг л адилхан өртөгтэй байна. Хотын үйлчилгээ авъя гэвэл татвар төлөх ёстой.

-Жилд хэчнээн хүн Улаанбаатар хотод шилжин ирж байна вэ?

-1990 оноос хойш шилжиж ирсэн хүний тоо жилд хамгийн дээд тал нь 60 мянгад хүрсэн бол өнгөрсөн онд хамгийн цөөн буюу 9000 хүн суурьшсан. Шилжиж ирсэн хүн нь орон нутаг руу явсан иргэдээс цөөн байсан.

-Туулын бургасыг тайраад барилга барьж эхэлсэн гэсэн мэдээлэл байна?

-Харамсалтай нь, Туул голын сав газар, Богд уулын ам манай харьяанд биш БОАЖ-ын сайдын мэдэлд байдаг. Тэнд ямар төлөвлөлт хийж, хэн газар авч, яаж ажиллаад байгааг мэдэхгүй. Хотын даргын хувьд миний зүрх шимширдэг. Богд ууланд барилга барихдаа яагаад ухаад байгаа юм бэ. Яагаад иргэдийг тийш нь оруулахгүй хашчихаад байгаа юм бэ.

Хувийн өмч биш, Монгол Улсын дархан цаазтай уул шүү дээ. Энэ газрын тодорхой хэсэг нь иргэдийн амарч зугаалдаг бүс байх ёстой. Гэтэл хувийн орон сууцаар дүүргэж, амыг нь хашчихаад, одоо Туул голын бургасыг хядан барилга барьж байна. Зайсангийн төлөвлөлт нийслэлд хамаагүй. БОАЖЯ газрыг нь өгдөг, асуудал гарахаар хотын даргад ханддаг.

Цэвэр, бохир, хог хаягдлаас эхлээд олон асуудал тэнд бий. Газрыг нь өгөөд дууссан бол одоо хотын мэдэлд өгчих гэж би Засгийн Газарт хэлсэн. Туул голын сав, Богд уулын амны газрыг хотын мэдэлд өгчих юм бол би 30 хувийг нь иргэдэд зориулна.

-Гэр хорооллын дахин төлөвлөлт хэл ам дагуулаад байна. Компаниуд хашааны газрыг нь авчихаад барилгаа барьж чадахгүй, иргэд орох оронгүй, түрээсийн байр дамжиж явна. Энэ асуудал таны чихэнд ч хүрсэн байх.

-Гэр хорооллыг орчин үеийн байшин хороолол болгох асуудал нийслэлийн үе үеийн Засаг Даргын толгойны өвчин болж ирсэн. Хэн нэг нь гэр хорооллыг барилгажуулах ажлыг санаачилсан, гэр хороололд хайртай, үгүй тухай асуудал энд байхгүй. Харин гэр хорооллыг барилгажуулах ажлыг санаачилж явсан хүн одоо дахин төлөвлөлтийг эсэргүүцэж, жагсаал цуглаан хийгээд явааг ойлгохгүй юм.

Засаг даргаар ажиллаж байсан хүн өөрөө зовлонг нь мэдэх учиртай. Асуултад дурдсан алдааг гаргасан хүн нь Э.Бат-Үүл дарга шүү дээ. Сэтгэлийн хөөрлөөр хандаж, маш олон байршилд компаниудыг оруулж, тэдний нуруун дээр санхүүгийн асуудлыг нь үүрүүлээд орхичихсон. Компаниудын буруу биш. Үүний ард компани, иргэд, улсын төсөв гээд олон асуудал байгаа.

-Хотоос төсвөөр дэмжихгүй юү?

-Мэдээж дэмжинэ. Бид гэр хороололд гурван бодлого барьж буй. Хотын төвийн төлөвлөлтөд орсон, инженерийн шугам сүлжээ татчихсан гэр хорооллыг өндөр давхрын орон сууц болгоно. Улсын төсвөөр шугам сүлжээ татчихаад ашиглахгүй байж болохгүй. Иргэд хашаа байшингаа үнэлж, зараад нүүнэ гэсэн үг.

Дундын бүсийн гэр хороолол гэж бий. Дэд бүтэц татаагүй. Энэ бүсэд нүүрс хориглож, эко, утаагүй, сайжруулсан түлш хэрэглэх нөхцөлөөр хангана. Дундын бүсийн 200-300 айлын дунд “Сервис центр” дэд бүтцийн төв байгуулах төслийг эхлүүлсэн. Энэ жил Чингэлтэй дүүргийн 7, Сүхбаатар дүүргийн 18-р хороонд хэрэгжүүлж, иргэдэд үлгэрлэн харуулна. Иргэд хүсэлтээ гаргаад нэгдэх учраас энэ төсөл хэрэгжих бүрэн бололцоотой.

Гурав дахь нь болох алсын гэр хорооллыг бие даасан бохирын системтэй болгохоор төлөвлөж буй. Улаанбаатарын гэр хороололд амьдарч буй 200 мянга гаруй айлын асуудлыг ингэж шийдэх юм.

-2019 оны дөрөв, тавдугаар сараас түүхий нүүрс түлэхийг хориглосон. Нүүрсийг орлох түлшээ бэлдэж амжих уу. Үйлдвэр нь бий юу? Бүтээгдэхүүн нь иргэдийн худалдан авах чадварт нийцэх үү?

-Үүнийг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. Улаанбаатар хотод 1.2 сая тонн нүүрс жилд хэрэглэдэг. Үүнийг 600.000 тонн сайжруулсан түлшээр солих учиртай. Сайжруулсан түлш бий болгож, татаас өгөх замаар шийдэхээр ажлын хэсэг гаргасан. 2019 оны дөрөвдүгээр сарын 1 гэхэд үйлдвэрлэлийн хүчин чадлыг бий болгох шаардлагатай. Энэ чиглэлээр судалгаа хийж буй.

Түлшний татаасанд 70 орчим тэрбум төгрөг шаардагдах болов уу. Хотын даргын хувьд би цэвэр агаараар амьсгалахад энэ мөнгө тийм ч их биш гэж боддог. Нийтийн тээвэрт гэхэд л хот 58 тэрбум төгрөгийн татаас өгч байна. Тиймээс цэвэр агаартай байхын тулд энэ хэмжээний татаас олгож, сайжруулсан түлшийг нүүрсний үнээр борлуулж болно гэж бодож байгаа.

Стандартын хувьд нэг кг нүүрс, 0.5 кг шахмал түлш шатаахад гаргах илчлэг тэнцэх ёстой. Таван тонн нүүрс түлдэг айл 2.5 тонн сайжруулсан түлш хэрэглэнэ гэсэн үг.

-70 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт дарамт учруулах байх даа?

-Улсын төсвөөс л өгөөсэй гэж бодож байгаа.


                                                                                  Эх сурвалж: “MN-25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэг

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол