П.БАЯРХҮҮ: "ШИНЭ СУУРЬШЛЫН БҮС, ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ХӨГЖҮҮЛСНЭЭР 10566 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРНО"

Уншсан тоо: 904
Нийтлэгдсэн: 2018 оны 03 сарын 29

Монгол Улсын "ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН"-ы "Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар" салбар хуралдаанд НЗД-ын орлогч П.Баярхүүгийн тавьсан илтгэлээс хүргэж байна.

Нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр улсын нийт хүн амын 46.2% нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65.8%-ийг бүтээж, их дээд сургуулийн 95.8%, аж ахуйн нэгжийн 67.0% байрлан,  автомашины 68.2% зорчин, улс орны эдийн засаг, нийгэм, бизнес, санхүүгийн үйл ажиллагааны төв болон хөгжиж байна. 

Гэвч төвлөрлийг даган нийслэлд агаар, орчны бохирдол, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хүрэлцээгүй байдал, авто замын түгжрэл, гэр хорооллын төлөвлөлтгүй тэлэлт зэрэг тулгамдсан асуудлууд бий болсоор байна.

Хотын хүн амын 56 орчим хувь буюу 216,021 өрх гэр хороололд, 43.3% буюу 164,807 өрх орон сууцанд амьдарч байна. Үүнээс үүдэн Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын 216 мянга гаруй өрх, 3000 халаалтын зуух, 10 хувийг тээврийн хэрэгсэл , 6 хувийг дулааны цахилгаан  станц , 4 хувийг бусад эх үүсвэр тус тус үүсгэж байна.

Улаанбаатар хотын  агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүнд:

  • Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоосон;
  • Шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 01 дүгээр сарын 01 хүртэлхи хугацаанд түр зогсоосон;
  • Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, түүнд мөрдөх журмыг баталсан;
  • 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийслэлийн нутаг дэвсгэрт MNS5216:2016 стандартын зуухнаас бусад ахуйн хэрэглээний зуух худалдан борлуулахыг хориглосон;
  • Агаарын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан;
  • "Улаанбаатар" худалдааны танхимтай хамтран "Ногоон сан" ТББ байгуулсан;
  • Агаар цэвэршүүлэгч, амны хаалт, бүх төрлийн цахилгаан халаагуурыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсөн;
  • Түүхий нүүрс хэрэглэхийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хориглох;
  • Мэргэжлийн Хяналтын Газрын бүтцэд агаарын чанарт хяналт тавих үүрэг бүхий 13 хүний бүрэлдэхүүнтэй хэлтэс байгуулсан байна.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1-р бүсэд Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 55 хороо, 2-р бүсэд Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 26 хороо багтаж байна.  

Дээрхи бүсүүдэд үйлчилгээ үзүүлж байгаа газруудад халаалтын зуух хэрэглэхийг хориглох, дотоодын агаарын чанарыг сайжруулах ажлыг цэцэрлэг, сургуулиудад үе шаттай хэрэгжүүлж, өвлийн улиралд иргэддээ амны хаалт тараах, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны тоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна. 

Харин 3-р бүсийн 8 хороо, 4-р бүсийн 49 хороонд ямар ч тохиолдолд түүхий нүүрс түлэхийг хориглосон.

                                                     Гэр хорооллыг төвийн, дундын, захын гэсэн 3 бүсээр хөгжүүлнэ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг төвийн, дундын, захын гэсэн 3 бүсээр хөгжүүлнэ.

-Төвийн бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 23.9 хувь буюу 2317 га газрыг хамардаг бөгөөд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох бололцоотой бүсэд орон сууцны хороолол, үйлчилгээний өндөр давхрын барилга, байгууламж барина.  

Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийтдээ 24 байршилд 1473 нэгж талбарын 90 орчим га газрыг чөлөөлөн, дэд бүтцийн ажилд 104.3 тэрбум төгрөгийг зарцуулж, 5093 айлын орон сууц ашиглалтанд оруулсан. Төвийн бүсэд 2018 онд нийслэлийн төсвөөс 10.1 тэрбум төгрөгийг зарцуулж инженерийн дэд бүтцийг барина.

Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн болон нийгмийн дэд бүтцийн ажлуудыг БНХАУ-ын Засгийн газрын 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

-Дундын бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 28.8 хувь буюу 2794 га талбайг хамардаг бөгөөд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй  бүсэд “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлнэ. 

2017-2020 хүртэл нийт 50 ширхэг “Дэд бүтцийн төв”- ийг барихаар төлөвлөж, 2017 онд “Дэд бүтцийн төв” барих бэлтгэл ажлыг ханган техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, 5 байршилд ажлын зураг төсөв хийсэн.

Барилга Хот Байгуулалтын яам, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, нийслэлээс 3 байршилд дэд бүтцийн төв байгуулна.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд Улаанбаатар хотын гэр хорооллын суурьшлын бүсийн хамгийн их нягтралтай хэсгийн нэг болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд “Дэд бүтцийн төв” барина.

-Захын бүсийн гэр хороолол нь 4402.5 га буюу 47.3 хувийн гэр хорооллын хэсэгт үе шаттайгаар бие даасан инженерийн шугам сүлжээ, сэргээгдэх эрчим хүчний хангамжид холбоно.

                                                                        “Яармаг” хотын шинэ төвийг байгуулна

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг хот төлөвлөлтийн 8 бүсэд хувааж нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлнэ.

Төлөвлөлтийн бүс нь өөрийн засаг захиргаа, орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ бүхий хотын чанартай 2 төв, дүүргийн чанартай 6 дэд төвтэй байна. Үүнд: 

-Хотын чанартай төвд “Их тойруу” болон Яармаг  хотын төв, 

-Дүүргийн чанартай дэд төвд Баянхошуу, Сэлбэ, Сонсголон, Шинэ хот, Гурвалжин, Амгалан дэд төвүүд багтана.

Улаанбаатар хотын доторхи төрийн захиргаа, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн төвлөрлийг сааруулах зорилгоор “Яармаг” хотын шинэ төвийг байгуулна.

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудаас өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машины хөдөлгөөн бүртгэгдсэн байна. 

Хотын захиргааг Яармагт шилжүүлснээр хотын төвийн төвлөрөл буурах юм. Нийслэлийн төсвөөс 2018 онд эхний ээлжийн 1.6 тэрбум төгрөгийг төлөвлөсөн.


Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баянхошуу, Сэлбэ дэд төвийг хөгжүүлэх төсөл хэрэгжиж байна. 2017 онд Баянхошуу, Сэлбэ дэд төвд нийт 8.7 км урт ариутгах татуургын шугамын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Төсөл хэрэгжсэнээр 318 га газарт 7220 өрхийн 28.533 иргэн инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдана.

Улаанбаатар хотын бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхээр "Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийг боловсруулан НИТХ-аар батлуулсан.

Хотын төвлөрлийг сааруулах, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ суурьшлын бүсийг ажлын байр, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хамт төлөвлөсөн.

Улаанбаатар хотод Ханын Материал орчим, Баянголын ам, Яармаг спорт цогцолборын орчим, Авто худалдааны төв, Морингийн даваа, Био-сонгино болон Улиастайн ам зэрэг 7 байршилд шинэ суурьшлын бүс, түрээсийн орон сууцыг цогцоор нь хөгжүүлснээр 10,556 айлын орон сууц ашиглалтанд орно.

Нийслэлийн агаарын бохирдлын 1, 2 дугаар бүсэд амьдардаг орон сууцгүй,  0.04 га–аас багагүй газартай иргэд  "Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сан"-гаар дамжуулан орон сууцны урьдчилгаа 30 хувийг газраараа солин зээлд хамрагдах боломжийг бүрдүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар орон сууцны ипотекийн урьдчилгаа 30%-ийн санхүүжилтийг "Нийслэлийн Орон Сууцны Сан"-гаас 63 иргэнд олгож, нийслэлийн газрын санг 3.8 га-аар нэмэгдүүлээд байна.

                                                     Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Хэлтэс

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол