Ж.Энхтөр: “Орон сууцны үнийг буулгая гэвэл ашиглалтанд хүлээж авах журмаа өөрчлөх хэрэгтэй”

Уншсан тоо: 416
Нийтлэгдсэн: 2015 оны 12 сарын 24

Бүтээн байгуулалтын салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа залуухан захирал Ж.Энхтөр манай энэ удаагийн зочноор уригдлаа. Барилгын үндэсний томоохон компаниудын нэгд зүй ёсоор тооцогдох “Гангар Холдинг” компанийн ерөнхий захирлын  албыг хашиж яваа түүнтэй ярилцах бодол нэлээд хэдэн сарын өмнөөс төрсөн ч саяхан л ажил хэрэг болгосон минь энэ. Нийслэлийн өнгө төрхийг өөрчлөх зорилготой гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд “Гангар Холдинг” идэвхийлэн оролцож, эхний ээлжийн орон сууцаа хүлээлгэн өгөх гэж байгаа энэ цаг үед бидний яриа өрнөлөө. 

 -Урилгыг минь хүлээн авсанд баярлалаа. Та анх энэ компанийн  менежерээр ажлын гараагаа эхэлж байсан юм билээ. “Гангар Инвест” группын үүсгэн байгуулагчдын дунд таны ойр дотны хүн байдаг юм болов уу гэж боддог юм...

-Компанитай холбогдсон үеэсээ эхэлж ярих болж байнаа даа. Би анх 2000 онд оюутан байх үедээ “Гангар Инвест” ХХК дээр дадлага хийж байсан юм. “Орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлэх арга зам” гэсэн сэдэвтэй дипломын ажил сонгосон байсан. Сургуулиа төгссөний дараа өөр компанид ажилд орчихсон явж байгаад “Гангар Инвест” компанийнхаа удирдлагатай санамсаргүй тааралдтал “Чи манайд дадлага хийж байсан биз дээ. Хаана ажиллаж байгаа вэ. Очиж уулзаарай”  гэлээ.Энэ саналын дагуу очиж уулзаад борлуулалтын менежерээр анх ажилд орж байлаа. Дараа нь маркетингийн менежер, маркетингийн албаны дарга, ерөнхий менежер, гүйцэтгэх захирлын албыг хашсан. Одоо Ерөнхий Захирлаар ажиллаж байна.

-Ингэж богино хугацаанд дэвшүүлэн ажиллуулахдаа таны мэргэжлийн ур чадварыг харгалзсан нь мэдээж. Үүнээс гадна хувь хүний зан чанар нөлөөлнө. Та ер нь ямар зарчим баримталдаг хүн бэ? Өөрийнхөө зан чанарыг тодорхойлбол?

-Компанийн удирдлагууд миний хичээл зүтгэл, хийж бүтээе гэсэн сэтгэл, хувь хүний зан чанарыг минь харсан байх. Анх борлуулалтын менежерээр ажиллаж байх үед орон сууц сонирхож ирсэн хүмүүстэй уулзахад  “Маркетингийн суваг цаашдаа ийм байх ёстой юм байна. Өнөөдөр ирж уулзсан арван хүний тав нь зорилтот хүн биш юм байна. Зорилтот хүнээ олох ёстой...” гэх зэрэг бодол төрж, аяндаа л маркетингийн албаны ажил руу орж эхэлж байгаа юм. Ингээд маркетингийн ажил руу ороод явахаар барилгын ажил руу орох шаардлага зайлшгүй гарна. Энэ жишгээр явсаар өдий хүрлээ. Манай зарим залуучууд “Энэ л миний хийх ёстой ажил. Үүнийгээ л өдрийн найман цагт хийх ёстой” гэж бодож явдаг нь том дутагдал юм уу гэж боддог. “Миний хийх ёстой ажил зөвхөн энэ” гэж хязгаарлалгүйгээр өөр дээрээ ажил авч хариуцлага хүлээгээд ирэхээр хариуцлагыг дагасан эрх мэдэл, эрх мэдлийг дагасан хариуцлага тэр хэрээр ирж, өөрийгөө хөгжүүлээд явдаг юм байна гэж бодож явдаг даа.

- Нутаг ус хаанах вэ? 

-Миний аав ээж хоёр Архангай аймгийн хүмүүс. 1970-аад онд Монгол Улсыг бүсчлэн  хөгжүүлэхээр төлөвлөсний дагуу Дорнод аймагт олон үйлдвэр, уурхай байгуулагдаж, олон залуус илгээлтээр очиход аав, ээж хоёр ч тийшээ шилжсэн юм билээ. Аав, ээж хоёр маань Дорнодын Мах Комбинатад насаараа ажилласан ажилчин хүмүүс. Би тэнд 10 жилээ төгсөөд, нийслэлд ирж ШУТИС-ийн КТМС-ийн бизнесийн удирдлагын ангийг төгсөөд, улмаар магистр хамгаалсан.

-Та БЗД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчийн сонгуульт албыг хашдаг байхаа?

-Манай компани энэ дүүрэгт, тэр дундаа 25 дугаар хороонд 1500 гаруй айлын орон сууцны хороолол барьж ашиглалтанд оруулсан. Миний хувьд 25 дугаар хороондоо ажиллаж, амьдарч байгаагийн хувьд дүүргийнхээ хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах, дуу хоолойгоо хүргэх үүднээс нэр дэвшин сонгогдсон. Одоо дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, олонхийн бүлгийн даргаар ажиллаж байна. Гол нь улс төржихдөө биш. Залуу хүний хувьд нийслэл, дүүргийн хэмжээнд ямар асуудлыг шийдэх хэрэгтэй вэ, үүнийг хэрхэн хэрэгжүүлбэл зохистой вэ гэх мэтээр өөрт бодогдсон зүйлээ ажил хэрэг болгохыг зорьж явна даа.

-Танай компани БЗД-ийн нутаг дэвсгэр ЦИС-ийн урд тал орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа. Нийслэлд дахин төлөвлөлтийн төсөл дөнгөж хэрэгжиж эхлэх үетэй зэрэгцэн энэ ажил руу орсон. Таньд гэр хорооллын өнгө төрхийг өөрчлөх талаар бодож санасан зүйл өмнө нь байсан л байх даа?

-Улсын маань нийслэл агаар, хөрсний бохирдолттой байгаа нь үнэхээр тулгамдсан асуудал. Гэр хороололд дээр дурдсан асуудлуудаас гадна гэмт хэргийн гаралт ч маш их байдаг. Эдгээр асуудлыг шийдэх арга зам нь яах аргагүй дахин төлөвлөж орон сууцжуулах юм. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд манай компанийн барьж ашиглалтанд оруулсан “Ногоон төгөл” хотхоны суурин дээр өмнө нь бетон зуурмагийн үйлдвэр, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон айлууд байсан. Тухайн үедээ бид бетон зуурмагийн үйлдвэрийнхэн болоод айлуудтай ярилцаж, тохиролцоонд хүрээд орон сууцны хороолол барьж байлаа. Хэдэн жилийн өмнө БХБЯ-ны Барилга Захиалагчийн Албаныхан гэр хорооллыг орон сууцжуулах талаар ярьж, судалж байхад нь очиж сонирхож, санал бодлоо хуваалцдаг байсан.

-НЗД-ын орлогч С.Очирбат дарга яаманд ажиллаж байхдаа гэр хорооллыг орон сууцжуулах талаар ярьж, ажил хэрэг болгож байсан жишээ бий гэж ярьж байна лээ. Тэр үе үү?

-Тийм ээ. Миний хувьд, гэр хороолол орон сууцны хороолол болж байж хотын өнгө төрх өөрчлөгдөнө гэсэн бодолтой явдаг. Хоёр жилийн өмнөөс хотын шинэ удирдлагууд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхэд “Компаниуд зөвхөн бизнес хөөх биш нийгмийн хариуцлагаа ухамсарлаж энэ ажил руу орох ёстой. Үндэсний барилгын компани бид хийхгүй бол хэн хийх вэ” гэсэн бодлоор бусдыгаа уриалаад орсон.

-Дахин төлөвлөлт эрсдэл ихтэй төсөл. Дээрээс нь иргэдийн оролцоонд тулгуурлана. Танай байршлын иргэд хэрхэн хүлээж авав, аль хэр бэрхшээл туулав?

-Иргэд маш сайн дэмжсэн. Манай компанийг анх төслөө танилцуулаад явахад 80 гаруй хувь нь дэмжсэн. Хүлээлт маш их байсан гэсэн үг. Уулын мод урттай, богинотой гэдэгчлэн хүлээж авахгүй, эргэлзсэн ганц нэг хүн байсан. Гэхдээ ерөнхий массаараа маш сайн дэмжиж байгаа. Одоо ч бид иргэдтэйгээ хамтраад ажиллаж байна.

-Энд нийт хэдэн айлын орон сууцны хороолол төлөвлөсөн бэ? Энэ жил эхний ээлжийн орон сууцаа ашиглалтанд оруулах уу?

-Дөчин га талбайг хамарсан дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлснээр 5100 айлын орон сууцны хороолол баригдана. Хот төлөвлөлтийн дагуу нэг га газар дээр 400 айлын орон сууц барьж болно гэдэг л дээ. Энэ жишгээр тооцох юм бол 16.000 орчим айлын орон сууц баригдах тооцоо гарч ирнэ. Гэвч дэд бүтцийн байдлаас шалтгаалахын зэрэгцээ нэгэнт л гэр хорооллыг дахин төлөвлөж орчин үеийн орон сууцны хороолол болгож байгаа юм чинь иргэдийн тав тухыг хангасан үлгэр жишээ хороолол болгоё гэсэн бодлоор төлөвлөлтөө хийсэн. Манай байршил нийт 398 нэгж талбартайгаас 100 орчим айлын газрыг чөлөөлсөн байгаа. Одоогоор 504 айлын орон сууц баригдаж байна. Энэ жил эхний ээлжийн 168 айлын орон сууцыг ашиглалтанд өгч, эхний ээлжинд газраа чөлөөлсөн өрхүүдээ оруулна. Дараагийн 168 айлын орон сууц ирэх оны нэгдүгээр улиралд гэхчлэн ээлж дараагаар ашиглалтанд орох юм. Ирэх онд 1000 айлын орон сууцны ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. 

-Арилжааны банкууд барилгын компаниудад зээл олгохгүй байгаагаас санхүүгийн асуудлаа шийдэхэд хүнд байгаа. Тэр дундаа дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчид иргэдийн түр амьдрах орон байрны түрээсийн мөнгө, газар чөлөөлөх зардал гэхчлэн ихээхэн хөрөнгө гаргаж байна. Танай хувьд хөрөнгөө гаднаас шийдсэн гэж сонссон...

-Хөрөнгө санхүүгийн хувьд дийлэнхи компаниуд хүнд байгаа. Дахин төлөвлөлтийн төсөлд дотооддоо зээл олгож санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бол төсөл хэрэгжүүлэгч компаниудад томоохон дэмжлэг болох байлаа. Харамсалтай нь ийм зүйл хангалтгүй байгаа тул бид гаднаас хөрөнгө босгох шаардлага гарсан. Гэтэл хөрөнгө оруулагчдад төслөө танилцуулахад газар бүрэн чөлөөлөгдөөгүй байна гэх юм уу, энэ том газар дээр 10-20 мянган айлын орон сууц барих байтал 5000 айлын орон сууц барьж байгаа нь ашиггүй төсөл, нэг м.кв орон сууцанд оногдож байгаа газрын үнэ чинь өндөр гараад байна гэх зэрэг шалтгаан хэлж, татгалзах гээд л олон саад бэрхшээл тулгардаг. Гэхдээ харилцан ярилцаж, нийгмийн сайн сайхны төлөө хийгдэж байгаа ажлыг дэмжүүлэхээр ухуулна шүү дээ. Ер нь одоогоор гадны хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах сонирхол муу байна. Манай компанийн хувьд Хятадын банкнаас зээл авч байгаа.

-Танай компани “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт оролцож байгаа юм билээ. Эхний ээлжийн түрээсийн орон сууцыг хэзээ нийлүүлэхээр төлөвлөж байна вэ? Түрээсийн орон сууцны хөтөлбөрт оролцож байгаа компанид хөнгөлөлттэй зээл олгох зэргээр харж үзэх тал байх болов уу?

-Ирэх онд 100 гаруй айлын, 2017 онд 500 гаруй айлын, 2018 онд 500 гаруй айлын гэх зэргээр түрээсийн орон сууцаа барина. Энэ хөтөлбөрт оролцсон компанид хөнгөлөлттэй зээл олгоно гэсэн юм байхгүй. Түрээсийн орон сууцыг улс худалдаж авах, эсвэл барьсан компани өөрөө эзэмшээд түрээслүүлээд явах гэхчлэн хэд хэдэн хувилбарыг түрээсийн оронсууц хөтөлбөрт оруулсан байдаг. Энэ жишгээр л явна.

-Хувийн хэвшлийнхэнтэй зэрэгцээд ТОСК орон сууц бариулаад байгааг шүүмжлэх хүмүүс байдаг. Энэ нь хэр зөв юм бол. Та юу гэж боддог вэ? 

-Гадны орнуудад зорилтот бүлэгтээ чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага байдаг л даа. ТОСК аж ахуйн ажлаасаа илүү зохион байгуулалтын ажил хийх хэрэгтэй юм уу гэж хардаг. Хувийн хэвшлийнхний барьсан орон сууцыг цааш нь борлуулах, түрээслүүлэх ч юм уу, хөрөнгө оруулалтыг нь шийдэх гарцыг олж өгөх, инженерингийн байдлаас хяналт тавих зэрэг ажлыг хариуцаад ажиллавал зүгээр.

-Орон сууцны үнийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Орон сууцны үнийг бууруулах талаар өөрийнхөө бодож явдаг нэг бодлыг хэлье. Хамгийн ойрхон жишээ Хятадад гэхэд орон сууцны барилгыг дотор засал чимэглэлгүйгээр ашиглалтанд хүлээж авдаг. Барилгын компани барилга угсралт, зам талбай, тохижилт, гадна фасад, нийтийн эзэмшлийн ажлаа хийчихвэл барилгыг ашиглалтанд хүлээлгэн өгч болно гэсэн үг. Ер нь барилгын төсөвт өртгийн 30 орчим хувь нь обой, паркет гэх мэтийн дотор засалд зарцуулагддаг. Дээр нь барилга угсралтын ажилд зургаан сар зарцуулдаг бол дотор заслын нарийн чимхлүүр ажилд дахиад зургаан сар зарцуулна. Компаниуд банкнаас авсан зээлээр л барилгын ажлаа явуулдаг. Ингэхээр банкны зээлийн хүүг зургаан сар илүү төлж байна гэсэн үг. Цаашлаад барилгын өртгийнхөө гучин хувийг илүү зээлж аваад ажлаа хийж байна гэсэн үг. Хэрэв дотор заслын ажлыг хийлгүй барилгыг ашиглалтанд хүлээж авах юм бол орон сууцны метр квадратын үнийг бараг дөчин хувь бууруулах боломжтой юм.

-Орон сууцны үнэ буурахаас гадна ашиглалтанд орох хугацаа богиносож таарна. Энэ чинь харин аль аль талдаа ашигтай зөв бодлого юм байна даа?

-Хавар нь эхэлсэн барилгыг заавал он дамжуулаад байхгүйгээр өвөл нь ашиглалтанд оруулчихаж болно.10 тэрбум төгрөгөөр хоёр блок орон сууц барих байсан бол гурван блок орон сууц барих боломжтой болно гэсэн үг. Ер нь орон сууцны үнийг хямдруулъя гэж байгаа бол дотор засалгүйгээр хүлээж авах заалтыг орон сууц ашиглалтанд хүлээж авах журамдаа оруулах хэрэгтэй. Тухайн орон сууцыг наян сая төгрөгөөр худалдаж авах байсан бол 40 хувь хямдарснаар тавин сая төгрөгөөр худалдаж авна гэсэн үг дээ. Ингэснээр хорин жилийн хугацаатай зээл аваад сард таван зуун мянган төгрөг төлдөг байсан бол сард төлөх төлбөр гурван зуун мянган төгрөг болж буурна. Сард таван зуун мянган төгрөгөө төлсөн ч хорин жил биш арав, арван таван жил зээл төлнө гэсэн үг. Урьдчилгаагаа төлж чадахгүй, орлого нь хүрэхгүйгээс зээл авч чадахгүй байгаа иргэдэд том боломж гарч ирж байгаа биз. Үүний зэрэгцээ Монголд обой, паркет зэрэг материал үйлдвэрлэдэг томоохон үйлдвэр байхгүй учраас олон айлын орон сууцны хороолол ашиглалтанд оруулахын тулд дээрхи бүтээгдэхүүнүүдийг гаднаас импортоор оруулж ирж хэрэглэж байгаа. Тэгвэл иргэн орон сууцаа дотор засалгүйгээр худалдаж авчихаад бололцоондоо тааруулаад нэг хэсэгтээ амьдарч байг л дээ.Боломжтой болохоороо өөрийнхөө хүсэл сонирхлоороо байраа тохижуулж болно шүү дээ. Иргэн өөрөө байраа тохижууллаа гэхэд тавин ширхэг ванн үйлдвэрлэх хүчин чадалтай Монголын үндэсний  үйлдвэрээс очоод өөрийн хэрэгцээний ваннаа авах боломж байна. Гэтэл барилгын компаниуд Монголоосоо ванн авах гэхээр тоо нь хүрэхгүй учраас Хятадаас оруулж ирээд тавьчихаж байна. Иргэн өөрөө доторхи төлөвлөлтөө хийхээрээ арай бүтээлчээр хандаж “Энэ зайнд нэг шкаф хийчихье” гэхчлэн төлөвлөхөд тавилга үйлдвэрлэдэг үндэсний компаниуд ажилтай болно шүү дээ. Одоо бол шууд бэлэн тавилга авч ирээд тавьчихаж байна. Дээр нь интерьер, заслын компаниуд ч ажилтай болно. Гэтэл одоогийн нөхцлөөр зарим боломжтой иргэд барилгын компанийн засал таалагдахгүй болохоор дахиад л шинээр засдаг. Үргүй зардал их гарч байна гэсэн үг.

-Орон сууцны үнийг буулгах талаар ийм бодолтой явдаг юм байна. Иргэд төдийгүй барилгын салбарынханд хүлээлт үүсгэсэн арван хувийн урьдчилгаатай зээлийн талаар өөрийнхөө бодлыг хуваалцахгүй юу? Зунаас хойш хүлээлт үүсгэж угаасаа тааруу байсан борлуулалтыг бүр нам зогсоолоо гэж хувийн хэвшлийнхэн ярьж байна...

-Асуудлууд тодорхой болсны дараа зарлах хэрэгтэй байсан байх гэж бодож байна. Энэ зээлийг хүлээснээс болж, барилгын салбар зогсчихлоо. Сүүлийн үед байрны үнэ бууж байгаа нь худалдан авах гэж байгаа хүнд сайхан мэдээ. Гэхдээ энэ нь нэг талаараа үл хөдлөх хөрөнгөтэй хүмүүсийн хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Солонгост арван жил ажиллаж, зуун сая төгрөгтэй ирээд гурван өрөө байр авчихсан хүний байрны үнэ сарын дотор наян сая төгрөг болоод буурчихвал хэцүү л биз дээ. Зүгээр сонирхуулаад ярихад, Туркэд орон нутгийн сонгуульд нэр дэвшигч орон сууцны үнийг тэдэн хувь өсгөнө гэсэн амлалт өгч байхыг мэдэх юм. Яахав, тэнд айл өрхүүдийн ихэнхи нь орон сууцтай учраас иргэдийнхээ хөрөнгийг автоматаар өсгөж, иргэдийнхээ амьдралын баталгааг нь сайжруулж байна гэсэн үг. Гэтэл манай нийслэлийн айл өрхүүдийн жар гаруй хувь нь гэр хороололд амьдарч байгаа учраас “Орон сууцны үнийг өсгөнө” гэж хэн нэгэн улс төрч хэлэх юм бол юун сонгогдох, тун хэцүү байдалд орно биз дээ.

-Ер нь аливаа улсын нийслэл өртөг өндөртэй байх ёстой гэдэг. Харин манайд хүлээн зөвшөөртлөө удах шинжтэй...

-Надад нэг хүн хэлж байсан юм. “Эрээнд орон сууцны үнэ сая төгрөг хүрэхгүй байна. Гэтэл манайд яагаад ийм байгаа юм. Дэндүү их ашиг олж байгаа юм биш үү” гэж... Тэгэхээр нь би “Бээжинд орон сууцны үнэ хэд байдаг юм. Маш үнэтэй шүү дээ” гэхэд өөдөөс “Бээжин чинь Хятадын нийслэл шүү дээ” гэнээ. Тэгвэл Улаанбаатар юу юм, Монголын нийслэл биз дээ. Хатуухан хэлэхэд хөдөө амьдрах боломжгүй болохоороо бүгдээрээ нүүж ирээд суурьшдаг газар юм уу. Улсын нийслэл өртөг өндөртэй байх ёстой. Та нийслэлдамьдарч, бизнес эрхэлж байгаа бол өндөр татвар төлөх ёстой. Харин хөдөө орон нутагт, ялангуяа алслагдсан суманд амьдарч бизнес эрхэлж байгаа бол эсрэгээрээ хөнгөлөлт дэмжлэг эдлэх ёстой. Хэрэв хөдөө орон нутагт газар, дэд бүтцийг үнэгүй шийдвэрлэж өгөөд, бага хүүтэй зээл олгож, татварын хөнгөлөлт үзүүлээд, хямд орон сууц барих нөхцлийг нь бүрдүүлээд өгвөл барилгын хөрөнгө оруулагч нар тийшээ л зорино шүү дээ. Зөвхөн барилга ч биш бүх салбарт адилхан байх. Хөдөө орон нутагт ажлын байр, эмнэлэг, сургууль нь байгаад амьдрах өртөг нь бага байвал хэн ч хотод хоргодоод байхгүй биз дээ. 

-Гадуур цөөхөн байр хямд зарна гэсэн зар явах юм. Үнэ нь нэг саяас нэг сая нэг зуун мянга гэх шиг... Уул уурхай зогсонгуут, цөөхөн айлын орон сууц барьж мөнгөө эргэлдүүлээд авъя гэж байсан нөхдүүд мөнгөө гаргаж авахын тулд ингэж байгаа юм болов уу гэж би боддог юм. Бас бартерийн байр ч байна...

-Энэ ийм учиртай юм. Төсөл хэрэгжүүлэгч иргэн, аль эсвэл нэг компани бетоны үйлдвэрлэл эрхэлдэг бизнесменд байр өгөөд оронд нь бетон авлаа. 1.800.000 төгрөгөөр зарж байгаа байрныхаа ашгийг хасаад 1.600.000 төгрөгөөр өгчээ гэж бодъё. Тэгэнгүүт нөгөө бетон зарсан хүн мөнгөө гаргаж авах гээд бетоныхоо ашгийг хасаад цемент нийлүүлж байгаа хүндээ 1.400.000 төгрөгөөр өглөө. Цаашлаад цемент зарсан хүн өөрийнхөө ашгийг хасаад цемент зөөж өгсөн жолоочдоо 1.200.000-аар өгөх жишээний. Жолооч мөнгө хэрэгтэй болонгуут өөрийн ашгийг хасаад сая төгрөгөөр зарах гээд явж байна. Зөв зохион байгуулалтад орох юм бол байрны үнэ буурах боломж харагдаж байгаа гэсэн үг. Нөгөө талдаа эргэх цусгүй болж, нэмүү өртөг байхгүй болсоор эцэстээ өртгөөсөө доогуур үнээр зарж байна. Өөрийн чинь хэлж байгаачлан “За, цөөхөн хэдэн айлын орон сууц барьж мөнгөө эргэлдүүлье” гэсэн нэг хэсэг ч түгжигдсэн мөнгөө гаргаж авахын тулд  орон сууцаа өртгөөс нь доогуур үнээр зарж байгаа тал бий байх.

-Барилгын салбарт бодлогоор зохицуулах шаардлагатай асуудлууд их байдаг шиг байгаа юм. Эдгээрээс жишээ болгон дурдахгүй юу?

-Их олон асуудал бий. Энэ салбарт 50-60 мянган хүн ажилладаг гэсэн албан бус тоо байдаг. Барилгын салбар өөрөө 70 гаруй бизнесийг дагуулж явдаг. Энэ салбарыг бодлогоор дэмжих хэрэгтэй. Яг үнэндээ үндэсний компаниуд шахагдаж эхэллээ. Монголд орон сууц барьснаас Америкт очоод жижиг хауснууд бариад явсан нь дээр гэж хэлэх олон хүн байна. Ингээд үндэсний компаниудын оронд гадныхан орж ирж, зах зээлийг эзлэх нь... Барилгынхан бизнесийн зээл авч байгаа боловч үнэндээ жил гаруйн хугацаанд үйлдвэрлэл явагдаж байгаа юм шүү дээ. Үүнээс гадна төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцыг найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулна гэдэг. Гэтэл дахин төлөвлөлтийн орон сууцнуудын дийлэнхи нь бие даасан байдлаар дэд бүтцээ шийдэхээс өөр аргагүй. Энэ орон сууцнууд яах вэ гэх мэтээр хоорондоо авцалдахгүй юм их байна. Монголын барилгачид дэлхийн хаана ч очоод барилга барих чадвартай. Гэтэл нэг улсад очоод барилга барих гэтэл тэндхийн норм дүрэмд нь нийцэхгүй байна. Үгүй ядаж Евро стандартад орох хэрэгтэй. Ажилчид хувийн шугамаар гарч гадаадад барилга дээр ажиллаж байгаа л даа. Харин компаниуд бизнесийн байдлаар гарах гэхээр болохгүй байх жишээний...

-Хэн дуртай бүхэн барилгын салбар руу орж, барилга бариулаад байгаа нь аюул эрсдэл дагуулаад байгаа юм шиг харагддаг. Энэ талаар таны бодол?

-Манай технологи их хуучирсан байна. Уг нь нэлээд мөнгө зарцуулаад шинэ технологи оруулаад ирэх юм бол яваандаа зардлаа бууруулдаг. Манайд олон айлын хороолол барьдаг компани цөөхөн шүү дээ. Цөөхөн айлын орон сууц барих гэж байгаа хүн тэр үнэтэй технологийг оруулж ирж чадахгүй. Үүнийг нь дагаад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдөх гэх мэтийн асуудлууд гараад байна. Дор хаяж л барилгын гаднах хамгаалалтын шатаа авчихгүй байна шүү дээ. Шатаа авчихаар л тэдний төсөв нь хэтэрчих гээд... Уг нь мэргэжлийн компаниуд зохих норм дүрмийн дагуу, шинэ технологи оруулж ирээд ажиллах хэрэгтэй юм. Ер нь манайд маш олон зохицуулалт хэрэгтэй.

-Танай компани байгуулагдсанаасаа хойш нийт хэдэн айлын орон сууц ашиглалтанд оруулаад байгаа вэ?

-Манай компани 1992 оноос хойш барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байна.  Зайсангаас бусад байршилд орон сууц барьсан даа. Манай компанийн зорилго бол дундаж амьдралтай иргэддээ зориулсан орон сууц барихад чиглэгддэг. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулснаас хойш 5000 орчим айлын орон сууц барьж ашиглалтанд оруулаад байна.

-Та компанийнхаа барьсан орон сууцанд амьдардаг уу?

-Өөрийнхөө компанийн барьсан “Ногоон төгөл”-дөө амьдардаг. Орцоор орж гарахдаа хүртэл худалдан авагч нартайгаа уулзаж, санаа оноогоо хуваалцаж байдаг нь нэг талаараа надад урам зориг өгдөг. Нөгөө талаараа дараа дараагийн ажлаа хийж хэрэгжүүлэхдээ алдаа оноогоо засахад хэрэг болдог юм. “Төрөө захирлаа, ийм юм хиймээр байна, тэгмээр байна” гэх зэргээр хүний үг сонсоно шүү дээ.

-Ам бүл хэдүүлээ вэ? Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна...?

-Эхнэр, гурван хүүтэйгээ амьдардаг. Хоёр хүү дунд сургуульд сурдаг, бага хүү маань ой гарантай. Миний хувьд чөлөөт цаг гарвал гэр бүлдээ зориулах, спортоор хичээллэх, ном унших зэргээр өнгөрүүлнэ. Нэг ном бариад авбал салахгүй, сүүлдээ загнуулна шүү дээ./Инээв/

-Ярилцлагаа ингээд өндөрлөе. Цаг зав гаргаж, сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье.

-Зорьж ирж, ярилцсанд баярлалаа. Танай сайтын хамт олонд болон уншигчдад сайн сайхныг хүсье.

-Баярлалаа.  

                                                                                                                                                                                 Ярилцсан П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 94м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат