ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАНД ОРУУЛЖ, ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧИЛДӨГ ХУВИЛБАРЫГ ДАРУЙХАН ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАХ УУ, ЕРӨНХИЙ САЙД АА!

Уншсан тоо: 1225
Нийтлэгдсэн: 2018 оны 04 сарын 11

“Улаанбаатар хотын нийт өрхийн 9 хувь буюу 30,8 мянган өрх нийтийн орон сууц, хажуу өрөө, нийтийн байр, гэр, байшин, зоорийн давхар зэргийг түрээслэн амьдардаг. Харин ойрын 3 жилд орон сууц түрээслэх хэрэгцээтэй 28,2 мянган өрх байгаа” гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргажээ.

Байршил, талбайн хэмжээ, амьдрах нөхцөл зэргээс хамааран зах зээл дээр 60 хүртэлхи м.кв талбайтай  орон сууцны сарын түрээсийн төлбөр 250.000-700.000 төгрөг байна.

Одоогоор манай улсад орон сууцны түрээсийн зах зээл сайн хөгжөөгүй, төлөвшөөгүй, гэр хороолол дахь нийтийн түрээсийн сууц ямар ч зохицуулалтгүй байгаагаас бага орлоготой өрхүүдэд зориулсан чанар муутай, хэт жижиг талбайтай нийтийн байрууд гэр хороололд олноор баригдсаар...

2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн Газар “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталж, 2015-2021 онд нийслэлд 16.000, орон нутагт 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөсөн байдаг.

Энэ ажлын эхлэл болгож Улаанбаатар хот болон хэд хэдэн аймагт нийт 1512 айлыг хямд төлбөртэй төрийн түрээсийн орон сууцаар хангасан. Төрийн түрээсийн орон сууцны нэг м.кв талбайн түрээсийн төлбөр хотод 6000, хөдөөд 4500 төгрөг. Буянт-Ухаа хорооллын 68 м.кв талбайтай 3 өрөө байрны сарын түрээс нь жишиг үнээр тооцоход 411.540 төгрөг болж байгаа юм. 

Хямд төлбөртэй орон сууцыг түрээслэнгээ өмчилдөг хэлбэрийг хөгжүүлэхээр тооцоо судалгааг хийж байсан боловч Ч.Сайханбилэгийн Засгийн Газрыг огцуулснаар энэ асуудал орхигдоход хүрч, Ж.Эрдэнэбатын Засгийн Газар, түүний танхимын салбар хариуцсан сайд Г.Мөнхбаяр ямар ч алхам хийгээгүй.

Гаднаас зээл тусламж  гуйдаг ажилтай У.Хүрэлсүхийн Засгийн Газар Хятад, Солонгосоос зээлэх мөнгөөр иргэдийг орон сууцжуулна, Улаанбаатарыг дэд бүтэцжүүлнэ гэж ярьсаар. 

Байр худалдаж авах хуримтлалгүй, урьдчилгаа ч төлөх боломжгүй учраас хямд төлбөртэй орон сууц түрээслэн, улмаар түүнийгээ өмчилж авах хүсэлтэй иргэд олон байгаа өнөөгийн нөхцөлд түрээсийн орон сууцны санг бүрдүүлж, түрээсийн орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэн, түрээслээд өмчилдөг харилцаанд шилжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

“Буянт-Ухаа-2” хороолол болон аймгуудад дутуу баригдсан ТОСК-ийн захиалгатай орон сууцнуудын санхүүжилтийг шийдсэн талаар холбогдох албан тушаалтнууд өнгөрсөн сарын сүүлчээр мэдээлэл хийсэн. Энэ үеэр БХБ-ын сайд Х.Баделхан:

“ТОСК одоохондоо Хөгжлийн Банкнаас зээл аваад өөрөө үйл ажиллагаа явуулах боломжгүй учраас Хөгжлийн Банкинд балансаар шилжүүлж дуусгахаар боллоо. Нийтдээ 54.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн Банкнаас гаргах юм. Эдгээр барилгыг энэ оны арван нэгдүгээр сард барьж дуусгахаар төлөвлөсөн” гэж  ярьж байв.

Гэтэл саяхан Х.Баделхан сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа:

“ТОСК-ийн захиалгатай дутуу баригдсан орон сууцнуудыг ашиглалтанд оруулах хөрөнгийг Хөгжлийн банкны зээлээр шийдэх Засгийн Газрын хуралдааны шийдвэр гарсан. Царцаасан барилгуудыг ашиглалтанд оруулахад 54 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ оны улсын төсөвт шууд түрээсийн орон сууц барих хөрөнгө суугаагүй. Тэгэхээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүнд байгаа гэж ойлгож болно. Тиймээс бид хэд хэдэн төсөл боловсруулж, гадаадын байгууллагуудад санал тавьсан. Үүнээс гадна БНСУ-аас зээлсэн 500 сая ам.долларын тодорхой хэсгийг нь түрээсийн орон сууц хөтөлбөрт зарцуулна” гэжээ.

Ямартай ч 500 сая долларын тодорхой хэсгийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт зарцуулна гэж л байна. Өдийд ингээд яриад зогсож байгаа юм чинь “Буянт-Ухаа-2” хороололд дутуу баригдсан 18 блок болон аймгуудын орон сууц энэ оны 11-р сард ашиглалтанд орж, төрийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг хамруулна гэдэг нь юу  бол?

Дээд шатандаа мөнгө төгрөг, яриа хэлэлцээрийн асуудал нь удахгүй бол ч гүйцэтгэгч компаниуд  дуусгана гэсэн хугацаандаа барилгаа дуусгана л даа.

Солонгосоос зээлэх 500 сая долларыг юунд зарцуулах тухай хоёр тал эцэслэн тохирох, зээлээ авах, авсан мөнгөө хуваах гээд л олон сарын ажил болно гэдэг нь энэ Засгийн Газрын удаашралтай байдлаас харагдаж байгаа юм.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ, түрээслээд өмчилдөг хэлбэрийг хөгжүүлнэ гэсэн сайхан амлалтаа даруйхан хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

                                                                                                                                                                                      П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,900,000₮

65м2 - 105м2

Сайн резиденс

Хан-Уул дүүрэг, Зайсан

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,300,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат

2,300,000₮

49м2 - 105м2

Нарын хороолол III-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол