О.Батсайхан: 2014 оноос хойш компаниуд банкнаас зээл бараг аваагүй

Уншсан тоо: 530
Нийтлэгдсэн: 2015 оны 07 сарын 27

 Цэргийн Их Сургууль орчмын гэр хорооллын 30,3 га газрыг 6 жилийн хугацаанд 6000 айлын орон сууцны иж бүрэн хороолол болгон өөрчлөхөөр ажиллаж байгаа “Баганат-Өргөө” группын ерөнхий захирал О.Батсайхан энэ удаагийн ярилцлагын зочин боллоо.

Түүнтэй уулзах хүсэлтээ утсаар хэлэхэд “Манайхан бүгдээрээ барилгын талбайд оффислож байгаа, би ч бас барилга дээр л байна. Цаг товлоод төв оффис дээр уулзъя” гэсний дагуу Бөхийн Өргөөний хажууд байрлах “Баганат Өргөө” группын байрыг зорьсон юм.

О.Батсайхан захирал “Манайхан наадмын урд өдөр бүтэн ажиллаж,11-12-нд амраад, 13-наас л ажилдаа орсон. Одоо амраад байдаг цаг биш ээ” гэсээр угтлаа. 

Барилгын салбарт чамгүй олон жил зүтгэсэн түүнээс асуух лавлах зүйл гарах тохиолдолд утасдах юм уу, ажил дээр нь очоод тодруулчихдаг болохоор энэ удаа ч урьдын адил тодруулга авахаар ирлээ гэж бодож байсан бололтой. “Тантай ярилцлага хийхээр ирлээ” гэхэд “Өө бүр ярилцлага уу? За яръя аа...” гэж байна.

“Барилгын компаниуд арилжааны банкуудаас зээл авч чадахгүй байгаа шүү дээ. Ер нь гадны хөрөнгө оруулалттай төсөл, улсаас хөрөнгө мөнгийг нь шийдсэн томоохон хорооллуудын ажил голдуу явж байх шиг байна. Манай хувьд өөрийнхөө нөөц бололцоонд түшиглээд ажиллаж байна даа” хэмээн тэрээр сонирхууллаа.

О.Батсайхан захирал 1987 онд Ленинград хотын Пушкины нэрэмжит Барилга Инженерийн Дээд Сургуулийг төгсөж ирээд барилгын салбарт техникч, даамлаас авахуулаад талбайн инженер, ерөнхий инженер, байгууллагын удирдлага хүртэл ажлыг эрхэлж байгаад 1998 оноос “Баганат-Өргөө” компаниа байгуулсан гэнэ. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэе.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл эхлэхээр яригдаж байх үед хотын дарга “Энэ ажилд оролцооч. Хотоос дэмжлэг үзүүлнэ” гэсэн саналыг компаниудад тавьж байсан. “Хэцүү ажил, боломжгүй” гэх хариуг ихэнхи компаниудын зүгээс өгч байсныг санаж байна. Та харин яагаад энэ төсөлд оролцохоор шийдэв?

-Миний хувьд барилгын салбарт 30 орчим жил ажиллалаа. Энэ салбарт тасралтгүй ажиллаж, өөрийн хөдөлмөрөө зориулсан хүний хувьд улс орныхоо хөгжилд нэмэр болох, компанийнхаа нэр хүнд, хамт олныхоо ур чадварын үр дүнг үлдээх үүднээс энэ том ажилд оролцох шийдвэр гаргасан. Үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй үе их байлаа. Одоо ч амар болчихсон юм алга байна. Цэвэр нэр хүндийн л ажил даа. Ашиг орлого нь хэзээ ч харагдах юм бүү мэд. Одоогоор хасахын хасах руугаа орчихсон л  явна... Манай талбайд 280 айл байдгаас 240 айлтай нь тохирсон. Энэ айлуудаа орон сууцанд нь оруулчих юмсан гэсэн зорилгыг эхний ээлжинд тавьж байна. Манай хамт олон шаргуу ажилласны дүнд эхний ээлжийн 144 айлын орон сууцаа сайнаас онц дүнтэй хүлээлгэн өглөө. Өнгөрсөн хугацаанд 120 айлын газрыг чөлөөлөн, оршин суугчдын түрээсийн байранд амьдрах 2 жилийн зардлыг нь төлсөн байдаг.Эхний ээлжийн орон сууцанд орох ёстой 110 орчим айлаас өнөөдрийн байдлаар 60 нь орон сууцандаа нүүж орчихоод байна. Нийт 200 гаруй өрхтэй гэрээ хийсний 50 хувь нь орон сууцандаа орж байгаа нь ажлын үр дүн харагдаж эхэлснийг харуулах биз ээ. Энэ төсөлд хамгийн анхны компани болж орсноороо нэлээд  ч зовлон туулсан, бусаддаа үзүүлэх үлгэр дуурайлал ч өндөр болж ирсэн. Гэхдээ ямар ч хэл ам гаргалгүйгээр иргэдтэйгээ тохироо хийж чадлаа. Хамгийн өндөр тохиролцоог хийж чадсан байх гэж бодож байгаа шүү. Манай иргэд сэтгэгдэл өндөр байгаа.

-Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх талаар нийслэлийн удирдлагууд ярилцаж байгаа юм билээ. Манай арилжааны банкуудын олгодог жилийн 20-21 хувийн хүүтэй зээлийн 6 хувь дээр нь татаас олгосон тохиолдолд төслийн хүрээний орон сууцны үнэ 1.200.000-1.690.000 төгрөг болж буурах боломжтой гэж харж байгаа гэнэ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Доод тал нь 1.200.000 төгрөг болно гэж урьдчилаад хэлэхэд хэцүү юм. Улсаас мөнгө хөрөнгийг нь шууд гаргаад өгчихсөн, газар чөлөөлөх шаардлагагүй тохиолдолд 1.200.000-1.300.000 төгрөгийн үнэтэй орон сууц нийлүүлж болж байгаа жишээ бол бий. “Буянт-Ухаа” хорооллыг та бүхэн мэднэ. Гадны хөрөнгө оруулалтаар ч биш, банкны ямар ч зээлгүйгээр,  газар чөлөөлөхийн тулд иргэдтэй тохиролцох зардал энэ тэр гэж гаргахгүйгээр бэлэн газар дээр л барьж байгаа. Харин дахин төлөвлөлтийн төслийн хувьд газар чөлөөлөлт хийх, айлуудыг нүүлгэх, түрээсийн зардлыг төлөх, олон жилийн суурьшлын улмаас бохирдсон хөрсийг цэвэрлэх, ариутгах, дулааны шугам сүлжээ зайлуулах гээд зардал маш их. Энэ их зардал мэдээж орон сууцны үнэд тодорхой хэмжээгээр шингэнэ шүү дээ. Хэн ч алдагдалтай ажиллахыг бодохгүй. Одоо бол банкууд өндөр хүүтэй зээлээ ч олгохгүй байна. Хэрэв зээл олгодог болоод түүнийх нь 6 хувь дээр хөнгөлөлт үзүүлэх юм бол томоохон дэмжлэг л дээ. Орон сууцны үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэхдээ байршил, төслийн онцлог зэргээс шалтгаалж харилцан адилгүй байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Танай хэрэгжүүлэх төсөлд гэхэд л нийт хэдэн төгрөгийн хөрөнгө шаардагдах тооцоо гарсан бэ? Хүүгийн хөнгөлөлт үзүүлээд зээлд хамруулах ажил нь хэрэгжээд эхэллээ гэхэд эхний ээлжинд хэдий хэмжээний санхүүжилт авахад цаашаа бие даагаад явах боломжтой вэ?

-Манай төсөлд гэхэд л нийтдээ 320 сая доллар зарцуулагдах урьдчилсан тооцоо гарсан. Гэхдээ нийт шаардлагатай хөрөнгө оруулалтаас эхний ээлжинд төдий хэмжээний санхүүжилт байхад цаашдаа асуудалгүй гэсэн тооцоо компани бүрт л бий. Компаниудын энэ тооцоон дээр тулгуурлаад, гэр хорооллын дахин төлөвлөлтийн нийт төслийн хэмжээнд эхний ээлжинд 1 их наяд төгрөгийн санхүүжилт байх юм бол төсөл хэрэгжүүлэгчид цаашдаа биеэ даагаад явах боломжтой гэж гаргасан байна лээ. Энэ тооцооллын дагуу зээл олгуулах асуудлаар нийслэлийн удирдлагууд арилжааны банкуудтай ярилцаж байгаа байх. Нийслэлийн удирдлагуудын зүгээс банкныхантай хамтран ажиллахаар ярилцах, тохиролцох гээд их л санаачлага гаргаж зүтгэсээр ирсэн. Харин банкуудын хувьд нэг их нааштай хандаад гэрэл гэрээ гаргачихсан нь одоогоор харагдахгүй л байна. Ялангуяа Монголбанк. Энэ цаашдаа яаж өөрчлөгдөх юм бол доо...

-Энэ жилийн хувьд барилгын үндсэн түүхий эд болох цемент, арматурын үнэ урьд жилүүдээс хямд байна уу?

-Үндсэн түүхий эдийн үнэ өнөө жилийн хувьд хямд байлаа. Гэсэн ч нийтээрээ мөнгө нь байхгүй, худалдан авах чадваргүй, зээл олдохгүй байгаа учраас материал хямд үед ажлаа ахиулаад авах боломж ихэнхи компаниудад алга байна шүү дээ. Саяхнаас цементийн үнэ эргэж өсөөд тонн нь 165.000 болсон байна лээ. Өнгөрсөн сард тонн нь 120 мянга руу орсон байсан.

-Үндсэн түүхий эд гэснээс БХБЯ, Монголбанкны хамтран хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т оролцож, хөнгөлөлттэй зээл авсан уу?

-Манайх “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т оролцохоор яаманд хүсэлт гаргаж, шалгуурт нь тэнцэн, 2.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авахаар дэмжигдсэн юм. 2013 оны 8 дугаар сард шиг санагдаж байна. Яамнаас Монголбанкинд албан бичиг хүргүүлсэн ч одоо хүртэл мөнгийг гаргаж өгөөгүй. Компаниудад мөнгө олгох тухай албан бичгүүд нь Монголбанкин дээр байж л байгаа. Компанийнхаа зүгээс хөөцөлдөж, олон жилийн харилцаатай банкуудтайгаа тохиролцож байж, 1,4 тэрбум төгрөг арай гэж гаргуулж авсан. Манай компанийн хувьд олон жилийн хамтын үйл ажиллагааны үр дүнд Голомт, Худалдаа Хөгжлийн Банкин дээр бага хэмжээний зээл авах гэрээ байдаг юм. Үүгээрээ л бүтээн байгуулалтаа хийж байна. 2014 оноос хойш компаниуд банкнаас зээл бараг аваагүй байх. Манай зээл нэлээд эртнээс авсан учраас үргэлжлээд явж байсан.

-Урьдчилгаа 50 хувийн буцалтгүй тусламжид хамрагдах журмын хэрэгжилт эхэлсэн үү? Журамд хамрагдах ёстой орон сууц ашиглалтанд орчихсон болохоор асууж байгаа юм...

-Нийслэлийн харъяа төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн орон сууцнаас худалдаж авахад урьдчилгааны 50 хувийг “Улаанбаатар орон сууц сан”-гаас буцалтгүй тусламж хэлбэрээр олгох тухай журам гарсан. Энэ журамд хамрагдаад байрандаа орсон иргэн одоогоор байхгүй байгаа. Яг хэзээнээс  үйлчилж эхлэхийг мэдэхгүй. Засгийн Газраас баталсан, иргэд 10 хувийн урьдчилгаагаа төлж, 20 хувь дээр нь баталгаа гаргуулах журам хэрэгжихийг хүлээж байж мэдэх юм. Нийслэлээс баталсан журамд хамрагдах иргэдийн худалдан авах орон сууц нь ямар ч гэсэн баригдчихлаа. Манай хувьдүлдсэн 30 айлын орон сууцаа борлуулахад бэлэн байна.

-Танай орон сууц руу орох хатуу хучилттай зам хоёр талаараа тавигдаад эхэлчихсэн харагдана лээ.Сургууль, цэцэрлэг зэрэг бусад нийгмийн дэд бүтцийн ажил хэзээ эхлэх вэ? 

-Сургууль, цэцэрлэг төлөвлөгдсөн. Одоо үүнийг барих хөрөнгө мөнгийг нийслэлээс шийдээд өгчих байх гэж найдаж байна. Инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хөрөнгийг улс, нийслэлээс шийдэх ёстойг иргэд мэдэж байгаа байхаа. Манайх сургууль, цэцэрлэг барих газраа чөлөөлчихсөн байгаа. Нэгэнт эхний ээлжийн орон сууц ашиглалтанд орсон болохоор сургууль, цэцэрлэг, зам чухал шүү дээ. Зам тавигдаад эхэлсэн.Манайх хотын төвийн байршилд тооцогдох цаг тун удахгүй ээ. Энэ дашрамд нийслэлийн удирдлагууд, ялангуяа бидэнтэй байнга холбоотой ажиллаж, өөрсдийн эрх мэдлийн хүрээнд хэмжээнд шийдвэр гаргаж, дэмжиж  ирсэн Төслийн Удирдах Хорооны дарга Д.Баттулга, Гэр Хорооллын Хөгжлийн Газрын дарга Ш.Ганхуяг, Баянзүрх дүүргийн Засаг Дарга Д.Пүрэвдаваа нарт талархаж явдгаа илэрхийлье. Мөн 8, 16 дугаар хорооны иргэддээ талархсанаа дахин дахин илэрхийлье. Иргэд маань бидэнтэй хамтран ажиллаж, итгэл үзүүлснийхээ үр дүнг эхнээс нь үзэж эхэлсэндээбаяртай байгаа байхаа гэж бодож байна. Мөн хамт олондоо баярлаж явдгаа хэлмээр байна. Манай компани үндсэн 200-аад ажилтан, ажиллагсадтай. Туслан гүйцэтгэгчид ажиллаад ирэхээр 2000-д хүрэх нь ч бий. Энэ жил гэхэд л 800 орчим хүн ажиллалаа.

-Гэр хорооллын иргэд орчноо сайжуулах хүлээлттэй байгаа нь төсөлд хамруулж өгөөч гэсэн хүсэлт ирүүлдэг болсноос харагдаж байгаа. Манай үндэсний компаниуд ч мөнгө хөрөнгө нь байвал барилгыг хурдан барьж байна. Нэгэнт эхлээд, гольдролдоо орж эхэлж байгаа энэ ажлыг зогсоочихгүй явуулахын тулд Засгийн Газар, УИХ-ын түвшний зарим нэг шийдвэр шаардлагатай л байх даа?

-Мөнгө нь байвал Монгол барилгачид барилгыг ямар хурдан барьж чаддагийг “Буянт-Ухаа” хороололд ажилласан компаниуд харуулж чадлаа. Тэгвэл гэр хорооллыг маш богино хугацаанд өөрчилж болдгийг харуулах боломж ч бас байна. Иргэд дэмжиж байна, барилгачид барилгаа хурдан, чанартай барьж байна. Шинэ шинэ технологи орж ирлээ. Миний хувьд нэлээд хэдэн орноор явж үзсэн хүн. Тэднээс дутах юм огт алга. Одоо төр засаг жаахан ч гэсэн анхаарч ядахнаа нэг, хоёр төслийн ажлыг явуулах хөрөнгө оруулалт олж өгөөд ч юм уу, хөнгөлөлттэй зээл олгуулаад, цогц хорооллыг хурдан бариулчихад болохгүй гэх юмгүй. Борлуулалтын тал дээр дэмжлэг үзүүлэх журмыг нийслэлээс гаргачихсан юм чинь одоо төр засгийн жаахан дэмжлэг л шаардлагатай. Тэгэх юм бол барилга барих огт асуудал биш. Манайх гэхэд л жилд 2000 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулах хүчин чадалтай компани.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхний ажилд ч амжилт хүсье.

                                                                                                                                                                                                    П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол