ДЭД БҮТЦЭД ХОЛБОГДСОН БАЙРШЛЫН ИРГЭД ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАЖ ЧАДАХ УУ?

Уншсан тоо: 1489
Нийтлэгдсэн: 2018 оны 05 сарын 15

Нэг “Дэд бүтцийн төв” барьж байгуулах дундаж өртөг нь 5 тэрбум төгрөг гэж бодоход 100 ширхэг “Дэд бүтцийн төв”-д 500 тэрбум зарцуулж байж Улаанбаатарын утааны 90 хувиас сална гэж 2017 оны туршид ярьсан байдалтай өнгөрсөн бол эхний ээлжийн нэг, хоёр дэд төвүүдийн ажлыг эхлүүлэх яриа энэ сараас сонсогдож эхэллээ.

Таван байршилд зураг төслийн ажил эхлэх тухай захирамж 2017 оны 7-р сард гарсны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн компаниуд зургийн ажилдаа оржээ.

Эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн 7-р хороонд  нийслэлийн төсвийн хөрөнгөөр, Сүхбаатар дүүргийн 18-р хороонд Барилга Хот Байгуулалтын Яамны хөрөнгөөр тус бүр нэг "Дэд бүтцийн төв" барьж байгуулах юм.

Одоогоор гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлагдсан бөгөөд энэ долоо хоногт  компани тодорч гэрээгээ байгуулсан тохиолдолд бүтээн байгуулалтын ажил ирэх сараас эхлэх боломжтой гэнэ.

Тухайлбал: Чингэлтэй дүүргийн 7-р хороонд 201 нэгж талбарыг хамарсан 14 га газарт дэд бүтцийн ажил хийгдсэнээр 201 айлын цэвэр, бохирын асуудал, халаалт, дулаан, холбоо дохиоллыг шийдэх боломжтой болох аж.

Дэд бүтцийн төв нь хоёр давхар барилга байна. Нэгдүгээр давхарт нь халаалт, цэвэр, бохир усны шугам сүлжээг зохицуулах техник тоног төхөөрөмжийг суурилуулах бол хоёрдугаар давхарт ашиглалтын байгууллага байрлах юм байна.

Дулаан хангамжийг сайжруулсан түлш, цахилгаан зуух гэсэн хосолмол байдлаар, бие даасан бохирын системийг цэвэрлэх байгууламжаар шийдэхээр болсон байна. 

Түүнчлэн 50 ортой хүүхдийн цэцэрлэг, ногоон байгууламж, хиймэл нуур төлөвлөснөөс гадна гэр хорооллын замуудыг асфальтаар хучихаар төлөвлөжээ.

Нэг айлын дулаан, цэвэр, бохир усны асуудлыг шийдэхэд 60 орчим сая төгрөг зарцуулах бөгөөд үүнийг нийслэлийн төсвөөс гаргах юм. Харин төв шугамаас салбар шугамаа байшин руугаа оруулах, байшингаа дулааны алдагдалгүй болгох, дотоод сантехникийн тохирох шийдлүүдээ сонгох зэрэг ажлуудад зарцуулах хөрөнгийг иргэд өөрсдөө гаргах аж.

Оршин суугч иргэд нь хамгийн ихээр дэмжиж байгаа газруудад эхний ээлжинд "Дэд бүтцийн төв" байгуулах ажил хийгдэх аж. 

Дэд бүтцэд холбогдох байршлын иргэд  байшингаа сайн дулаалах хэрэгтэй. Тухайн 200 өрхийн дулаан алдалт бага байвал ашиглалтын зардал бага гарна гэдгийг мэргэжлийнхэн сануулж байна. 

Чингэлтэй дүүргийн 7-р хороонд хэрэгжих төслийн хувьд: Байшингаа дулаалах зардлын 70 хувийг Дэлхийн Банкны төслөөс, 30 хувийг иргэд өөрсдөө гаргах, цаашлаад сантехникийн шийдэл, бусад асуудлаа шийдвэл Улаанбаатар хотын Худалдааны танхим, Хас банктай хамтран хэрэгжүүлж байгаа "Ногоон Сан"-гаас хөнгөлөлттэй зээлд хамрагдах төлөвлөгөө байгаа аж.

"Дэд бүтцийн төв" баригдсан байршлын айлууд газар дээрээ нийтийн орон сууц, хаус барихаа өөрсдөө шийдэх бөгөөд ипотекийн зээлд хамруулах асуудлаар нийслэлийн зүгээс Барилга Хот Байгуулалтын Яам, Монголбанктай  ярилцаж тохиролцоонд хүрэхээр ажиллаж байна. 2019, 2020 онд барих “Дэд бүтцийн төв”-үүдээ төлөвлөсөн. Нэг “Дэд бүтцийн төв” барихад 6-7 сар болно. 2020 он гэхэд Улаанбаатар хотод нийтдээ 50 ширхэг “Дэд бүтцийн төв” баригдсан байна" гэж холбогдох албан тушаалтан ярьсан юм. 

2020 он гэхэд 100 ширхэг "Дэд бүтцийн төв" барьсан байна гэж анх ярьж байсан бол 50 болж буурсан бололтой. 

Ирэх намар ашиглалтанд орох хоёр "Дэд бүтцийн төв" тухайн байршлын иргэдэд тодорхой хэмжээнд үр дүнгээ өгөх байх. Учир нь 200 өрх анхнаасаа ярилцаж, дэд бүтэцтэй болсон тохиолдолд амьдрах орчноо сайжруулах боломж байна гэж санал нийлсний үндсэн дээр уг төсөлд хамрагдсан. 

Тэгвэл ингэж 200-аараа нэгдэж дэд бүтцэд холбогдох санал гаргаад, байшингаа дулаалаад, хашаагаа эмхэлж цэгцлээд, цаашлаад банкны шалгуур хангаж ипотекийн зээлд хамрагдаад, хаус бариад амьдарчих боломжтой нь гэр хороололд хэр олон бол...

"Дэд бүтэц" шийдэж орон сууц барих нэг хэрэг. Харин иргэдээ ажилтай, орлоготой болгох асуудлыг давхар шийдэхгүй бол мөн л үр дүн харагдахгүй, утаа, хөрсний бохирдол хэвээрээ л байх биз ээ...

                                                                                                                                                                                  П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол