ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРЫН 2018 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТОЙМ

Уншсан тоо: 584
Нийтлэгдсэн: 2018 оны 04 сарын 29

“Тэнхлэг зууч” ХХК-иас үл хөдлөх хөрөнгийн 2018 оны нэгдүгээр улирлын тоймыг бэлтгэн хүргэж байна. 

  • Олон Улсын Валютын Сан манай улстай хамтран “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийн үнэлгээг улирал тутам хийнэ.
  • Гурав дахь шатны үнэлгээг ОУВС-ийн ажлын хэсэг 2018 оны 1 дүгээр сарын 24-нөөс 2 дугаар сарын 06-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн Газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт, тоон үзүүлэлтүүдэд урьдчилсан байдлаар хийв.
  • “Монгол Улсын экспортлож буй гол түүхий эдийн эрэлт нэмэгдэж, эдийн засагт итгэх итгэл сайжирч байгаатай холбоотойгоор эдийн засаг сэргэж байна. Макро эдийн засгийн гол зорилтот үзүүлэлтүүдийг, түүний дотор төсвийн алдагдал, гадаад валютын нөөцийн зорилтот түвшинг их хэмжээгээр давуулан биелүүллээ. Түүхий эдийн экспортын эрэлт цаашдаа муудаж болзошгүй, мөн газрын тосны үнэ өсч байгаа зэрэг нь томоохон эрсдэл болж байна. Иймд эрх баригчид эрсдэлээс хамгаалах хөрөнгө нөөцөө үргэлжүүлэн бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийг өндөр, тогтвортой түвшинд байлгахад шаардлагатай бүтцийн шинэчлэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ байна” гэж тайланд дурджээ.
  • Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээний тайланг хэлэлцэж баталлаа.
  • ОУВС-аас хөтөлбөрийн хэрэгжилт сайн, эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсөв, гадаад валютын нөөцийн гол зорилтууд давж биелэн Монгол Улсын эдийн засаг төсөөлж байснаас илүү хурдацтай сэргэсэн хэмээн дүгнэжээ. Үүний үр дүнд  30.55 сая ам.долларын хөтөлбөрийн санхүүжилт 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүллээ. Ингэснээр тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 152.8 сая ам.долларт хүрэв.
  • Түүнчлэн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад хийгдсэн бол 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хийгдэхээр хүлээгдэж байгаагаас ийнхүү эхний 30.55 сая ам.долларын санхүүжилт орж ирлээ.
  • ОУВС-ийн зөвлөсний дагуу ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн Газарт шилжүүлэхээр бэлтгэл ажлууд хийгдэж байна.
  • Монголбанк зөвхөн бондын үндсэн төлбөрөөр ипотекийн зээлийг санхүүжүүлж, купоны төлбөртэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг Засгийн Газар хариуцан ажиллаж байна.

                                                                                       ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЛТ                                           

                         


  • Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн Газар хэрэгжүүлэх болсонтой холбогдуулж Сангийн Яам, БХБЯ-ны хамтарсан ажлын хэсэг ипотекийн зээлийн шинэчилсэн журмыг боловсруулж, Засгийн Газрын хуралдаанд оруулна гэж 2017 оны сүүлийн улирал, 2018 оны эхний улирлын туршид яригдлаа.
  • Саяхан БХБ-ын сайд Х.Баделхан: "Ипотекийн зээлийн шинэ журам боловсруулж Засгийн Газарт уг нь өргөн барьсан юм. Гэхдээ Сангийн сайд ОУВС-тай тохиролцох ёстой гэж үзээд буцааж татаж авсан байгаа. Хэрвээ шинэ журмаар явбал Монголбанк, төсөв, арилжааны банкуудын санхүүжилтээр жилд 10 мянган айл ипотекийн зээлээр орон сууц авах бололцоотой байсан. Шинэ журмыг мөрдөж эхлээгүй учраас хуучин журмаараа 5-6 мянган айл орон сууцтай болно. Хөрөнгийн эс үүсвэртэй холбоотойгоор шинэ журам хэрэгжиж эхлээгүй байгаагаас гадна ОУВС-аас "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" хэрэгжүүлж байгаа учраас, бүх орлого зарлагаа тэдэнтэй тохирч байгаа учраас зохих хэмжээгээр зөвшөөрөл авах болоод байгаа" гэж тайлбарласан юм.
  • Шинэчилсэн журмын төсөлд ипотекийн зээлийг цаашид өргөжүүлж, хэвийн үргэлжлүүлэн иргэдийн орон сууц худалдан авалтыг нэмэгдүүлэх, орон сууцтай болох боломжийг бүрдүүлэх талаар тусгасан гэж холбогдох албаныхан ярьж байна.
  • Өмнө нь 8 хувийн хүүтэй зээлээр хоёр, гурван байр авсан тохиолдлууд байдаг. Тиймээс гэр хороололд газраа чөлөөлсөн, анх удаа байранд орж байгаа иргэдийг дэмжих бодлого баримтлах үүднээс өмнө нь орон сууцны зээлд хамрагдсан иргэнд 8 хувийн хүүтэй зээл дахин олгохгүй байхаар журамд тусгасан байна.
  • Түүнчлэн хотын захын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлаас орон сууц худалдан авч байгаа иргэд 25 хувийн урьдчилгаа төлж, жилийн 7 хувийн хүүтэй зээлд хамрагдахаар журамд тусгажээ. Харин хотын төвийн бүсэд орон сууц авах иргэд 30 хувийн урьдчилгаагаа төлж жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдана.
  • Ипотекийн зээлийн хүртээмж муу, өмнөх зээлийн эргэн төлөлтөөр санхүүжигдэж байгаа учраас өнгөрсөн онд 4000 гаруй өрх л уг зээлд хамрагдаж орон сууцанд орсон. Тиймээс хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах нь хамгийн чухал асуудал болоод байна.
  • Энэ онд 320 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4-5 мянган өрхөд олгоно.
  • Гадны урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг гадны зах зээлд гаргаж хөрөнгө босгох зэрэг арга замаар зээлийн үүсвэрийг нэмэгдүүлнэ гэж байгаа ч энэ ондоо л лав ахиц гарахааргүй байна.
  • 2019 онд 500 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулах тооцоо гаргасан талаар Ерөнхий Сайд мэдээлэл хийхдээ дурдлаа.
  • Орон сууц хэрэгцээтэй ч урьдчилгаа төлбөрөө төлж зээлд хамрагдах боломжгүй байгаа иргэдийг орон сууцжуулах, зах зээл дээр борлогдоогүй байгаа орон сууцнуудыг хэрхэн эргэлтэд оруулах асуудлаар санал боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн онд Сангийн Яам, БХБЯ, Монголбанк зэрэг байгууллагын төлөөллийн оролцоотой байгуулагдан ажиллаж байна. 
  • БХБЯ-ны захиалгаар МБҮА, "Тэнхлэг зууч" компани хамтран "Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгаа"-г   2018 оны 2 дугаар сарын 25-наас 5-дугаар сарын 5-ны хооронд хийлээ. Энэ судалгаанд үндэслэн Сангийн Яам, БХБЯ, Монголбанк зэрэг байгууллагын төлөөллийн оролцоотой байгуулагдсан ажлын хэсэг зах  зээл дээр борлогдоогүй байгаа орон сууцнуудыг эргэлтэд оруулах талаар санал боловсруулж, Засгийн Газарт оруулах юм.

                                                                         ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ

  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг 2013 оноос 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайд эхлүүлсэн. Энэ нь гэр хорооллын нутаг дэвсгэрийн 15%, хүн амын 10%-ийг эзэлж байна.
  • 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл дахин төлөвлөлтийн хүрээнд 22-85 м.кв бүхий 5200 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан бөгөөд м.кв-ын дундаж үнэ 1 сая 800 мянган төгрөг байна.
  • 5200 айлын орон сууцыг ашиглалтанд орсон оноор нь авч үзвэл, 2014 онд 960, 2015 онд 1656, 2016 онд 2273, 2017 онд 308 айлын орон сууц тус тус бэлэн болжээ.
  • 2017 оны хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл зогсонги байдалд байсан бол 2018 оны эхний улиралд гадны, тэр дундаа БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, тусламжийн хөрөнгийг хэрхэн зарцуулах, гэр хороололд 200-300 айлын дунд “Дэд бүтцийн төв” барьж байгуулах талаар ярилцсан, энэ талаар олон нийтэд сурталчилсан байдалтай байлаа.
  • БНХАУ-ын буцалтгүй тусламжаар "Ногоон нуур"-т 1008 айлын орон сууц барьж, гэр хорооллын иргэдийг оруулах, мөн БНХАУ-ын 2 тэрбум юанийн зээлийг гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн шугам сүлжээнд зарцуулах, БНСУ-аас авах 30 жилийн хугацаатай 500 сая долларын зээлийг орон сууцжуулалтад зарцуулах зэргээр илүү олон айл өрхөд чиглэсэн арга хэмжээнүүд төлөвлөсөн  талаар 2018 оны эхний улирлын туршид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яригдсан.
  • Эдгээр ажлууд хэрэгжвэл гэр хорооллын яндан бодитойгоор багасах, иргэд инженерийн шугам сүлжээнд холбогдсон газартаа өөрийн тохилог амины орон сууцанд амьдрах боломж нээгдэх юм.
  • Гэхдээ манайд аливаа төлөвлөгөөг олон жилийн туршид ярьж, судалж дараагийн сонгуультай золгосноор өмнөх ажил мартагдан өөр нэг хувилбар яригдаж эхэлдэг зуршил байдгийг мартаж болохгүй.

                                                                          ТӨРИЙН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ

  • “Улаанбаатар хотын нийт өрхийн 9 хувь буюу 30,8 мянган өрх нийтийн орон сууц, хажуу өрөө, нийтийн байр, гэр, байшин, зоорийн давхар зэргийг түрээслэн амьдардаг. Харин ойрын 3 жилд орон сууц түрээслэх хэрэгцээтэй 28,2 мянган өрх байна” гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргасан байдаг.
  • Байршил, талбайн хэмжээ, амьдрах нөхцөл зэргээс хамааран зах зээл дээр 60 хүртэлхи м.кв талбайтай орон сууцны сарын түрээсийн төлбөр 250.000-700.000 төгрөг байна.
  • Одоогоор манай улсад орон сууцны түрээсийн зах зээл сайн хөгжөөгүй, төлөвшөөгүй, гэр хороолол дахь нийтийн түрээсийн сууц ямар ч зохицуулалтгүй байгаагаас бага орлоготой өрхүүдэд зориулсан чанар муутай, хэт жижиг талбайтай нийтийн байрууд гэр хороололд олноор баригдсаар...
  • 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн Газар “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталж, 2015-2021 онд нийслэлд 16.000, орон нутагт 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөж байв.
  • “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн эхлэл болгож Улаанбаатар хот болон хэд хэдэн аймагт нийт 1512 айлыг хямд төлбөртэй төрийн түрээсийн орон сууцаар хангасан. Төрийн түрээсийн орон сууцны нэг м.кв талбайн түрээсийн төлбөр хотод 6000, хөдөөд 4500 төгрөг. Буянт-Ухаа хорооллын 68 м.кв талбайтай 3 өрөө байрны сарын түрээс нь жишиг үнээр тооцоход 411.540 төгрөг болж байна.
  • Хямд төлбөртэй орон сууцыг түрээслэнгээ өмчилдөг хэлбэрийг хөгжүүлэхээр тухайн үеийн Засгийн Газар тооцоо судалгааг хийж байсан боловч, улс төр, хөрөнгө санхүүжилт зэрэг олон хүчин зүйлээс болоод өнөөг хүртэл хэрэгжиж чадсангүй
  • “Буянт-Ухаа-2” хороолол болон аймгуудад дутуу баригдсан ТОСК-ийн захиалгатай орон сууцнуудын санхүүжилтийг шийдсэн талаар холбогдох албан тушаалтнууд энэ оны 3-р сарын сүүлчээр мэдээлэл хийсэн. Энэ үеэр БХБ-ын сайд Х.Баделхан: “ТОСК одоохондоо Хөгжлийн Банкнаас зээл аваад өөрөө үйл ажиллагаа явуулах боломжгүй учраас Хөгжлийн Банкинд балансаар шилжүүлж дуусгахаар боллоо. Нийтдээ 54.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн Банкнаас гаргах юм. Эдгээр барилгыг энэ оны арван нэгдүгээр сард барьж дуусгахаар төлөвлөсөн” гэж ярьж байв.
  • Гэтэл саяхан Х.Баделхан сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “ТОСК-ийн захиалгатай дутуу баригдсан орон сууцнуудыг ашиглалтанд оруулах хөрөнгийг Хөгжлийн банкны зээлээр шийдэх Засгийн Газрын хуралдааны шийдвэр гарсан. Царцаасан барилгуудыг ашиглалтанд оруулахад 54 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ оны улсын төсөвт шууд түрээсийн орон сууц барих хөрөнгө суугаагүй. Тэгэхээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүнд байгаа гэж ойлгож болно. Тиймээс бид хэд хэдэн төсөл боловсруулж, гадаадын байгууллагуудад санал тавьсан. Үүнээс гадна БНСУ-аас зээлэх 500 сая ам.долларын тодорхой хэсгийг нь түрээсийн орон сууц хөтөлбөрт зарцуулна” гэжээ.
  • Ямартай ч БНСУ-аас зээлэх 500 сая долларын тодорхой хэсгийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт зарцуулна гэж л байна. Өдийд ингээд яриад зогсож байгаа юм чинь “Буянт-Ухаа-2” хороололд дутуу баригдсан 18 блок болон аймгуудын орон сууц энэ оны 11-р сард ашиглалтанд орж, төрийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг хамруулна гэдэг нь юу бол?
  • Байр худалдаж авах хуримтлалгүй, урьдчилгаа ч төлөх боломжгүй учраас хямд төлбөртэй орон сууц түрээслэн, улмаар түүнийгээ өмчилж авах хүсэлтэй иргэд олон байгаа өнөөгийн нөхцөлд түрээсийн орон сууцны санг бүрдүүлж, түрээсийн орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэн, түрээслээд өмчилдөг харилцаанд шилжүүлэх зайлшгүй шаардлагатай.
  • “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ, түрээслээд өмчилдөг хэлбэрийг хөгжүүлнэ гэсэн сайхан амлалтаа даруйхан хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

                                     АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСӨЛ 

  • Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 234 нийтийн орон сууцанд 6321 өрхийн 21500 гаруй иргэн оршин сууж байна.
  • Нийслэлийн Засаг Даргын 11 удаагийн захирамжаар 6 дүүргийн шаардлага хангахгүй 138 барилгыг буулгаж дахин барилгажуулах шийдвэр гарсан.
  • Төсөл хэрэгжсэнээс хойш, энэ оны эхний улирлын байдлаар 292 айлын 18 орон сууцыг буулгаж, 453 айлын 4 орон сууцыг шинээр ашиглалтанд оруулжээ.
  • 2018 онд 727 айлын 8 орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
  • Төслийн хүрээнд энэ сард "Шинэ гэр түншлэл" ХХК Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд 152 айлын орон сууцыг ашиглалтанд орууллаа. Тус компани 2017 оны 4-р сард хуучин барилгыг буулгаж байсан бол ийнхүү 12 сарын хугацаанд 152 айлын орон сууцны барилгын ажлыг дуусгаж улсын комисст хүлээлгэн өгснөөр ашиглалтын шаардлага хангахгүй  байранд амьдарч байсан 70 өрх шинэ орон сууцтай боллоо.
  • НЗД-ын захирамж гарсан 138 барилгаас 60 гаруй барилгад төсөл хэрэгжүүлэгч шалгарч, зарим нь ажлаа үргэлжлүүлж байгаа бол 70 орчим барилгыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Хот Төлөвлөлт Ерөнхий Төлөвлөгөөний Газраас зарлаад байна.
  • Зарлагдсан байршлууд нь хотоос зайдуу учраас төсөл хэрэгжүүлэгчээр ажиллах аж ахуйн нэгж олдохгүй байна гэх нэг шалтгаан байна. Түүнчлэн захын байршилд орон сууцны үнэ харьцангуй хямд байх хэдий ч, урьдчилгаа төлбөрийн боломжтой иргэд цөөхөн, ипотекийн зээлийн санхүүжилт хязгаарлагдмал байгаа өнөөгийн нөхцөлд байраа зарж борлуулах нь компаниудын хувьд асуудалтай.

                                                         ГЭР ХОРООЛОЛД "ДЭД БҮТЦИЙН ТӨВ" БАЙГУУЛАХ ТӨСӨЛ

  • Нэг “Дэд бүтцийн төв” барьж байгуулах дундаж өртөг нь 5 тэрбум төгрөг гэж бодоход 100 ширхэг “Дэд бүтцийн төв”-д 500 тэрбум зарцуулж байж Улаанбаатарын утааны 90 хувиас сална гэж 2017 оны туршид ярьсан байдалтай өнгөрсөн бол эхний ээлжийн нэг, хоёр дэд төвүүдийн ажлыг эхлүүлэх тухай яригдаж байна.
  • Таван байршилд зураг төслийн ажил эхлэх тухай захирамж 2017 оны 7-р сард гарсны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн компаниуд зургийн ажилдаа оржээ.
  • Эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн 7-р хороонд нийслэлийн төсвийн хөрөнгөөр, Сүхбаатар дүүргийн 18-р хороонд Барилга Хот Байгуулалтын Яамны хөрөнгөөр тус бүр нэг "Дэд бүтцийн төв" барьж байгуулах юм.
  • Одоогоор гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлагдсан бөгөөд энэ долоо хоногт компани тодорч гэрээгээ байгуулсан тохиолдолд бүтээн байгуулалтын ажил ирэх сараас эхлэх боломжтой гэнэ.
  • Тухайлбал: Чингэлтэй дүүргийн 7-р хороонд 201 нэгж талбарыг хамарсан 14 га газарт дэд бүтцийн ажил хийгдсэнээр 201 айлын цэвэр, бохирын асуудал, халаалт, дулаан, холбоо дохиоллыг шийдэх боломжтой болох аж.
  • Дэд бүтцийн төв нь хоёр давхар барилга байна. Нэгдүгээр давхарт нь халаалт, цэвэр, бохир усны шугам сүлжээг зохицуулах техник тоног төхөөрөмжийг суурилуулах бол хоёрдугаар давхарт ашиглалтын байгууллага байрлах юм байна.
  • Дулаан хангамжийг сайжруулсан түлш, цахилгаан зуух гэсэн хосолмол байдлаар, бие даасан бохирын системийг цэвэрлэх байгууламжаар шийдэх, 50 ортой хүүхдийн цэцэрлэг, ногоон байгууламж, хиймэл нуур төлөвлөснөөс гадна гэр хорооллын замуудыг асфальтаар хучихаар төлөвлөжээ.
  • Нэг айлын дулаан, цэвэр, бохир усны асуудлыг шийдэхэд 60 орчим сая төгрөг зарцуулах бөгөөд үүнийг нийслэлийн төсвөөс гаргах юм. Харин төв шугамаас салбар шугамаа байшин руугаа оруулах, байшингаа дулааны алдагдалгүй болгох, дотоод сантехникийн тохирох шийдлүүдээ сонгох зэрэг ажлуудад зарцуулах хөрөнгийг иргэд өөрсдөө гаргана.
  • Оршин суугч иргэд нь хамгийн ихээр дэмжиж байгаа газруудад эхний ээлжинд "Дэд бүтцийн төв" байгуулах ажил хийгдэх юм.
  • Чингэлтэй дүүргийн 7-р хороонд хэрэгжих төслийн хувьд: Байшингаа дулаалах зардлын 70 хувийг Дэлхийн Банкны төслөөс, 30 хувийг иргэд өөрсдөө гаргах, цаашлаад сантехникийн шийдэл, бусад асуудлаа шийдвэл Улаанбаатар хотын Худалдааны танхим, Хас банктай хамтран хэрэгжүүлж байгаа "Ногоон Сан"-гаас хөнгөлөлттэй зээлд хамрагдах төлөвлөгөөтэй.
  • "Дэд бүтцийн төв" баригдсан байршлын айлууд газар дээрээ нийтийн орон сууц, хаус барихаа өөрсдөө шийдэх бөгөөд ипотекийн зээлд хамруулах асуудлаар нийслэлийн зүгээс Барилга Хот Байгуулалтын Яам, Монголбанктай ярилцаж тохиролцоонд хүрэхээр ажиллаж байна. 2019, 2020 онд барих “Дэд бүтцийн төв”-үүдээ төлөвлөсөн. Нэг “Дэд бүтцийн төв” барихад 6-7 сар болно. 2020 он гэхэд Улаанбаатар хотод нийтдээ 50 ширхэг “Дэд бүтцийн төв” баригдсан байна" гэж холбогдох албан тушаалтан ярьж байна.
  • 2020 он гэхэд 100 ширхэг "Дэд бүтцийн төв" барьсан байна гэж анх ярьж байсан бол 50 болж буурсан бололтой. Ирэх намар ашиглалтанд орох хоёр "Дэд бүтцийн төв" тухайн байршлын иргэдэд тодорхой хэмжээнд үр дүнгээ өгөх болов уу? Учир нь 200 өрх анхнаасаа ярилцаж, дэд бүтэцтэй болсон тохиолдолд амьдрах орчноо сайжруулах боломж байна гэж санал нийлсний үндсэн дээр уг төсөлд хамрагдсан. 
  • Гэхдээ ингэж 200-аараа нэгдэж дэд бүтцэд холбогдох санал гаргаад, байшингаа дулаалж, хашаагаа эмхэлж цэгцлэн, цаашлаад банкны шалгуур хангаж ипотекийн зээлд хамрагдан, хаус бариад амьдрах боломжтой нь гэр хороололд хэр олон бол...
  • Гэр хороололд олон тооны "Дэд бүтцийн төв"-үүд байгуулснаар агаар, хөрсний бохирдлыг бууруулах сайн талтай ч хэт өндөр өртөгтэй төсөл гэдэг нь ойлгомжтой харагдаж байна.
  • "Дэд бүтэц" шийдэж орон сууц барих нэг хэрэг. Харин иргэдээ ажилтай, орлоготой болгох асуудлыг давхар шийдэхгүй бол мөн л үр дүн харагдахгүй, утаа, хөрсний бохирдол хэвээрээ л байна.

                                                                                                         

                                                                                        ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ

                                                                     Шинэ орон сууцны төсөл 1-р улирлын байдлаар... 

                                                       

                                                  

                                                       Орон сууцны дундаж үнэ ханш 1 улирлын байдлаар...

                                                     







Амины орон сууцны төсөл, үнэ ханш 1-р улирлын байдлаар..



     

                                                               Орон сууцны түрээсийн дундаж үнэ 1-р улирлын  байдлаар




                                                                             Газрын дундаж үнэ 1-р улирлын байдлаар...





         

                                                                   Хашаа байшингийн дундаж үнэ 1-р улирлын байдлаар...

                                 


                                        Оффисын талбайн болон түрээсийн дундаж үнэ 1-р улирлын байдлаар...



             

                                                                                                                           Эх сурвалж: Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” ХХК

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол