ДУНДААС ДООШ ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛНА ГЭЖ БАЙГАА Ч...

Уншсан тоо: 794
Нийтлэгдсэн: 2018 оны 05 сарын 18

Дундаас доош орлоготой иргэдийг орон сууцаар хангахын тулд гэр хорооллыг дахин төлөвлөх, орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууц хөтөлбөрийг эрчимжүүлэх шаардлагатай болсон гэж холбогдох албаныхан ярьсаар байна.

Түрээсийн орон сууц, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эх зэрэг зорилтот бүлгийг орон сууцаар хангах бодлогыг баримталж,  “Орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон гэнэ.

2015 оноос “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн ч одоогийн байдлаар нийслэл болон зарим аймгуудад нийт 1512 айл хамрагдаад байгаа нь "2021 он гэхэд Улаанбаатарт 16.000, орон нутагт 4000 айлыг түрээсийн орон сууцаар хангана" хэмээн төлөвлөсөнтэй харьцуулахад хангалтгүй үзүүлэлт. 

Ойрын 3 жилд орон сууц түрээслэх хэрэгцээтэй 44.747 өрх байгаа нь “Тэнхлэг зууч” компанийн хийсэн судалгаанаас харагдаж байна.

“Буянт-Ухаа-2” хорооллын хоёрдугаар ээлжийн 972 айлын орон сууц, аймгуудад эхлүүлсэн 590 айлын орон сууцыг энэ намар ашиглалтанд оруулж иргэдэд түрээслүүлэхээр төлөвлөн, ТОСК-ийн өр зээлтэй холбоотойгоор хөрөнгийг Хөгжлийн Банкинд шилжүүлээд байгаа юм.

“Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцны хөрөнгийн асуудал Хөгжлийн Банкинд шилжсэн учраас тухай банк асуудлыг шийдэх болж байгаа ч  хамтарч ажиллах байхаа гэж БХБЯ-ны зүгээс найдаж байгаа аж.

Цаашлаад “Буянт-Ухаа-2.2” буюу Хан-Уул дүүргийн 10-р хороонд төлөвлөсөн 4320 айлын орон сууц, Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт төлөвлөсөн 1800 айлын орон сууц бүхий “Эко Яармаг” хороолол, мөн 706 айлын орон сууц бүхий “Буянт-Ухаа-3” хорооллын төслийг боловсруулсан ч одоогоор санхүүжилт бэлэн биш байна.

     

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн зарим хэсгийг гадны орнуудын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхгүй бол дан ганц улсын төсвийн хөрөнгөөр шийдэх боломжгүй гэж үзэн хөрөнгө оруулалт хайж байгаа аж.

Солонгос улсаас зээлэх 500 сая долларын хөнгөлөлттэй зээлээс түрээсийн орон сууцны эдгээр төслийн хөрөнгийг шийдэх саналыг салбарын яамны зүгээс Засгийн Газарт тавьсан гэнэ.

Иргэд орон сууц худалдаж авах хүсэлтэй ч чадамж байхгүй байгаа нь судалгаанаас харагдаж байна.

Ипотекийн зээлд хамрагдаж орон сууцтай болохыг хүссэн иргэдийн хувьд, "Урьдчилгаа төлбөр 30 хувь байгаа нь дарамт болж байна, улмаар зээлийн хүү өндөр, сард төлөх зээлийн хэмжээ их байна" гэж хариулсан байна.

Иймээс урьдчилгаа болон зээлийн хүүг эргэж харах бодлогыг БХБЯ-наас баримталж, урьдчилгаа төлбөрийг 25 хувь, 8 хувийн хүүг 6-7 хувь болгох саналыг холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг гаргасан.

Урьдчилгаа төлбөр болон зээлийн хүүг бууруулахыг тусгасан шинэчилсэн журмын төслийг Засгийн Газарт өргөн барьсан боловч ОУВС-тай эхлээд ярилцах ёстой гээд Засгийн Газрын хуралдаанд оруулаагүй.

Дундаас доош орлоготой иргэдийг орон сууцжуулахаар яригдаж, төлөвлөгдөж байгаа асуудлуудыг тоймлоход ийм байна.

ОУВС юу гэж хэлэх, гадны орнуудаас орж ирэх зээл тусламжийг хэрхэн хуваарилах гэхчлэн олон хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалан дээр дурдсан төлөвлөгөөнүүд хэзээнээс биеллээ олж, зорилтот бүлгийн иргэдэд эерэгээр нөлөөлж эхлэхийг хэлэхэд бэрх байна.

                                                                                                                                                                                 П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,300,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол