Э.Мөнхжин: ”Грандлайн” хэнийг ч хулхидаагүй

Уншсан тоо: 515
Нийтлэгдсэн: 2015 оны 09 сарын 04

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жанжин клубын зүүн тал орчмын 15,4 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа “Грандлайн” компани болон төслийн талбайд оршин суугч иргэдийн төлөөлөл өчигдөр хэвлэлийн хурал хийжээ. 

Хэвлэлийн хурлаар ямар мэдээлэл өгсөн талаар “Грандлайн” компанийн гүйцэтгэх захирал Э.Мөнхжингөөс тодрууллаа.

 -Сүүлийн үед танай компанийн талаар муу мэдээлэл их гарлаа. Үүнд хариулт өгөх зорилгоор хэвлэлийн хурал хийв үү?

- Манай компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш анх удаагаа хэвлэлийн хурал хийлээ. Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш манай талаар худал хуурмаг мэдээлэл их гарч байлаа. “Э.Бат-Үүл дарга хүүдээ тендер аваад өгчихлөө”, “Хүүгийнхээ компанид хотоос мөнгө гаргаж өгсөн гэнэ” гэх мэтээр мушгин гуйвуулсан яриаг зориудаар олонтоо гаргаж байсан. Сүүлийн үед иргэд, компани хоорондын зөвшилцлийн асуудал дээр сэв суухаар яриа гарч эхэлсэнтэй холбоотойгоор манай иргэд “Бүгдээрээ нийлээд хэвлэлийн хурал хийж бодит байдлыг олон нийтэд хүргэе” гэсний үндсэн дээр иргэдийн төлөөлөлтэйгөө хамтраад мэдээлэл өглөө. “Грандлайн” компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр  нийслэлээс сонгоогүй, оршин суугчид өөрсдөө сонгосон талаар манай иргэд  тайлбарлалаа. Дахин төлөвлөлтийн ажил бол тендерийн ажил биш. Гурван шат давсан компани төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагддаг. Эдгээр гурван шатны эхний шатанд л нийслэл хяналт тавих үүднээс оролцож, тухайн аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр ажиллах суурь шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Ингээд суурь шалгуур үзүүлэлт хангаж байгаа компаниудыг иргэдийн саналыг авахуулахаар явуулна. Тухайн байршлын иргэд компанийн хийж хэрэгжүүлэх ажил, төсөл, төлөвлөгөөтэй нь танилцаад сонголтоо хийдэг. Иргэдийн 50-иас дээш хувийн санал авсан компани үл хөдлөх хөрөнгө эзэмшигч иргэдтэй гэрээ хийх дараагийн шатны ажилдаа орно. Ингээд газар, үлхөдлөх хөрөнгө эзэмшигч иргэдийн 75-аас дээш хувьтай гэрээ хийж чадсан тохиолдолд батламжаа авч байгаа шүү дээ. Манайх эдгээр шатуудыг давсны эцэст төсөл хэрэгжүүлэгчээр ажиллах эрхээ авсан. Үүнийг нэлээд сайн тайлбарлая гэж бодсон юм. Ингэхгүй бол нөгөө Э.Бат-Үүл дарга чинь баахан дарга нартайгаа тойрч сууж байгаад л “Манай хүүгийн компанид энэ ажлыг өг” гэчихсэн юм шиг л яриад байна. Энэ талаар албан ёсоор тайлбарлалаа.

-Инженерийн болон нийгмийн дэд бүтцэд зориулан нийслэлээс олгож байгаа мөнгийг тоо хэмжээтэй нь гаргаж тавин “Хотын дарга хүүгийнхээ компанид 11 тэрбум төгрөг олгуулжээ” гэх яриа байсан. Уг нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч бүх компани дэд бүтцийн хөрөнгөө нийслэлээс авдаг биз дээ?

- “Грандлайн” компани нийслэлээс 11 тэрбум төгрөг авч идэж уусан гээд л байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журамд заахдаа “Иргэд компани тохиролцоод дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа тохиолдолд төлөвлөлтөд шаардлагатай нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хөрөнгийг нийслэл хариуцна” гэсний дагуу л хийгдэж байгаа ажил. Манай дэд бүтцэд зориулагдах төсөв 11 тэрбумаар батлагдсан боловч ажлын гүйцэтгэлээр 5,7 тэрбумийг авч, дэд бүтцийн ажлаа зохион байгуулж байна. Манайх өөрөө инженерийн дэд бүтцийн барилга угсралтын ажил хийх тусгай зөвшөөрөлгүй учраас нийслэлээс тавьсан шаардлагуудыг хангаж буй тусгай зөвшөөрөлтэй компаниудтай түншлэлийн гэрээ хийж, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газартай гурван талт гэрээтэй явж байгаа. Дэд бүтцийн ажилд зарцуулагдах санхүүжилт нь манай компанитай огт хамааралгүйгээр дэд бүтцийн ажил гүйцэтгэж байгаа компаниудын данс руу шууд шилжиж ордог. Манай зүгээс дэд бүтцийн ажил дээр хяналт тавих үүрэгтэйгээр ажилладаг гэдгийг хэлмээр байна.

-Туркүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн ч үл ойлголцлоос болоод танай тал шүүхэд хандсанаар гэрээг цуцалсан гэж байсан. Гэтэл Туркийн компанийн Монгол талын өмгөөлөгч н.Оюунбилэг хэвлэлийнхэнд мэдээлэхдээ “Туркийн тал эхлээд шүүхэд хандсан, “Грандлайн” компани Туркчүүдийг хохироосон нь тогтоогдсон” гэх мэтээр ярьсан. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Туркүүдтэй хамтран ажиллах гэрээн дээрээ нэлээд хэдэн асуудлыг тодорхой тусгасан байсан л даа. Төсөлд шаардлагатай санхүүжилтийг тавь, тавин хувиар хариуцна, Туркийн талаас барилгын шинэлэг технологийг Монголд нэвтрүүлнэ, хоёулаа хамтраад норм стандартын шаардлага хангасан зураг төслийг хөрвүүлэх, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах, иргэдтэй гэрээ хийх, газар чөлөөлөх асуудлыг хариуцна гээд гэрээнд заачихсан. Төсөлд зарцуулагдах бараа материал худалдаж авах тохиолдолд талууд нэг нэгэндээ мэдэгдэж харилцан зөвшилцөнө гэсэн заалтийг нэмэлтээр тусгасан байдаг. Гэтэл Туркүүд “Түмэн Амгалан” хорооллын зургийг ямар үнэ өртөгт багтаан хийхээ ч зөвшилцөлгүйгээр эхлүүлж, улмаар 6 сарын хугацаа зарцуулж маш их цаг алдсан. Хоёрдугаарт, “Барилгын ажил эхлэх боллоо. Танай зүгээс өөрсдийн оруулах санхүүжилтээ оруулаач ээ” гэхэд, “Бид зураг төсөлд 600 мянган доллар зарцуулсан. Одоо та нар санхүүжилтээ хий” гэсэн хариу өгсөн. Дээрээс нь нэмээд Туркэд ашиглаж байсан хуучин хэв хашмал ачуулж явуулсан байсныгаа 700 мянган доллараар үнэлсэн. Тэр хашмалын гаалийн татварыг нь манай тал төлсөн байсан юм. Бараа материал худалдан авах, нийлүүлэх талаар хоёр тал урьдчилан ярилцана гэж гэрээнд тусгасан байтал Туркчүүд манайх 1,3 сая доллар зарцуулчихсан гэж яриад эхэлж байгаа юм. Эндээс л маргаан эхэлсэн. 2014 оны 6 дугаар сараас эхлээд 10 дугаар сарыг дуустал олон удаа уулзаж, шаардлага тавьсан ч, Туркийн тал мөнгөн хэлбэрээр санхүүжилт оруулж чадахгүй гээд маргаан нэлээд даамжрах шатанд орсон тул гэрээнд заасан ёсоор манай тал шүүхэд хандсан юм. Бидний зүгээс Туркийн талтай цаашид хамтран ажиллах сонирхолгүй байгаа тул гэрээгээ цуцлах, тэдний талд шилжүүлсэн хувьцаагаа буцааж авах, улмаар гаалийн татварт төлсөн 115 сая төгрөг болон тэдний талаасшалтгаалан ажил удааширсны хохирол зэргийг тусгасан нэхэмжлэх гаргасан. Арбитраас “Гэрээг цуцаллаа.Туркийн тал “Грандлайн” компанийн шилжүүлсэн хувьцааг буцаан олгох, хоёр талын төсөлд оруулсан гэх санхүүжилтийг бодитоор үнэлэхийн зэрэгцээ, бараа материалыг зах зээлийн ханшаар үнэлээд зөрүүг нэгэндээ буцаан олгох шийдвэр гарсан.

-Төслийн талбайн 250 айл гудамжинд гарсан гэж өмгөөлөгч ярьсан байна. Уг нь тодорхой тооны айлыг нүүлгэн шилжүүлж түрээсийн байраар хангасныг мэдэх юм?

- “Грандлайн” компани төслийн талбайнхаа 250 айлыг нүүлгээд гудамжинд гаргачихсан гэж илт үндэслэлгүйгээр ярьсан байна. Нэгдүгээрт ийм олон тооны айлын газар чөлөөлөөгүй байгаа. Хоёрдугаарт, манай төсөлд хамрагдсан иргэдээс компанид хандаж гаргасан гомдол нэг ч байхгүй, албан ёсоор шүүхийн шатны байгууллагад ирүүлсэн гомдол ч байхгүй. Туркийн тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төслийн ажил тодорхой хэмжээгээр удааширсан нь үнэн. Гэхдээ бид эхний ээлжинд газраа чөлөөлж өгсөн иргэдтэйгээ асуудлаа нээлттэй ярилцаад, учир зүйгээ олоод, нөхөн олговроо олгоод явж байгаа. Манайхыг Туркийн талд мэдэгдэлгүйгээр компанийн нэр дээр “Улаанбаатар” банкнаас 9,9 тэрбум төгрөгийн зээл авсан гэж тэд хэлж байгаа. Нэгдүгээрт, энэ зээлийг компанийн нэр дээр биш Б.Чулуудай өөрийн нэр дээр авсан. Хоёрдугаарт “Улаанбаатар” банкнаас авсан зээлийн хэмжээ 9 тэрбум биш 3,1 тэрбум төгрөг. Төслийн санхүүжилтийн 50 хувийг хариуцна гэсэн гэрээний үүргээ биелүүлэхийн тулд Б.Чулуудай өөрийн нэр дээр зээл авч газар чөлөөлөлт, нөхөн олговор, барилгын ажил, үйл ажиллагааны бусад зардалд зарцуулсан. Үүнийг л компанийн нэр дээр дур мэдэн зээл авсан гэж ташаа мэдээлэл өгсөн байгаа юм.

-Хэдэн айлын газар чөлөөлсөн, барилгын ажлын явц ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Бид 40 айлын газар чөлөөлж, 16 давхар 2 орон сууцны суурийг дуусгаад одоо цутгалтын ажил эхэлсэн. Ирэх оны 2-3 дугаар улиралд 220 гаруй айлын орон сууц ашиглалтанд өгч, эхний ээлжинд газраа чөлөөлсөн 40 айлаа оруулна. 0,07 га газрыг бид 120 м.кв талбайтай орон сууцаар солих гэрээ хийсэн. Иргэд ирэх жил манайхаас ийм байр авна гэсэн үг. Газраа чөлөөлж өгсөн иргэдийг орон сууц ашиглалтанд орох хүртэл хугацаанд түрээсийн байрны зардлаар хангана гэсэн үүргээ манай компани биелүүлсээр л яваа. Нэг айлд сард дундажаар 550,000-750,000 төгрөг өгдөг.

-“Монголын компани Туркчүүдийг хохироосон тул шүүхэд ханджээ” гэх мэт шуугиан нь мэдээлэл дутмагаас уу, эсвэл өөр учир шалтгаантай юу?

-Олон нийтийг хамарсан төсөл учраас мэдээлэл нээлттэй байх нь зөв. Гэхдээ ямар ч үндэслэлгүйгээр “250 айлыг гудамжинд гаргачихжээ”, “Грандлайн компани” дампуурчээ”, “Туркчүүдийг хулхиджээ” гэх зэргээр илт гүтгэлгийн чанартай мэдээлэл гаргаад байгаад үнэн бодит хариулт өгөхийг хүссэн учраас энэ хэвлэлийн хурлыг зарласан юм. Иргэд, компани харилцан тохиролцоод ажиллаж байхад дундуур нь улс төржилтөөс улбаатай гүтгэлэг орж ирж байгаад харамсаж байна. Төслийн ажил тодорхой шалтгааны улмаас хойшилсон нь үнэн. Гэхдээ бид асуудлыг иргэддээ ойлгуулж, харилцан мэдээлэлтэй, ойр дөт ажилладаг. Иргэд маань ч асуудлыг ойлгож байгаа. Энэ дашрамд хувь хүний дүгнэлтээ хэлэхэд, Туркчүүд ер нь манайхныг нэлээд доош хийсэн байдалтай ханддаг нь ажиглагдсан. Харин ч манай Монголчууд хоёр их гүрний дунд оршдог учраас гадныхантай хамтран ажиллаж чаддаг, биенесийн соёл төлөвшсөн улсад тооцогддог. Гэтэл Африкийн нэг шугуй доторхи жижиг улстай харьцаж байгаа юм шиг хандаж байсан.

-Ярилцсанд баярлалаа. Гэр хорооллын иргэдийн орчныг сайжруулахаар зориглон, хэл ам, хардлага сэрдлэгэн дундуур нэлээдгүй зовлон туулж яваа танай хамт олонд ажлын амжилт хүсье.

- Баярлалаа. Чамд болон танай сайтын уншигчдад, төслийн талбайн иргэддээ сайн сайхныг хүсье.

                                                                                                                                                                                                      П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол