ОЙРЫН 3 ЖИЛД НИЙСЛЭЛД 38.514 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРНО

Уншсан тоо: 476
Нийтлэгдсэн: 2018 оны 10 сарын 04

Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт өрхийн ойрын 3 жилийн орон сууцны эрэлт хэрэгцээ, төсөл хэрэгжүүлэгчдийн мөн хугацааны орон сууцны нийлүүлэлтийг тодорхойлж, орон сууцны талаар төрөөс баримтлах бодлого төлөвлөлтийг боловсруулахад шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэх зорилго бүхий “ Орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-г БХБЯ, МИК, ТОСК-ийн захиалгаар “Тэнхлэг зууч” ХХК, МБҮА хамтран гүйцэтгэж өнгөрөгч 5-р сард хүлээлгэж өгсөн юм. 

Салбарын байгууллагууд нэгдсэн судалгаа мэдээлэлтэй болох, бодлого боловсруулагчид болон хөрөнгө оруулагчид орон сууцны эрэлт нийлүүлэлтийн ойрын төлөвийг урьдчилан харах, төсөл хөтөлбөрийг үр ашигтай бодитой төлөвлөх, нийгмийн халамжийн бодлогыг зөв чиглүүлэхэд энэхүү судалгаа чухал ач холбогдолтой.

Судалгааны үр дүнгээс товчлон хүргэж байна.

2017 оны байдлаар нийслэлд 380.828 өрх амьдарч байгаагийн 43 хувь буюу 164.791 өрх инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байна.

Ойрын 5 жилд нийслэлд 217.000 айлын, орон нутагт 122.000 айлын инженерийн бүхэн хангамжтай орон сууцны хэрэгцээ байгаа нь судалгаанаас харагдаж байна.

Эдгээрээс нийслэлд амьдардаг өрхийн 16,3 хувь буюу 35.497 өрх, орон нутагт амьдардаг өрхийн 12.2 хувь буюу 14.905 өрх орон сууц худалдан авах чадамжтай байна.

Нийлүүлэлтийн хувьд Улаанбаатар хотод 62.339 айлын нийтийн болон амины орон сууцны төсөл, орон нутагт 13.038 айлын орон сууцны 136 төсөл тус тус хэрэгжиж байна.

Үүнээс ойрын 3 жилд нийслэлд 38.514 айлын, орон нутагт 10.822 айлын орон сууц ашиглалтанд орох төлөвтэй.

Улаанбаатар хотод баригдаж байгаа ашиглалтанд орсон болон ороогүй дээрхи 62.339 айлын орон сууцнаас 59.426 айлын орон сууц нь нийтийн, 2913 айлын орон сууц нь амины орон сууц байна.

Эрэлт нийлүүлэлтийн судалгааг хийж гүйцэтгэсэн 5-р сарын байдлаар зах зээл  дээр 5822 айлын орон сууц ашиглалтанд орсон байв. Үүний 4622 айлын орон сууц нь 80 м.кв-аас доош талбайтай орон сууц байгаа юм. Эдгээрийн борлуулалтын дундаж үнэ м.кв нь 2.114.527 төгрөг байна.

Ойрын 3 жилийн хугацаагаар авч үзвэл, бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлт 33,102 айл, орон сууцны боломжит нийлүүлэлт 38,514 байгаа бөгөөд ирэх 3 жилийн хугацаанд 5412 айлын орон сууцны нийлүүлэлтийн илүүдэлтэй байхаар байна.

2018 оны хувьд бусад онуудаас хамгийн их орон сууцны илүүдэлтэй байгаа бөгөөд 6607 айлын орон сууцны илүүдэл гарахаар байна.

Орон сууц хэрэгцээтэй ч одоо хүртэл худалдаж аваагүй шалтгаанууд

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 216,913 өрхөд орон сууц хэрэгцээтэй байгаа бөгөөд эдгээр өрхүүд одоо хүртэл орон сууц худалдан аваагүй гол шалтгаан нь:

1.Урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэх боломжгүй,

2. Зах зээл дээр борлуулагдаж байгаа орон сууцны үнэ өндөр,

3.Өрхийн орлого нь зээл төлөлтөд хүрэлцдэггүй

Дээрхи шалтгаануудын улмаас орон сууц худалдан авч чадахгүй байна. Голлох шалтгаанууд өрхийн санхүүтэй холбоотой хүндрэл байгаа юм.

Урьдчилгаа бүрдүүлэх нөхцлүүд, ипотекийн зээлд хамрагдах хугацаа, орон сууцны сонголтууд

Инженерийн дэд бүтэц бүхий орон сууц худалдан авах хэрэгцээтэй 216,913 өрхөөс 71,798 өрх тодорхой хэмжээгээр урьдчилгаа төлөн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа бөгөөд урьдчилгаа төлбөрөө одооноос цуглуулж эхлэх, зарим өрхийн хувьд өөрсдийн хуримтлалаасаа бүрдүүлэх хүсэлтэй байна.

Түүнчлэн газраа чөлөөлөн байраар солих хүсэлтэй 62,705 өрх, тухайн орон сууцны төсөл хэрэгжүүлэгч компанитай хувь лизинг хийх хүсэлтэй 26,190 өрх байна.

Улаанбаатар хотын хэмжээнд ирэх 5 жилийн хугацаанд 216,913 өрхөд орон сууцны хэрэгцээ байгаагаас 71,798 өрх ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байна. Зээлд хамрагдах хугацаагаар нь авч үзвэл:

-2018 онд 15,245 өрх, 

-2019 онд 27,860 өрх, 

-2020 онд 20,281 өрх,

-2021 онд 3697 өрх,

-2022 он болон түүнээс цааш онд 3715 өрх ипотекийн зээлд хамрагдан орон сууцтай болох хүсэлтэй байна.

Урьдчилгаа төлбөр төлөн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй өрхүүдийн хувьд дунджаар 59,5 м.кв талбайтай, нийт үнийн дүн 72,992,638 төгрөгөөр орон сууц худалдан авах хүсэлтэй байна.

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 25 хувь болгож буурууллаа гэж үзэхэд, худалдан авах чадвараар баталгаажсан эрэлт 31,576 өрх болж, урьдчилгаа төлбөр 30 хувь байх үеийнхээс 1279 өрхөөр нэмэгдэж байна.

Харин ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгож бууруулж үзэхэд, бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлт 33,942 өрх болж, урьдчилгаа төлбөр 30 хувь байх үеийнхээс 3645 өрхөөр нэмэгдэж байна.

Түрээсийн орон сууцны хэрэгцээ

Инженерийн дэд бүтэц бүхий орон сууц түрээслэх хэрэгцээтэй 44.747 өрх байна. Орон сууц түрээслэх сонирхолтой нийт өрхийн 16.717 өрх нийтийн орон сууцанд 14,686 өрх дэд бүтцэд холбогдоогүй хашаа байшинд, 13,016 өрх монгол гэрт, 329 өрх дэд бүтцэд холбогдсон хашаа байшин, амины орон сууцанд амьдарч байна. Орон сууц түрээслэх хэрэгцээтэй байгаа өрхийн 10,364 өрх нь тухайн сууцаа түрээсэлж амьдардаг бол 4890 өрх нь бусдын өмчлөлийн байранд төлбөргүйгээр амьдарч байна.

Ойрын 3 жилийн хугацаанд орон сууц түрээслэх хэрэгцээтэй 44.747 өрхийн 28,5 хувь нь гэр  бүлийн бусад гишүүдийн хэрэгцээнд зориулж, 28,1 хувь нь өөрийн өмчлөлийн орон сууцгүй гэсэн шалтгаанаар түрээслэх сонирхолтой байна. Харин эдгээр өрхийн 33,9 хувь нь залуу гэр бүл, 23,2 хувь нь хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгсэд байна.

Орон сууц түрээслэх хүсэлтэй өрхүүд дунджаар 31-50 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 4-5 жилийн хугацаатай түрээслэн өөрийн болгох сонирхолтой байна.

Орон сууц түрээслэх хэрэгцээтэй өрхүүдийн хувьд, 1 өрөө байрыг дунджаар 201.000-300.000 төгрөгөөр түрээслэх хүсэлтэй 5761 өрх байгаа бол 2 өрөө байрыг мөн адил үнээр түрээслэх хүсэлтэй байна. Харин 3 өрөө байрыг 401.000-500.000 төгрөгөөр түрээслэх хүсэлтэй 2573 өрх байна.

Орон сууц түрээслээд тодорхой хугацааны дараа өөрийн болгон өмчилж авах хувилбарыг иргэд ихээхэн хүлээж байгаа нь судалгаанаас харагдлаа. Мөн гэр хорооллын иргэд газраа эргэлтэд оруулах сонирхолтой байна.

-Бэлэн мөнгөөр болон зээлээр борлуулагдах

-Түрээслэнгээ өмчлөх

-Газраа эргэлтэд оруулж орон сууцаар солих, урьдчилгаа төлбөрт тооцуулах 

-Дэд бүтцэд холбогдож өөрийнхөө газар дээр хямд төсөр орон сууц барих гэсэн 4 чиглэлээр иргэд орон сууцтай болох боломжтой юм.

                                                                                                                                                                                             П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол