ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРЫН 2018 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН ТОЙМ

Уншсан тоо: 610
Нийтлэгдсэн: 2018 оны 10 сарын 29

“Тэнхлэг зууч” ХХК-иас үл хөдлөх хөрөнгийн салбарын 2018 оны гуравдугаар улирлын тоймыг бэлтгэн хүргэж байна. 

  • Монгол Улс ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсанаар ипотекийн зээлийг Засгийн Газарт шилжүүлж авах үүргийг хүлээсэн юм. Өмнө нь Монголбанк мөнгө хэвлэж, энэ хөтөлбөрийг санхүүжүүлдэг байв.
  • Ипотекийн зээлийн санхүүжилтийг шилжүүлэх бэлтгэлийг 2018 онд хийж дуусгаад 2019 оноос Засгийн Газар бүрэн хариуцна гэж яригдаж байсан ч 3 их наяд төгрөгийн асуудал яригдаж шийдэлд хүрч чадаагүй байна.
  • "Ипотекийн зээлийг өөр дээрээ төвлөрүүлэх асуудлыг Засгийн Газар дангаараа шийдэж чадахгүй, ОУВС-тай харилцан ярилцаж байж шийднэ" гэж БХБ-ын сайд ярьсан юм.

                                                                                      ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЛТ

                       

  • Ипотекийн зээл нь Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа томоохон хөтөлбөрүүдийн нэг. Өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас 4,2 их наяд төгрөгийг ипотекийн зээлд зарцуулаад байна.
  • Нэгэнт Монголбанк мөнгө хэвлэж ипотекийн зээлийг санхүүжүүлэхгүй болсон учраас  гурван эх үүсвэрээс санхүүжүүлж байна. 2018 онд улсын төсвөөс 120 тэрбум төгрөг олгох ёстой бөгөөд одоогийн байдлаар 60 тэрбумыг нь олгожээ.
  • Улсын төсвөөс хийгдэх санхүүжилтээс гадна өмнө олгосон ипотекийн зээлийн эргэн төлөлт, арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр иргэдэд ипотекийн зээл олгосон юм.
  • Эхний найман сарын байдлаар 6000 айл орон сууц худалдаж авсан байна. Үүнд 450 тэрбум төгрөг зарцуулсны 250 тэрбумыг нь арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс, 60 тэрбумыг улсын төсвөөс, үлдсэн 140 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлжээ.
  • Ипотекийн зээлд зориулж ирэх онд улсын төсвөөс 115 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар төлөвлөсөн  нь 2018 оны түвшинтэй адилхан гэсэн үг.
  • Одоогоор "Ипотекийн зээлийн журам"-ыг хэрэгжүүлэхэд хамгийн тулгамдсан асуудал бол хөрөнгийн эх үүсвэрийг нээх юм. Эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёрдогч зах зээлд бонд гаргаж мөнгө босгох хоёр арга зам байна.
  • Цаашид ипотекийн зээлийн санхүүжилтийг төсөв даахгүй учраас гадны урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх ёстой гэж яригдаж байна.
  • “Ипотекийн зээлийн журам “-ыг шинэчлэн боловсруулсан ч Засгийн Газраар батлагдалгүй 2018 оны 4-р улиралтай золгож байна. ОУВС, Дэлхийн Банкны зөвлөхүүдэд журмын төслийг танилцуулах, Засгийн Газрын гишүүдээс санал авах зэрэг цаг хугацаа шаардсан ажлууд их байсан гэх тайлбарыг албаныхан өгсөөр ирлээ.
  • "Ипотекийн зээлийн журам шинэчлэгдэхийг хүлээгээд арилжааны зарим банк зээл гаргахгүй байна" гэсэн гомдол иргэдийн дунд байна. Тухайн банкнаас зээл авсан компанийн хэрэгжүүлсэн төслийн орон сууцнаас худалдан авч байгаа иргэнд ипотекийн зээл олгодог өнөөгийн байдлыг журмаар зохицуулахаар болсон талаар БХБ-ын сайд Х.Баделхан ярьж байна.
  • Ипотекийн зээлийн хүүг найман хувиас бууруулах, урьдчилгааг 30 хувиас багасгах, зээлд хамрагдах орон сууцны талбайн хэмжээг 80 м.кв-аас нэмэгдүүлэх зэрэг хүлээлт иргэдийн дунд байна.
  • Шинэчилсэн журмын төсөлд, зээлийн хүүг бууруулахгүй найман хувьд хэвээр хадгалах, зээлд хамрагдах орон сууцны талбайн хэмжээг 80 м.кв-аас хэтрүүлэхгүй байх, харин урьдчилгааг бууруулж 25 хувь болгох, гэр хорооллоос орон сууцанд орж байгаа болон анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэдэд зээлийг олгох, арилжааны банк зээл авч байгаа иргэнд орон сууц санал болгодог байдлыг журмаар зохицуулах зэрэг асуудлыг тусгажээ.
  • 80 м.кв-аас дээш талбайтай орон сууцыг найман хувийн зээлд хамруулах тухай хүсэлтийг барилгын компанийнхан тавьдаг. Гэвч ингэж зээлд хамрагдах орон сууцны талбайн хэмжээг нэмэгдүүлсэн тохиолдолд төрийн бодлого зорилтот бүлэгт чиглэхгүйгээр боломжтой хэсгийг дэмжих, нэг зээлдэгчид ноогдох зээлийн хэмжээ нэмэгдэх зэрэг эрсдэл байна гэж үзжээ.

                                                                                ОРОН СУУЦНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТ

                   

  • Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт өрхийн ойрын 3 жилийн орон сууцны эрэлт хэрэгцээ, төсөл хэрэгжүүлэгчдийн мөн хугацааны орон сууцны нийлүүлэлтийг тодорхойлж, орон сууцны талаар төрөөс баримтлах бодлого төлөвлөлтийг боловсруулахад шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэх зорилго бүхий “ Орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-г БХБЯ, МИК, ТОСК-ийн захиалгаар “Тэнхлэг зууч” ХХК, МБҮА хамтран гүйцэтгэж өнгөрөгч 5-р сард хүлээлгэж өгсөн юм. 
  • Салбарын байгууллагууд нэгдсэн судалгаа мэдээлэлтэй болох, бодлого боловсруулагчид болон хөрөнгө оруулагчид орон сууцны эрэлт нийлүүлэлтийн ойрын төлөвийг урьдчилан харах, төсөл хөтөлбөрийг үр ашигтай бодитой төлөвлөх, нийгмийн халамжийн бодлогыг зөв чиглүүлэхэд энэхүү судалгаа чухал ач холбогдолтой.
  • 2017 оны байдлаар нийслэлд 380.828 өрх амьдарч байгаагийн 43 хувь буюу 164.791 өрх инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байна.
  • Ойрын 5 жилд нийслэлд 217.000 айлын, орон нутагт 122.000 айлын инженерийн бүхэн хангамжтай орон сууцны хэрэгцээ байгаа нь судалгаанаас харагдаж байна.
  • Эдгээрээс нийслэлд амьдардаг өрхийн 16,3 хувь буюу 35.497 өрх, орон нутагт амьдардаг өрхийн 12.2 хувь буюу 14.905 өрх орон сууц худалдан авах чадамжтай байна.
  • Нийлүүлэлтийн хувьд Улаанбаатар хотод 62.339 айлын нийтийн болон амины орон сууцны төсөл, орон нутагт 13.038 айлын орон сууцны 136 төсөл тус тус хэрэгжиж байна.
  • Үүнээс ойрын 3 жилд нийслэлд 38.514 айлын, орон нутагт 10.822 айлын орон сууц ашиглалтанд орох төлөвтэй.
  • Улаанбаатар хотод баригдаж байгаа ашиглалтанд орсон болон ороогүй дээрхи 62.339 айлын орон сууцнаас 59.426 айлын орон сууц нь нийтийн, 2913 айлын орон сууц нь амины орон сууц байна.

                                                                              НИЙСЛЭЛИЙН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ

  • Улаанбаатар хотод ойрын 3 жилд 44,747 өрх орон сууц түрээслэх хэрэгцээтэй байна. Урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй иргэд, залуу гэр бүлийг орон сууцжуулах хамгийн зөв гарц нь хямд төлбөртэй түрээсийн орон сууц.
  • Урт хугацаанд түрээсэлж, цаашдаа орон сууцаа өөрийн болгох буюу өмчлөлдөө шилжүүлэх нөхцлийг бүрдүүлж өгснөөр урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй ч тогтмол орлоготой иргэд, ялангуяа залуу гэр бүл болон зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах боломжтой.
  • Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн Засгийн Хөгжлийн Сан /EDCF/ -аас олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-иас 4 төсөл хамруулахаар санал хүргүүлээд байсан юм.
  • Эдгээр төслүүдээс Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын Материал орчимд хэрэгжих 1006 айлын “Түрээсийн орон сууцыг хэрэгжүүлэх төсөл”, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам орчимд хэрэгжүүлэх 2000 айлын “Түрээсийн болон ахмадын орон сууцыг хөгжүүлэх төсөл” дэмжигдэн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болсон байна.
  • Олон улсын туршлагаас харахад:

            -Зөвхөн түрээслэх,

            -Түрээсэлж байгаад өмчлөх,

            -Ямар нэгэн урьдчилгаа төлөхгүйгээр түрээсийн төлбөр дээрээ байрны үнийг шингээн төлөх байдлаар өмчлөх 

             зэрэг хувилбаруудыг хэрэгжүүлж  иргэдээ орон сууцжуулсан байдаг юм.

                                  ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ АСУУДАЛ ЯМАР ШАТАНД ЯВНА ВЭ?

  • Монгол улсын хэмжээнд 2017 оны байдлаар нийт 192,475 төрийн албан хаагч ажиллаж байна. Нийт төрийн албан хаагчийн 49,3 хувийг Улаанбаатар хотын төрийн албан хаагчид эзэлж байна.
  • 127,585 төрийн албан хаагч нь өөрийн эзэмшлийн сууцтай бөгөөд 5442 төрийн албан хаагч нь бусдын өмчлөлийн сууцанд түрээсээр амьдарч байна. 5626 төрийн албан хаагч бусдын өмчлөлийн сууцанд төлбөргүйгээр амьдарч байна.
  • Орон сууц худалдаж авах хэрэгцээтэй 56,467 төрийн албан хаагч байгаагийн 14,306 нь ямар ч үл хөдлөх хөрөнгөгүй, 42161 өрх ямар нэгэн үл хөдлөх хөрөнгөтэй байна.                                         
  • Төрийн албаны хуулиар төрийн албан хаагчдыг орон сууцжуулах үүргийг төр хүлээдэг. Энэ үүргээ биелүүлэх үүднээс зах зээл дээр бэлэн байгаа орон сууцыг төрийн албан хаагчдад олгоё гэж байгаа бололтой.
  • Харин орон сууцыг хэрхэн олгох, хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэдэг нь сонирхол татаж байгаа юм.
  • “Эдийн засгийн байдал сайнгүй ийм нөхцөлд төрийн албан хаагчдыг ямар замаар орон сууцтай болгох вэ гэдгийг судалж байгаа” гэж БХБ-ын сайд Х.Баделхан ярьсан. Тэгэхээр хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас хэрхэн шийдэх нь одоогоор тодорхойгүй, санаанаас цаашгүй байгаа гэхэд болно.

                                                                             ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ

  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29, 12/43, 14/02 дугаар тогтоол, 2014 оны 19/23 дугаар тогтоол, 2018 оны 127 дугаар тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайг баталсан.
  • Эдгээр 76 хэсэгчилсэн талбайд нийт 41 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч батламжлагдсан байдаг. 
  • Бүтээн байгуулалтын ажил хийгдээгүйн улмаас 2016 онд 6, 2018 онд 7 төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалж 4 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, дахин 11 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах урилгыг зарлажээ.
  • Одоогийн байдлаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 1712 нэгж талбарын газрыг чөлөөлөн 10.278 айлын орон сууцны барилгын ажил эхлүүлж 5477 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан байна. 
  • 2018 оны 3 дугаар улирлын байдлаар энэ онд 280 айлын орон сууц ашиглалтанд оруулсан бөгөөд дахин 2233 айлын орон сууц ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна.
  • Компани нь гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн боловч нийслэлийн зүгээс нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх алхам хийхгүй байна. Уг нь дахин төлөвлөлтийн ажил нь цогц төлөвлөлт.
  • Өөрөөр хэлбэл тэнд сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг нийслэлийн зүгээс шийдвэрлэх шаардлагатай юм. Гэвч энэ ажил бүрэн зогссон байна. Тухайлбал: Дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд “Гангар Инвест”, “Баганат Өргөө” зэрэг компанийн барилгууд баригдан, айлууд нүүж орсон. Эдгээр компаниудын хувьд сургууль, цэцэрлэгийн газрыг чөлөөлсөн байна. Гэсэн хэдий ч нийслэлийн зүгээс сургууль, цэцэрлэгийг хэрхэн барих талаар шийдэл гаргаагүй, төсөвт суулгаагүй байна. 
  • Түүнчлэн санхүүжилтийн дэмжлэг байхгүй, гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам хэрэгжиж байгаа эсэх нь тодорхойгүй болсон зэрэг ойлгомжгүй бөгөөд зогсонги байдалтай зүйл цөөнгүй байна.
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил ийнхүү зарим нь зогсонги байдалтай, зарим нь барилгаа ашиглалтад оруулсан боловч орчны тохижилт, дэд бүтцийг хийгээгүй зэргээр нийслэлийн удирдлагаас хамаарах асуудлуудтай байгаа юм.
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт, 30,6 га газарт 3200 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж буй “Грийн Ресурс”компанийн 1500 айлын орон сууцанд БНХАУ-ын STATE-OWNED INVESTMENT AND MANAGEMENT компани хөрөнгө оруулахаар болсон нь таатай мэдээ байлаа. Тус компани өөрийн хөрөнгөөр эхний ээлжийн орон сууцаа ашиглалтанд оруулж, хоёрдугаар ээлжийн 2 блок орон сууцны ажлаа үргэлжлүүлж байгаа юм.

                   ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ШИЙДВЭР ХЭРХЭН ХЭРЭГЖИЖ БАЙНА ВЭ?

  • Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсэд амьдарч байгаа айл өрх орон сууц худалдан авах тохиолдолд газрыг нь барьцаалах болон худалдаж авах замаар байрны урьдчилгааны 30 хувийг “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан”-гаас өгөх захирамжийг Нийслэлийн Засаг Дарга С.Батболд 2017 оны 6-р сард гаргасан юм.
  • 2018 оны 10-р сарын байдлаар 87 иргэн дээрхи сангаас дэмжлэг авчээ.
  • Хэдийгээр иргэдийн газрыг барьцаалах, худалдаж авах замаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж байсан ч, шууд худалдан авч байгаа бөгөөд газрын байршил, хэмжээ зэргээс шалтгаалан дээд тал нь 42 сая төгрөгөөр үнэлж байгаа талаар иргэд ярьж байна.
  • Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн гэр хорооллын оршин суугчид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын ашиглах, өмчлөх эрхээ НӨХГ-т шилжүүлэн газраа Нийслэлийн Газрын санд бүртгүүлнэ.
  • Иргэд ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байхаас гадна худалдан авах байрны хэмжээ 70 м.кв-аас илүүгүй, м.кв-ын үнэ 1.500.000 төгрөгөөс хэтрэхгүй байх шаардлагатай.
  • Иргэдийн хүсэлтийг Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газарт хүлээн авч байна.

                                                                     ДЭД ТӨВҮҮД БАЙГУУЛАХ АЖЛЫН ЯВЦ

  • Азийн Хөгжлийн Банк болон Европын Хөрөнгө Оруулалтын Банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг эхлүүллээ.
  • Төслийн хүрээнд Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр шатны хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд нийт 318 га газарт төлөвлөлт хийснээр нийслэлийн хойд бүсийн хүн амд үйлчилдэг, худалдаа, соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн бүсийн чанартай төв болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм.
  • 2018 оны 3-р улирлын байдлаар Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 50 айлын түр суурьших орон сууц тус бүр нэгийг, 8.6 км урттай ариутгах татуургын гол шугам сүлжээ тавигдсан байна. Баянхошуу дэд төвд 2.3 км урттай үерийн хамгаалалтын суваг хайсны угсралт хийгдэж дуусжээ.
  • Цаашид Баянхошуу дэд төвд 7.42 км автозам, 1000 шоо метр хүчин чадалтай усан сан, доод насос станц ба өргөлтийн насос станцын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой зэрэг хийгдэх юм байна.
  • УИХ-аар батлагдсан 10 мянган айлын орлогод нийцсэн орон сууцны  ихэнхийг дэд төвүүдээ түшиглэн барихаар төлөвлөсөн байна.  Өндөр өртгөөр ирсэн дэд бүтцийг ашиглан ,10 мянган айлын орон сууцны 7 мянга орчим нь орлого багатай иргэдэд, 2 мянга орчим нь дунд орлоготой иргэдэд, 10 хувь нь тансаг загварын холимог орон сууц байхаар тооцжээ.
  • Сэлбэ дэд төвд хийж буй бүтээн байгуулалтын ажлын үр дүнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамнасан нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр хангахаар төлөвлөсөн байна.
  • Уг дулааны станц баригдаж бүрэн ашиглалтанд ороход эхний ээлжинд төрийн болон нийгмийн үйлчилгээний байгууллагууд холбогдохоос гадна дэд төвд амьдарч буй 25 мянга орчим айл өрх дулааны шугам сүлжээнд холбогдох боломж бүрдэх юм байна.

                                            ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЭВ?

“ЛИДЕР БУЯНТ ХОЛДИНГ” компанийн дэд захирал Т.Амарсанаа:
-Орон сууцны олон төслүүд  хэрэгжиж байгаа нь хүлээлт өндөр байгааг харуулж байна. Гэхдээ манай зах зээл маш жижиг. Эдийн засаг сэргэж байна гээд хүн болгон шахуу барилга бариад 2010, 2011 он шиг хошуураад эхэлвэл нийлүүлэлт нэмэгдээд явах аюултай-

-Улс орны эдийн засаг сэргэж байна гэж ярих боллоо. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа та бүхэнд хэр мэдрэгдэж байна вэ?
-Бид маш хянамгай ажиглаж байна. Найман хувийн өсөлт гарах магадлалтай гэж ярьж байна. Үүнтэй холбоотойгоор долларын ханшийн чангаралт явагдаж байна. Үүний эсрэг бусад валют унаж байна.  Монголын эдийн засаг түүхий эдээс хамааралтай. Нүүрс, зэс, алт зэрэг 4-5 нэр төрлийн л түүхий эд байна. Эдгээрээс шалтгаалаад манай эдийн засгийн сэргэлт харагдана. 
Түүхий эдийн үнийн өсөлт, эрэлт хэрэгцээ сайн байх нь. Яагаад гэвэл Америкийн зах зээлийн хүчин чадал сайжирч байна. Энэ бол нэг эерэг дохио. Сөрөг дохио гэвэл Хятад улс мэдлэгт суурилсан чанартай үйлдвэрлэл үйлчилгээ явуулахыг зорьж, таван жилийн төлөвлөгөө боловсруулсан байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг авч үзвэл эдийн засагтайгаа уялдаад явдаг л даа. Төгрөгийн худалдан авах чадвар 20 орчим хувийн уналттай байна гэж яриад байна. Бодит ашиг гэдэг зүйл хэцүү байдал руу орж эхэлж байна шүү дээ. Яагаад гэвэл дийлэнхи нь бараа материалаа гаднаас авдаг. Түүнийг гадны валютаар л авдаг. Зарахаараа төгрөгөөр зарна. Ерөнхийдөө үл хөдлөх хөрөнгийн салбарт инфляци, төгрөгийн худалдан авах чадвар, долларын чангаралт сөргөөр нөлөөлж байна. Бодит ашиг хумигдах байдалтай. Нэг талаас нь  харахад эдийн засаг сэргэмээр. Яагаад гэвэл манайх түүхий эдэд тулгуурласан эдийн засаг учраас гол эрэлт хэрэгцээ сайн байх нь гэж харж болохоор байгаа юм. Нөгөө талаас доллар чангараад төгрөгийн худалдан авах чадвар унаад ирэхээр бодитойгоор хэцүү байдал руу орж эхэлж байгаа юм. Үүнийг дагаад үнийг өсгөж болохгүй. Яг бензины үнэ шиг. Бензины үнийг хамаагүй өсгөөд байж болдоггүй, алдагдалтай ажиллаад байж болдоггүй. Үл хөдлөхийн салбар  дээрхитэй яг адилхан л даа. Иргэдийн худалдан авах чадварт эерэг нөлөөлөл гарч байгаа тал ажиглагдаж байх шиг байна. Орон сууцны олон төслүүд хэрэгжиж байгаа нь хүлээлт өндөр байгааг харуулж байна. Гэхдээ манай зах зээл маш жижиг. Эдийн засаг сэргэж байна гээд хүн болгон шахуу барилга бариад 2010, 2011 он шиг хошуураад эхэлвэл нийлүүлэлт нэмэгдээд явах аюултай. Ер нь манай зүгээс эдийн засаг сэргэх нь гэсэн хүлээлт өндөр байна. Нөгөө нэг түгшээж байгаа нь төгрөгийн худалдан авах чадвар, долларын эсрэг ханш нь унаж байгаа асуудал. 

                                                                                    ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ

                                                             Шинэ орон сууцны төсөл 3-р улирлын байдлаар...  

                               

                                                               Орон сууцны дундаж үнэ ханш 3 улирлын байдлаар...

                                                                        

       

                                                Амины орон сууцны төсөл, үнэ ханш 3-р улирлын байдлаар...  

                

                                                Орон сууцны түрээсийн дундаж үнэ 3-р улирлын байдлаар...

                      

             

                                                       Хашаа байшингийн дундаж үнэ 3-р улирлын байдлаар...

           

                                      Оффисын талбайн болон түрээсийн дундаж үнэ 3-р улирлын байдлаар...

             

   

                                                                                                                Эх сурвалж: Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” ХХК

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол