АРИЛЖААНЫ БАНКНЫ ХАТУУРХАЛ АРАЙ Л ХЭТРЭЭГҮЙ ЮУ?

Уншсан тоо: 500
Нийтлэгдсэн: 2018 оны 10 сарын 25

"Арилжааны банкууд ипотекийн зээл олгохгүй байна.Тухайн банкнаас зээл авсан компанийн орон сууцнаас худалдан авах тохиолдолд зээл олгоно гэж тулгаж байна" гэсэн гомдол байнга гардаг. 

Гэвч албаныхан ипотекийн зээл хэвийн үргэлжилж байгаа гэсэн хариултыг өгсөөр ирсэн.

Хамгийн сүүлийн мэдээгээр, энэ онд нийт  450 тэрбум төгрөгийн зээлээр 6000 гаруй айл орон сууцтай болсон. 450 тэрбумын 200 тэрбум нь улсын төсвийн болон өмнөх зээлийн эргэн төлөлтийн мөнгө. Харин арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс 250 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд олгожээ.

Улсын төсвийн болон өмнөх зээлийн эргэн төлөлтөөс орж ирсэн мөнгийг арилжааны банкууд иргэдэд олгохдоо нэмэлт олон шаардлага тавьж иргэдэд хүндрэл учруулдаг. 

Тухайн банкнаас зээл авсан компанийн хэрэгжүүлсэн төслөөс орон сууц худалдан авах тохиолдолд зээл өгнө гэж тулгаж байгаа нь иргэдийн сонголтод шууд нөлөөлж байна гэсэн үг.

Арилжааны банкууд иргэдэд ингэж хүндрэл учруулахаас гадна төсөл хэрэгжүүлэгчдийг ч "чангалж" дөнгөдөг байна. Тухайн банкнаас зээл авч төсөл хэрэгжүүлсэн байлаа гээд орон сууцаа тийм ч амар зээлд хамруулчихдаггүй, тодорхой хэмжээний хахууль өгч байж болгодог талаар эх сурвалж ярьсан юм.

Банкнаас өндөр хүүтэй зээл авч төслөө хэрэгжүүлээд, дараа нь орон сууцаа ипотекийн зээлээр борлуулахдаа хүртэл нэмэлт зардал гаргаж байгаа нь бизнес эрхлэгчид ямар их дарамтан дунд үйл ажиллагаа явуулсаар ирснийг харуулж байна.

Арилжааны банкны энэ үйлдлээс болж бизнес эрхлэгчид төдийгүй иргэдэд давхар дарамт учирна. Учир нь хувийн хэвшлийнхэн банкинд өгөх авилгын мөнгөө орон сууцныхаа үнэд шингээх гэж үзнэ.

Арилжааны банкууд ингэж иргэд, хувийн хэвшлийнхэнд хатуурхаж, нэг үгээр хэлбэл шулсаар ирсэн нь бодит үнэн.

Ипотекийн зээл олгож байгаа арилжааны банкууд улсын төсвийн болон өмнөх зээлийн эргэн төлөлтөөс санхүүжигдсэн эх үүсвэрээс иргэдэд зээл олгохдоо өөрийн харилцагч компанийн хэрэгжүүлж байгаа төслөөс орон сууц авахыг тулгадаг гэх мэт асуудлыг зогсоох эсэхийг БХБ-ын сайд Х.Баделханаас тодрууллаа.

-Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байгаа гэж байгаа боловч бодит байдал дээр тухайн банкнаас зээл авсан барилгын компаниудын байрнаас сонгосон иргэнд л зээл олгож байна. Энэ асуудлыг зохицуулах боломж байхгүй юу?

-Улсын төсөв, Монголбанкны эргэн төлөлтөөр ипотекийн зээлийг санхүүжүүлж байна. Үүнээс өмнө Засгийн Газар бонд гаргаж, арилжааны банкууд бонд авдаг байснаа больсон. Иймээс арилжааны банкуудад чөлөөт мөнгөний үлдэгдэл их байгаа. Эхний есөн сарын байдлаар арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс 250 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд гаргасан байна. Арилжааны банкууд өөрийн мөнгөө яаж зарцуулахыг би мэдэхгүй. Банк бол хувийн байгууллага, өөрийн мөнгөө хэнд өгөх нь банкны өөрийнх нь асуудал. Харин улсын төсвөөс ипотекийн зээлд зориулан гаргах  мөнгийг хэрхэн зарцуулах талаар бид журам гаргахаар ажиллаж байна. Төрөөс гаргаж байгаа 115 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг санхүүжүүлэх журмаа бид гаргаж байгаа.

-2019 онд улсын төсвөөс ипотекийн зээлд зориулан олгох санхүүжилтийг хэд дахин нэмэгдүүлнэ гээд л яриад байсан. Гэтэл 2018 онд санхүүжүүлсэн хэмжээнээс 5 тэрбум төгрөгөөр бууруулсан байх юм. Яагаад ингэв?

-УИХ 2019 оны төсөв хэлэлцэж байна. Үндсэн чиглэлийн дагуу төсөв боловсруулсан. Бид саналаа 130 тэрбум төгрөгөөр оруулсан. Одоогоор ирэх жил ипотекийн зээлийн санхүүжилтэд 115 тэрбум төгрөг тусгахаар байгаа. 2019 оны ипотекийн зээлийн санхүүжилтийг багасгасныг би мэдэхгүй. Засгийн Газраас гарсан шийдвэрийг өөрчлөх эрх надад байхгүй шүү дээ.  

                                                                                                                                                                            П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол