ОРОН СУУЦЫГ ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ХУВИЛБАРЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Уншсан тоо: 1069
Нийтлэгдсэн: 2018 оны 12 сарын 17

Улаанбаатар хотын хэмжээнд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан нийт өргөдлийн тоо арван мянгад хүрээд байгаа нь түрээсийн орон сууцны хэрэгцээ их байгааг харуулж байна. 

Улмаар түрээслээд өмчлөх хувилбарыг хэрэгжүүлэхийг иргэд хүсч байгаа нь судалгаанаас харагдаж байгаа юм.

Олон улсын туршлагаас харахад:

  • Зөвхөн түрээслэх
  • Түрээсэлж байгаад өмчлөх
  • Ямар нэгэн урьдчилгаа төлөхгүйгээр түрээсийн төлбөр дээрээ байрны үнийг шингээн төлөх байдлаар өмчлөх гэсэн 3 хувилбар гадны орнуудад хэрэгждэг байна. 

Эдгээр хувилбарыг ашиглан иргэдээ орон сууцжуулахад анхаарах шаардлагатай байна.

Сүүлийн үед орон сууцны төсөл хэрэгжүүлж буй компаниуд түрээслээд өмчлүүлэх хэлбэр рүү чиглэн ажиллаж байгаа талаар НОСК ОНӨААТҮГ-ын захирал Б.Сүхбаатар ярьсан юм. 

Компани орон сууц худалдан авах гэж буй тухайн иргэнтэй урт болон богино хугацааны гэрээ байгуулж түрээс байдлаар сар бүр тодорхой хэмжээний төлбөр авч байгаа нь төрөөс мөнгө гаргаж түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс илүүтэйгээр бодлогоо зөв гаргаад аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах боломж байгааг харуулж байна. 

Тухайлбал: НОСК-иас “Бармон” компанитай хамтарч Дэнжийн мянгад “Шинэчлэл хороолол”-ыг барьж, шаардлага хангасан иргэдэд түрээслүүлсэн бөгөөд таван жил буюу 60 сарын хугацаанд тогтмол түрээсээ төлж, дараа нь өмчлөх боломжтой болж байгаа юм. 

"Бармон" компанийн орон сууцнаас 60 сая төгрөгийн байр түрээслэсэн иргэн сар бүр нэг сая төгрөг төлөөд өөрийн нэр дээр шилжүүлнэ гэсэн үг. Уг хөтөлбөр урьдчилгаагүй, хүүгүй учраас иргэд ихээхэн сонирхож байгаа аж.

Нийслэлийн зүгээс суурьшлын найман бүсэд түрээсийн болон орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Солонгос улсын Засгийн Газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 2019 онд дөрвөн байршилд 7000 орчим айлын орон сууцны бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд бүгд түрээсийн орон сууц байх юм. 

"Буянт-Ухаа" спорт цогцолбор орчимд орлогод нийцсэн 768 айлын орон сууц барьж түрээсийн болон хямд өртөгөөр иргэдэд нийлүүлэхийн зэрэгцээ тодорхой хэсгийг нь зах зээлийн ханшаар борлуулах аж.

Түүнчлэн Хятад Улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 1080 айлын орон сууцыг барихаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Гадны хөнгөлөлттэй зээл тусламжаар олон тооны орон сууц барьж иргэдэд түрээслүүлнэ гэж төлөвлөөд байгаа ч манай улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалж гадныхан зээл тусламж олгохоо хойшлуулах, улмаар бүр зогсоож ч мэдэхээр байгаа юм.

Дээр дурдсан төлөвлөгөөнүүдийг цааш үргэлжлүүлэн дурдахад, суурьшлын бүсүүдэд баригдсан барилгуудаас түрээсийн орон сууцны санд шилжүүлж, тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй бага, дунд орлоготой иргэдийг  хамруулах зорилготой.

Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй том төслүүдийн нэг нь Баянхошуу", "Сэлбэ" дэд төв барих ажил. Энэхүү төслийг Азийн Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна.  

Төслийн хүрээнд 10 мянган айлын орон сууц  барихаар төлөвлөсний дийлэнхийг дэд төвүүдээ түшиглэн барих юм. Энэ нь өндөр өртгөөр ирсэн дэд бүтцийг ашиглах боломж бүрдэж байна гэсэн үг.

Арван мянган айлын орон сууцны 7000 орчим нь орлого бага, 2000 орчим нь дунд орлоготой иргэдэд зориулагдсан байх бол 10 хувь нь өндөр зэрэглэлийн орон сууц байхаар төлөвлөгдсөн байна.

Өмнө нь нийслэлийн захиргаа, салбарын яам тус тусдаа түрээсийн орон сууцны журам гаргаж байсан бол өнгөрсөн хавар хамтарсан ажлын хэсэг гаргасан бөгөөд түрээсийн харилцааг зохицуулаад зогсохгүй орлогод нийцсэн орон сууцанд иргэдийг хэрхэн хамруулах журмыг ч багтаах аж.

Нийслэлд оршин суудаг, тогтвортой ажлын байртай буюу тухайн байгууллагадаа хоёроос дээш жил тогтвор суурьшилтай ажилласан, хувиараа бизнес эрхэлдэг бол түүнийгээ хоёроос дээш жилийн хугацаанд эрхэлсэн, тогтмол орлоготой, инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй иргэд хүсэлт гаргах боломжтой байхаар одоогийн байдлаар төлөвлөгдөж байна.

Түрээсийн орон сууц, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрт хамрагдах гэж буй иргэн өмнө нь хороо, дүүрэг, нийслэл гэх зэргээр олон шат дамжлага дамждаг, иргэдийн өргөдлийг ч олон газарт хүлээн авдаг байсан. 

Тэгвэл иргэдийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хамруулахын тулд "Орон сууцны мэдээллийн сан"-г бий болгож байна.

Түүнчлэн удахгүй нээгдэх гар утасны апплекшнаар дамжуулан мэдээллээ авч, өргөдлөө гаргах бүрэн боломжтой болно. Харин тухайн апплекшныг ашиглаж чадахгүй иргэн болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харьяа дүүргийнхээ хариуцсан мэргэжилтэнтэй холбогдож тусламж авах боломжийг бүрдүүлсэн байна.  

Иргэд түрээсийн орон сууц болон бусад төсөл хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй бол http://nosk.ub.gov.mn/#/ хаягаар орж бүртгүүлэх боломжтой юм.                                                                                                                      

                                                                                                                                                                                         П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим