2018 ОНД ОРОН СУУЦ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Уншсан тоо: 542
Нийтлэгдсэн: 2018 оны 12 сарын 25

1.Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрөөс гарсангүй

2019 оны 1-р сарын 1-нээс ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанкаас Засгийн Газарт шилжүүлэх ёстой байсан боловч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан хамтран хэрэгжүүлэхээр болоод байна.

1,9 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв УИХ-аар батлагдсан ийм нөхцөлд ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн Газарт шилжүүлж өгөх юм бол төсвийн алдагдал их хэмжээгээр нэмэгдэх учраас 2019 онд Монголбанк, Засгийн Газар хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, энэ хугацаандаа цаашдын арга замыг хайх аж.

Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрөөс гарах үүргийг ОУВС-ийн өмнө хүлээсэн ч ийнхүү тодорхой хугацаанд оролцоод явах болж байна.

2.Арилжааны банкуудад олгох санхүүжилтийн хүүг 4 хувиас 1 хувь болгож бууруулахаар боллоо.

Банкуудад олгож байгаа ипотекийн зээлийн санхүүжилтийг 4 хувийн хүүтэй олгож байснаа бууруулж 1 хувь болгоход Монголбанкны алдагдал дахин нэмэгдэх хэдий ч улс орны нийгэм эдийн засагт үзүүлэх ач холбогдлыг харгалзсан гэж албаныхан онцолж байна.

Учир нь банкуудад олгох санхүүжилтийн хүүг 4 хувиас 1 хувь болгож бууруулснаар арилжааны банкууд нэмээд 200 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зах зээлд гаргах боломжтой болно.

2017, 2018 онуудад улсын төсөв болон өмнөх зээлийн эргэн төлөлтөөс 340 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зах зээлд зориулан гаргаж байсан бол 500-600 тэрбум төгрөгт хүрч хүртээмж нэмэгдэх аж.

3.Амины орон сууц барихад зээл олгохоор боллоо.

-Аймаг, нийслэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан, орон сууцны нийт талбай 80 м.кв-аас ихгүй нийтийн зориулалттай орон сууцанд,

-Инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй, нийт талбай нь 120 м.кв-аас ихгүй амины орон сууц барихад 60 сая хүртэл төгрөгийн зээл олгохоор журамд тусгажээ

Банкууд санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн зорилгод нийцүүлэн ашиглах, зээлийн өргөдөл хүлээн авахаас үндэслэлгүй татгалзах, банкнаас иргэдтэй зээлийн үндсэн төлбөрийг урьдчилан төлөх нөхцөлгүй, төлсөн тохиолдолд торгууль, шимтгэл, хураамж ногдуулах нөхцөлтэй гэрээ байгуулдаг зэргийг шинэ журмаар хориглож байна.

4.“Орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-г хийлээ.

4.Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт өрхийн ойрын 3 жилийн орон сууцны эрэлт хэрэгцээ, төсөл хэрэгжүүлэгчдийн мөн хугацааны орон сууцны нийлүүлэлтийг тодорхойлж, орон сууцны талаар төрөөс баримтлах бодлого төлөвлөлтийг боловсруулахад шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэх зорилго бүхий “Орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-г БХБЯ, МИК, ТОСК-ийн захиалгаар “Тэнхлэг зууч” ХХК, МБҮА хамтран гүйцэтгэж өнгөрөгч 5-р сард хүлээлгэж өглөө.

Салбарын байгууллагууд нэгдсэн судалгаа мэдээлэлтэй болох, бодлого боловсруулагчид болон хөрөнгө оруулагчид орон сууцны эрэлт нийлүүлэлтийн ойрын төлөвийг урьдчилан харах, төсөл хөтөлбөрийг үр ашигтай бодитой төлөвлөх, нийгмийн халамжийн бодлогыг зөв чиглүүлэхэд энэхүү судалгаа чухал ач холбогдолтой.

2017 оны байдлаар нийслэлд 380.828 өрх амьдарч байгаагийн 43 хувь буюу 164.791 өрх инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байна.

Ойрын 5 жилд нийслэлд 217.000 айлын, орон нутагт 122.000 айлын инженерийн бүхэн хангамжтай орон сууцны хэрэгцээ байгаа нь судалгаанаас харагдаж байна.

Эдгээрээс нийслэлд амьдардаг өрхийн 16,3 хувь буюу 35.497 өрх, орон нутагт амьдардаг өрхийн 12.2 хувь буюу 14.905 өрх орон сууц худалдан авах чадамжтай байна.

Нийлүүлэлтийн хувьд Улаанбаатар хотод 62.339 айлын нийтийн болон амины орон сууцны төсөл, орон нутагт 13.038 айлын орон сууцны 136 төсөл тус тус хэрэгжиж байна. Үүнээс ойрын 3 жилд нийслэлд 38.514 айлын, орон нутагт 10.822 айлын орон сууц ашиглалтанд орох төлөвтэй.

Улаанбаатар хотод баригдаж байгаа ашиглалтанд орсон болон ороогүй дээрхи 62.339 айлын орон сууцнаас 59.426 айлын орон сууц нь нийтийн, 2913 айлын орон сууц нь амины орон сууц байна.

5.Азийн Хөгжлийн Банкны 133 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Азийн Хөгжлийн Банкны 133 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар хотод 10 мянган айлын орон сууц барих төсөлд талууд гарын үсэг зурлаа.

"Иргэдийн орлогод нийцсэн, эко орон сууцны төсөл"-ийн хүрээнд нэг м.кв орон сууцыг нэг сая төгрөгт нийцүүлж барихаар төлөвлөсөн байна.

Санхүүжилтийн 80 саяыг Азийн Хөгжлийн Банкнаас бага хүүтэй хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох бол "Уур амьсгалын ногоон сан"-гаас 50 сая ам.доллар, "Дэвшилтэт технологийн сан"-гаас 3 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох юм.

Мөн нэмэлтээр 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг барилгын компаниуд, арилжааны банкууд, төслийн үр дүнг хүртэгчид зэрэг оролцогч талуудаас босгохоор тооцоолжээ. 

Төслийн хүрээнд нийтийн аж ахуйн үйлчилгээгээр хангагдсан, ногоон байгууламж, дэлгүүр хоршоо болон ажлын байрны хүртээмж сайтай, байгаль орчинд ээлтэй 20 орчим шинэ эко хороололд 10000 айлын орон сууц барих юм. 

10000 айлын орон сууцны 1500 нь түрээсийн орон сууц байх бол 5500 нь орлогод нийцсэн орон сууц байна. Харин үлдсэн 3000 орон сууц нь зах зээлийн үнээр борлуулагдах юм.

Төлөвлөж буй эко хорооллын нутаг дэвсгэрт газар өмчилдөг эзэмшдэг иргэн нь гэр горооллын хашаа, байшингаас шинэ орон сууцанд шилжин суурьших хөтөлбөрт хамрагдах эсэхээ өөрөө сонгоно.

Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт онцолж болохуйц үйл явдлуудыг дурдахад ийм байна. Гэхдээ 2018 онд ипотекийн зээл мөлхөө байдалтайгаар үргэлжилсээр арилжааны банкуудын өөрийн эх үүсвэр болох 250 тэрбум төгрөгтэй нийлэн байж л 6000 гаруй иргэнийг орон сууцтай болгож амжив.

Нийслэлийн Засаг Даргаар ажиллаж байсан С.Батболд Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсэд амьдарч байгаа айл өрх орон сууц худалдан авах тохиолдолд газрыг нь худалдаж авах замаар ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас олгох захирамжийг 2017 оны 6-р сард гаргасан юм.  2018 оны 12-р сарын байдлаар 98 иргэн "Гэр хорооллыг хөгжүүлэх сан"-гаас ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авсан байна.

Орон сууцаа түрээсэлж байгаад өмчилдөг болгоно, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр болон хүүг бууруулна, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг яаралтай хийнэ... гэх мэтээр олон ажлыг Засгийн Газар амалж байсан ч бодит байдал дээр биелсэн нь үгүй. 

Түрээсэлж байгаад өмчилж авах хувилбар хэрэгжих нь байтугай түрээсийн зориулалттай орон сууцны ажил удаашралтай, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл тодорхой дэмжлэггүй гэх мэтээр нэг л унтаа байдалтайгаар 2018 оныг үдлээ.

Бүтээн байгуулалт хийх, хөрөнгө санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдүүлэхээсээ илүүтэйгээр хэн нэгнийг огцруулах асуудлыг улс орны амин чухал хэрэг болгож байгаа УИХ, Засгийн Газар 2018 он дуусахаас өмнө арайхийн амжиж "Ипотекийн зээлийн журам"-ыг шинэчлэн баталснаас өөр гялайж гялтайх зүйл хийсэнгүй.

"Үл хөдлөх хөрөнгийн салбарт инфляци, төгрөгийн худалдан авах чадвар, долларын чангаралт сөргөөр нөлөөлж байна. Бодит ашиг хумигдах байдалтай. Нэг талаас нь  харахад эдийн засаг сэргэмээр. Яагаад гэвэл манайх түүхий эдэд тулгуурласан эдийн засаг учраас гол эрэлт хэрэгцээ сайн байх нь гэж харж болохоор байгаа юм. Нөгөө талаас доллар чангараад төгрөгийн худалдан авах чадвар унаад ирэхээр бодитойгоор хэцүү байдал руу орж эхэлж байна. Үүнийг дагаад үнийг өсгөж болохгүй. Яг бензины үнэ шиг. Бензины үнийг хамаагүй өсгөөд байж болдоггүй, алдагдалтай ажиллаад байж болдоггүй. Үл хөдлөхийн салбар  дээрхитэй яг адилхан л даа. Иргэдийн худалдан авах чадварт эерэг нөлөөлөл гарч байгаа тал ажиглагдаж байх шиг байна. Орон сууцны олон төслүүд хэрэгжиж байгаа нь хүлээлт өндөр байгааг харуулж байна. Гэхдээ манай зах зээл маш жижиг. Эдийн засаг сэргэж байна гээд хүн болгон шахуу барилга бариад 2010, 2011 он шиг хошуураад эхэлвэл нийлүүлэлт нэмэгдээд явах аюултай" гэж барилгын салбарт бизнес эрхлэгч ярьсан юм.

                                                                                                                                                                                       П.Болор                                                                                                                                                                                               

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол